Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 02 сарын 08 өдөр

Дугаар 11

 

                                    

 

 

 

 

 

 

 

Н.Басанжав, С.Дүгэржав нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч

 Ц.Өрнөндэлгэр даргалж, шүүгч Т.Энхмаа, шүүгч Г.Болормаа нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор                                                                  Т.Нансалмаа

Шүүгдэгч Н.Басанжавын өмгөөлөгч                   М.Алтанцэцэг

Шүүгдэгч С.Дүгэржавын өмгөөлөгч                   С.Сувдмаа

Шүүгдэгч                                                                   Н.Басанжав,

Нарийн бичгийндарга                                          А.Доржпүрэв нарыг оролцуулан Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 14-ны өдрийн 398 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан гомдлоор Н.Басанжав, С.Дүгэржав нарт холбогдох эрүүгийн 2015 1900 0056 дугаартай 3 хавтас 745 хуудас хэргийг 2017 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр хүлээн авч, шүүгч Г.Болормаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол улсын иргэн, 1971 оны 01 дугаар сарын 01-ны өдөр Увс аймгийн Тэс суманд төрсөн, эрэгтэй, 44 настай, бүрэн дунд боловсролтой, оёдолчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1 ганцаараа амьдардаг, Улаанбаатар Чингэлтэй дүүрэг 12-р хороо Булгийн 2-172 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, 1.1996 оны 05 дугаар сарын 17-ний өдөр Дархан-Уул аймгийн сум дундын шүүхийн Эрүүгийн хуулийн 123 дугаар зүйлийн 1-д хэсэгт зааснаар 25.000 төгрөгөөр торгох ялаар, 2.1997 оны 09-р сарын 29-ны өдрийн Дархан-Уул аймгийн Сум дундын шүүхийн 373 шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 239-р зүйлийн 239.2 дахь хэсэгт зааснаар 1 жилийн хорих ял оногдуулсныг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан, 3.2002 онд Сэлэнгэ аймгийн Сум дундын шүүхийн шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 123 дугаар зүйлийн 4-д хэсэгт зааснаар 5 жилийн хугацаагаар тэнсэн хянан харгалзсан, 4.2006 оны 01-р сарын 18-нд нийслэлийн Чингэлтэй дүүргийн шүүхийн 45 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 107 дугаар зүйлийн 107.3, 145 дугаар зүйлийн 145.2, 155 дугаар зүйлийн 155.1 дэх хэсэгт зааснаар 5 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, 2006 оны 07-р сарын 04-нд Өршөөл үзүүлэхтухай хуулиар эдлээгүй үлдсэн 2 жил 7 сар 18 хоногийн ялыг өршөөн хэлтрүүлсэн, 5.2007 оны 12-р сарын 17-ны өдрийн Төв аймгийн Сум дундын шүүхийн 105-р тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2, 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар 10 жил 1 сар хорих ялаар шийтгүүлж, 2008 оны Эрүүгийн хуулийн тэгшитгэлээр 5 жил 1 сарын хугацааг хасуулж, 2010 оны 01 дүгээр сарын 21-ны өдөр эдлээгүй үлдсэн 1 жил 8 сар 27 хоногийн хугацааны өмнө тэнсэн суллагдсан, 6.2015 оны 03 дугаар сарын 18-нд Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 327 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 06 сар баривчлах ялаар шийтгүүлж, цагдан хоригдсон 466 хоногийг ял эдлэсэн хугацаанд оруулан тооцож, шүүх хуралдаанаас сулласан, хэрэг хариуцах чадвартай гэх Баяуд овогт Сэзээгийн Дүгэржав, /РД:ОО74122573 /.

