Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 03 сарын 29 өдөр

Дугаар 210/МА2024/00632

 

 

2024 оны 03 сарын 29 өдөр

Дугаар 210/МА2024/00632

 

ххх ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Энхбаяр даргалж, шүүгч Ц.Алтанцэцэг, Ч.Цэнд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

ххххххх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 184/ШШ2024/00037 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч ххх ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч хххх, ххххх нарт холбогдох,

 

Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 107,707,999.98 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах үндсэн,

Зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг зохигчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ч.Цэндийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хх, нэхэмжлэгчийн өмгөөлөгч х, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч ххххх, хариуцагч нарын өмгөөлөгч ххххххх, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Гүррагчаа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, үндэслэлийн агуулга:

1.1. хххх, ххххх нар 2019 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр ЗГ/1901/50-3-12 тоот зээлийн гэрээ, ЗБГ/1901/50-3-12 тоот барьцааны гэрээ байгуулж, 50,000,000 төгрөгийг сарын 3 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатайгаар зээлсэн. Зээлийн гэрээг талууд гарын үсгээ зурж, нотариатаар батлуулж, улсын бүртгэлд бүртгүүлсэн.

1.2. Гэрээ байгуулснаас хойш зээлийн хүүгийн төлөлтийг 2020 оны 12 дугаар сарын 17-ны өдрөөс 2022 оны 6 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл төлөөгүй. Гэрээний хугацаа дууссан боловч зээлийн төлбөрөө төлөөгүй.

Анх шүүхэд үндсэн зээлийн үлдэгдэл 50,000,000 төгрөг, зээлийн хүү 33,433,150,69 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 9,302,794.50 төгрөг нийт 92,735,935.19 төгрөгийг хариуцагч нараас гаргуулж, барьцаа хөрөнгө болох ххххххх дүүрэг хх хороо, ххх хороолол, ххх байр, ххх тоот хаягт байрлах хх м.кв 4 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар анх нэхэмжлэл гаргасан.

1.3. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 2 удаа нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлж 2022 оны 6 дугаар сарын 20-ны өдрөөс 2022 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийг хүртэлх хүүгийн төлбөр 7,545,205 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1,509,041 төгрөг,

2022 оны 11 дүгээр сарын 20-ны өдрөөс 2023 оны 02 дугаар сарын 28-ны өдрийг хүртэл хүүгийн төлбөр 4,931,507 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 986,301 төгрөг, нийт 107,708,000 төгрөгийг хариуцагч нараас гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагч ххххгийн хариу тайлбар, татгалзлын агуулга:

2.1. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болгож буй зээлийн гэрээний төлбөрийн тооцооллыг бодит үнэнд нийцсэн байдлаар гаргаж өгөөгүй байгаа нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй...гэжээ.

 

3. Хариуцагч хххххийн хариу тайлбар, татгалзлын агуулга:

3.1. Зээлийн гэрээний үүрэгт 92,735,945.19 төгрөгийг гаргуулж, барьцаа хөрөнгө болох ххххххх дүүрэг хх дугаар хороо, ххх хороолол хх байр ххх тоот хаягт байршилтай хххх м.кв талбай бүхий 4 өрөө орон сууцны зориулалттай ххххххх дугаар үл хөдлөх хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар нэхэмжлэл гаргасныг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэжээ.

 

4. Хариуцагч ххххгийн сөрөг нэхэмжлэлийн үндэслэл, агуулга:

4.1. Талуудын байгуулсан 2019 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр байгуулсан зээлийн гэрээ нь тухайн зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдийг үйл ажиллагааныхаа үндсэн зорилгыг зөрчиж хийсэн хэлцэлд тооцуулахаар сөрөг нэхэмжлэл гаргаж байна.

4.2. Тус банк бус байгууллагын захирал хххххх нь өөрийн эзэмшлийн ххххх банкны хххххххххх тоот дансаараа 2019 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр 19,900,000 төгрөгийг миний эзэмшлийн ххххххххх тоот дансанд шилжүүлж мөн өдрөө 8,120,000 төгрөг болгож буцаан авсан.

4.3. Миний хамтран амьдрагч хххххийн зээл авах хүсэлтийг ххххххххх хүлээж авахдаа ххххгийн нэр дээр зээл гаргаж өгөхөөр дээрх зээлийн гэрээг байгуулахын өмнө 8,000,000 төгрөгийг миний дансанд шилжүүлж зээлээ 8 хуваан олгохдоо эхний 19,900,000 төгрөгөөс 8,000,000 төгрөгийг эргүүлэн шилжүүлж авсан.

Нэхэмжлэгч нь хххх надад бус харин миний дансаар хххххэд зээл олгож байсан учир эргэн төлөх тухай мэдэгдлийг бүгдийг нь надад бус харин хххххэд гардуулж өгсөн.

4.4. Нэхэмжлэгч байгууллага нь зээлийн хүсэлт, өргөдлийг хүлээн авахдаа тухайн зээлийг юунд зарцуулах, мөн эргэн төлөх боломжтой эсэх гэх мэт нөхцлийг шалгаж шийдвэрлэсний дараа зээлийг олгох ёстой байхад үндсэн үйл ажиллагаагаа хийлгүйгээр нэг зээлдэгчийн өмнөх зээлийг хаах зорилгоор дахин зээл олгож сүүлийн зээлээс нь өмнөх зээлийг нь төлүүлж хаах байдлаар олон удаагийн зээлийн гэрээг байгуулсан нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.9 дэх хэсгийг зөрчсөн гэж үзэхээр байна.

