Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 09 сарын 11 өдөр

Дугаар 221/МА2019/0475

 

2019 оны 09 сарын 11 өдөр

Дугаар 221/МА2019/0475

  Улаанбаатар хот

  Ш.А-ийн гомдолтой

 захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Э.Зоригтбаатар, шүүгч С.Мөнхжаргал нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Өнө-Эрдэнэ, гомдол гаргагч Ш.Алтанчимэг нарыг оролцуулан, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 128/ШШ2019/0441 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагч И.А-ын гаргасан давж заалдах гомдлын дагуу Ш.А-ийнгомдолтой, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын автозамын хяналтын улсын байцаагч И.А-д холбогдох захиргааны хэргийг шүүгч С.Мөнхжаргалын илтгэснээр хянан хэлэлцээд  

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 128/ШШ2019/0441 дүгээр шийдвэрийн ТОГТООХ хэсгийн :

1 дэх заалтаар Зөрчлийн тухай хуулийн 3.2 дугаар зүйлийн 1, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг тус тус баримтлан нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын автозамын  хяналтын улсын байцаагч И.А-ын 2019 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 0067250 дугаартай шийтгэлийн хуудсыг 1 /нэг/ сарын хугацаагаар түдгэлзүүлж,

2 дахь заалтаар Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.5-д заасныг баримтлан хариуцагч нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын автозамын  хяналтын улсын байцаагч И.А нь энэхүү шийдвэрийн үндэслэх хэсэгт дурдсан шалгавал зохих нөхцөл байдлуудыг шалган тогтоосны үндсэн дээр захиргааны шинэ акт гаргах замаар шүүхийн шийдвэрийг биелүүлсүгэй,

3 дахь заалтаар Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6-д зааснаар шүүхээс тогтоосон хугацаанд захиргааны байгууллага шинэ акт гаргаагүй бол И.А-ын 2019 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 0067250 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болсонд тооцсугай гэж тус тус шийдвэрлэжээ.

Хариуцагч И.А давж заалдах гомдолдоо: “... Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2.8 дахь заалтад “дэвсгэр болон орчны газрын ашиглалт, арчлалт, хамгааллын асуудал:”-ыг бүх гишүүдийн хурлаар хэлэлцэж шийдвэрлэхээр заасан.

Гэтэл “Э н-1” СӨХ-ны захирал, 30А барилгын 18 тоот байрны оршин суугч, иргэн Ш.Алтанчимэг нь оршин суугчдын хүсэлтээр хийсэн гэх боловч нотлох баримт байхгүй, өөрөө зохион байгуулж, оршин суугчдаас мөнгө хурааж, тус хаалт, харуулын байрыг барьж, ашиглалтад оруулсан бөгөөд зөрчлийн хэрэг бүртгэлийн явцад “Эв нэгдэл-1” СӨХ-д тухайн байрны гаднах авто зогсоол болон нийтийн эзэмшлийн зам талбайн газрыг ашиглах, хаалт, харуулын байр байрлуулах аливаа шийдвэр, зураг төсөл, бичиг баримт байхгүй нь нотлох баримтаар тогтоогдсон тул Зөрчлийн тухай хуулийн 12.4 дүгээр зүйлийн 2-т заасан “Орон сууцны орчны зам, талбайн хөдөлгөөнийг хааж, бусдад саад учруулсан” үндэслэлээр иргэн Ш.Алтанчимэгт 500,000 төгрөгийн шийтгэл ногдуулсан юм.

Иргэн Ш.А нь Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гомдол гаргасны дагуу тус шүүх 2019 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 128/ШШ2019/0441 дүгээр шийдвэртэй санал нэгдэхгүй тул хянан шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

          Анхан шатны шүүхийн шийдвэрт дараах үндэслэлээр өөрчлөлт оруулж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхилоо.

          Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын автозамын хяналтын улсын байцаагчийн 2019 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 0067250 дугаар шийтгэлийн хуудсаар Зөрчлийн тухай хуулийн 12.4 дүгээр зүйлийн 2-т  заасныг баримтлан “ ... Чингэлтэй дүүрэг 4 дүгээр хороо, Лааганы гудамж, 30А байрны гаднах нийтийн эзэмшлийн талбайд автомат хаалт, харуулын байр байрлуулж авто замын хөдөлгөөнийг хаасан” гэх үндэслэлээр иргэн Ш.А 500000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан байна.

