Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 01 сарын 11 өдөр

Дугаар 50

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Туяат даргалж, шүүгч Б.Батболор, шүүгч С.Базарханд нарын бүрэлдэхүүнтэй,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга А.Арай хөтлөн,

улсын яллагч Б.Баярхүү,

иргэдийн төлөөлөгч М.Н-,

хохирогч Х.Б-, З.Э-,

шүүгдэгч В.О-, түүний өмгөөлөгч Ж.Энхтуяа нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хан-Уул дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалт, 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Т- овогт В-ын О-ад холбогдох эрүүгийн 18100200000000000  дугаартай хэргийг 2018 оны 12 дугаар сарын 04-ний  өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн  биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 1971 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр Архангай аймагт төрсөн, 47 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр, эхийн хамт Хан-Уул дүүргийн 13 дугаар хороо, 0 дугаар хэсэг, 0 тоот хаягт оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, Т- овогт В-ын О-,

 

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч В.О- нь архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2018 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр 16 цагийн орчим Хан-Уул дүүргийн 13 дугаар хороо, Шувуун фабрикийн 7 дугаар хэсгийн нутаг дэвсгэрт иргэн З.Э-ыг шалтаг шалтгаангүйгээр түүний толгойн тус газар нь 2 удаа, зүүн шуу орчим 1 удаа тус тус хүрзээр цохиж, толгойн тус газар нь 2 удаа өшиглөх зэргээр зодож биед нь тархи доргилт, зүүн хөмсөгт язарсан шарх, зүүн нүдний дээд, доод зовхи, зүүн хацарт цус хуралт, зөөлөн эдийн няцрал, дагзны хуйх, зүүн шууны зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол учруулсан, мөн 2018 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр 16 цагийн орчим Хан-Уул дүүргийн 13 дугаар хороо, Шувуун фабрикийн 7 дугаар хэсгийн нутаг дэвсгэрт иргэн З.Э-ыг зодож байсныг болиулах гэсэн иргэн Х.Б-ыг хүрзийг зэвсгийн чанартайгаар ашиглаж, улмаар түүний толгойн тус газар нь хүрзээр 1 удаа цохиж, толгой, нүүр орчим нь удаа дараа өшиглөх, дэвсэх зэргээр зодож биед нь баруун чамархай, баруун хацар ясны нум, хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, зулайд шарх, хамарт зулгаралт бүхий  хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, хохирогч нараас мэдүүлсэн мэдүүлэг:

Шүүгдэгч В.О-аас: “...2018 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 16 цагийн орчим хашаанаас үер болсон лаг шаварыг найзынхаа машинд ачиж, асгах гэж яваад иргэн Бэхбат, Эрдэнэтулга нартай таарч маргалдсаны улмаас биед нь гэмтэл учруулсан. Би Эрдэнэтулгатай маргалдахад Бэхбат болиоч гэж орилохоор нь өшиглөж гэмтэл учруулсан. Миний буруу ...” гэв.

Хохирогч Х.Б-аас: “...Би 2018 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр Яармагт найзтайгаа тааралдаад 0.5 литрийн хараа архи уугаад гэртээ харьж яваад Эрдэнэтулгатай тааралдсан. Бид хоёр юм яриад сууж байхад О- ирээд дүүгээ асуухад нь бид нартай тааралдаагүй гэж хэлэхэд Эрдэнэтулга руу дайрсан. Тэгээд би болиоч гэхэд намайг юугаар цохисоныг нь мэдэхгүй, нэг мэдэхэд доор нь орсон хэвтэж байсан. Надад одоо гомдол санал байхгүй. Эмчилгээний зардалд 4.000.000 төгрөг авсан. Хэргийг хурдан шийдвэрлэж өгнө үү...” гэв.       