 

Монгол улсын иргэн, 1974 оны 12 дугаар сарын 25-ны өдөр Увс аймгийн Тэс суманд төрсөн,41 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа ажилтай, ам бүл 5 эхнэр, 3 хүүхдийн хамт Улаанбаатар хот Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороо 780-48 тоотод оршин суух хаягтай, урьд нь 1.1997 оны 09 дүгээр сарын 29-ны өдрийн Дархан-Уул аймгийн  сум дундын шүүхийн 373 шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 239 дүгээрзүйлийн 239.2 дахь хэсэгт зааснаар 1 жилийн хорих ял оногдуулсныг тэнсэж, 1 жилийн хянан харгалзсан, 2.2003 онд Эрүүгийн хуулийн 107 дугаар зүйлийн 107.3-р 3 жилийн хорих ялыг өршөөлөөр суллагдсан. 3.2006 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр Нийслэлийн Чингэлтэй дүүргийн шүүхийн 45 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 107 дугаар зүйлийн 107.3 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хорих ялаар шийтгүүлж, 2008 оны Эрүүгийн хуулийн тэгшитгэлээр 5 жил 1 сарын хугацааг хасуулж, 2010 оны 01 дүгээр сарын 21-ны өдөр эдлээгүй үлдсэн 1 жил 8 сар 27 хоногийн хорих ялыг хугацааны өмнө тэнсэн суллагдсан, 4. 2007 оны 12-р сарын 17-ны өдрийн Төв аймгийн Сум дундын шүүхийн 105-р тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 4 жилийн хорих ялаар шийтгүүлж, 2010 оны 11 дүгээр сарын 05-нд ялын хугацаа дуусч суллагдсан, 5.2015 оны 03 дугаар сарын18-ны Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 327 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 6 сар баривчлах ялаар шийтгүүлж, цагдан хоригдсон 466 хоногийг ял эдлэсэн хугацаанд оруулан тооцож, шүүх хуралдаанаас сулласан, улсаас авсан гавъяа шагналгүй, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Гээпэл овогт Намсрайгийн Басанжав, /РД:ОО71010111/.

 

Шүүгдэгч Н.Басанжав, С.Дүгэржав нар нь бүлэглэн, ялтай байхдаа Д.Гандолгорын эзэмшлийн Тоёота Пробокс маркын 0304 УНИ улсын дугаартай автомашиныг ашиглан 2015 оны 01 дүгээр сарын 20-21-ний хооронд Төв аймгийн Заамар сумын 2-р багийн нутаг Өлийн ам гэх газрын урд байрлах Чулуун хороон дотор У.Цэдэндамбын 2 тооны үхрийг бэлчээрээс нь хулгайлж, нядлан 4.000.000 /дөрвөн сая/ төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 14-ны 398 дугаар шийтгэх тогтоолоор: Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 13 дугаар зүйлийн 13.2 –д заасныг журамлан мөн хуулийн 208 дугаар зүйлийн 208.1.2 дэх хэсэгт зааснаар Төв аймгийн Прокурорын газраас Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн145.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн С.Дүгэржавд холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож,

Шүүгдэгч Намсрайгийн Басанжавыг ялтай байхдаа тээврийн хэрэгсэл ашиглан бусдын эд хөрөнгийг хулгайлж, бусдад бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож,

Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгтзааснаар эд хөрөнгө хураах нэмэгдэл ял хэрэглэхгүйгээр шүүгдэгч Н.Басанжавыг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэж,

Монгол улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар Н.Басанжавд оногдуулсан 2 жилийн хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлж,

Монгол улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт зааснаар Н.Басанжавын цагдан хоригдсон 86 хоногийг эдлэх ялд нь оруулан тоооцож,

Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар Н.Басанжавд оногдуулсан 2 жил хорих ялыг өршөөн хэлтрүүлж,

Монгол улсын Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар хохирогч У.Цэдэндамба нь нэхэмжлэх зүйлгүй гэснийг дурьдаж,

Монгол улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.3, 88.1.7 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн шар өнгийн бугуйн цаг 1 ширхэг, шар өнгийн модон хайрцаг 1 ширхэг зэргийг устгах, харин Очир хороолол-2 та амжиж байраа худалдан аваарай гэсэн бичиглэлтэй 14-20 см харьцаатай байрны тараах материалын хуудас 1 ширхэгийг хэрэг хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж, хураагдан ирсэн Н.Басанжавын эзэмшлийн G-MOBAIL hsense маркийн гар утсыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц буцаан олгож,

Монгол улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10 дахь хэсэгт зааснаар мөрдөн байцаагчийн 2015 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн Тоёота Пробокс маркын 03-04 УНИ улсын дугаартай тээврийн хэрэгсэл, 2015 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 32 инчийн зурагт 1 ширхэг, 2 хаалгатай хөргөгч 1 ширхэг зэргийг тус тус битүүмжилсэн тогтоолыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгож,

