Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 08 сарын 01 өдөр

Дугаар 4780

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Х.Энхзаяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

            Хүсэлт гаргагч: Баянгол дүүрэг, 20 дугаар хороо, Өнөр хотхон 45-22 тоотод оршин суух, Будтан овогт Пүрэв-Очирын Хэрлэн /РД:ФМ77112541/-гийн хүсэлттэй,

Д.Батболдыг эрэн сурвалжлуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч Б.Цолмон, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Анхцэцэг нар оролцов.

                                                                                                            ТОДОРХОЙЛОХ нь:

            Хүсэлт гаргагч П.Хэрлэн нь шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: П.Хэрлэн миний бие Доржсүрэнгийн Батболдтой 2008 оны 9 дүгээр сард Япон улсад ажиллаж, амьдарч байх хугацаандаа танилцаж, улмаар 2010 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр гэр бүлээ албан ёсоор бүртгүүлсэн билээ. Тэр хугацаанаас хойш 2013 оны 7 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл 3 жил гаруй хугацаанд хамтран амьдарсан бөгөөд энэ хугацаанд Баянзүрх дүүрэг 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт орших Их Монгол хорооллын 901 дүгээр байр, 12 тоотод байрлах 38.5 м.кв Ү-2204048252 дугаартай 2 өрөө орон сууцны төлбөр болох 71,225,000 төгрөгийг П.Хэрлэн миний бие төлж, худалдан авсан. Д.Батболд нь дээрх 2 өрөө орон сууцанд хамтран амьдарснаас хойш хүү Батболдын Гэсэр /дагавар хүүхэд/ бид хоёрт хандах хандлага нь эрс өөрчлөгдөж, зан харьцааны хувьд тохирохоо больж, надад гар хүрч, зодсонтой холбогдуулан Цагдаагийн байгууллагад гомдол гаргаж байсан бөгөөд цаашид хамтран амьдрах боломжгүй болсон тул 2013 оны 7 дугаар сарын 20-ны өдрөөс хойш өнөөдрийг хүртэл тус тусдаа амьдарч байна. Д.Батболдоос гэрлэлтээ цуцлуулахаар удаа дараа холбогдсон боловч дундын өмчийн хөрөнгөөс шалтгаалан гэрлэлтээ цуцлуулахгүй зугтааж, хүүхдийг эцгийн бүртгэлийг эхийн бүртгэлээр болгож өөрчлөх боломжгүй болгож шүүхэд ирэхээс зайлсхийсээр байна. Миний бие гэрлэлтээ цуцлуулж, хүү Б.Гэсэрийг өөрийн нэр дээр авахаар эвлэрүүлэн зуучлагчид болон шүүхэд хоёр ч удаа нэхэмжлэл гаргасан боловч Д.Батболд нь бүртгэлтэй оршин суугаа хаягтаа байхгүйн улмаас Дүүргийн иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн шүүгчийн 2015 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн 13093 дугаартай захирамж болон 2015 оны 3 дугаар 16-ны өдрийн 8569 дугаартай захирамжаар /оршин суудаг бүртгэлтэй хаягтаа амьдардаггүй нь хорооны засаг даргын тодорхойлолт, бичиг хүргэгчийн тэмдэглэл, эвлэрүүлэн зуучлагчийн тэмдэглэлээр нотлогдсон гэж дүгнэсэн/ нэхэмжлэлийг хүлээн авахаас тус тус татгалзсан болно. Энэхүү захирамжаар хариуцагч Д.Батболд нь бүртгэлтэй хаягтаа байхгүй болохыг тогтоосон тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-д зааснаар Д.Батболдыг (ЦА70091373) эрэн сурвалжилж өгнө үү гэжээ.

            Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад

                                                                                                                       ҮНДЭСЛЭХ нь:

Хүсэлт гаргагч П.Хэрлэн нь эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Д.Батболдыг эрэн сурвалжлуулах тухай хүсэлт гаргасан ба хүсэлтийг шүүх онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Хүсэлт гаргагч П.Хэрлэн нь “Д.Батболдын оршин суугаа газрыг олж тогтоосноор гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргана” гэж хүсэлтийнхээ үндэслэлийг тодорхойлжээ.

Д.Батболд нь хүсэлт гаргагчийн хүсэлтэд дурдагдсан гэр бүл цуцлуулах эрхзүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд мөн болох нь №0142713, Г-308 дугаартайтай гэрлэлтийн гэрчилгээ, хүү Б.Гэсэрийн Г-763/08 дугаартай төрсний гэрчилгээ болон хүсэлт гаргагчийн тайлбараар тогтоогдож байна.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нэхэмжлэлийг хариуцагчийн оршин суугаа газрын шүүхэд гаргах зохицуулалт байх ба хүсэлт гаргагч П.Хэрлэн нь Д.Батболдын “Баянзүрх дүүрэг, 2 дугаар хороо, 3 хэсэг, Их дарь эх 4-123 тоот” хаягаар шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч тус хаягтаа оршин суудаггүй болох нь тогтоогдсон тул Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2015 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн 8569 дугаартай шүүгчийн захирамжаар, мөн тус шүүхийн 2015 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 13093 дугаартай шүүгчийн захирамжаар нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн байна.

Иймд эрх зүйн харилцаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Д.Батболдын оршин суух хаяг нь тодорхойгүй байх тул  хүсэлт гаргагч П.Хэрлэнгийн “Баяндалай овогт Доржсүрэнгийн Батболд /ЦА70091373/-ыг эрэн сурвалжлуулах тухай” хүсэлтийг хангаж шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9 дэх хэсэгт заасныг  удирдлага болгон  

                                                                                                             ТОГТООХ нь:                                                                                                      

             1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3 дахь хэсэгт зааснаар П.Хэрлэнгийн хүсэлтээр эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох “Баяндалай овогт Доржсүрэнгийн Батболд /ЦА70091373/”-ыг эрэн сурвалжилсугай.

             2. Баяндалай овогт Доржсүрэнгийн Батболд /ЦА70091373/-ыг эрэн сурвалжилж, түүний  оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг хийж гүйцэтгэхийг Тахарын ерөнхий газрын Мөрдөн шалгах, эрэн сурвалжлах газарт үүрэг  болгосугай.

             3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх зааснаар хүсэлт гаргагчаас тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

            4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар  шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй ба шийдвэрийг гардан авснаас  хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд  давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.       

 

 

 

 

 

                                          ДАРГАЛАГЧ                               Х.ЭНХЗАЯА