Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 02 сарын 20 өдөр

Дугаар 2019/ШЦТ/045

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Гэрэлмаа даргалж,

Улсын яллагч В.Дэлгэрмаа,

Шүүгдэгч Т.Б,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Мөнхтуул,

Хохирогч Б.Б,

Нарийн бичгийн дарга Д.Чимэдцэрэн нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянхонгор аймгийн Прокурорын газраас Т.Бт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж 1814006920017 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 02 сарын 01-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт :

Монгол улсын иргэн, эрэгтэй, Т.Б

Холбогдсон хэргийн талаар :

Шүүгдэгч Т.Б нь 2018 оны 12 дугаар сарын 01-ний өдөр Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын Асгамба 3 дугаар багийн нутаг дэвсгэр Шар хөндий гэх газарт араанд нь хийж тавьсан байсан буюу Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 14.6 дахь хэсэгт заасан “Жолоочгүйгээр тээврийн хэрэгсэл нь үл хөдлөх өөрөөс нь бусад хүн хөдөлгөх боломжгүй болгох арга хэмжээ авсны дараа тээврийн хэрэгслээс буух, түүнийг орхиж явахыг зөвшөөрнө. Орхиж явахдаа 10 нас хүрээгүй хүүхдийг насанд хүрсэн харгалзах хүнгүйгээр тээврийн хэрэгсэлд үлдээхийг хориглоно” гэх заалтыг зөрчсөний улмаас верна аксент маркийн 56-58 БНА улсын дугаартай автотээврийн хэрэгслийг жолоочгүйгээр өнхөрч жалга мөргөснөөс машинд сууж байсан насанд хүрээгүй 4 настай Б.Д нь нас барсан буюу автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалты журам зөрчих гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь :

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судлуулахаар санал болгосон болон тухайн хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Хохирогч Б.Бгийн мөрдөн байцаалтанд өгсөн ... нөхөр Б морио хөтөлсөн цаашаа явж байсан бөгөөд ард нь талийгаач хүү Д дагаад явж байсан. Би эргэж гэртээ орж ирээд галаа түлчихээд хоолны махаа гаргах санаатай гэр дотор байж байтал чимээ гарахаар нь гараад харсан чинь тэр верна машин нь урагшаа хөдөлж байгаа харагдсан. Тэгтэл машины араас нөхөр Б гүйж яваа харагдсан тэгтэл тэр машин явсаар байгаад урд жалгийг мөргөж зогссон. Би гэнэт хүүхдээ санаад хүүхэд машинд байгаа юм бол уу гэж бодтол манай нгөхөр Б машинаас хүүхдээ тэврээд ирж явсан. Нөхөр ирж явах замдаа түргэн дуудаарай гээд ирэхээр нь би юм болсон тэгтэл талийгаач хүү Д нь ухаангүй болсон байхаар нь гэртээ оруулж орон дээр тавьсан ухаан орохгүй байхаар нь төрсөн дүү Бруу болсон явдлын талаар ярьж Б цагдаа эмнэлэг дуудсан бөгөөд хүү нас барсан байсан ... гэсэн мэдүүлэг /хх-ийн 40-42/,

Гэрч Б.Бийн мөрдөн байцаалтанд өгсөн ... 2018 оны 12 сарын 01-ний өдөр орой 17 цагийн орчим би гэртээ байж байтал миний утас дуугарч авсан чинь төрсөн эгч Б байсан. Утсаар машин урагшаа өнхөрч жаргаруу ороод хүү Д нас барчихлаа гэхээр би хүргэн ах Бынд иртэл хүргэн ах Б эгч Б нар нь талийгаач Дыг гэртээ оруулж ирсэн нас барсан байхаар нь Баян-Овоо сумын эмнэлэг, цагдаа нарлуу дуудлага өгсөн ... гэсэн мэдүүлэг /хх-ийн 52-54/,