Энэ хэрэгт иргэний бичиг баримт ирээгүй, С.Дүгэржав нь 6 хоног цагдан хоригдсон болохыг дурьдаж,

 Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Н.Басанжав, С.Дүгэржав нарт урьд авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлж,

Монгол улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг,

Монгол улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3 дахь хэсэгтзааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 306 дугаар зүйлийн 306.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд гомдол эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж ялтан С.Дүгэржав, Н.Басанжав нарт бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгч Н.Басанжавын өмгөөлөгч М.Алтанцэцэг давж заалдах гомдолдоо: “Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 398 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч байна.

Анхан шатны шүүхээс Н.Басанжавыг Төв аймгийн Заамар сумын 2 дугаар багийн нутаг Өлийн ам гэх газарт байрлах чулуун хороон дотор У.Цэдэндамбын 2 тооны үхрийг бэлчээрээс нь хулгайлж нядлан авч 4.000.000 төгрөгийн бага бус хохирол учруулсан хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэсэн нь үндэслэлгүй юм. Учир нь хохирогч У.Цэдэндамбын 2 тооны үхэр 2015 оны 01 сарын 21-ны өдөр нядлаад цус нь хөлдөөгүй байсныг гэрч Ариунболд, 21-ний өдөр Басанжав нь Ном хур ХХК-ийн Тоёота Пробокс маркийн 03-04 УНЧ улсын дугаартай автомашиныг жолооч Жаргалсайханд буцаан өгчихсөн байсан байхад яаж Басанжав мал нядлаж, хулгай хийсэн өдөр Заамарт байхгүй байсан хүн хулгай хийх билээ.

Анхан шатны шүүх Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.1, 80.1.2, 80.1.3, 80.1.5–д заасан хэргийн талаар нотолбол зохих асуудлуудыг тогтоогоогүй байхад Н.Басанжавыг гэм буруутай, гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэсэн нь шүүхийн тогтоол нь хууль ёсны ба үндэслэлтэй  байна гэснийг зөрчсөн гэж үзэж байна. Мөн хохирогч У.Цэдэндамба нь эдгээр хүмүүс нь хулгай хийсэн гэж үзэхэд эргэлзээтэй байх тул би юу ч нэхэмжлэхгүй гэсэн болно.

Иймд Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэх 398 тоот тогтоолын Н.Басанжавт холбогдох хэсгийг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Төв аймгийн прокурорын газраас шүүгдэгч Н.Басанжав, С.Дүгэржав нар нь бүлэглэн, ялтай байхдаа Д.Гандолгорын эзэмшлийн Тоёота Пробокс маркын 03-04 УНИ улсын дугаартай автомашиныг ашиглан 2015 оны 01 дүгээр сарын 20-21-ний хооронд Төв аймгийн Заамар сумын 2-р баг, Өлийн ам гэх газрын урд Чулуун хороон дотор У.Цэдэндамбын 2 тооны үхрийг бэлчээрээс нь хулгайлж, нядлан 4.000.000 /дөрвөн сая/ төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн ба анхан шатны шүүх Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 13 дугаар зүйлийн 13.2, 208 дугаар зүйлийн 208.1.2 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Дүгэржавд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож,

 

шүүгдэгч Н.Басанжавыг ялтай байхдаа тээврийн хэрэгсэл ашиглан хохирогч У.Цэдэндамбын  2 үхрийг хулгайлж, бусдад бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож,Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураах нэмэгдэл ял хэрэглэхгүйгээр 2 /хоёр/ жилийн хорих ялаар  шийтгэж, оногдуулсан хорих ялыг Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар өршөөн хэлтрүүлж шийдвэрлэжээ.