Иймд гэрээг хүчин төгөлдөр бусд тооцож өгнө үү гэжээ.

 

5. Хариуцагчийн сөрөг нэхэмжлэлд нэхэмжлэгчийн гаргасан тайлбар, үндэслэл:

5.1. ххх ХХК нь санхүүгийн зохицуулах хорооноос 2016 оны 02 дугаар сарын 24-ний өдөр банк бус санхүүгийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг авч, өнөөдрийг хүртэл зээл олгох үйлчилгээ үзүүлж байна. ххх ХХК нь үндсэн үйл ажиллагааныхаа хүрээнд хариуцагч нартай зээлийн гэрээ байгуулсан.

5.2. Үндсэн үйл ажиллагааны дагуу зээлийг олгож, дансанд нь шилжүүлсэн. Хариуцагч талаас ххххх зээлийг авсан гэж тайлбарладаг боловч ххххх нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гэрчээр оролцохдоо зээл аваагүй гэж мэдүүлсэн. Иймд сөрөг нэхэмжлэлийг үндэслэлгүй гэж үзэж байна гэжээ.

 

6. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: 

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч хххх, ххххх нараас 83,630,780 төгрөг гаргуулж нэхэмжлэгч ххх ХХК-д олгож, нэхэмжлэлээс үлдэх 24,077,219 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хуулийн 159 дүгээр зүйлийн 159.1, 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч хххх, ххххх нар нь үүргийг сайн дураар гүйцэтгээгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох хариуцагч хххххийн өмчлөлийн ххххххх дүүрэг хх-р хороо, хх хороолол хх байр ххх тоот хххх м.кв талбайтай ххххххх дугаарт бүртгэлтэй дөрвөн өрөө орон сууцыг албадан худалдаж үүргийн гүйцэтгэлийг хангуулж,

Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.9 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч ххх ХХК болон хариуцагч хххх, ххххх нарын хооронд байгуулагдсан 2019 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн ЗГ/1901/50-3-12 тоот зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах тухай хариуцагч ххххгийн гаргасан сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн төлсөн 961,298 төгрөг, хариуцагчийн төлсөн 407,950 төгрөгийг улсын төсөвт тус тус хэвээр үлдээж, хариуцагч хххх, ххххх нараас 646,303 төгрөг гаргуулж нэхэмжлэгч ххх ХХК- д олгож шийдвэрлэжээ.

 

7. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:

Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагаас 24,077,219 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосныг эс зөвшөөрч дараах үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байна.

7.1. Талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний хугацаа 2020 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр дууссан. Шүүх ...нэхэмжлэгч нь анх нэхэмжлэл гаргасан өдрөөр талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээг цуцлагдсанд тооцох тул шүүх нэхэмжлэлийг хүлээн авч, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан хугацаанд нэхэмжлэгч хүү тооцож шаардах эрхгүй юм... гэж үзэж хуульд заагаагүй үндэслэлээр хэргийг шийдвэрлэсэн.

7.2. Нэхэмжлэгч ххх ХХК нь хариуцагч хххх, ххххх нарыг зээлээ бүрэн төлөх хүртэл хугацаанд зээлийн үндсэн хүү, зээлийн гэрээнд заасан нэмэгдүүлсэн хүүг тооцож авах эрхтэй. Гэтэл анхан шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглэлгүй хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэмэгдүүлсэн 14,972,053 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгчийн шаардах эрхийг хууль бусаар хязгаарлаж шийдвэрлэсэн.

7.3. Нэхэмжлэгч ххх ХХК нь 2022 оны 6 дугаар сарын 21-ний өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан.

Гэвч нийт 15 удаагийн шүүх хуралдаан зөвхөн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хэргийн материал танилцах, өмгөөлөгч авах, хурал давхцах, хариуцагч төлөөллөөсөө татгалзах, хариуцагчийн шинэ итгэмжлэгдсэн төлөөлөгч нь хэргийн материалтай танилцаж, өмгөөлөгч авах, өмгөөлөгч нь хэргийн материал танилцах зэргээр хариуцагч талын хүсэлтээр хойшлуулж, хариуцагч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг удаашруулж байсан.

Иймд нэхэмжлэгч ххх ХХК нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэгт заасан эрхийн дагуу 2023 оны 02 дугаар сарын 16-ны өдрийг хүртэл хүү 12,476,712 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 2,495,342 төгрөг буюу 14,972,053 төгрөгөөр нэхэмжлэлийн шаардлагаа ихэсгэсэн.

7.4. Анхан шатны шүүх зээлийн төлбөрөөс ...хариуцагчийн төлсөн 2,466,000 төгрөг, 1,529,000 төгрөгийг зээлийн эргэн төлөлтөнд оруулж тооцоогүй... гэх үндэслэлээр анхны нэхэмжлэлийн шаардлагаас 9,105,155 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэнд гомдолтой байна. Учир нь хариуцагчийн дээрх 2 төлбөрийг нэхэмжлэгч нь түүний зээлээс хасаж тооцсон бөгөөд нотлох баримтууд нь /зээлийн гэрээ, зээл эргэн төлөх хуваарь, зээлээс хасаж тооцсон үнийн дүнтэй зээл хүүгийн тооцоолол/ 1 дүгээр хавтаст хэргийн 117-119 дугаар хуудас, 2 дугаар хавтаст хэргийн 55 дугаар хуудсанд авагдсан боловч шүүх хэргийг шийдвэрлэхдээ эдгээр нотлох баримтуудыг үнэлээгүй.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

 

8. Давж заалдах журмаар гаргасан гомдолд хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга:

Хариуцагч талаас хүлээн зөвшөөрсөн буюу маргаагүй асуудал байхгүй. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа эхэлснээс хойш үнийн дүн, тооцооллын асуудал, зээлийн гэрээ хүчин төгөлдөр эсэх, зээл олгогдсон эсэх талаар маргасан гэжээ.