Хохирогч З.Э-ас: “...Би тухайн өдөр хот руу явж байсан ба замдаа Бэхбаттай тааралдаад юм яриад зогсож байхад О- ирээд дүүгээ асуусан. Бид хоёр мэдэхгүй гэхэд яагаад мэддэггүй юм бэ гээд хүрзээрээ цохисон, 2-3 удаа өшиглөсөн. Бэхбат хажуунаас болиоч гэж хэлсэн. Тэрнээс хойш юу болсон талаар мэдэхгүй байна. Эмчилгээний зардалд 250.000 төгрөг авсан...” гэв.

 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч, гэрч нараас мэдүүлсэн мэдүүлгүүд:

Хохирогч Х.Б-ын: “...Би 2018 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр Яармагт найзтайгаа хамт 0.5 литрийн савалгаатай “Хараа” архи хувааж уучихаад гэртээ харих гээд Шувуун фабрикийн 7 дугаар хэсэгт 15 цагийн үед явж байтал танил Эрдэнэтулгатай тааралдсан. Тэгээд би Эрдэнэтулгатай ойрд уулзаагүй болохоор юм яриад газарт явган суугаад байж байтал гудамжнаас Отгоноо гээд зүс таних залуу согтуу гарч ирээд бид хоёроос “Ганааг харсан уу” гээд дүүгээ асуухаар нь бид хоёр түүнд “хараагүй” гэж хэлсэн. Тэгтэл Отгоноо гартаа барьж байсан хүрзээрээ Эрдэнэтулгын толгой хэсэгт нэг удаа цохиод толгойноос нь цус гаргачихаад дахиад хүрзээрээ цохих үед нь Эрдэнэтулга хүрзийг нь гараараа хаагаад байсан. Тэгээд би Отгоноог “болиоч” гээд хөлөөс нь тэвэртэл намайг нөгөө хөлөөрөө толгой дээр дэвсээд байсан. Тэгээд би ухаан алдчихсан ба нэг сэртэл ганцаараа хэвтэж байсан. Тэгээд би гэртээ харьтал манай эхнэр цагдаа дуудсан юм. Отгоноо Эрдэнэтулга бид хоёрыг ямар нэгэн шалтгаагүйгээр зодсон. Би №11147 дугаартай шинжээчийн дүгнэлттэй танилцсан. Дүгнэлттэй холбоотой санал хүсэлт байхгүй. Миний биед учирсан гэмтлүүдийг Отгоноо намайг хөлөөрөө дэвсэж, хүрзээр нэг удаа цохиж учруулсан... Миний биеийн байдал одоо зүгээр болсон. Бүрэн эдгэрсэн байгаа. Би О-аас эмчилгээний зардалд 4.000.000 төгрөг авсан. Иймд надад О-ад ямар нэгэн гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй. Би шүүх хуралд оролцохгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 8-9,10-11 дүгээр хуудас/,

Хохирогч З.Э-ын:“...Би 2018 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр 15 цагийн үед хот руу явах гээд гэрээсээ гараад явж байгаад 7 дугаар сарын хэсэгт танил Бэхбаттай тааралдсан ба Бэхбат хотоос ирж байна гээд халамцуу байсан. Тэгээд бид хоёр юм яриад гудамжинд явган сууж байтал Отгоноо гээд зүс таних манай шувууны залуу гартаа хүрз барьчихсан нилээн согтуу хүрч ирээд дүү Ганаагаа асуухаар нь Бэхээ “мэдэхгүй, хараагүй” гэж хэлтэл гартаа барьсан хүрзээрээ хавтгай хэсгээр нь миний толгойд хоёр удаа цохиод дахиад цохихоор нь би гараараа хаатал миний толгойд 2 удаа өшиглөсөн. Тэгтэл Бэхээ Отгоноог “болиоч” гэж хэлтэл Бэхээгийн толгойд нь хүрзээрээ цохиж унагаагаад дээрээс нь хөлөөрөө нүүрэн дээр нь дэвсээд байсан. Тэгээд би босоод тэндээс холдсон ба миний нүд рүү цус ороод байсан болохоор түүнээс хойш сайн хараагүй. Тэгээд би тэр чигээрээ гэртээ харьчихсан ба намайг явах үед Отгоноо Бэхбатыг зодоод үлдсэн. Би Отгоноотой ямар ч холбоогүй. Зүгээр нэг газарт байдаг болохоор л зүс танина. Отгоноо биднийг ямар ч шалтгаангүйгээр зодсон. Би №11171 дугаартай шинжээчийн дүгнэлттэй танилцсан. Дүгнэлттэй холбоотой санал хүсэлт байхгүй. Миний биед учирсан гэмтлүүдийг Отгооноо хүрз болон хөлөөрөө өшиглөж учруулсан. Отгоноо намайг толгой хэсэгт хүрзээр 2 удаа, гаранд хүрзээр 1 удаа цохиод толгойд 2 удаа өшиглөсөн. Отгоноо Бэхбатын толгойд хүрзээр нэг удаа цохиод нүүрэн дээр нь 3-4 удаа дэвссэн. Өөр хэрхэн зодсон болохыг хараагүй. Миний биед учирсан  гэмтлүүдийг Отгоноо хүрз болон хөлөөрөө өшиглөж учруулсан... Би О-аас эмчилгээний зардалд 250.000 төгрөг дансаар авсан болохоор надад одоо гомдол, санал нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 16-17,18-19 дүгээр хуудас/,