 

Мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1 дэх хэсэгт зааснаар гэмт хэргийн нөхцөл байдлын талаар хуульд заасан үндэслэл журмын дагуу буюу мөн хуулийн 92, 93 дугаар зүйлд заасан нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх журмын дагуу олж авсан, шүүхээс хэргийг шийдвэрлэхэд хамааралтай гэж бүхэлд нь үнэлсэн нотлох баримтууд болох хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтас-1, хуудас 6-12/, гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтас-1, хуудас 13-15/, автомашинд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтас-1, хуудас 16-17/, эд зүйлийн үнэлгээ /хавтас-1 хуудас 23-24/, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтас-1 хуудас 25-27/, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтас-3,  хуудас 129-130/, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 12, 710, 1908, 15, дүгнэлтүүд  /хавтас-1, хуудас-43, 46, 52, 54/, зам тээврийн хяналт, бүртгэлийн  газрын лавлагаа /хавтас-1 хуудас-123/, тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар /хавтас-1 хуудас-127-128/, ял шалгах хуудас, шүүхийн  шийтгэх тогтоолын хуулбарууд, хохирогч У.Цэдэндамбын мэдүүлэг /хавтас-1, хуудас 30-31/, иргэний нэхэмжлэгч Д.Гандолгор, гэрч Я.Болормаа, Ж.Миндсэн, Р.Ариунболд, Н.Ишханд, сэжигтэн, яллагдагч Б.Жаргалсайхан, С.Дүгэржав нарын мэдүүлгүүд зэрэг хавтаст хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар шүүгдэгч Н.Басанжав  ялтай байхдаа, тээврийн хэрэгсэл ашиглан 2015 оны 01 дүгээр сарын 20-21-ний хооронд Төв аймгийн Заамар сумаас хохирогч У.Цэдэндамбын 2 үхрийг хулгайлсан гэмт хэргийг үйлдсэн нь нотлогдож тогтоогдсон, мөрдөн байцаалтын шатанд шүүх тогтоол гаргахад ач холбогдолтой байж болох бүхий л байдлуудыг шалган тогтоосон,  хэргийн зүйлчлэл зөв, шүүх хэргийн үйл баримтын талаар үндэслэл бүхий дүгнэсэн байна.

Шүүгдэгч Н.Басанжавын өмгөөлөгч М.Алтанцэцэгийн...” Н.Басанжавт холбогдох  хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэсэн давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэлгүй байна. Учир нь:

   - 2015 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэлд  “...цус мэт улаан хүрэн өнгийн зүйлээр бохирлогдсон 700 см, 480 см-ын хэмжээтэй газрын баруун болон хойд хэсгээс 200 см-ын зайд шар өнгөтэй металл бугуйн цаг, ... металл цагнаас ертөнцийн зүгээс баруун талд 170 см зайд улаан өнгө алагласан бичиг бүхий цаас байсныг гэрэл зургийн аргаар бэхжүүлэн, эд мөрийн баримтаар тооцон хураан авав. Чулуун хорооны 2 дахь тасалгааны  урд хэсгээс 600 см зайд улаан хүрэн зүсмийн 2 талын чих нь ухам имтэй эвэртэй үхрийн толгой, улаан хүрэн өнгийн 4 ширхэг шийр, гэдэс байсныг гэрэл зургийн аргаар бэхжүүлэн авав. ... хойд талд улаан халзан зүсмийн 2 чихэндээ ухам имтэй 2 эвэр бүтэн үхрийн толгой, улаан хүрэн өнгийн 4 ширхэг шийр дотор гэдэстэй байсныг гэрэл зургийн аргаар бэхжүүлэн авав...баруун тасалгаанд ороход 2 дугуйн хоорондын зай 133 см урд хойд дугуй хоорондын хэмжээ 250 см дугуйн өргөн 15 см-ын хэмжээтэй тээврийн хэрэгслийн дугуйны мөр байсныг гэрэл зургийн аргаар бэхжүүлж хэргийн газрын үзлэгийн тэмдэглэлд тусгав. Үзлэгийг цааш үргэлжлүүлэн чулуун хашаанаас хойш 100 см зайд байсан ундааны савыг гэрэл зургийн аргаар бэхжүүлэн авч, эд мөрийн баримтаар тооцон хураан авав” гэсэн тэмдэглэл болон гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтас-1 хуудас-6-8, 9-17/,

 

