Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 03 сарын 20 өдөр

Дугаар 210/МА2024/00555

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

2024 03 20 210/МА2024/00555

 

 

******* ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Золзаяа даргалж, шүүгч Д.Цогтсайхан, Д.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 181/ШШ2024/00182 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч ******* ******* ******* ТӨХК-д холбогдох

Ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 158,233,870 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Д.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв. 

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Энхтайван, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ө.Сайнбаяр, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Тамир, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Хонгорзул нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:

1.1. ******* ХХК нь 2019 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн, 2020 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн, 2020 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн Материалын чанарын хяналт хийх гэрээ-ий дагуу ******* ******* ******* ТӨХК-ийн захиалгаар Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн ******* *******ын төслийн талбайд, ******* *******ын суурь бүтцийн ажилд ашиглах материалд чанарын хяналт хийх ажлыг гүйцэтгэсэн. Гүйцэтгэгч нь материалын чанарын хяналт хийсэн ажлын тайлан хүлээлцсэн актыг тухай бүр үйлдэж, ажлыг хугацаанд нь, чанартай хийж гүйцэтгэн гэрээний үүргээ бүрэн биелүүлсэн.

1.2. Тус компани гэрээний хугацаанд нийт 2,109,784,945 төгрөгийн ажил гүйцэтгэж, ******* ******* ******* ТӨХК-аас 2,004,295,697.75 төгрөгийн ажлын хөлсийг хүлээн авсан, үлдэгдэл 105,489,247.25 төгрөгийг төлөөгүй.

1.3. Гэрээний 7.4 дэх заалтын дагуу алданги тооцоход 105,489,247 төгрөгт нэг хоногт 527,446 төгрөг, нийт 761 хоногт 401,386,585 төгрөг болж байгаа боловч Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт зааснаар гүйцэтгээгүй үүрэг 105,489,247 төгрөгийн 50 хувь болох 52,744,623 төгрөгийг шаардаж байна.

Иймд хариуцагчаас нийт 158,233,870 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:

2.1. Монгол Улсын Засгийн газрын 2019 оны Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн ******* *******ын төслийн талаар авах зарим арга хэмжээний тухай 135 дугаар тогтоолоор уг төслийн шаардлагатай санхүүжилтийг Эрдэнэс-Тавантолгой ХК болон Монголбанкны дэмжлэгтэй бусад эх үүсвэрээс санхүүжүүлэхээр шийдвэрлэсэн. Төслийн санхүүжилтийн үлдэгдэл төлбөрийг Эрдэнэс-Тавантолгой ХК шийдвэрлэх ёстой ч тодорхой шалтгааны улмаас өнөөг хүртэл бүрэн шийдвэрлэгдээгүй. Манай компани төслийн үлдэгдэл санхүүжилтийг яаралтай шийдвэрлүүлэх талаар холбогдох талуудтай уулзалт, яриа хэлэлцээр хийж ажиллаж байна.

2.2. ******* ******* ******* ТӨХК-аас ******* ХХК-д гэрээний дагуу 2,004,295,697.75 төгрөгийн ажлын хөлсийг хугацаанд нь төлсөн, чанарын баталгааны үлдэгдэл 105,489,247.25 төгрөг төлөгдөөгүй хүлээгдэж байгаа бөгөөд энэ төлбөрийг үндсэн дүнгээр төлөх үүргийг бүрэн хүлээн зөвшөөрч байна. Санхүүжилт шийдвэрлэгдэж орж ирсэн даруйд ******* ХХК нь гэрээгээ дүгнүүлээд баталгаа 5 хувь буюу 105,489,247 төгрөгийг авах бүрэн боломжтой. Иймд үлдэгдэл төлбөрийг гэрээний үндсэн дүнгээр тооцон нэхэмжлэгч талтай эвлэрлийн гэрээ байгуулах саналтай байна.

2.3. Улсын төсвөөс санхүүжүүлэх санхүүжилт удааширсан тул алдангийг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч ******* ******* ******* ТӨХК-аас 105,489,247 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ******* ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 52,744,623 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч ******* ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 949,120 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ******* ******* ******* ТӨХК-аас 685,396 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ******* ХХК-д олгож шийдвэрлэсэн.

4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга:

4.1. Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагын 52,744,623 төгрөгт холбогдох хэсгийг хангаагүйг эс зөвшөөрч байна.

