| Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батаагийн Гэрэлмаа |
| Хэргийн индекс | 162/2019/0048/Э |
| Дугаар | 2019/ШЦТ/046 |
| Огноо | 2019-02-20 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | В.Дэлгэрмаа |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 02 сарын 20 өдөр
Дугаар 2019/ШЦТ/046
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Гэрэлмаа даргалж,
Улсын яллагч В.Дэлгэрмаа,
Шүүгдэгч М.Б,
Хохирогч Д.В,
Нарийн бичгийн дарга Д.Чимэдцэрэн нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянхонгор аймгийн Прокурорын газраас М.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1814006910015 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 02 сарын 13-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, М.Б,
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч М.Б нь 2018 оны 12 дугаар сарын 01-ний өдөр Баянхонгор аймгийн Галуут сумын Хайрхан 1 дүгээр багийн нутаг Жаргалантын голын нүхэн хад гэх газар байх гэртээ Д.Вийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь :
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судлуулахаар санал болгосон болон тухайн хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлахад:
Шүүгдэгч М.Б нь 2018 оны 12 дугаар сарын 01-ний өдөр Баянхонгор аймгийн Галуут сумын Хайрхан 1 дүгээр багийн нутаг Жаргалантын голын нүхэн хад гэх газар байх гэртээ Д.Вийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь ...
Хохирогч Д.Вийн ... гэнэт Бын ах Б над руу чи муу ийм хүн ш дээ гээд над руу дайраад намайг 2-3 удаа цохисон тэгтэл би хөл алдаад газар унатал Б ах нь миний нүүрэн тус газарт хөлөөрөө дэвсээд байсан. Би тэгээд Батболдтой хамт аймаг руу яваад өгсөн өөр зүйл болоогүй ... Бын ах гэх Б нь миний нүүрэн тус хэсэгт 2-3 удаа цохисон ... Тэгж зодуулсаны улмаас миний хамар гэмтсэн өөр гэмтэж барьсан зүйл байхгүй ... гэсэн мэдүүлэг /хх-ийн 10-15/,
Гэрч *******ын ... би Ганзориг гэх айлаас гурилаа аваад гарч ирсэн чинь В Б 2 маргалдсан байдалтай Вийн хамарынх нь дээд хэсэгт халцарсан байдалтай байж байсан ... гэсэн мэдүүлэг /хх-ийн 18-19/,
Гэрч М.Бын ... Удалгүй хүмүүс маргалдаад байхаар нь гараад хартал ах Б Вийг зодож байсан. Тэгээд би тэр 2-ын голоор ороод салгасан юм ... В манай ахад гар хүрч цохиж бариагүй харин манай ах Б Вийг хэдэн удаа цохисныг сайн санахгүй миний л харснаар нүүрэн тус газар нь 1 удаа өшиглөсөн өөр цохиж зодсон зүйл байхгүй ... гэсэн мэдүүлэг /хх-ийн 30- 31/,
Гэрч Г.Жгийн ... би гэртээ орсон манай том хүү Б надтай гэрээс зөрөөд гарсан. Тэгээд би гэртээ байж байтал гэрийн гадаа хүмүүс чанга чанга яриад маргалдаад байхаар нь гараад хартал Вийн хамарнаас цус гарч байсан ... гэсэн мэдүүлэг /хх-ийн 32-34/,
Шүүгдэгч М.Бын ... В над руу дайраад хөгшин агсам бандиа гээд намайг заамдаад авсан. Тэгэхээр нь Вийг гараа атгаж байгаад цохитол В хөл алдаад газар унахад нь нурууны хэсэг рүү 1 удаа өшиглөсөн юм ... Би Вийн нүүрний зүүн талын шанааны хэсэг баруун гараа атгаж байгаад 1 удаа цохисон мөн В хөл алдаад газар унахаар нь нурууны хэсэгт нь 1 удаа өшиглөсөн. Вийн биед надад цохиулсны улмаас хамраас цус гарсан байдалтай байсан өөр ил харагдах гэмтэл, шарх байхгүй байсан ... гэсэн мэдүүлэг /хх-ийн 50-52/,
Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 12 сарын 07-ны өдрийн 02 тоот шинжээчийн .... Д.Вийн биед тархи доргилт, зовхинд цус хуралт, хамарт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна ... гэсэн дүгнэлт /хх-ийн 37-38/ зэрэг болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч М.*******г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэв.
Хохирогч Д.В нь шүүгдэгчээс нэхэмжлэх зүйл байхгүй гомдол саналгүй тухай мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт илэрхийлсэн тул шүүгдэгч М.*******г бусдад төлөх төлбөргүйд тооцов.
Шүүгдэгч М.*******н үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэр зэргийг харгалзан торгох ял оногдуулав.
Шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй тул хохирол нөхөн төлүүлэх зорилгоор битүүмжлэгдсэн шүүгдэгч М.*******н эзэмшлийн гар утсыг түүнд буцаан олгож эд хөрөнгө битүүмжилсэн прокурорын тогтоолыг хүчингүй болгож, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч нь хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдаж шийдвэрлэв.
Шүүгдэгч нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 3-д зааснаар өөрийгөө өмгөөлөх эрхтэй ба энэ эрхийн дагуу өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг бичгээр гаргасан тул хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцсэн болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь :
1. Шүүгдэгч ******* овогт *******ийн *******г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч М.Бд 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч М.*******н цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 2 сарын хугацаатайгаар хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч М.Бд мэдэгдсүгэй.
5. Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэх тогтоолоор битүүмжлэгдсэн шүүгдэгч М.*******н эзэмшлийн гар утсыг түүнд буцаан олгож эд хөрөнгө битүүмжилсэн прокурорын тогтоолыг хүчингүй болгосугай.
6. Шүүгдэгч М.Б нь бусдад төлөх төлбөргүй, хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч М.Бд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ГЭРЭЛМАА