Шүүгдэгч Т.Бын мөрдөн байцаалтанд өгсөн ... 2018 оны 12 дугаар сарын 01-ны өдрийн өглөө 10 цагийн үед талийгаач хүү Д, эхнэр Б 10 сартай бага охины хамтаар венра маркийн 56-58 БНА улсын дугаартай машиныг унаад эхнэр хүүхдүүдийн хамтаар айлд очиж хоол идчихээд буцаад гэрлүүгээ явах замд булагаас мөс аваад гэрлүүгээ явж гэртээ ирсэн. Тэгээд би малруугаа явах гээд байж байтал талийгаач хүү Д надад ааваа 2 уулаа машинаар малруу цуг явъя гэхээр нь тэгье гээд цуг явахаар болж гэрийн гадаа байсан верна маркийн 56-58 БНА улсын дугаартай машинаа унаад хажууд талийгаач Д сууж хойд талын хөтөл дээр зогсож хонио харчихаад буцаж явахдаа аргамжаатай байсан морио сэлгэе гээд гэрийн зүүн талд морин дээр очиж машинаа унтрааж араанд хийж гар кардаан татаж машинаас хүү Дийн хамт бууж аргамжаатай морь луу талийгаачийн хамтаар явж байсан чинь талийгаач хүү Д нь ааваа би даараад байна машинд очоод сууж байх уу гэхээр нь тэг тэг гээд морио аваад жалга гараад явсан. Талийгаач хүү Д машин луу явж машинд суусан байсан. Би морио аргамжчихаад машин луу явж байтал гэнэт машин уруу хөдөлж эхэлсэн би гүйгээд машин луу очих гэтэл машин уруу өнхөрч байхаар нь би машин дээр гүйж очоод жолоочийн хаалгыг онгойлгох гэтэл амжилгүй уруу өнхөрсөн би араас гүйсэн боловч машин уруу өнхөрч явсаар байгаад жалга очиж мөргөсөн би араас гүйж очоод машины хаалгийг онгойлж хартал талийгаач хүү Д нь машины суудал дээр ухаангүй хэвтэж байхаар нь би амьд байгаасай гэж бодоод талийгаачийг тэврээд гэрлүүгээ гүйсэн. Гэрийн наад талд эхнэр Б харагдаж байхаар нь түргэн дуудаарай гэж орилоод би талийгаач хүү Дийг гэрт оруулж тавьсан боловч ухаан орохгүй байсан эхнэр утас авч хажуу талын айл болон эмнэлэг дуудсан тэгтэл талийгаач хүү ухаан орохгүй байсаар байгаад нас барсан байсан ... гэсэн мэдүүлэг /хх-ийн 84-86/,

Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 12 сарын 17-ны өдрийн 82 дугаартай шинжээчийн ... Талийгаач Б.Дын цогцост хийсэн Шүүх эмнэлгийн задлан шинжилгээгээр хүзүүний 1-р нугамлын их биеийн бүрэн мултрал, нугасны тасрал, гавлын суурь ясны уртавтар тархины орох хэсгийн бяцарсан хугарал, их тархины 2 тал бөмбөлөгийн дух, зулай баруун тал бөмбөлөгийн чамархай, дагз суурийн хэсэгийн болон бага тархины ороой хэсгийг хамарсан аалзсан хальсны доорх цус харвалт, уртавтар тархины няцрал толгойн хуйхны дотор гадаргуун зулайн цус хуралт, доод эрүүнд шарх зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх бөгөөд хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2, 3.1.3, 3.1.5-д зааснаар гэмтлийн хүрэнд зэрэгт хамаарна. Дээрх гэмтлүүд нь үхэлд нөлөөлсөн болно ... гэсэн дүгнэлт /хх-ийн 67-70/,

Баянхонгор аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн 2018 оны 12 сарын 26-ны өдрийн 28 дугаартай шинжээчийн ... Тухайн зам тээврийн осол нь жолоочийн буруутай үйлдлээс болж шалтгаалан гарсан байх үндэслэлтэй гэж үзэж байна. Уг зам тээврийн осол нь жолооч Т.Бын буруутай үйлдлээс болж гарсан байх үндэслэлтэй байна. Жолооч Т.Б нь Замын хөдөлгөөний дүрмийн доорх заалтыг зөрчсөн гэж байна. Үүнд: Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 14.6 дахь хэсэгт заасан “Жолоочгүйгээр тээврийн хэрэгсэл нь үл хөдлөх, өөрөөс нь бусад хүн хөдөлгөх боломжгүй болгох арга хэмжээ авсны дараа тээврийн хэрэгслээс буух, түүнийг орхиж явахыг зөвшөөрнө. Орхиж явахдаа 10 нас хүрээгүй хүүхдийг насанд хүрсэн харгалзах хүнгүйгээр тээврийн хэрэгсэлд үлдээхийг хориглоно” ... гэсэн дүгнэлт /хх-ийн 63-64/,

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургын үзүүлэлт /хх-ийн 8-15/,

Зам тээврийн осол, хэрэг үзлэгээр тогтоосон байдал /хх-ийн 17-18/,

Цогцосонд үзлэг хийсэн тэмдэглэл, цогцосонд задлан шинжилгээ хийсэн тэмдэглэл, гэрэл зургын үзүүлэлт /хх-ийн 19-30/,

Эд хөрөнгө битүүмжилсэн прокурорын тогтоол, эд хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл /хх-ийн 32-34/,

Эд мөрийн баримт хураан авах тухай прокурорын тогтоол, эд мөрийн баримт хураан авсан тухай тэмдэглэл /хх-ийн 36-37/,

Эд зүйл үнэлсэн тухай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 77-78/,

Шүүгдэгч Т.Бын иргэний үнэмлэхний лавлагаа, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, хувийн байдалтай холбоотой бусад баримтууд /хх-ийн 87-105, 114-120/