 

9. Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:

9.1. Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулахдаа хэргийн оролцогчдыг илт ялгаварлан гадуурхаж хариуцагчийн хуулиар олгогдсон Иргэний хуулийн 1 дүгээр зүйлийн 1.2 дахь хэсэгт заасан харилцаанд оролцогчдын эрх, тэгш байдлыг хангах болон зөрчигдсөн эрхийг иргэний эрх зүйн сэргээлгэх, шүүхээр хамгаалуулах" зарчмыг зөрчсөн.

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч эрүүл мэндийн шалтгааны улмаас БНХАУ-д эмчлүүлэхээр явсан болохоо нотлохоор иргэний гадаад паспортын хил нэвтэрсэн тэмдэглэл штамп бүхий баримт, шүүх хуралдаан хойшлуулах хүсэлтийн хамт шүүхийн цахим хуудсаар илгээсэн. Шүүх хариуцагчнарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хуулиар олгогдсон эрхийг нь ноцтой зөрчиж шүүх хуралдааныг явуулж, шийдвэр гаргасан асуудал нь маргаан бүхий иргэний хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хэргийн оролцогчийн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлд заасан "шүүхийн өмнө эрх тэгш байх", мөн хуулийн 6 дугаар зүйлд заасан шүүх хуралдаанд биечлэн оролцож мэтгэлцэх эрхээ эдлэх хуулиар олгогдсон эрхийг ноцтой зөрчсөн. Мөн хуулийн 23 дугаар зүйлд заасанх эргийн оролцогчийн эрхийг хууль бусаар хязгаарласан гэж үзэхэд хүргэж байна.

Хариуцагчийн итгэмжлэл олгосон этгээд шүүх хуралдаанд оролцох боломжгүй тохиолдолд хариуцагч өөрөө, эсхүл өөр этгээдээр дамжуулан шүүх хуралдаанд оролцох боломжтой байсан гэж үзнэ.

Гэтэл маргаан бүхий хэргийн хоёр хариуцагч болох хх, ххххх нарын хэнд ч шүүх хуралдаанд оролцох талаар мэдэгдээгүй нь хуулиар олгогдсон эрх ноцтойгоор зөрчигдсөн болохыг тогтоосон үйл баримт болно.

9.2. Анхан шатны шүүх хариуцагч нараас 83,630,780 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож, хариуцагч нар үүргээ биелүүлээгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах шийдвэрийг гаргахдаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлд заасны дагуу хэрэгт авагдсан нотлох баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлээгүй, талуудын гаргасан тайлбарт бодитой үнэлэлт дүгнэлт өгч чадаагүй, мөн Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.1, 56 дугаар зүйлийн 56.1.9, 196 дугаар зүйлийн 196.1.2, 451 дүгээр зүйлийн 451.1, 153 дугаар зүйлийн 153.1, 175 дугаар зүйлийн 175.1, 174 дүгээр зүйл, 206 дугаар зүйлийн 206.1, 242 дугаар зүйлийн 242.1, 242.11, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.4 дэх хэсгийг тус тус буруу тайлбарлан хэрэглэсэн.

Шүүхийн шийдвэрт хэргийн оролцогчдын гаргасан хүсэлтийн дагуу шүүхийн журмаар бүрдүүлсэн баримтад гэрч ххххххх, ххххххххх, хххххххх нарын мэдүүлэг болон ххгийн Голомт банкны дансны хуулга, депозит дансны хуулга, үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн лавлагаа, Улсын бүртгэлийн гэрчилгээ, жижиг дунд үйлдвэр эрхлэгч иргэний гэрчилгээ, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаа, борлуулсан барааны хүснэгт, бараа таталтын хүснэгт, 2019 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн Автомашин худалдах, худалдан авах гэрээ, гаалийн хилээр нэвтрүүлэх барааны мэдүүлэг, техникийн тодорхойлолт авагдсан болохыг заасан байна.

Энэ нь нэхэмжлэгч талаас бус харин хариуцагч талаас гаргасан хүсэлтийн дагуу шүүхийн бүрдүүлсэн баримтууд буюу гэрч нарын мэдүүлгээс гадна "ххх ХХК-аас гаргуулсан "Зээлийн хувийн хэрэг" түүнд хавсаргагдан ирсэн баримт бөгөөд шүүхийн журмаар "ххх" ХХК-аас Зээлийн үйл ажиллагааны журам"-ыг гаргуулахаар шийдвэрлэсэн боловч ийм журам байхгүй гэж тайлбарлан зөвхөн хххх, ххххх нарын "Зээлдэгчийн хувийн хэрэг"-ийг нь нотлох баримтаар гарган өгсөн.