Талуудын хооронд 2019 оны 07 дугаар сарын 18-ны өдөр 152145/52 дугаар Материалын чанарын хяналт хийх гэрээ анх байгуулагдсан. Тус гэрээний 2.10-т Гэрээний 3.1-д заасан 4 сарын хугацааны гэрээний үнийн 5 /тав/ хувийг нь Зөвлөхийн ажлын чанарын баталгаа болгон барьцаа хэлбэрээр үлдээх ба ажлыг хүлээлгэн өгсөн өдрөөс хойш 6 сарын хугацаанд Захиалагчийн дансанд үлдэнэ гэж заасны дагуу гэрээний үлдэгдэл төлбөрийн 5 хувийн төлбөрийг авч үлдсэн.

2021 оны 03 дугаар сарын 01-ний өдөр гэрээг дүгнээд төлөгдсөн төлбөр 416,008,065 төгрөг, үлдэгдэл төлбөр 23,145,160 төгрөг болохыг тогтоосон. Гэрээний дүгнэлтийн 11 дүгээр зүйлд зааснаар 6 сарын дараа барьцаалан үлдсэн 5 хувийн төлбөр болох 23,145,160 төгрөгийг төлөхөөр тогтоосон. Тиймээс 23,145,160 төгрөгийн төлбөрийг 2021 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс өгөх ёстой, шаардах эрх үүссэн, үүний дагуу төлбөрийг төлөөгүй учир 2019 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн гэрээний 7.4-т заасны дагуу 115,725.60 төгрөгийн алдангийг 2021 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс нэхэмжлэл гаргасан 2023 оны 06 дугаар сарын 19-ний өдрийг хүртэл 656 хоногоор тооцон 75,916,124.80 төгрөг болж байгаа бөгөөд Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт заасны дагуу 11,572,580 төгрөгийн алдангийг нэхэмжлэгч шаардах эрхтэй.

4.2. Талуудын хооронд 2020 оны 03 дугаар сарын 09-ний өдөр АГГ20/45-44/14 дугаар Материалын чанарын хяналт хийх гэрээ байгуулагдсан, 2020 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр болон 2020 оны 05 дугаар сарын 05-ны өдөр, 2020 оны 06 дугаар сарын 08-ны өдөр тус тус ажлын тайлан хүлээлцэн акт үйлдсэн. Тиймээс тус гэрээний ажил хүлээлцэж дууссан 2020 оны 06 дугаар сарын 08-ны өдрөөс 6 сарын дараа буюу 2020 оны 12 дугаар сарын 08-ны өдөр чанарын баталгааны барьцаа болгон авч үлдсэн гэрээний үнийн 5 хувийг ******* ХХК ******* ******* ******* ТӨХК-аас шаардах эрхтэй болсон. 2020 оны 12 дугаар сарын 08-ны өдрөөс нэхэмжлэл гаргасан 2023 оны 06 дугаар сарын 19-ний өдрийг хүртэл 923 хоногт алданги төлөх ёстой.

4.3. Талуудын хооронд 2020 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр АГГ20/129-126/35 дугаар Материалын чанарын хяналт хийх гэрээ байгуулагдсан. Ажлыг 2020 оны 06 дугаар сарын 01-ний өдөр хүртэл гүйцэтгэж хүлээлгэн өгсөн бөгөөд 2020 оны 12 дугаар сарын 01-ний өдөр чанарын баталгааны барьцаа болгон авч үлдсэн гэрээний үнийн 5 хувийг ******* ХХК ******* ******* ******* ТӨХК-аас шаардах эрхтэй болсон. 2020 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс нэхэмжлэл гаргасан 2023 оны 06 дугаар сарын 19-ний өдрийг хүртэл 916 хоногт алданги нэхэмжлэх эрхтэй.

4.4. Ажил гүйцэтгэх 3 гэрээний хувьд тооцооны үлдэгдлийн баталгаагаар 2021 оны 06 дугаар сарын 04-ний өдөр тооцоо нийлэхэд ******* ******* ******* ТӨХК нь гүйцэтгэлийг 270,747,845.09 төгрөг, баталгааны 105,489,245.25 төгрөгийн үлдэгдэлтэй гарсан. Үүнээс хойш 2021 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр 144,160,746.4 төгрөг, 2021 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр 126,587,096.7 төгрөг, нийт 270,747,845.09 төгрөг төлж баталгааны төлбөр 105,489,245.25 төгрөг төлөгдөөгүй үлдсэн.