Талийгаач ******* нас барсны гэрчилгээний хуулбар /хх-ийн 106/,

Хэрэгт битүүмжлэгдсэн верна аксент маркийн 56-58 БНА улсын дугаартай автотээврийн хэрэгслийн хууль ёсны эзэмшигч *******ийн нэхэмжлэх зүйлгүй тухайгаа илэрхийлсэн хүсэлт зэрэг болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг шинжлэн судлаад дүгнэхэд ;

Шүүгдэгч Т.Б нь 2018 оны 12 дугаар сарын 01-ний өдөр Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын Асгамба 3 дугаар багийн нутаг дэвсгэр Шар хөндий гэх газарт араанд нь хийж тавьсан байсан буюу Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 14.6 дахь хэсэгт заасан “Жолоочгүйгээр тээврийн хэрэгсэл нь үл хөдлөх, өөрөөс нь бусад хүн хөдөлгөх боломжгүй болгох арга хэмжээ авсны дараа тээврийн хэрэгслээс буух, түүнийг орхиж явахыг зөвшөөрнө. Орхиж явахдаа 10 нас хүрээгүй хүүхдийг насанд хүрсэн харгалзах хүнгүйгээр тээврийн хэрэгсэлд үлдээхийг хориглоно” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас верна аксент маркийн 56-58 БНА улсын дугаартай автотээврийн хэрэгсэл нь жолоочгүйгээр өнхөрч жалга мөргөснөөс машинд сууж байсан насанд хүрээгүй 4 настай Б.Дын амь насыг нь хохироож Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрхи бичгийн нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байх ба мөрдөн байцаалтын ажиллагаанд шалгавал зохих ажиллагааг бүрэн шалгасан, хэргийн зүйлчлэл тохирсон, Баянхонгор аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Т.Бт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй зөв байна.

Хохирогч Б.Б нь шүүгдэгчээс нэхэмжлэх зүйл байхгүй гомдол саналгүй тухай мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт илэрхийлсэн тул шүүгдэгч Т.Быг бусдад төлөх төлбөргүйд тооцов.

Мөн хэрэгт битүүмжлэгдсэн верна аксент маркийн 56-58 БНА улсын дугаартай автотээврийн хэрэгслийн хууль ёсны эзэмшигч ******* нь шүүгдэгчээс нэхэмжлэх зүйлгүй тухайгаа бичгээр илэрхийлсэн болохыг дурдав.

Шүүгдэгч Т.Б нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2-т заасан хөнгөн гэмт хэрэгт холбогдсон ба бусдад төлөх төлбөргүй байх тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал болон хувийн байдлыг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3-т заасан хорих ялыг оногдуулахгүйгээр тэнсэх боломжтой гэж дүгнэв.

Талийгаач 4 настай Б.Дын сууж байсан верна аксент маркийн 56-58 БНА улсын дугаартай автотээврийн хэрэгсэл нь иргэн *******ийн эзэмшлийнх байх тул уг тээврийн хэрэгслийг битүүмжлэлээс чөлөөлж эзэмшигч *******д олгов.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан верна аксент маркийн 56-58 БНА улсын дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээг эзэмшигч *******д буцаан олгож, №815023 тоот жолоочийн үнэмлэхийг Баянхонгор аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлж, шүүгдэгч нь хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдаж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь :

1. Шүүгдэгч ******* овогт Т.Быг автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөний улмаас хүний амь насыг хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Шүүгдэгч Т.Бт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хасч, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3-т заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 2 /хоёр/ жилийн хугацаагаар тэнссүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.2 дугаар зүйлийн 1.1, 7.3 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Т.Бт зан үйлээ засах сургалтанд хамрагдах албадлагын арга хэмжээ хэрэглэсүгэй.

4. Шүүгдэгч Т.Бын засрал, хүмүүжилд хяналт тавихыг Баянхонгор аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5-д зааснаар тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг шүүгдэгч Т.Бт мэдэгдсүгэй.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3-т зааснаар шүүгдэгч Т.Бын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хасах ялын хугацааг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолохыг дурдсугай.

7. Хэрэгт битүүмжлэгдсэн верна аксент маркийн 56-58 БНА дугаартай тээврийн хэрэгслийг хууль ёсны эзэмшигч *******д буцаан олгож эд хөрөнгө битүүмжилсэн прокурорын тогтоолыг хүчингүй болгосугай.

8. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан верна аксент маркийн 56-58 БНА дугаартай тээврийн №01413833 тоот тээврийн хэрэгслийн гэрчилгээг эзэмшигч *******д буцаан олгож, шүүгдэгч нь Т.Бын эзэмшлийн №815023 тоот В ангилалын жолоочийн үнэмлэхийг Баянхонгор аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлсүгэй.

9. Шүүгдэгч Т.Б нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдсугай.

10. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулснаас хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

11. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Т.Бт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ГЭРЭЛМАА