Гэрч Ч.Х-ын: “... Би 2018 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр ажил дээрээ байж байхад О- надруу залгаад “Хашааныхаа лаг, малын өтөг бууцаа асгах хүний машин гуйчихлаа, жалганд асгачихъя” гэж хэлсэн. Тэгээд би 16 цаг өнгөрч байхад гэртээ харьтал О- архи уучихсан согтуу байхаар нь би О-ад уурлаад гэртээ ороод хувцасаа солиод гарч иртэл О- тэр жижиг амьжиргаа цагаан жижиг ачааны машины хойд тэвшин дээр лаг ачсан байсан ба хамт асгахаар болоод би машин бариад хашаанаас гарсан ба О- хашаанаас жижиг иштэй хүрзээ бариад хашааныхаа хаалгыг хааж харагдсан. Тэгээд би гудамжны зүүн үзүүрт байдаг жалган дээр очиж зогсоод эргээд хартал манай нөхөр О- гудамжинд байсан хоёр залуутай муудалцаад ноцолдоод байх шиг харагдсан ба би машинаасаа буугаад “Отгоноо болиоч ээ” гээд орилтол “за за, чи машинаа буцаад хашаандаа оруулчих” гэж хэлэхээр нь би машиныг нь бариад хашаанд оруулаад Отгоноо тэндээ үлдсэн. Удалгүй Отгоноо миний араас 5 минут орчмын дараа гэртээ орж ирсэн ба би түүнээс юу болсон талаар асуухад “тэр хоёрыг ганц нэг цохичихлоо” гэж хэлсэн. Өөр мэдэх зүйл байхгүй. намайг харахад лав О- тэр хоёрын нэгийг нь гараараа цээж хэсэгт нь нэг удаа цохиж харагдсан. Би тухайн үед машин барьж байсан болохоор сайн хараагүй, хальт ганц л харсан. Өөр цохиж зодсон асуудлыг хараагүй. О- муу зуршил гэвэл тамхи татдаг, хааяа найз нөхөд нь ирвэл ганц нэг архи уучихдаг түүнээс биш гудамжаар архи уугаад яваад байдаггүй, ажил сайтай гэр орны ажлыг маш сайн хийдэг, ааш зангийн хувьд ер нь цагаахан сайхан сэтгэлтэй, хааяа огцом ууртай гэхдээ уур нь их хурдан гарчихдаг, хүнд муу санаад байхгүй дотроо мартчихдаг сайн хүн байдаг юм. Манай нөхөр өмнө нь хүн амьтан зодож цохиж байсан асуудал байхгүй...”гэх мэдүүлэг /хх-ийн 26-27 дугаар хуудас/

   

Шинжээчийн дүгнэлт болон бусад нотлох баримтууд

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн №11147 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 35 дугаар хуудас/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн №11171 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 37 дугаар хуудас/,

 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд шүүгдэгчээс мэдүүлсэн мэдүүлгүүд