9.3. Шүүхийн шийдвэрт мөн нэхэмжлэгч талаас гарган өгсөн баримтуудад 2019 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн ЗГ/1901/50-3-12 дугаартай "Зээлийн гэрээ болон мөн өдрийн ЗБГ/1901/50-3-12 дугаартай "Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ"-нээс гадна нэхэмжлэгч талаас ххххтай байгуулсан 2019 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн ЗГ/1906/50-3-9 дугаартай, 2019 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн ЗГ/1912/30-3-12 дугаартай, 2019 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 3Г/1901/15.8-2.9-36 дугаартай, 2022 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн ЗГ/1901/15.8 2.9-36-1 дугаартай зээлийн гэрээнүүд болон бусад лавлагаанууд хэрэгт авагдсан тухай заасан байна.

Дээрх бүх нотлох баримтуудаар ххх ХХК зээл олгох үйл ажиллагааг явуулдаггүй, зээлдэгч нарынхаа авсан өмнөх зээлийн төлбөрийг төлүүлэхийн тулд дахин зээл олгодог, зээлдэгч нар нь авсан зээлээ төлөх чадвартай эсэхэд судалгаа хийж зээлдэгч тус бүрт Зээлийн хувийн хэрэг" бүрдүүлэн зохих хууль журамд заасны дагуу зээл олгодоггүй этгээд болох нь тогтоогдсоор байхад үндсэн нэхэмжлэлийн шаардлагаас зарим хэсгийг хангаж, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар үйлийн 116.2 дахь хэсэгт нийцэхгүй байна.

Учир нь 2019 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр хариуцагч ххххгийн өмнө нь авсан зээл нь төлөгдөөгүй байсан учир тухайн байгууллагын ажилтан зээлийн мэргэжилтэн хххххххххын хувийн харилцах дансаар 8,000,000 төгрөгийг нь шилжүүлэн авч ххххгийн өмнөх зээлийг дуусгавар болгосон үйл баримт нь тогтоогдсоор байхад анхан шатны шүүх зээлийн хэвийн хуульд заасан харилцаа зохигчдын хооронд үүссэн байна" гэж дүгнэсэн нь хуульд нийцэхгүй байна.

9.4. Хэрэгт авагдсан баримтуудаар тус байгууллагаас авсан зээл нь ххххгийн хамтран амьдрагч хххххийн хүсэлтийн дагуу олгогдож байсан ба хэдийгээр ххххгийн дансаар дамжигдан зээл олгогдсон боловч ххххх нь тухайн зээлүүдийг авсан, уг зээлүүдийг төлөхөө илэрхийлсэн баримтыг эх хувиар нь шүүхэд гарган өгсөн, мөн ххххгийн тус ББСБ-с өмнө нь авч байсан гэх зээлийн төлбөрүүд бүгд төлөгдөж дуусгавар болоогүй байхад дахин зээл олгож буй мэт гэрээ байгуулан дараагийн зээлээсээ өмнөх зээлийг төлж барагдуулах замаар "ххх" болон хххх, ххххх нарын зээлийн гэх харилцаа явагдаж ирснийг анхан шатны шүүх анхаарч үндэслэл бүхий дүгнэлтийг хийлгүйгээр шийдвэр гаргасанд гомдолтой байна. Шүүхэд гэрчээр асуугдсан ххх" ХХК-ийн захирлаар ажиллаж байсан ххххххх нь өөрийн нэр дээр Монгол Улсын хилээр оруулж ирсэн Приус маркийн автомашиныг ч мөн ххххд 50,000,000 төгрөгийн зээл олгосон гэх 2019 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр ххххд "ххх" ХХК-ийн нэрээр зээлдүүлсэн зээлийн гэрээ хийгдсэн, уг баримт хэрэгт авагдсан байгаад огт дүгнэлт хийгээгүй нь илтэд хууль бус шийдвэр гарахад нөлөөлсөн гэж үзэж байна.

Харилцан зөрүүтэй нотлох баримтууд хэрэгт авагдсан байхад шүүх хэргийн оролцогчийн, шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлтийг хүлээн авч, мэтгэлцэх эрхийг хангасан бол шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байх хуулийн шаардлага хангахуйц шийдвэр гарч болох байсан.

Иймд гомдлыг хүлээн авч, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгон хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаан шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

10. Давж заалдах журмаар гаргасан гомдолд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга:

10.1. Анхан шатны шүүх хуралдаанд нэхэмжлэгч тал оролцсон, хариуцагч тал оролцоогүй гэдэг нь үнэн юм. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь БНХАУ-д эмчилгээтэй байгаа талаарх орчуулгын тамгатай баримтыг шүүхэд гаргаж өгсөн. Хариуцагчийн өмгөөлөгч нь хүндэтгэн үзэх шалтгаантай талаарх баримт ирүүлээгүй, хүсэлт гаргаагүй. 2022 оны 06 дугаар сарын 21-ний өдөр нэхэмжлэл гаргасан бөгөөд үүнээс хойш шүүх хуралдаан нийт 16 удаа хойшилсон бөгөөд хариуцагч талын хүсэлтээр 15 удаа хойшилсон. 4 удаа эмнэлгийн акт, итгэмжлэгдсэн төлөөлөгч итгэмжлэлээсээ татгалзаад дараа нь дахин орж ирэх, өмгөөлөгч авах, хэргийн материалтай танилцах нэрийдлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын хүсэлтээр шүүх хуралдаан удаа дараа хойшилсон. Шүүхэд мэдүүлэх эрхээр хангаж байгааг мэтгэлцэх боломжоор хангаж байгаа гэж ойлгоно.