Дахин 2021 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн байдлаар тооцоо нийлж баталгааны 105,489,245.25 төгрөгийн төлбөрийн үлдэгдлийг баталгаажуулсан.

4.5. Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.1, 232.6, 152145/52 дугаар гэрээний 7.4, АГГ20/45-44/14 дугаар гэрээний 7.4, АГГ20/129-126/35 дугаар гэрээний 5.4-т зааснаар 2021 оны 12 дугаар сарын 09-ний өдрөөс 2023 оны 06 дугаар сарын 19-ний өдрийг хүртэл 557 хоногоор алданги тооцоход 293,787,548.02 төгрөг болох ба Иргэний хуулийн 232.4 дэх заалтын дагуу 52,744,623 төгрөгийн алданги шаардах эрхтэй болно.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийн 52,744,623 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосон хэсгийг хүчингүй болгон нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангахаар өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

5. Давж заалдах гомдолд гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарын агуулга:

5.1. Таван толгой-Зүүнбаян чиглэлийн 416 км ******* *******ыг барих бүтээн байгуулалтын ажилд нийт давхардсан тоогоор 240 аж ахуйн нэгж оролцсон. Эдгээрийн дотор ******* ХХК байгаа бөгөөд бүтээн байгуулалтын санхүүжилтийг Эрдэнэс-Таван толгой ХК хийх тухай Засгийн газрын тогтоол, шийдвэрээр бодлогыг хэрэгжүүлж байсан. Баталгааны 5 хувиас өмнөх 95 хувийн санхүүжилтийг тухай бүрд нь өгч, ажлыг нь дүгнэж байсан. Баталгааны 5 хувийг чөлөөлөхгүй удсан нь санхүүжилт орж ирээгүйтэй холбоотой.

5.2. Мөн Барилгын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3, 14.6 дахь хэсэгт зааснаар улсын комисс 2023 оны 08 дугаар сарын 16-ны өдөр хүлээж авч, ******* *******ыг ашиглалтад оруулснаас тоолбол 3 жилийн хугацаа 2026 онд дуусна.

5.3. ******* ******* ******* ТӨХК нь 240 аж ахуйн нэгжийн баталгааны 5 хувийг чөлөөлөх асуудлыг ярилцаж шийдвэрлэж байгаа. ******* ******* ******* ТӨХК-ийн сайтад барьцаа хөрөнгө чөлөөлөх аж ахуйн нэгжүүдийн жагсаалтыг нээлттэй оруулсан. Одоо гэрээ дүгнэгдэх асуудал яригдаж, аж ахуйн нэгжүүд хүсэлтээ өгч, санхүү дээр тооцоогоо дахин нийлж, чөлөөлөх асуудал яригдаж байгаа. Ингэхдээ 2026 онд баталгааны хугацаа дуусах тул баталгааны 5 хувийн 2,5 буюу 50 хувийг нь өгөх асуудлыг ярьж, эхнээсээ гэрээ дүгнэгдэж байгаа. ******* ******* ******* ТӨХК-аас санхүүжилт орж ирчихээд байхад ганцхан ******* ХХК-ийн баталгааны 5 хувийг өгөхгүй, гацааж, удааж, ашиг сонирхлын зөрчил гаргасан зүйл байхгүй гэжээ.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын хүрээнд хянан үзээд, гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

 

2. Нэхэмжлэгч ******* ХХК нь хариуцагч ******* ******* ******* ТӨХК-д холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээний үлдэгдэл төлбөр 105,489,247 төгрөг, алданги 52,744,623 төгрөг, нийт 158,233,870 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч алдангийг эс зөвшөөрч маргажээ.

 

3. ******* ******* ******* ТӨХК болон ******* ХХК-ийн хооронд 2019 оны 07 дугаар сарын 18-ны өдөр АГГ-19/152145/52 дугаар, 2020 оны 03 дугаар сарын 09-ний өдөр АГГ20/45-44/14 дугаар Материалын чанарын хяналт хийх гэрээ тус тус, 2020 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр АГГ20/129-126/35 дугаар Материалын чанарын хяналт хийх нэмэлт ажлын гэрээ байгуулагдаж, эдгээр гэрээгээр гүйцэтгэгч ******* ХХК нь Таван толгой-Зүүнбаян чиглэлийн ******* *******ын трассын дагуу өгөгдсөн талбайд ******* *******ын суурь бүтцийн ажилд ашиглах материалд чанарын хяналт хийх, захиалагч ******* ******* ******* ТӨХК нь ажлын хөлсийг нэг зөвлөх багт сард 25,000,000 төгрөгөөр тооцон төлөхөөр харилцан тохиролцжээ.