Шүүгдэгч В.О- нь мөрдөн шалгах ажиллагааны шатанд яллагдагчаар мэдүүлэхдээ: “...Би 2018 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр хашаанд овоорсон малын бууц, шавар зэргийг хаях гээд машингүй болохоор найз Шаравааг машинтайгаа хүрээд ирээч гэж дуудсан. Тэгээд Шараваа бид хоёр уулзаад дэлгүүрээс 0.5 л савалгаатай “Хараа” архи авч хувааж уусан. Тэгээд би архиа ууж дуусаад дахиад 0.5 л савалгаатай “Хараа”архи уусан, Шараваа согтоод харих гээд яваад өгсөн юм. Тэгээд би хашааны шавраа машины тэвшин дээр ачиж байхад 16 цагийн үед манай эхнэр гэртээ ирсэн. Тэгээд би эхнэрээрээ машинаа бариулаад жалга руу явуулсан. Тэгээд би хойноос нь жижиг иштэй хүрзээ аваад гудамжинд явж байтал манай хашааны хажуу талын хашааны үүдэнд зүс таних  Эрдэнэтулга, Бэхбат хоёр сууж байсан. Тэгээд би тэр хоёроос дүү Ганааг харсан уу гэж асуутал өөдөөс хэгжүүрхээд байхаар нь Эрдэнэтулгыг барьж явсан хүрзээрээ цохих гэтэл хүрз маань хашаанд цохигдоод Эрдэнэтулгын толгой дээр нь миний хүрз унатал Бэхбат хажуунаас “болиоч” гэхээр нь түүнийг гараараа толгойд нь цохитол гараараа хаагаад хөл бариад авахаар нь толгой болон цээжинд нь хөлөөрөө өшиглөсөн. Ийм асуудал болсон юм. Би бага зэрэг согтолттой байсан. Шараваа хоёр архины ихэнхийг нь уусан байсан. Би өөрийн хийсэн үйлдэлдээ их гэмшиж байна. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 49-51 дүгээр хуудас/,

 

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд:

-Монгол улсын иргэний үнэмлэхний лавлагаа  /хх-ийн 55 дугаар хуудас/,

-Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 58 дугаар хуудас/,

-Оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 57 дугаар хуудас/ зэрэг бичгийн баримтуудыг шинжлэн судлав.

 

       Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, шүүгдэгч,  хохирогч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй байх тул хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж В.О-ад холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.

 

 Шүүх хэргийн байдлыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судалвал:

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “...түүнчлэн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрүүгийн хууль, энэ хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал түүнийг ... шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэнэ”, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Шүүх нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлыг үндэслэн хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилж болно” гэж тус тус заасныг баримтлан хавтаст хэрэг авагдсан нотлох баримтыг үнэлэн Хан-Уул дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос В.О-ыг  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалт, 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1, 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн өөрчлөх үндэслэлтэй байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг нь хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийн бүрэлдэхүүнийг шинжийг заасан ба, харин мөн хуулийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг нь энэ гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн бол тус зүйл, хэсгээр хүндрүүлэн зүйлчлэх үндэслэл болно.

           Хүндрүүлэх нөхцөл байдалд “энэ хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн”, “хохирогчийг тохуурхан доромжилж үйлдсэн”, “бие махбодын, сэтгэл санааны шаналал, зовиур үүсгэж үйлдсэн”, “зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэсэн”, “энэ гэмт хэргийн улмаас хохирогч нас барсан” бол хамааруулахаар хуульчилсан, эдгээр шинжийг хангасан бол Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хэргийг хүндрүүлэн зүйлчлэхээр тогтоожээ.

          Хан-Уул дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч В.О-ыг хохирогч Х.Б-ын биед хүнд гэмтэл учруулсан үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад заасан  тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэн хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн хэмээн яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн байна.