10.2. Өөрөөр хэлбэл, бичгээр гаргасан тайлбар, шүүхэд гаргаж өгсөн баримтаар мэтгэлцэх зарчим хэрэгжинэ. Хариуцагч талаас юуг хүлээн зөвшөөрөхгүй байгаа нь ойлгомжгүй байна, зээлийн гэрээ хүчин төгөлдөр бус гэх зүйлээс өөр зүйл ярьдаггүй. Хурал хойшлуулсан тоогоор өмгөөллийн хөлс авдаг зүйл гарч ирж байгаа. Энэ нь хэргийг удаан хугацаанд шүүхэд барьснаар ялах тогтолцоо бий болох эрсдэлтэй. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хангаж, хариуцагчийн гомдлыг хангахгүй орхиж өгнө үү гэжээ.

 

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх зохигчийн давж заалдах гомдлын хүрээнд хэргийг хянан үзээд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлын зарим хэсгийг хангаж, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

 

2. Нэхэмжлэгч ххх ХХК нь хариуцагч хххх, ххххх нарт холбогдуулан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 107,708,000 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч ххххх нь барьцааны зүйлээр үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлагыг эс зөвшөөрч, хариуцагч хххх нь өмнөх зээлийг төлүүлэх зорилгоор зээл олгосон, нэхэмжлэгч тал үйл ажиллагааныхаа үндсэн зорилгыг зөрчиж гэрээ байгуулсан гэх үндэслэлээр эс зөвшөөрч, зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргаж маргажээ.

 

3. Талууд 2019 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр ЗГ/1901/50-3-12 дугаартай зээлийн гэрээ байгуулж, зээлдүүлэгч нь 50,000,000 төгрөгийг жилийн 36 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатай зээлдүүлэх, зээлдэгч нь гэрээгээр баталсан хуваарийн дагуу зээл, хүү төлөх, гэрээний 2.4-т олгосон зээлийн дүнгийн 0.5 хувиар шимтгэл авах, зээлийн төлбөр болон хүүг хэсэгчлэн болон бүрэн биелүүлээгүй тохиолдолд зээлийн үндсэн хүүгийн 20 хувиар нэмэгдүүлсэн хүү төлөх нөхцөлийг тус тус харилцан тохиролцсон байна. /1хх-4-5/

 

4. Нэхэмжлэгч нь дээрх гэрээний үүргийг гүйцэтгэж ххххх банк дахь хххххххххх дугаартай данснаас хариуцагч ххххгийн ххххххх дугаартай данс руу 2019 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр 2 удаагийн гүйлгээгээр 39,800,000 /19,900,000 х2/ төгрөг, мөн сарын 31-ний өдөр 9,950,000 төгрөг, нийт 49,750,000 төгрөг шилжүүлсэн, зээлийн мөнгөн хөрөнгийг хххх хүлээн авсан үйл баримтыг хэрэгт авагдсан зээлийн гэрээ, ххххх банк дахь депозит дансны хуулга, зохигчдын тайлбар зэрэг нотлох баримтуудыг үндэслэн анхан шатны шүүх зөв тогтоосон. /1хх-4-5, 36/

 

5. Мөн талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан банк, эрх бүхий этгээдээс зээл олгох гэрээний харилцаа үүссэн гэж тодорхойлон, гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар шүүх хуулийн үндэслэл бүхий дүгнэлт хийж, хариуцагч ххххгийн сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.9-д заасныг зөв тайлбарлан, хэрэглэсэн байна.

5.1. Тодруулбал, хххх нь ххх ХХК-тай 2019 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр ЗГ/190115.8-2.9-33 дугаартай Зээлийн гэрээ болон Зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай гэрээг байгуулж, 15,800,000 төгрөгийг 66 сарын хугацаатай зээлж, үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор 2019 оны 01 дүгээр сарын 29-ний Үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ байгуулсан байна. /1хх-124-126, 2хх49-52/

5.2. ххх ХХК нь хххх, хххххххх нартай 2019 оны 6 дугаар сарын 05-ны өдөр ЗГ/1906/50-3-9 дугаартай Зээлийн гэрээ байгуулж 50,000,000 төгрөг, С.Бадралтай 2019 оны 12 дугаар сарын 24-ний өдөр ЗГ/1912/30-3-12 дугаартай Зээлийн гэрээ байгуулж 30,000,000 төгрөгийг тус тус зээлдүүлсэн.

5.3. Дээрх зээлийн гэрээ тус бүрийн үүргийг хххх төлж байсан талаар зохигч болон гэрч хххххххх, ххххх нар тайлбарлан, мэдүүлсэн байна. /1хх68-93, 2хх24-28,157-160/

5.4. Хариуцагч хххх нь нэхэмжлэгч банк бус байгууллагаас өмнөх зээлийг төлөх зорилгоор хэд хэдэн удаа зээл авсан гэж байгаа боловч эрх зүйн бүрэн чадамжтай этгээдийн хувьд банк бус санхүүгийн байгууллагаас зээл авахгүй байх эрх нь нээлттэй байсан. Тэрээр өөрөө хүсэл зоригоо илэрхийлэн бичгээр гэрээ байгуулан, гарын үсэг зурж, гэрээний дагуу мөнгөн хөрөнгийг шилжүүлэн авсан үйл баримт тогтоогдсон.