АГГ-19/152145/52 дугаар гэрээнд 2020 оны 02 дугаар сарын 28-ны өдрийг хүртэл, АГГ20/45-44/14 дугаар гэрээнд 2020 оны 07 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл, АГГ20/129-126/35 дугаар гэрээнд 2020 оны 06 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл хугацаа тохирчээ.

Талуудын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсаныг анхан шатны шүүх зөв дүгнэсэн, гэрээ хүчин төгөлдөр байна.

 

4.1. ******* ХХК нь АГГ-19/152145/52 дугаар гэрээний дагуу 2019 оны 08 дугаар сараас 2020 оны 01 дүгээр сард ажлын тайланг сар бүр, АГГ20/45-44/14 дугаар гэрээний дагуу 2020 оны 04 дүгээр сараас 06 дугаар сард ажлын тайланг сар бүр ******* ******* ******* ТӨХК-д хүлээлгэн өгч тухай бүр акт үйлдсэн, талууд 2021 оны 03 дугаар сарын 01-ний өдөр АГГ-19/152145/52 дугаар гэрээний дүгнэлт үйлдэж гүйцэтгэлийг баталгаажуулсан.

4.2. ******* ******* ******* ТӨХК нь 2019 оны 07 дугаар сарын 30-ны өдрөөс 2021 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн хугацаанд 17 удаагийн шилжүүлгээр нийт 2,004,295,697.25 төгрөгийг ******* ХХК-д шилжүүлсэн болох нь нэхэмжлэгчийн дансны хуулгаар тогтоогдсон.

4.3. Мөн талууд 2021 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн байдлаар Тооцооны үлдэгдлийн баталгаа үйлдэж, ******* ******* ******* ТӨХК нь ******* ХХК-д баталгааны 105,489,245.25 төгрөгийн өртэй болохыг баталгаажуулжээ.

Уг баримтад хавсаргасан Тооцооны баримтын жагсаалтад ******* ХХК-ийн 2019 оны 07 дугаар сараас 2020 оны 11 дүгээр сарын хугацааны сар бүрийн төлбөрийн баримтаар нийт 2,109,784,945 төгрөг, үүнээс ******* ******* ******* ТӨХК-ийн 2019 оны 07 дугаар сарын 30-ны өдрөөс 2021 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийг хүртэл нийт 2,004,295,697.75 төгрөг төлснийг жагсааж, үлдэгдлийг 105,489,247.25 төгрөг гэж тусгажээ.

Дээрх үйл баримтын талаар зохигч маргаагүй байна.

 

5.1. Гэрээт ажлын үнийн дүнгийн 5 хувийг чанарын баталгаа болгон барьцаа хэлбэрээр ажлыг хүлээлгэн өгсөн өдрөөс хойш 6 сарын хугацаанд захиалагчийн дансанд үлдээхээр АГГ-19/152145/52, АГГ20/45-44/14 дугаар гэрээний 2.10 дахь заалт, АГГ20/129-126/35 дугаар гэрээний 3.6 дахь заалтад тус тус заасан ба талууд гэрээг дүгнэж тооцоо нийлж баталгаажуулснаас хойш 6 сарын хугацаа өнгөрсөн, ажлын үр дүнд ямар нэгэн доголдол илрээгүй байна.

5.2. Хариуцагч нь Таван толгой-Зүүнбаян чиглэлийн ******* *******ыг улсын комисс 2023 оны 08 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч ашиглалтад оруулсан, Барилгын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3, 14.6 дахь хэсэгт заасан хугацаа 2026 онд дуусахад баталгааны төлбөр төлөгдөнө гэж тайлбарласан нь үндэслэлгүй. Учир нь талуудын байгуулсан гэрээний зүйл нь ******* *******ын ажилд ашиглагдах материалд чанарын хяналт хийх бөгөөд уг ажилд тус хуульд заасан барилга байгууламжийг ашиглалтад зүгшрүүлэх, тохируулах хугацаа, барилга байгууламжийн гадна, дотор засал, бүх төрлийн материал, үндсэн хийц, бүтээц, цэвэр, бохир ус, уур, хий, дулаан, цахилгаан, харилцаа холбооны тоног төхөөрөмж, тоноглолын хэвийн ашиглалтын хугацаа зэрэг барилга байгууламжид тавигдах шаардлага хамаарахгүй.