  - Хохирогч У.Цэдэндамба мөрдөн байцаалтад мэдүүлсэн  “...2015 оны 01 сарын 21-ний өглөө үхрээ бүртгэж үзэхэд манай 2 тооны үхэр хотондоо ирж хоноогүй, би хайсаар... 2015 оны 01 сарын 22-ны өдөр Төв аймгийн Заамар сумын Өлийн Даваа гэх газар чулуун хороон дотор манай алга болсон 2 тооны үхрийг алаад мах, ширийг нь  аваад явсан байсан. Хэргийн газар 2 үхрийн толгой, шийр, гэдэс дотрыг нь гаргаж хаясан байсан. Хүрэн халзан болон ухаа улаан зүсмийн 4 настай соёолон үхэр байсан ба үхрээ тус бүрийг нь 1.500.000 төгрөгөөр үнэлнэ. Надад нийт 3.000.000 сая төгрөгийн хохирол учирсан” гэсэн мэдүүлэг /хавтас-1 хуудас 31/,

 

   - Гэрч Ж.Дамдинсүрэнгийн “...Улаан хүрэн зүсмийн 2 тооны үхрийн толгой, шийр үхрийн сэвсийг газарт хаясан. Эргэн тойронд “Очир хороолол 2 амжиж байраа худалдан аваарай” байрны захиалах хуудас цаас, шар өнгийн бугуйн цаг, ундааны савны зэргийг хаясан байсан. Мөн жижиг тэрэг бололтой дан нарийн дугуйтай /бодвол япон машин байх/ тээврийн хэрэгслийн мөр шороон дээр ухарч ороод буцаад хөдөлсөн бололтой тод мөр үлдсэн байсан” гэсэн мэдүүлэг /хавтас-2 хуудас 84/,

 

   - Гэрч Р.Ариунболдын “...2015 оны 01-р сарын 21-ний өдөр 13 цагийн орчимд ус авахаар чулуун хорооны зүүн талд байдаг худаг руу явсан юм. ...намайг очиход чулуун хорооны дотор хүрэн халзан, улаан зүсмийн 2 үхрийн толгой, шийр, гэдэс сэвсийг нь гаргаж хаясан, тухайн газар нядалсан юм шиг их хэмжээний цус асгарсан байсан. Тухайн цус нь газарт гүйцэт шингээгүй, гүйцэт хөлдөөгүй байсан. Хэргийн газарт ундааны сав, бугуйн цаг, улаан цагаан өнгийн зурагтай цаас, миний санаж байгаагаар “ Болормаа” гэсэн хүний нэрийг бичсэн байсан. Дан дугуйтай машины мөр байсан” гэсэн мэдүүлэг  /хавтас-2 хуудас 85-86/,

 

    - сэжигтэн, яллагдагч Б.Жаргалсайхан болон гэрч /түүний эхнэр/ Я.Болормаа нарын мөрдөн байцаалтанд мэдүүлсэн...” уг цаасан дээр манай 1-р ангийн охин Ж.Нандинцэцэгийн бичиглэл байна, гэр бүлийн гишүүдийн нэрс болох Ж.Нандинзул, Ж.Нандинцэцэг, Я.Болормаа, Б.Жаргалсайхан гэсэн нэрийг бичсэн байна. Уг цаас яагаад хэргийн газарт байсныг мэдэхгүй. Бодвол манай машиныг авч явсан хүн хэргийн газар үлдээсэн байх гэж бодож байна. Н.Басанжав миний машиныг хэрэглэснээрээ мэдэх байх ... Тоёота пробокс машины урд хайрцаганд энэ цагаан улаан бүхий бичиглэлтэй цаас байсан юм” гэсэн мэдүүлгүүд, /хавтас-2, хуудас 109, хавтас-1 хуудас 40-41/,  

 

