Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2017 оны 03 сарын 21 өдөр

Дугаар 024

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч З.Гүлбарша би, Дэлүүн сумын 6 дугаар багийн оршин суугч Ж.Серикболын нэхэмжлэлтэй, Дэлүүн сумын Засаг дарга, тус сумын 6 дугаар багийн иргэдийн Нийтийн Хуралд тус тус холбогдуулан гаргасан Дэлүүн сумын Засаг даргын 2016 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн Б/96 тоот захирамжийн өөр холбогдох хэсгийг, тус сумын 6 дугаар багийн иргэдийн Нийтийн Хурлын 2016 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн хуралдааны багийн Засаг даргыг сонгох шийдвэрийг тус тус хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай захиргааны хэрэгт хянан шийдвэрлэх ажиллагаа явуулаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ж.Серикбол шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Миний бие 2012 оноос Дэлүүн сумын 6 дугаар багийн Засаг даргаар томилогдон ажиллаж байсан юм. 2016 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр тус багийн иргэдийн Нийтийн Хурлаар багийн Засаг даргад нэр дэвшүүлэх, иргэдийн Нийтийн Хурлын даргыг сонгох асуудлыг хэлэлцэв. Нэр дэвшигчдийн хэн нэг нь сонгогчдын 50 хувийн санал аваагүй тохиолдолд хамгийн олон санал авсан нэр дэвшигчдийг хооронд өрсөлдүүлэхээр болсон.

Уг асуудал багийн Нийтийн Хурлын дотоод эрх хэмжээний асуудал боловч сумаас хууль зөрчсөн сонгууль явуулах тов зарлан тооллогын комиссыг томилж, очиж санал хураалт явуулсан. Багийн Засаг даргад 6 хүн, иргэдийн Нийтийн Хурлын даргад 4 хүн өрсөлдөж эхний удаагийн нууц санал хураалтаар багийн Засаг даргад нэр дэвшигчдээс С.Муратбек, М.Аманкелди нар хамгийн олон хүний санал авсан боловч 50 хувьд хүрээгүй. Нэр дэвшигчдийн аль аль нь сонгуульд оролцсон иргэдийн 50 хувийн санал аваагүй тул дахин санал хураалт явагдах ёстой боловч маргаан ямар ч шийдвэр гаргаж чадалгүй хурал тарсан юм.

Гэтэл сумын Засаг дарга багийн Нийтийн Хурлын тогтоол гаргаагүй байхад хамгийн олон санал авсан гэж Сураганы Муратекийг багийн Засаг даргаар томилж хууль зөрчсөн.

Миний бие багийн иргэдийн Нийтийн Хурлаас шийдвэр гараагүй тул ажилдаа хэвээрээ байх ёстой боловч ажлыг маань албан журмаар өгүүлсэн болно. Би багийн Засаг даргад нэрээ дэвшүүлсний хувьд гомдол гаргах эрхтэй бөгөөд миний сонгогдох болон хөдөлмөрлөх эрх ноцтой зөрчигдсөн гэж үздэг. Уг асуудлыг зохих хуулийн дагуу хянаж шударгаар шийдвэрлэж өгөхийг хүсэж байна. Өөрөөр хэлбэл, Дэлүүн сумын 6 дугаар багийн Засаг даргаар сонгогчдын олонхийн санал авч зөвшөөрөгдөөгүй багийн иргэдийн Нийтийн Хурлаас тогтоол гараагүй хууль бус хүн томилогдон ажиллаж байгаа юм.

Иймд холбогдох асуудлыг хянан үзэж, 2016 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр явагдсан Дэлүүн сумын 6 дугаар багийн Засаг даргыг сонгох сонгууль тус сумын Засаг даргын 2016 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн Б/96 дугаар захирамжийн 6 дугаар багийн Засаг даргыг чөлөөлж, томилсон хэсгийг тус тус хүчингүй болгож өгөхийг хүсье гэжээ.

Нэхэмжлэгч Ж.Серикбол шүүхэд гаргасан хүсэлтдээ:

Миний бие нэхэмжлэгч Ж.Серикбол тус шүүхэд 2017 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр Дэлүүн сумын Засаг даргын 2016 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн Б/96 дугаар захирамжийн өөрт холбогдох хэсгийг, тус сумын 6 дугаар багийн иргэдийн Нийтийн Хурлын 2016 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн хуралдааны багийн Засаг даргыг сонгох шийдвэрийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргасан. Миний бие одоо тус шүүхэд гаргасан дээрх нэхэмжлэлээсээ татгалзаж байна. Эрх үүргээ ойлгож байгаа. Дахиад энэ асуудлаар шүүхэд нэхэмжлэл, гомдол гаргах эрхгүй гэдгээ бүрэн мэдэж байна.

Иймд миний нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж өгөхийг хүсэж байна гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Ж.Серикбол нь Дэлүүн сумын Засаг дарга, тус сумын 6 дугаар сагийн иргэдийн Нийтийн Хуралд холбогдуулан Дэлүүн сумын Засаг даргын 2016 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн Б/96 тоот захирамжийн өөр холбогдох хэсгийг, тус сумын 6 дугаар багийн иргэдийн Нийтийн Хурлын 2016 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн хуралдааны багийн Засаг даргыг сонгох шийдвэрийг тус тус хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг тус тус гаргасан.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-д зааснаар нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзах эрхтэй бөгөөд нэхэмжлэгч Ж.Серикбол нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзсанаа бичгээр илэрхийлж мэдэгдсэн тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, энэхүү захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.5-д зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзвал улсын тэмдэгтийн хураамжийг нэхэмжлэгчид буцаан олгохгүй тул нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1, 69 дүгээр зүйлийн 69.2-т заасныг тус тус удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Ж.Серикболоос тус шүүхэд гаргасан Дэлүүн сумын Засаг даргын 2016 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн Б/96 тоот захирамжийн өөр холбогдох хэсгийг, тус сумын 6 дугаар багийн иргэдийн Нийтийн Хурлын 2016 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн хуралдааны багийн Засаг даргыг сонгох шийдвэрийг тус тус хүчингүй болгуулах нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, Ж.Серикболыннэхэмжлэлтэй, Дэлүүн сумын Засаг дарга, тус сумын 6 дугаар багийн иргэдийн Нийтийн Хуралд тус тус холбогдох захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 47 дугаар зүйлийн 47.5, 50 дугаар зүйлийн 50.5-д тус тус зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.4-т зааснаар нэхэмжлэгч уг асуудлаар дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурьдсугай.

4. Хэргийн оролцогчид энэ захирамжид гомдол гаргах эрхгүй болохыг тайлбарласугай.

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ З.ГҮЛБАРША