Улсын дээд шүүхийн Тогтоол

2016 оны 05 сарын 30 өдөр

Дугаар 001/ХТ2016/0190

 

 “Мөнх-Одцацрал” ХХК,

Ч.Энхжаргал, “Эрхэмсэг оршихуй цэцэрлэг”

Төрийн бус байгууллагын нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимын хяналтын шатны шүүх хуралдааныг Танхимын тэргүүн М.Батсуурь даргалж, шүүгч Л.Атарцэцэг, Х.Батсүрэн, Ч.Тунгалаг, П.Соёл-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Т.Өлзийтүвшин, нэхэмжлэгч “Эрхэмсэг оршихуй цэцэрлэг” Төрийн бус байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Жавзмаа, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Энхбат нарыг оролцуулан хийж, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн 199 дүгээр магадлалыг эс зөвшөөрч хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлоор “Мөнх-Одцацрал” ХХК, Ч.Энхжаргал, “Эрхэмсэг оршихуй цэцэрлэг” Төрийн бус байгууллагын нэхэмжлэлтэй, Дархан-Уул аймгийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч П.Соёл-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Нэхэмжлэгч “Эрхэмсэг Оршихуй цэцэрлэг” ТББ нэхэмжлэлдээ: Монгол улсын Ерөнхий сайд 2015 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн 187 дугаар тогтоолоор С.Насанбатыг Засаг даргын үүрэгт ажлаас нь огцруулж, 188 дугаар захирамжаар А.Энхболдыг томилсон байдаг. Энэ асуудал нь төрийн байгууллагын захиргааны дотоод асуудал байх бөгөөд хууль зүйн хувьд тус өдрийг дуустал С.Насанбат аймгийн Засаг даргын эрх, үүрэгтэй гэх үндэслэлтэй. Мөн түүнчлэн эрх бүхий албан тушаалтнууд ийнхүү солигдож байгаа нь иргэн, хуулийн этгээдийн эрх, ашгийг хөндөх ёсгүй юм. Төрийн албаны тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.12-т зааснаар аймгийн Засаг дарга нь улс төрийн албан тушаалтан байх бөгөөд ийнхүү улс төржсөн үйл ажиллагаанаас болж иргэн, хуулийн этгээдийн хууль ёсны эрх ашиг хөндөгдөж байна. Тодруулбал, тус байгууллага нэгэнт хууль ёсны дагуу газар эзэмших эрхийг олж авсан байхад 2015 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр Монгол улсын Ерөнхий сайд Засаг даргыг шинээр томилсон гэх үндэслэлээр томилогдсон Засаг дарга биднийг хууль зөрчөөгүй байхад газар эзэмших эрхийг хүчингүй болгосон нь хууль зүйн хувьд үндэслэлгүй юм. Иймд Дархан-Уул аймгийн Засаг даргын 2015 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн А/300 дугаар захирамжийн “Эрхэмсэг Оршихуй цэцэрлэг” ТББ-д холбогдох хэсгийг хүчингүй болгож, газар эзэмших эрхийг сэргээлгэхийг Дархан-Уул аймгийн Засаг даргад даалгаж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч "Мөнх-Одцацрал" ХХК, иргэн Ч.Энхжаргал нар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: "Эрхэмсэг Оршихуй цэцэрлэг" ТББ-ын нэхэмжлэлийн шаардлага бид нарын нэхэмжлэлийн шаардлага адилхан байгаа. Бид Дархан-Уул аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газраас хэвлэл мэдээллийн хэрэгслээр /Засгийн газрын мэдээ/ сонинд зарлагдсан төсөл сонгон шалгаруулалтад /Аймгийн Засаг дарга асан С.Насанбатын 2015 оны А/184 дүгээр захирамж/ 2,3 удаа оролцож, сонгон шалгаруулалтын шийдвэр нь өмнөх Засаг даргын 2015 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн А/300 дугаар захирамжаар баталгаажиж, бид нар Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газартай газар эзэмшүүлэх гэрээг байгуулж, 000317721, 000555480 дугаарууд бүхий гэрээ, гэрчилгээгээ авсан.