          Хариуцагчийн давж заалдах гомдолд “... Ч.А нь оршин суугчдын хүсэлтээр хийсэн гэх боловч баримт байхгүй, өөрөө зохион байгуулж, оршин суугчдаас мөнгө хурааж хаалт, харуулын байрыг барьж ашиглалтад оруулсан, ... зураг төсөл, бичиг баримт байхгүй нь нотлох баримтаар тогтоогдсон ...” гэжээ.

          Анхан шатны шүүх хэрэгт авагдсан баримтуудыг зөв үнэлж  “... Зөрчлийн тухай хуулийн 3.2 дугаар зүйлийн 1-д зааснаар зөвхөн зөрчил үйлдсэн хүнд шийтгэл ногдуулах эрх зүйн зохицуулалттай. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1.1-д “тухайн хүн ... зөрчил үйлдсэнийг нотлох баримт бүрдсэн эсэх”-ийг шалган тогтоох үүрэгтэй байхад улсын  байцаагч нь талбайн хөдөлгөөнийг хааж бусдад саад учруулсан зөрчлийг Ш.А дангаараа үйлдсэн гэж үзсэн нь Зөрчлийн тухай хуулийн зорилгод нийцэхгүй ...” гэж дүгнэсэн нь үндэслэлтэй байх тул хариуцагчийн “Ш.А зөрчлийг үйлдсэн” гэх гомдлыг хангах үндэслэлгүй.

          Учир нь Ш.А нь тухайн орон сууцны “Э н 1” СӨХ-ны гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэдэг байх бөгөөд уг хаалт, харуулын байрыг өөрийн эрх ашгийн төлөө барьж зөрчлийг үйлдсэн гэж үзэхээргүй байна.

          Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.6-д “Гүйцэтгэх захирал холбооны эд хөрөнгийг эзэмших, ашиглах, захиран зарцуулах талаархи бүх гишүүдийн болон удирдах зөвлөлийн хурлаас тогтоосон эрхээ хэтрүүлэх буюу урвуулан ашиглах зэрэг үйл ажиллагаанаас холбоонд хохирол учруулсан бол уг хохирлыг өөрийн хувийн өмчийн эд хөрөнгөөр барагдуулна” гэж зааснаас үзвэл үүнээс бусад тохиолдолд гүйцэтгэх захирал нь СӨХ-ны үйл ажиллагааг явуулсныхаа төлөө хувь хүнийхээ хувьд хариуцлага хүлээх үндэслэлгүй, шударга ёсонд нийцэхгүй.

          Шүүх улсын байцаагч нь зөрчил үйлдсэн этгээдийг зөв тогтоолгүй шийтгэл оногдуулсан буюу улсын байцаагчийн шийтгэлийн хуудсыг хууль зөрчсөн талаар зөв дүгнэсэн атлаа Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.11-д зааснаар хариуцагчийн 2019 оны 0067250 дугаар шийтгэлийн хуудсыг 1 /нэг/ сарын хугацаатай түдгэлзүүлж шийдвэрлэсэн нь үндэслэл муутай болжээ.

          Мөн шийдвэрт хариуцагчийг ямар нөхцөл байдлыг цаашид тодруулах шаардлагатай, шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн гэж үзсэн нь тодорхойгүй байх бөгөөд хэрэв улсын байцаагч нь шаардлагатай гэж үзвэл тухайн зөрчил үйлдсэн этгээдийг тогтоож, хариуцлага ногдуулах эрхтэй тул Ш.Ат  хариуцлага ногдуулсан шийтгэлийн хуудсыг түдгэлзүүлэх шаардлагагүй юм.

          Иймд анхан шатны шүүхийн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.11 дэх заалтыг буруу хэрэглэсэн байх тул Нийслэлийн мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн  2019 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 0067250 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож, Ш.А-ийнгомдлыг хангах үндэслэлтэй байх тул шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.

          Улсын байцаагч нь зохих журмын дагуу зөрчлийг тогтоож, тухайн зөрчил үйлдсэн этгээдийг зөв тодорхойлж, хариуцлага ногдуулах шийдвэр гаргахад энэхүү шийдвэр  саад болохгүй.