Иймд нэхэмжлэгч нь хэлэлцэн тохирсон хөлсийг бүрэн төлөхийг хариуцагчаас шаардах эрхтэй тул анхан шатны шүүх хариуцагчаас 105,489,247.25 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасантай нийцжээ. Ийнхүү шийдвэрлэсэнд хариуцагч давж заалдах гомдол гаргаагүй болно.

 

6. Захиалагч нь гэрээгээр хүлээсэн үүргээ хугацаандаа гүйцэтгээгүй бол хугацаа хэтэрсэн хоног тутам гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувьтай тэнцэх хэмжээний алданги төлөхөөр АГГ-19/152145/52, АГГ20/45-44/14 дугаар гэрээний 7.4 дэх заалт, АГГ20/129-126/35 дугаар гэрээний 5.4 дэх заалтад заасан ба уг тохиролцоо Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт нийцсэн талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй.

6.1. Дээр дүгнэсэнчлэн гэрээнд заасны дагуу гүйцэтгэгч ажлыг хүлээлгэн өгсөн буюу талууд тооцоо нийлж баталгаажуулсан 2021 оны 12 дугаар сарын 09-ний өдрөөс хойш 6 сарын хугацаа өнгөрсөн, ажлын үр дүнд ямар нэгэн доголдол илрээгүй байхад хариуцагч нь уг 105,489,247.25 төгрөгийг нэхэмжлэгчид шилжүүлээгүй байна. Иймээс хариуцагчийг Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.1.1-д зааснаар хугацаа хэтрүүлсэн гэж дүгнэнэ.

6.2. 2021 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн Тооцооны үлдэгдлийн баталгаанд хавсаргасан Тооцооны баримтын жагсаалтад нэхэмжлэгч талын төлбөрийн нэхэмжлэх, хариуцагч талын төлсөн хугацаа, үнийн дүнг тус тус харьцуулж жагсааснаас дүгнэхэд хариуцагч нь нэхэмжлэгчийн сар бүр нэхэмжилсэн төлбөрөөс тухай бүр 5 хувийг хасах байдлаар тооцоо хийж шилжүүлсэн, улмаар хугацааны эцэст нийт төлбөрийн 5 хувь болох 105,489,247.25 төгрөг хуримтлагдаж хариуцагчид үлдсэн байна.

Анхан шатны шүүх нэхэмжлэгчээс хариуцагчид төлбөрийн нэхэмжлэх хүргүүлж байсан талаарх баримт хэрэгт авагдаагүй, хариуцагч нь гэрээ тус бүрт ажлын хөлсийг төлөх хугацааг хэрхэн хэтрүүлсэн нь тодорхойгүй, үүргийн зөрчил хэзээнээс тооцогдох талаар нэхэмжлэлийн үндэслэлд тусгаагүй, алданги шаардах эрх нь тооцоо нийлсэн баримт үйлдсэн хугацаатай шалтгаант холбоогүй гэж дүгнэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасан нотлох баримт үнэлэх журамд нийцээгүй.

6.3. Хариуцагчийг гэрээнд заасан 6 сарын хугацаа өнгөрснөөс хойш буюу 2022 оны 05 дугаар сарын 09-ний өдрөөс эхлэн хугацаа хэтрүүлсэн гэж дүгнэх тул нэхэмжлэгч нь алдангийг Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт зааснаар гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиар тооцож хариуцагчаас шаардсан нь үндэслэлтэй.

 

7. Иймд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангаж, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хангасан өөрчлөлтийг анхан шатны шүүхийн шийдвэрт оруулж, үүнтэй холбоотойгоор улсын тэмдэгтийн хураамжийн хуваарилалтыг өөрчлөх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 181/ШШ2024/00182 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

1 дэх заалтыг Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч ******* ******* ******* ТӨХК-аас 158,233,870 төгрөг гаргуулж нэхэмжлэгч ******* ХХК-д олгосугай гэж өөрчлөн найруулж,

2 дахь заалтад 56.2 гэснийг 56.1 гэж, 685,396 гэснийг 949,120 гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 421,675 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ЗОЛЗАЯА

 

ШҮҮГЧИД Д.ЦОГТСАЙХАН

 

Д.ЗОЛЗАЯА