Бид төсөл сонгон шалгаруулалтад оролцохын тулд нэлээд цаг заваа зарцуулан, 2,3 удаа төсөл боловсруулж, хөрөнгө мөнгө зарцуулан мэргэжлийн байгууллагаар барилгын эскиз зураг хийлгэн, хэд хэдэн байршлын төсөл сонгон шалгаруулалтад оролцсон юм.

Дээрх захирамж нь хууль, эрх зүйн хэд хэдэн баримтууд дээр үндэслэгдэж гарсан, мөн аймгийн газар зохион байгуулалтын 2015 оны төлөвлөгөөнд тусгагдсан юм. Гэтэл шинээр томилогдсон Засаг дарга 2015 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн А/330 дугаар захирамжаараа А/300 дугаар захирамжийг хүчингүй болгосныг бид хууль бус гэж үзэж байна.

Иймд Дархан-Уул аймгийн Засаг даргын 2015 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн А/300 дугаар захирамжаар "Мөнх-Одцацрал" ХХК, иргэн Ч.Энхжаргал нарт олгосон газар эзэмших эрхийг сэргээж, 2015 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн А/330 дугаар захирамжийн "Мөнх-Одцацрал" ХХК, иргэн Ч.Энхжаргал нарт холбогдох хэсгийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч Дархан-Уул аймгийн Засаг дарга шүүхэд гаргасан тайлбартаа: Монгол улсын Ерөнхий сайдын 2015 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн 187 дугаар захирамжаар С.Насанбатыг Аймгийн Засаг даргын үүрэг ажлаас огцруулж, 188 дугаар захирамжаар А.Энхболдыг Дархан-Уул аймгийн Засаг даргаар томилсон байхад С.Насанбат нь мөн өдөр Газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацаа сунгах тухай А/288, Газар эзэмших эрхийн талбайн хэмжээг өөрчилж газар эзэмшүүлэх тухай А/289, Газар эзэмших зориулалт өөрчлөх тухай А/290, газар эзэмших эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх тухай А/291, Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай А/292, Төсөл сонгон шалгаруулалтад шалгарсан аж ахуй нэгж, байгууллага, иргэнд газар эзэмшүүлэх тухай А/302, Газар эзэмшүүлэх тухай А/303 дугаар захирамжуудыг батлан гаргасан байна.

Өөрөөр хэлбэл Аймгийн Засаг даргын бүрэн эрх дуусгавар болсон байхад дээрх захирамжуудыг батлан гаргасан нь үндэслэлгүй гэж үзэж дээрх захирамжуудыг А/330 дугаар захирамжаар хүчингүй болгосон болно.

Иймд “Эрхэмсэг Оршихуй цэцэрлэг” Төрийн бус байгууллага, “Мөнх-Одцацрал” ХХК, иргэн Ч.Энхжаргал нараас шүүхэд гаргасан нэхэмжлэл, түүний шаардлагыг эс зөвшөөрч байгаа болно гэжээ.

Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 01 дүгээр сарын 28-ний өдрийн 04 дүгээр шийдвэрээр: Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1-д заасны баримтлан “Эрхэмсэг Оршихуй цэцэрлэг” Төрийн бус байгууллага, “Мөнх-Одцацрал” ХХК, иргэн Ч.Энхжаргал нарын нэхэмжлэлтэй Дархан-Уул аймгийн Засаг даргад холбогдох, Дархан-Уул аймгийн Засаг даргын 2015 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн А/330 дугаар захирамжийн “Эрхэмсэг Оршихуй Цэцэрлэг” Төрийн бус байгууллага, “Мөнх-Одцацрал” ХХК, иргэн Ч.Энхжаргал нарт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, “Эрхэмсэг Оршихуй цэцэрлэг” Төрийн бус байгууллагын газар эзэмших эрхийг сэргээсэн шийдвэр гаргахыг Дархан-Уул аймгийн Засаг даргад даалгах гэсэн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх хариуцагчийн гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцээд 2016 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн 199 дүгээр магадлалаар: Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 1 дүгээр сарын 28-ны өдрийн 04 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1-д заасныг баримтлан “Эрхэмсэг Оршихуй цэцэрлэг” Төрийн бус байгууллагын нэхэмжлэлийн зарим хэсгийг, “Мөнх-Одцацрал” ХХК, иргэн Ч.Энхжаргал нарын нэхэмжлэлийг тус тус хангаж, Дархан-Уул аймгийн Засаг даргын 2015 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн А/330 дугаар захирамжийн “Эрхэмсэг Оршихуй цэцэрлэг” Төрийн бус байгууллага, “Мөнх-Одцацрал” ХХК, иргэн Ч.Энхжаргал нарт холбогдох хэсгийг хүчингүй болгож, “Эрхэмсэг Оршихуй цэцэрлэг” Төрийн бус байгууллагын нэхэмжлэлийн газар эзэмших эрхийг сэргээсэн шийдвэр гаргахыг Дархан-Уул аймгийн Засаг даргад даалгах гэсэн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.” гэж өөрчилж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхижээ. 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Энхсайхан хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Монгол улсын Ерөнхий сайдын 2015 оны 187 дугаар захирамжаар С.Насанбатыг аймгийн Засаг даргын үүрэгт ажлаас огцруулж, 188 дугаар захирамжаар А.Энхболдыг Дархан-Уул аймгийн Засаг даргаар томилсон байхад С.Насанбат нь мөн өдөр А/300 дугаар захирамжийг батлан гаргасан байна. Өөрөөр хэлбэл аймгийн Засаг даргын бүрэн эрх дуусгавар болсон байхад дээрх захирамжийг батлан гаргасан нь үндэслэлгүй гэж үзэж А/330 дугаар захирамжаар дээрх А/300 дугаар захирамжийг хүчингүй болгосон.

Мөн Аймгийн Засаг дарга С.Насанбат нь Бүгд найрамдах Солонгос улсад ажиллахдаа аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгчийн хувиар ажилласан, Монгол улсын Засгийн газрын хэрэг эрхлэх газраас томилолт, зөвшөөрөл аваагүй.

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.7 дахь хэсэгт зааснаар аймгийн Засаг дарга С.Насанбатаас 2015 оны А/300 дугаар захирамжийг батлан гаргасан нь үндэслэлгүй байна.

Захиргааны хэргийн анхан шатны шүүхээс Монгол улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.7-д заасны дагуу түүний бүрэн эрх Засаг даргын орлогчид бүрэн шилжсэн гэсэн тайлбарыг огт харгалзаж үзээгүй хуулийн дээрх заалтыг огт хэрэглээгүй хэрэг маргааныг шийдвэрлэлээ.

Мөн хариуцагч талын 2015 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн А/330 дугаар захирамж нь газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1-д заасантай нийцэж байгаа гэж үзэж байна. Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан болон давж заалдах шатны шүүхээс хэрэгт авагдсан баримтуудад үндэслэл бүхий дүгнэлт хийж, нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн байх тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгч “Эрхэмсэг оршихуй цэцэрлэг” ТББ, “Мөнх-Од цацрал” ХХК, иргэн Ч.Энхжаргал нар нь Дархан-Уул аймгийн Засаг даргад холбогдуулан 2015 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн а/330 дугаар захирамжийн холбогдох хэсгийг хүчингүй болгуулах нэхэмжлэл гаргаж байна.         

Маргаан бүхий захирамжаар “Ерөнхий сайдын захирамжаар аймгийн Засаг даргыг огцруулсан байхад иргэдэд газар эзэмшүүлсэн захирамж гаргах эрхгүй” гэсэн үндэслэлээр нэхэмжлэгч нарт газар эзэмшүүлсэн захирамжийг хүчингүй болгож шийдвэрлэжээ.

Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5 дахь хэсэгт зааснаар төрийн чиг үүргийг хэрэгжүүлэх албан тушаалтан буюу Засаг дарга хэн ажиллаж байхаас үл хамаарч, төрийн албаны үйл ажиллагаа тасралтгүй явагдах учиртай. Өөрөөр хэлбэл, Засаг дарга үүрэгт ажлаас огцорсон нөхцөл байдал нь түүний гаргасан хууль журмын дагуу төсөл сонгон шалгаруулалтын дүнг баталгаажуулсан шийдвэрийг хүчингүйд тооцох хууль зүйн үндэслэл болохгүй.

Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нар нь захиргааны байгууллагаас олон нийтэд ил тод зарлан явуулсан төсөл сонгон шалгаруулалтад оролцож, газар эзэмших эрх олж авсан байх тул нэхэмжлэгчийн эрх зүйн байдлыг дордуулах, газар эзэмших эрхийг хөндөх учиргүй.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “аймгийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдаагүй, сумын газар зохион байгуулалтын төлөвлөгөөг үндэслэсэн гэх боловч уг төлөвлөгөөг хэрэгт цуглуулаагүй” гэх гомдол үндэслэлгүй байна. Учир нь маргаан бүхий захирамж зөвхөн дээр дурдсан  үндэслэлээр буюу “газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд иргэн, аж ахуй нэгжид газар эзэмшүүлэхээр тусгагдаагүй” гэсэн үндэслэлээр гараагүй байна.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1, 72 дугаар зүйлийн 72.4 дэх хэсэгт зааснаар захиргааны шүүх нь захиргааны актын хууль зүйн үндэслэлийг хянах, тодруулбал захиргааны акт гаргах болсон үндэслэлийн хүрээнд хэргийг шийдвэрлэх бөгөөд захиргааны байгууллага, албан тушаалтны захиргааны акт гаргах болсон үндэслэлээс өөр үндэслэлийг хянах үүрэг хүлээхгүй болно.

Мөн хариуцагч талаас хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад газар зохион байгуулалтын төлөвлөгөөтэй холбогдуулан маргаж байгаагүй тул шүүхийг нотлох баримт цуглуулаагүй гэж буруутгах, улмаар шүүх хуралдаанаар хэлэлцэгдээгүй баримтыг үндэслэн хяналтын шатны шүүхээс дүгнэлт хийх эрх зүйн боломжгүй юм

Хариуцагчийн “Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт нийцүүлэн захирамж гаргаж, хууль бус шийдвэрийг хүчингүй болгосон” гэх гомдлын тухайд:

Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх заалтыг хэрэглэж, өмнөх Засаг даргын шийдвэрийг хүчингүй болгоход хоёр урьдчилан нөхцөл байхаар хууль тогтоогчоос зохицуулсан байна. Үүнд, нэгдүгээрт, хууль зөрчиж газар эзэмшүүлсэн байх, хоёрдугаарт, бусдын хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн байх урьдчилсан нөхцөл шаардсан байна.

Энэхүү маргаанд дээрх хоёр урьдчилсан нөхцөл хангагдаагүй буюу нэхэмжлэгч нар хууль зөрчиж газар эзэмшээгүй, захиргааны байгууллагаас зарласан төсөл сонгон шалгаруулалтыг үндэслэн газар эзэмших эрх үүссэн, үүний улмаас бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөөгүй, төсөл сонгон шалгаруулалтад оролцох бусад этгээдийн эрх нээлттэй байсан.

Хариуцагчийн “урьдчилан шийдвэрлэх ажиллагаа зөрчигдсөн, хариуцагчаас хариу өгөөгүй байхад захиргааны хэрэг үүсгэсэн” гэх гомдол үндэслэлгүй бөгөөд Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.3 дахь хэсэгт зааснаар газар эзэмших эрхийг хүчингүй болгосон шийдвэрийн эсрэг шууд шүүхэд гомдол гаргах эрхтэй тул урьдчилан шийдвэрлэх ажиллагаа хийлгэхийг нэхэмжлэгчээс шаардахгүй.

Дээрх үндэслэлүүдээр магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж үзлээ.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн 199 дүгээр магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч тэмдэгтийн хураамж төлөөгүйг дурдсугай.

 

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                                                М.БАТСУУРЬ

 ШҮҮГЧ                                                                                         П.СОЁЛ-ЭРДЭНЭ