Иймээс нэхэмжлэгч ххх ХХК-ийн үйл ажиллагааныхаа үндсэн зорилгыг зөрчиж хариуцагч ххххтай гэрээ байгуулсан гэж үзэх хуулийн үндэслэлгүй тул тэдгээрийн хооронд байгуулагдсан 2019 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн ЗГ/1901/50-3-12 дугаартай зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцох үндэслэлгүй юм. Энэ талаарх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй.

 

6. Нэгэнт гэрээ хүчин төгөлдөр учир гэрээний нэг тал нөгөө талаасаа үүргээ гүйцэтгэхийг шаардах эрхтэй. Хариуцагч нар гэрээгээр тогтоосон хугацаанд 50,000,000 төгрөгийг, түүнд ногдох хүүгийн хамт буцаан төлөх үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй болох нь тэдгээрийн тайлбар, ххххгийн зээлийн дансны хуулга, ххххх банк дахь депозит дансны дэлгэрэнгүй хуулга зэрэг нотлох баримтуудаар тогтоогдсон тул нэхэмжлэгч нь үндсэн зээл, зээлийн хүү, гэрээнд заасны дагуу нэмэгдүүлсэн хүү шаардах эрхтэй.

 

7. Анхан шатны шүүх хариуцагч нараас зээлийн гэрээний үүрэгт 83,630,780 төгрөг гаргуулж, нэхэмжлэлээс үлдэх 24,077,219 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасныг буруу тайлбарлан хэрэглэсэн, мөн хуулийн 216 дугаар зүйлийн 216.4 дэх хэсэгт заасан журмыг баримтлаагүй нь буруу байна. Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах замаар уг алдааг залруулах боломжтой гэж үзлээ.

7.1. Талууд гэрээгээр Зээлдэгч төлбөрийн хуваарийн дагуу зээл, түүний хүүг төлж барагдуулаагүй нөхцөлд Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасны дагуу зээлийн гэрээний үүрэг бүрэн биелэгдэх хүртэлх хугацаанд хэтэрсэн хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүүгийн хамт төлөхөөр харилцан тохиролцсон байна.

Гэрээний хугацаа 2020 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр дуусгавар болсон, хариуцагч нар үүргийг гэрээгээр тогтоосон хугацаанд нь зохих ёсоор, шударгаар гүйцэтгээгүй болох нь тогтоогдсон. Анхан шатны шүүх нэхэмжлэгч талыг шүүхэд нэхэмжлэл гаргасан өдрөөр зээлийн гэрээг цуцалсан гэж дүгнээд уг өдрөөр зээлийн хүү болон нэмэгдүүлсэн хүүг тооцсон нь Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасантай нийцээгүй тул нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангах нь зүйтэй.

7.2. хххх, ххх ХХК нарын хооронд байгуулагдсан 2019 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр ЗГ/190115.8-2.9-33 дугаартай гэрээгээр зээлдэгч нь сар бүрийн 10-ны өдөр 713,000 төгрөг төлөх хуваарь тогтоосон, Зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай гэрээгээр зээл эргэн төлөх хуваарьт өөрчлөлт оруулж, сар бүрийн 20-ны өдөр 617,000 төгрөг төлөх үүрэг хүлээсэн байна. Хэрэгт авагдсан ххххх банк дахь ххххххх дугаартай дансны хуулгаас үзвэл, хххх нь 2019.09.15-ны өдөр 713,000 төгрөг, 2019.08.12-ны өдөр 713,000 төгрөг, 2020.01.24-нд 399,000 төгрөг, 2020.02.10-нд 713,000 төгрөг, 2020.02.21-ний өдөр 704,260 төгрөгийг тус тус нэхэмжлэгч компанийн данс руу шилжүүлжээ. /1хх74, 89, 91/

7.3. ххх ХХК болон хххх, хххххххх нарын хооронд байгуулагдсан 2019 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн ЗГ/1906/50-3-9 дугаартай Зээлийн гэрээгээр зээлдэгч нь 2019.07.25-ны өдөр зээлийн хүүд 2,465,753 төгрөг төлөх хуваарьтай байжээ. Хариуцагч хххх нь өөрийн ххххх банк дахь данснаас 2019.07.30-ны өдөр 2,466,000 төгрөг нэхэмжлэгч компанийн данс руу шилжүүлсэн байна. /1хх84/

7.4. Нэхэмжлэгч нь 2019 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн ЗГ/1901/50-3-12 дугаартай Зээлийн гэрээний үүрэг хариуцагчаас нэхэмжилж, үндэслэлээ нотлохоор зээлийн тооцооллын дансны хуулгыг шүүхэд гаргасныг хариуцагч хххх нь баримтаар үгүйсгэж няцаагаагүй байна.

7.5. Анхан шатны шүүх дээрх нотлох баримтуудыг үндэслэн 2019 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн ЗГ/190115.8-2.9-33 дугаартай, 2019 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн ЗГ/1906/50-3-9 дугаартай зээлийн гэрээ тус бүрийн үүрэгт төлсөн төлбөрийг /713,000+713,000+713,000+2,466,000/ нэхэмжлэгчийн нэхэмжилж буй зээлийн гэрээний үүрэгт хамааруулан тооцсон нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасан нотлох баримт үнэлэх журамд нийцээгүй байна.

