| Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батаагийн Гэрэлмаа |
| Хэргийн индекс | 162/2019/0053/Э |
| Дугаар | 2019/ШЦТ/047 |
| Огноо | 2019-02-20 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Э.Гантулга |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 02 сарын 20 өдөр
Дугаар 2019/ШЦТ/047
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянхонгор аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Гэрэлмаа даргалж,
Улсын яллагч Э.Гантулга,
Шүүгдэгч Б.С,
Нарийн бичгийн дарга Н.Гантулга нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянхонгор аймгийн Прокурорын газраас Б.Сд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1914000600045 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 02 сарын 19-ний өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, Б.С,
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Б.С нь Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын Мэргэн 4 дүгээр багийн нутагт 2019 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2.8 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хамаарал бүхий хүн болох хамтран амьдрагч Б.Сийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь :
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судлуулахаар санал болгосон болон тухайн хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлахад:
Шүүгдэгч Б.С нь 2018 оны 01 сарын 06-ны өдөр Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын 4 дүгээр багийн нутагт оршин суух өөрийн гэртээ хамтран амьдрагч болох Б.Сээг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь ...
Хохирогч Б.Сийн ... 2019 оны 01 сарын 06-ны өдөр Баянхонгор аймгаас Баян-Овоо сум явж байх замдаа нөхөр С бид 2 маргалдсан ... Тэгээд гэртээ очоод хэрүүл маргаан хийж байгаад С намайг зодсон. Миний зүүн талын нүд хавдаад юм харж болохгүй анигдсан байсан. Тэгээд найз Шийг айлын утсаар дуудаж ирүүлсэн ... гэсэн мэдүүлэг /хх-ийн 9-16/,
Гэрч С.Шийн ... 2019 оны 01 сарын 06-ны орой 23 цаг болж байхад *******ын утсаар надруу залгаад хаана байгаа юм *******ын гэрт хүрээд ир найзыг нь ******* зодоод байна гэж хэлсэн. Тэгээд би за одоо очлоо гэж хэлээд утсаа тасалсан. Намайг *******ын гэрт яваад очиход Сээ уйлчихсан, зүүн нүд нь хөхрөөд хавдсан байдалтай найзыг нь ******* зодчихлоо гээд нүдэн дээрээ хүйтэн жин тавиад байж байсан. Яасан гэж чамайг зодож байгаа юм бэ гэхэд мэдэхгүй ээ зодох гэдэг чинь энийг хэлдэг юм гээд намайг зодоод байсан. Тэгээд найз нь гэрээсээ зугтаад гараад ирлээ гэж хэлэхээр нь би яасан даварчихсан юм бэ гээд би цагдаа дуудсан тэгээд цагдаа ирэхэд нь хамт гэр рүү нь ороход юу ч болоогүй юм шиг сууж байхаар нь чи миний найзыг яасан гэж зодож байгаа юм бэ гэж асуухад ******* юу ч хэлээгүй. Тэгээд цагдаа *******ыг аваад явсан. Удалгүй Сээгийн ах эгч нь аймгаас ирээд хүүхэдтэй нь хамт аваад аймаг явсан ... гэсэн мэдүүлэг /хх-ийн 28-30/,
Шүүгдэгч Б.Сгийн ... надруу дайраад байхаар нь би болиулах гээд нилээд оролдсон тайвширахгүй байхаар нь би алгадах гэж байгаад нүдрүү нь зохичих шиг болсон. Би нүдрүү нь цохино гэж бодоогүй. Тэгээд Сээ уйлаад гараад явсан. Тэгээд сумын цагдаа ирээд намайг уусан үгүйг чинь шалгана гээд ирсэн. Би очоод шалгуулахад согтолтын зэрэг надад гараагүй ... гэсэн мэдүүлэг /хх-ийн 50-53/,
Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 01 сарын 09-ний өдрийн 81 дугаартай шинжээчийн ... Б.Сэ-н биед 2 нүдний доод дээд зовхи, баруун бугалга, шилбэнд цус хуралт, зүүн дээд доод зовхи, баруун шилбэнд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна ... гэсэн дүгнэлт /хх-ийн 39-40/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч Б.Сг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэв.
Хохирогч Б.Сээ шүүгдэгч Б.С нар нь эвлэрч, эвлэрлийн гэрээг хавтаст хэргийн 72-73 дугаар талд хавсаргасан байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүйд тооцож, гэмт хэргийн улмаас бусдад учирсан гэм хор арилсан байна гэж үзлээ.
Шүүгдэгч Б.Сгын үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэр зэргийг харгалзан торгох ял оногдуулав.
Шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй тул хохирол нөхөн төлүүлэх зорилгоор битүүмжлэгдсэн шүүгдэгч Б.Сгын эзэмшлийн гар утсыг түүнд буцаан олгож эд хөрөнгө битүүмжилсэн прокурорын тогтоолыг хүчингүй болгож, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч нь хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.
Шүүгдэгч нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 3-д зааснаар өөрийгөө өмгөөлөх эрхтэй ба энэ эрхийн дагуу өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг бичгээр гаргасан тул хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцсэн болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь :
1. Шүүгдэгч Харчин овогт Б.Сг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар шүүгдэгч Б.Сг 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч Б.Сгын цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 2 сарын хугацаатайгаар хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Б.Сд мэдэгдсүгэй.
5. Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэх тогтоолоор битүүмжлэгдсэн шүүгдэгч Б.Сгын эзэмшлийн гар утсыг түүнд буцаан олгож эд хөрөнгө битүүмжилсэн прокурорын тогтоолыг хүчингүй болгосугай.
6. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.
7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Б.Сд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ГЭРЭЛМАА