Эрүүгийн хуулийн тайлбарт зааснаар “зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл” гэж иж бүрдэл, бүтцийн хувьд аливаа биетийг устгах, гэмтээх, бие хамгаалах, дохио өгөх зориулалттай эд зүйл, тоног төхөөрөмж, хэрэгслийг хамааруулж ойлгоно. Зэвсэг нь галт, хүйтэн, хийн, үйлдвэрийн, гар хийцийн аль нь ч байж болно”. “Тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл” гэж хүний биед гэмтэл, эд хөрөнгөд хохирол учруулахаар тусгайлан бэлтгэсэн, засаж тохируулсан хүйтэн зэвсэг, галт зэвсэг, эд зүйл, хэрэгслийг ойлгоно” гэжээ.

 Шүүгдэгч  В.О- нь хохирогч Х.Б-ын биед хүнд хохирол учруулахдаа 83 см урттай, урд хэсэг дөрвөлжин хэлбэртэй, модон бариултай хүрз хэрэглэж үйлдсэн болох нь тогтоогдохгүй, харин хохирогчийг газар унасан үед хөлөөрөө дэвсэлж, өшиглөснөөс түүний биед  баруун чамархай, баруун хацар ясны нум, хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, зулайд шарх, хамарт зулгаралт   гэмтэл учирсан байна.

            Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад заасан “зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэн хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн хэмээн яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэх үндэслэлтэй байна. 

Мөн хохирогч З.Э-ын биед хөнгөн гэмтэл учруулсан үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн хэмээн яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь түүний гэм буруутай үйлдэлд тохирсон, гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан гэж шүүх үзлээ.

Шүүгдэгч В.О-ын хохирогч Х.Б-ын биед баруун чамархай, баруун хацар ясны нум, хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, зулайд шарх, хамарт зулгаралт бүхий хүнд гэмтэл, мөн хохирогч З.Э-ын биед тархи доргилт, зүүн хөмсөгт язарсан шарх, зүүн нүдний дээд, доод зовхи, зүүн хацарт цус хуралт, зөөлөн эдийн няцрал, дагзны хуйх, зүүн шууны зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн гэмтэл учруулсан үйлдэл нь өөрийн үйлдлийн улмаас учрах хор уршгийг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, Монгол улсын Үндсэн хууль, Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрх, эрх чөлөө, эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг чиглэсэн, Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан нийгэмд аюултай үйлдэл болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэлээ.

 

         Шүүгдэгч В.О- нь архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2018 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр 16 цагийн орчим Хан-Уул дүүргийн 13 дугаар хороо, Шувуун фабрикийн 7 дугаар хэсгийн нутаг дэвсгэрт иргэн З.Э-ыг шалтаг шалтгаангүйгээр түүний толгойн тус газар нь 2 удаа, зүүн шуу орчим 1 удаа тус тус хүрзээр цохиж, толгойн тус газар нь 2 удаа өшиглөх зэргээр зодож биед нь тархи доргилт, зүүн хөмсөгт язарсан шарх, зүүн нүдний дээд, доод зовхи, зүүн хацарт цус хуралт, зөөлөн эдийн няцрал, дагзны хуйх, зүүн шууны зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол учруулсан, мөн 2018 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр 16 цагийн орчим Хан-Уул дүүргийн 13 дугаар хороо, Шувуун фабрикийн 7 дугаар хэсгийн нутаг дэвсгэрт иргэн З.Э-ыг зодож байсныг болиулах гэсэн иргэн Х.Б-ыг  толгойн тус газар нь хүрзээр 1 удаа цохиж, толгой, нүүр орчим нь удаа дараа өшиглөх, дэвсэх зэргээр зодож биед нь баруун чамархай, баруун хацар ясны нум, хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, зулайд шарх, хамарт зулгаралт бүхий  хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгчийн гэм буруугаа сайн дураараа хүлээн мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 49-50 дугаар хуудас/,хохирогч Х.Б-ын мэдүүлэг /хх-ийн 8-9,10-11 дүгээр хуудас/,хохирогч З.Э-ын мэдүүлэг /хх-ийн 16-17,18-19 дүгээр хуудас/, гэрч Ч.Х-ын мэдүүлэг / хх-ийн 26-27 дугаар хуудас/

           Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн №11147 дугаартай

  1. Х.Б-ын биед баруун чамархай, баруун хацар ясны нум, хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, зулайд шарх, хамарт зулгаралт   гэмтэл тогтоогдлоо.
  2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр  үүсгэгдэнэ.
  3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2-т зааснаар  амь насанд аюултай гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.
  4. Дээрх гэмтэл хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой байна.
  5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтийн үр дүнгээс хамаарна /хх-ийн 35 дугаар хуудас/,

          Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн №11171 дугаартай

  1. З.Э-ын биед тархи доргилт, зүүн хөмсөгт язарсан шарх, зүүн нүдний дээд, доод зовхи, зүүн хацарт цус хуралт, зөөлөн эдийн няцрал, дагзны хуйх, зүүн шууны зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.
  2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
  3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
  4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.
  5. Дээрх гэмтэл нь 2018.09.11-ний өдөр үүссэн байх боломжтой /хх-ийн 37 дугаар хуудас/ гэсэн шинжээчийн дүгнэлт зэрэг хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна.

 

      Иймд шүүгдэгч В.О-ыг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг  үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

       Шүүх шүүгдэгч В.О-ад эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь хэсэгт заасан анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлсөн, хохирогч нарын гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзан  үзлээ.

 

          Гэмт хэргийн хохирол, хор уршиг, бусад байдал:

Шүүгдэгч В.О-аас мөрдөн шалгах ажиллагааны шатанд эмчилгээний зардалд хохирогч Х.Б-ад 4.000.000 /дөрвөн сая/ төгрөгийн хохирлыг, хохирогч З.Э-д 250.000 /хоёр зуун тавь/ төгрөгийн хохиролыг төлж барагдуулсан бөгөөд хохирогч нар нь цаашид гаргах гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэж мэдүүлсэн тул түүнийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

          Шүүгдэгч В.О- нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт хураагдсан иргэний баримт бичиггүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар 83 см урттай, ажлын хэсэг 24х28 хэмжээтэй, бор өнгийн модон бариултай, ажлын хэсгийн урд хэсгээр зэвэрч хуучирсан хүрз 1 ширхэг хураагдсаныг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгах нь зүйтэй байна.

     

            Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2,36.2 дугаар зүйлийн 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

  

1. Хан-Уул дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос В.О-ыг  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалт, 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1, 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн өөрчилсүгэй.

 

2. Т- овогт В-ын О-ыг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан, мөн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

3.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар В.О-ыг 3 /гурав/ жилийн хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 /хоёр зуун дөч/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгэсүгэй.

 

          4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэгт зааснаар В.О-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 3 /гурав/ жилийн хугацаагаар хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан  240 /хоёр зуун дөч/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийг нэг хоногоор тооцож 1 /нэг/ сарын хорих ялыг нэмж нэгтгэн, түүний нийт биечлэн эдлэх ялыг 3 /гурав/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялаар тогтоосугай.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар В.О-ад оногдуулсан 3 /гурав/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

            6. В.О-ад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн энэ өдрөөс эхлэн цагдан хорьж ял эдлэх хугацааг 2019 оны 01 дүгээр сарын 11-ний өдрөөс эхлэн тоолсугай.

 

7. Энэ хэрэгт хураагдсан иргэний бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, В.О- нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурдсугай.

 

          8. Эд мөрийн баримтаар хураагдсан 83 см урттай, ажлын хэсэг 24х28 хэмжээтэй, бор өнгийн модон бариултай, ажлын хэсгийн урд хэсгээр зэвэрч хуучирсан хүрз 1 ширхэгийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд хэргийн оролцогч шийтгэх тогтоолыг гардаж авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих  эрхтэй болохыг дурдсугай.

 

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолд  давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоолыг биелүүлэх хүртэл В.О-ад авсан цагдан хорих гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.       

 

 

 

 

 

           ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                             П.ТУЯАТ

 

 

                                    ШҮҮГЧ                                                     С.БАЗАРХАНД
 

      Б.БАТБОЛОР