7.6. Мөн 2019 оны 8 дугаар сарын 21-ний өдөр хариуцагчаас зээлийн үүрэгт төлсөн 1,529,000 төгрөгийг талуудын маргаанд хамааралтай гэж үзсэн атлаа ямар баримтыг үндэслэн 2019.08.20-ны өдрийн 1,529,000 төгрөгийг зээлийн эргэн төлөлтөд оруулж тооцоогүй" гэж дүгнэсэн нь ойлгомжгүй болжээ. Хэрэгт тус өдөр хийсэн гүйлгээний баримт авагдаагүй байх тул анхан шатны шүүх, гүйлгээ хийгдсэн огноог буруу бичиж техник алдаа гаргасан гэж үзлээ.

7.7.Талууд 2019 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн ЗГ/1901/50-3-12 дугаартай гэрээний хавсралтаар зээл, зээлийн хүү төлөх хуваарийг баталсан байх бөгөөд уг хуваариас үзвэл 2019 оны 02 дугаар сарын 20-ны өдрөөс 9 сарын 20-ны өдрийг хүртэл сар бүрийн 20-ны өдөр зээлийн хүү төлж, 9 дүгээр сарын 20-ны өдрөөс 2020 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийг дуустал хугацаанд сар бүрийн 20-ны өдөр үндсэн зээл 10,000,000 төгрөг, ногдох хүү төлөхөөр харилцан тохиролцжээ. /1хх-5/

7.8. Хариуцагч нь 2019 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийг дуустал хугацаанд зээлийн гэрээний хуваарийн дагуу үүргээ гүйцэтгэсэн байна. Харин 2019 оны 10, 11 дүгээр сард зээлийн хүү төлөх хуваарийг зөрчсөн байх ба мөн оны 12 дугаар сарын 20-ны өдөр 6,000,000 төгрөг, гэрээний хугацаа дууссанаас хойш буюу 2020 оны 10 дугаар сарын 27-ны өдөр 10,000,000 тус тус төлжээ. /1хх68-93,142-152,167-168, 2хх25-28,82-100/

7.9. Дээрх нотлох баримтуудыг үндэслэн хариуцагч нь зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдөр үндсэн зээлээс 10,000,000 төлөх үүрэгтэй байсан тул тус өдөр төлсөн 6,000,000 төгрөгийг үндсэн зээл болох 50,000,000 төгрөгөөс хасч тооцох нь гэрээний талуудын зарчимд харшлахгүй гэж үзлээ.

 

8. Мөн гэрээний хугацаа дууссанаас хойш төлсөн 10,000,000 төгрөгийг Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.4 дэх хэсэгт заасан дарааллын дагуу үндсэн зээлээс хасах нь зүйтэй байна.

8.1. Ингээд хариуцагч нарын зээлийн гэрээний үүргийг тооцвол, 2019.02.20-ны өдрөө 2019.09.20-ны өдрийн хооронд зээлийн хүүд 11,540,000 төгрөг төлсөн, 10, 11, 12 дугаар сарын зээлийн хүүд нийт 4,487,671 төгрөг төлөх үүргээ гүйцэтгээгүй байсан, 2019.12.20-ны өдөр 6 сая төгрөг төлснийг үндсэн зээлээс хасвал, үлдэгдэл 44,000,000 төгрөг байна.

8.2. Хариуцагч хххх нь 2020.10.27-ны өдөр 10,000,000 төгрөг төлсөн тул энэ өдрийг хүртэл 10 сар, 6 хоногийн зээлийн хүүгийн төлбөр нь 13,640,000 төгрөг байна. /10 сарын хүү 13,200,000 төгрөг, 10 хоног нь 440,000 төгрөг буюу 44,000,000 х 3 %=1,320,000 төгрөг х 10 сар, 10 хоног=13,640,000 төгрөг/

8.3. 2020.10.27-ны өдөр төлсөн 10 сая төгрөгийг үндсэн зээлээс хасч, уг өдрөөс нэхэмжлэгчийн нэхэмжлэл гаргасан 2022 оны 6 дугаар сарын 21-ний өдрийг хүртэл хугацааны зээлийн хүү нь 47,163,671 төгрөг болж байна.

Тодруулбал, үндсэн зээл 44,000,000 төгрөгөөс 10,000,000 төгрөгийг хасч, зээлийн үлдэгдэл 34,000,000 төгрөгөөс нэхэмжлэгчийн нэхэмжлэл гаргасан 2022.06.20-ны өдрийг хүртэл 20 сар, 7 хоногийн хэтэрсэн хугацааны хүү нь 20,638,000 төгрөг /34,000,000 х 3%=1,020,000 төгрөг :30 хоног= 1 өдрийн 34,000 төгрөг,

20 сарын хүү 1,020,000 х 20= 20,400,000 төгрөг, 7 хоногийн хүү 34,000 х 7 =238,000/ байна.

Нийт үндсэн болон хэтэрсэн хугацааны хүүнд 38,765,671 төгрөг /4,487,671+ 13,640,000 + 20,638,000 төгрөг/, нэмэгдүүлсэн хүүнд 7,753,134 /38,765,671 х 20%/ төгрөг байна.

