| Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Доржийн Батцэнгэл |
| Хэргийн индекс | 162/2019/0036/Э |
| Дугаар | 2019/ШЦТ/031 |
| Огноо | 2019-01-30 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Д.Цогжавхлан |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 01 сарын 30 өдөр
Дугаар 2019/ШЦТ/031
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Гэрэлмаа даргалж,
Улсын яллагч Д.Цогжавхлан,
Шүүгдэгч *******,
Нарийн бичгийн дарга В.Ундрах-Оргил нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянхонгор аймгийн Прокурорын газраас *******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1814007290014 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 01 сарын 29-ний өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, *******
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч ******* нь 2018 оны 12 дугаар сарын 17-ны өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 3 дугаар багийн 2-16 тоотод насанд хүрээгүй иргэн Б.Аг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь :
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судлуулахаар санал болгосон болон тухайн хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлахад:
Шүүгдэгч ******* нь 2018 оны 12 дугаар сарын 17-ны өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 3 дугаар багийн 2-16 тоотод насанд хүрээгүй иргэн Б.Аг зодож түүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь ...
Насанд хүрээгүй хохирогч Б.Агийн ... Та нар урдаас том дугардаг болж дээ гэж хэлээд намайг хойш түлхээд нүүрэнд алгадсан. Тэгтэл миний хамарнаас цус гарсан. Б ах хохино гэж хэлээд та нар өвөөгөөсөө яахаараа мөнгө авдаг юм, яасан зовоож дуусдаггүй юм гэж хэлж байснаа тогны мөнгө тушаана гэж хэлээд яваад өгсөн. Би тэр үед нь цагдаад энэ талаар мэдэгдсэн ... гэсэн мэдүүлэг /хх-ийн 25-26/,
Гэрч Ө.Сын ... 2018 оны 12 дугаар сарын 17-ны өдөр галаа түлээд сууж байсан ач охин орж ирээд өвөө мөнгө өгөөч гэж гуйсан. Тэгсэн миний төрсөн хүү болох Б найзуудтайгаа уучихсан согтуу гэртээ байж байсан. Ач охиныг өвөөдөө тус болохгүй мөнгө нэхээд байх юм гээд согтуудаа уурандаа нүүрлүү нь алгадаад, цээж рүү нь нэг цохиж байхыг нь би харсан. Тэгсэн миний ач охины хамраас цус гойжчихсон, би охиноо өмөөрөөд Быг цохиод авсан, удаагүй цагдаа нар ирээд Быг аваад явсан ... гэсэн мэдүүлэг /хх-н 32-33/,
Шүүгдэгч *******ийн ... 2018 оны 12 дугаар сарын 17-ны өдөр өглөө 10 цагийн үед аавын машиныг янзлах гэж очсон, тэнд очиход манай төрсөн эгчийн охин ******* өвөөгөөсөө мөнгө нэхээд зогсож байсан. Тэгээд би эмээ чинь өнгөрөөд хэцүү байхад өвөөгөөсөө мөнгө нэхээд гэж хэлэхэд ******* миний өөдөөс хуц гэж хэлсэн. Тэр үед миний уур хүрч би алгадсан. Тэгтэл Агийн хамраас цус гарсан, тэгээд би гарч эрчим хүч явж тогны мөнгө тушаагаад ирсэн. Тэгээд цай уух гэж байхад манайд дөрвөн цагдаа ирж би цагдаа дээр ирсэн. Би тэр өдөр нь архи уучихсан байсан, тэгээд согтуурал шалгах багаж үлээхэд 1.30 гарсан байх тэгээд эрүүлжүүлхэд хоносон. Би гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч байна хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлмээр байна ... гэсэн мэдүүлэг /хх-ийн 42-44/,
Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 12 сарын 18-ны өдрийн 28 тоот шинжээчийн .... Б.Агийн биед зүүн нүдний дээд доод зовхи болон хамарт цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна ... гэсэн дүгнэлт /хх-н 11-12/, зэрэг болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч *******ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэв.
Насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *******олор-Эрдэнэ, шүүгдэгч ******* нар нь эвлэрч, эвлэрлийн гэрээг хавтаст хэргийн 62-63 дугаар талд хавсаргасан байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүйд тооцож, хохирогчид учирсан гэм хор арилсан байна гэж үзлээ.
Шүүгдэгч *******ийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэр зэргийг харгалзан торгох ял оногдуулав.
Шүүгдэгч ******* нь бусдад төлөх төлбөргүй тул хохирол нөхөн төлүүлэх зорилгоор битүүмжлэгдсэн шүүгдэгч *******ийн эзэмшлийн гар утсыг түүнд буцаан олгож эд хөрөнгө битүүмжилсэн прокурорын тогтоолыг хүчингүй болгож, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч нь хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдаж шийдвэрлэв.
Шүүгдэгч нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 3-д зааснаар өөрийгөө өмгөөлөх эрхтэй ба энэ эрхийн дагуу өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг бичгээр гаргасан тул хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцсэн болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь :
1. Шүүгдэгч ******* овогт *******ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч *******т 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч *******ийн цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 2 сарын хугацаатайгаар хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч *******т мэдэгдсүгэй.
5. Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэх тогтоолоор битүүмжлэгдсэн шүүгдэгч *******ийн эзэмшлийн гар утсыг түүнд буцаан олгож эд хөрөнгө битүүмжилсэн прокурорын тогтоолыг хүчингүй болгосугай.
6. Шүүгдэгч ******* нь бусдад төлөх төлбөргүй, хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч *******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ГЭРЭЛМАА