   - Гэрч Б.Жаргалсайханы мөрдөн байцаалтад мэдүүлсэн нь “...би албаны TOYOTA PROBOX маркын 03-04 УНИ улсын дугаартай тээврийн хэрэгслийг найз Н.Басанжавд 2015 оны 01-р сарын 20-ны үеэр байх өгсөн юм. Басанжав тухайн үедээ өөрийн приус 10 маркын цагаан саарал дуу өнгөтэй машинаа надад түр үлдээгээд 2 хоногоор авч явсан ба  “миний машины амаржин муу байгаа юм, би хөдөө Төв аймгийн Заамар сум явчихаад ирье” гэж хэлээд явсан. Харин Н.Басанжавд машиныг 2015 оны 01-р сарын 20-21-нд хэрэглүүлээд буцааж авахад машины багажны хайрцаг болон багажны хоёр талын хуванцар салон дээр цус мэт улаан хүрэн өнгийн зүйлээр бохирлогдсон байсан. Би Басанжаваас асуухад: “найз нь Төв аймгийн Заамар сумаас мах ачсан юм, би өөрөө цусыг нь угааж цэвэрлээд өгч байна” гэж хэлсэн. Хэнтэй явсан, ямар мах ачсан талаараа хэлээгүй. Машины хоёр талын салонд цус болсон нэлээд цэвэрлэгээ хийснийг бодоход нэлээд мах ачсан юм шиг байсан.  Тухайн үед надаас автомашин авч явах болон буцааж өгөхдөө хэд хэдэн удаа гар утсаар холбогдож байсан. Тэр хугацаагаар тэгэж ойлгож болно” гэсэн мэдүүлэг /хавтас-3 хуудас131-132/,

 

  -  иргэний нэхэмжлэгч Д.Гандолгорын...”Б.Жаргалсайханы сольж унасан байсан автомашины улсын дугаарыг мэдэхгүй байна. Ямар ч байсан цагаан өнгийн жижиг автомашинтай 1-2 өдөр ажил дээрээ ирж надад загнуулж байсан.Б.Жаргалсайхан тухайн үед эхлээд машин болохгүй эвдэрсэн гэж хэлснээ, дараахан нь хүн гуйгаад унаад явсана, удахгүй авчирж өгнө гэж хэлж байсан. 2015 оны 01 сарын 19 билүү 20-ны өдөр яах аргагүй өөр машин унаж ирсэн... гэсэн мэдүүлэг /хавтас-2 хуудас-92/,

 

    -2015 оны 02 дугаар сарын 03-ны өдөр Тоёота Пробокс автомашинд үзлэг хийсэн тэмдэглэлд ...” хойд талын багажийн хаалгыг онгойлгож үзлэг хийхэд... шар модон багажны хайрцагны эргэн тойронд цус мэт улаан хүрэн өнгийн зүйл хатаж тогтсон байсныг гэрэл зургийн аргаар бэхжүүлэн авч, уг хайрцагийг эд мөрийн баримтаар хураан авч шинжилгээнд өгөхөөр тогтов. Хойд салоны 2 хажуу талын шанаан дээр цус мэт улаан хүрэн өнгийн зүйл хатаж тогтсон байсныг гэрэл зургийн аргаар бэхжүүлэн авав” гэх /хавтас-1 хуудас-16/,  

 

    -2015 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн №15 дугаар шинжээчийн дүгнэлтэнд...

“хэргийн газраас бэхжүүлсэн гэх шинжилгээнд тэнцэх тээврийн хэрэгслийн дугуйн мөр нь Toyata probox маркын 03-04 УНИ дугаартай тээврийн хэрэгслийн зүүн талын урд дугуйгаар дарагдсан байж болно. Ерөнхий шинжээрээ ижил төстэй байна” гэх /хавтас-1 хуудас-54-59/,  

 

   -гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтас-1 хуудас 13-15/,

   -жи-мобайлын 93300032, мобикомын 99223993, 99215573, юнителын 88710108 дугаар руу орсон, гарсан ярианы лавлагаа /хавтас-1 хуудас-142-148, 151-154, 155-185, 187-198/ зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтаар шүүгдэгч Н.Басанжав Тоёота Пробокс маркын 03-04 УНИ улсын дугаартай автомашиныг ашиглан Төв аймгийн Заамар сумаас 2015 оны 01 дүгээр сарын 20-21-ний хооронд хохирогч У.Цэдэндамбын  2 тооны үхрийг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэмт хэрэг үйлдэгдсэн хугацаа болон гэмт хэргийг  хэн,  хаана үйлдсэн, гэмт хэргийн  сэдэлт, гэмт үйлдэл хор уршиг хоорондын шалтгаант холбоо, гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэмжээ тогтоогдсон, энэ талаар анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт өгч хэргийг шийдвэрлэсэн байх тул өмгөөлөгч М.Алтанцэцэгийн ...” Н.Басанжавт холбогдох  хэргийг хэрэгсэхгүй болгох” тухай давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй гэж үзлээ.