8.4. Нэхэмжлэгч ххх ХХК нь 2023 оны 02 дугаар сарын 28-ны өдрийг хүртэлх хэтэрсэн хугацааны хүү болон нэмэгдүүлсэн хүүгийн хэмжээг ихэсгэж шаардсан нь Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасантай нийцсэн байна. Иймээс уг шаардлагын хүрээнд 2022.06.20-ны өдрөөс 2023.02.28-ны өдрийг хүртэл 8 сар, 7 хоногийн хүү болон нэмэгдүүлсэн хүүг тооцвол, зээлийн хүүнд 8,398,000 төгрөг, , нэмэгдүүлсэн хүүнд 1,679,600 /34,000,000 х 3%=1,020,000 төгрөг, 1,020,000 х 8 сар, 7 хоног =8,398,000 төгрөг х20%/, нийт 10,077,600 төгрөг байна. Нийт гэрээний үүргийн хэмжээ нь 90,596,405 болж байна.

8.5. Дээрхийг нэгтгэн дүгнэвэл, хариуцагч хххх, ххххх нар нь үндсэн зээл 34,000,000 төгрөг, зээлийн хүүнд 47,163,671 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 9,432,734 төгрөг, нийт 90,596,405 төгрөг төлөх үүрэгтэй байх тул энэ хэмжээгээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, үлдэх 17,111,595 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосон өөрчлөлтийг анхан шатны шүүхийн шийдвэрт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

 

9. Үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах шаардлагын тухайд:

9.1. Нэхэмжлэгч ххх ХХК нь хариуцагч хххх, ххххх нартай байгуулсан 2019 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор хариуцагч хххххийн өмчлөлийн ххххххх дүүрэг хх-р хороо, хх хороолол ххх байр ххх тоот ххх м.кв, ххххххх дугаарт бүртгэлтэй дөрвөн өрөө орон сууцыг барьцаалж, барьцааны гэрээг бичгээр байгуулж, улсын бүртгэлд бүртгүүлсэн байна.

9.2. Уг гэрээний хүчин төгөлдөр байдалд талууд маргаангүй учир тэдгээрийн хооронд Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1 дэх хэсэгт заасан барьцааны гэрээний харилцаа үүссэн гэж үзсэн анхан шатны шүүхийн зөв дүгнэсэн. Улмаар хариуцагч хххх, ххххх нарыг зээлийн гэрээний үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд барьцаа хөрөнгөөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн нь мөн хуулийн 159 дүгээр зүйлийн 159.1, 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт заасантай нийцсэн.

 

10. Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан шүүх шүүх хуралдаанд биечлэн оролцох эрхийг зөрчсөн, мэтгэлцэх зарчим хэрэгжээгүй гэх давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй байна.

10.1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд эрх, тэгш байх зарчим үйлчилдэг.

Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг 2022 оны 6 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, мөн сарын 28-ны өдөр иргэний хэрэг үүсгэсэн байна.

Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 71 дүгээр зүйлийн 71.1 дэх хэсэгт зааснаар хэрэг үүсгэсэн өдрөөс хойш 90 хоногийн дотор шийдвэрлэх журамтай.

Шүүх нэхэмжлэгч талын хүсэлтээр 2 удаа, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон өмгөөлөгчийн хүсэлтээр 9 удаа, зохигчийн хүсэлтийг үндэслэн 2 удаа шүүх хуралдааныг тус тус хойшлуулсан болох нь хэргийн баримтаар тогтоогдож байна.

Хариуцагчийн өмгөөлөгч нь анхан шатны шүүх хуралдаанд хоцорч очсон агуулга бүхий тайлбарыг гаргаж байна.

Анхан шатны шүүх, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарыг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй гэж дүгнэн, шүүх хуралдаан хойшлуулах хүсэлтийг хэрэгсэхгүй болгож, хариуцагчийн эзгүйд нь шүүх хуралдааныг явуулж хэргийг хянан шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт заасан журамд харшлаагүй байна.

10.2. Мөн хэргийн 2 дахь хавтасны 78-126 дахь талд авагдсан баримтуудад нэхэмжлэгч байгууллагын тамга дарагдсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт заасан ...бичмэл нотлох баримтыг шүүхэд эхээр нь, хэрэв эхийг өгөх боломжгүй бол нотариатчаар гэрчлүүлсэн хуулбарыг өгөх шаардлагыг хангахгүй байна. Иймд шүүх гэрчээр асуугдсан ххх" ХХК-ийн захирлаар ажиллаж байсан ххххххх нь өөрийн нэр дээр Монгол Улсын хилээр оруулж ирсэн Приус маркийн автомашиныг ч мөн ххххд 50,000,000 төгрөгийн зээл олгосон гэх 2019.01.29-ний өдөр ххххд "ххх" ХХК-ийн нэрээр зээлдүүлсэн зээлийн гэрээ хийгдсэн, уг баримт хэрэгт авагдсан байгаад огт дүгнэлт хийгээгүй нь илтэд хууль бус шийдвэр гарахад нөлөөлсөн гэх хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдол үндэслэлгүй.

 

Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхихоор шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. ххххххх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 184/ШШ2024/00037 дугаар шийдвэрийн

Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч хххх, ххххх нараас 2019 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн ЗГ/1901/50-3-12 дугаартай зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 90,596,405 төгрөг гаргуулж нэхэмжлэгч ххх ХХК-д олгож, нэхэмжлэлээс үлдэх 17,111,595 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай. гэж,

Тогтоох хэсгийн 4 дэх заалтын 646,303 гэснийг 681,132 гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт заасны дагуу хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1,055,000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 278,337 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус заасны дагуу магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.ЭНХБАЯР

 

ШҮҮГЧИД  Ц.АЛТАНЦЭЦЭГ

 

Ч.ЦЭНД