 

Шүүгдэгч Н.Басанжав хулгайн гэмт хэргийг үйлдэхдээ иргэний нэхэмжлэгч Д.Гандолгорын эзэмшлийн Тоёота Пробокс маркын 03-04 УНИ улсын дугаартай тээврийн хэрэгслийг хэрэглэсэн нь  мөрдөн байцаалтын шатанд тогтоогдсон байх ба  автомашиныг эзэмшигч Д.Гандолгорт буцаан олгосон байна.

Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ тухайн тээврийн хэрэгслийн үнэ 4.000.000 /дөрвөн сая/ төгрөгийг гэм буруутай этгээдээс гэргуулж, улсын орлогод оруулалгүй орхигдуулсан нь  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 49 дүгээр зүйлийн 49.2 дахь хэсэгт заасан “гэмт хэргийг үйлдэхэд хэрэглэсэн тээврийн хэрэгслийг эд хөрөнгө хураах ялаас гадуур заавал хураана” гэсэн заалтыг зөрчиж, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн байх тул тээврийн хэрэгслийн үнэ 4.000.000 төгрөгийг шүүгдэгч Н.Басанжаваас гаргуулж, улсын орлогод оруулахаар шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

 

Хохирогч У.Цэдэндамба мөрдөн байцаалтын шатанд хулгайд алдсан 2 үхрийн үнэ 3.000.000 сая төгрөгийг нэхэмжилсэн ба  шүүхийн хэлэлцүүлэгт “улсын яллагчийн асуултанд хохирлоо нэхэмжилнэ, шүүх хуралдаан даргалагчийн асуултанд хохирлоо нэхэмжлэхгүй” гэж хариулсан байхад шүүх “хохирогч У.Цэдэндамба нь шүүхийн хэлэлцүүлэгт гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн тул энэ шүүх хуралдаанаар хянан хэлэлцэх гэм хорын хохиролгүй байна” гэж дүгнэсэн нь буруу байна. Хохирогчид 2 үхрийн хохирол бодитоор учирсан тул түүний хохирлоо нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх нь зүйтэй гэж үзлээ. Харин хэрэгт авагдсан эд зүйлийн үнэлгээрээр үхэр тус бүрийн үнэ 1.000.000 төгрөг, бүгд 2.000.000 төгрөг /хавтас-1 хуудас-24/ байхад  яллах дүгнэлт болон шүүхийн шийтгэх тогтоолд “4.000.000 төгрөг буюу бага бус хэмжээний хохирол” гэж буруу дүгнэсэн байна. Иймд хохирогч У.Цэдэндамбын 2 үхрийн үнэ 2.000.000 сая төгрөг нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээхээр, мөн шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн дугаарыг давхардуулан, буруу дугаарласан байгааг зөвтгөж шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулахаар шийдвэрлэлээ.       

 

Дээрх үндэслэлээр  шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт  зохих өөрчлөлт оруулж, тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.4, 325 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  2016 оны 12 дугаар сарын 14-ны өдрийн 398 дугаар шийтгэх тогтоох хэсэгт “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 49 дүгээр зүйлийн 49.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Басанжаваас гэмт хэрэг үйлдэхэд хэрэглэсэн тээврийн хэрэгслийн үнэ 4.000.000 /дөрвөн сая/ төгрөгийг гаргуулж, улсын орлогод оруулсугай” гэсэн нэмэлт заалт оруулсугай.

2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 7 дах заалтын “...нэхэмжлэх зүйлгүй...” гэснийг “...нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй...” гэж,

3. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 8 дах заалтын дараах “8.9.10.11.12.” гэсэн  дугааруудыг “9.10.11.12.13” гэж тус тус өөрчилсүгэй.

4. Шүүгдэгчийн өмгөөлөгч М.Алтанцэцэгийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

5. Шийтгэх тогтоолын бусад заалтуудыг хэвээр үлдээсүгэй.

6. Давж заалдах шатны шүүх Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн, эсхүл Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзвэл шүүгдэгч, хохирогч болон тэдгээрийн өмгөөлөгч нь магадлалыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах, улсын ерөнхий прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ,  ШҮҮГЧ                                     Ц.ӨРНӨНДЭЛГЭР

     ШҮҮГЧИД                                         Т.ЭНХМАА

        Г.БОЛОРМАА