Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Цагаатгах тогтоол

2019 оны 02 сарын 11 өдөр

Дугаар 110

 

 

                       

 

 

 

 

 

 

 

 

 

                             МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Туяат даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Ж.Буянжаргал хөтлөн,

улсын яллагч Т.Мижиддорж,

шинжээч эмч Ц.Оюун-Эрдэнэ,

хохирогчийн өмгөөлөгч Д.Наранцэцэг,

гэрч Б.Б,

шүүгдэгч П.М-, түүний өмгөөлөгч Д.Ариунбаяр нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хан-Уул дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б- овогт П-ийн М-ад холбогдох 18100039000000000 дугаартай хэргийг 2018 оны 12 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

            Шүүгдэгчийн  биеийн байцаалт:

           Монгол улсын иргэн, 1987 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан суманд төрсөн, 32 настай, эмэгтэй, дээд боловсролтой, программ хангамжийн инженер мэргэжилтэй, группт байдаг, ам бүл 4 нөхөр, хүүхдүүдийн хамтаар Хан-Уул  дүүргийн 7 дугаар  хороо Жаргалантын 00000 тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, Б- овогт П-ийн М-

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч П.М- нь 2018 оны 02 дугаар сарын 07-ны өдөр 15 цагийн үед Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Дулааны-цахилгаан станцын зүүн хойд талын уулзвар орчимд хохирогч Ж.О-тай “замын хөдөлгөөний дүрэм зөрчлөө” гэх шалтгаанаар хоорондоо маргалдан, Ж.О-ын нүүрэн тус газар маажиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчээс мэдүүлсэн  мэдүүлэг:

Шүүгдэгч П.М-аас: “...2018 оны 02 дугаар сарын 07-ны өдөр 14 цагийн үед би ээж П-тэй машинтайгаа гурвалжингийн гүүрээр уруудаад “МММММ-” орох гээд явж байсан. Гэтэл Цахилгаан станцын ард замын уулзвараар эргэх гэж байтал хар өнгийн автомашин миний машины урдуур дарж орж ирсэн. Би 2 дугаар эгнээгээр явж байсан. Харин нөгөө машин 1 дүгээр эгнээгээс гараад ирсэн. Тэгээд би бага хурдтай явж байсан болохоор машинаа зогсоогоод дохиогоо /сигнал/ удаан дарсан. Тэгээд нөгөө машины жолооч машиныхаа цонхыг онгойлгоход нь манай ээж “1 дүгээр эгнээнээс давж эргэдэг мангар юм уу” гээд гараараа зангасан. Гэтэл нөгөө машины жолооч машинаасаа бууж ирээд манай машиныг өшиглөөд, шил рүү нь цохисон. Тэгээд намайг доромжлоод байхаар нь би машинаасаа буугаад хохирогчийн машиных нь арын шилийг цохисон. Гэтэл хохирогч “чамаас үнэтэй машин шүү гичий минь” гэж хэлээд намайг багалзуурдаж авах гээд шанаадаад би газар унасан. Намайг унахад миний нүдний шил газар унасан. Тэгээд би нүдний шилээ авах гээд доош тонгойход намайг хувцаснаас татаж босгосон. Тэгээд би “хүн зодоод байна” гэж хашхирсан. Тухайн үед цагаан өнгийн приус маркийн машин хажуугаар өнгөрөхдөө бичлэг хийж байсан. Би бичлэг хийж байсан хүмүүсийг олж чадаагүй. Тэгээд би “харсан биз дээ” гээд орилж байхад намайг дахиад алгадаад газар унагасан. Тэгээд би өөрийгөө хамгаалахын тулд баруун гараа савсан. Би баруун гараа савахад хохирогчийн нүүрэн дээр нь маажигдсан. Би гараа савсандаа харамсаж байна. Тэгээд хохирогч духаа маажуулчихаад машинаасаа асаагаад явах гэж байхад нь би гар утсаа аваад Цагдаагийн байгууллага руу залгаад “миний машины урдуур орж ирчихээд намайг зодоод байна” гэж залгасан. Тэгээд хохирогч машинаа суугаад явах гэж байхад нь би машинд нь суусан. Тэгээд машинаа миний машины урдуур гаргах гэж байгаад машинаа унтраасан. Тэгээд намайг доромжлоод “би чамайг хаана байгаа газраас чинь олоод өөрөө зоддоггүй юм аа гэхэд хүнээр зодуулж чамайг алуулна” гэж хэлсэн. Тэгээд манай ээж “миний хүүхдэд ямар нэгэн зүйл тохиолдвол би чамаас амийг нь нэхэх юм байна” гэхэд хохирогч “чаддаг юм бол тэгээрэй” гэж хэлсэн. Тэгээд би дахиад цагдаа дуудахад хохирогч миний машины түлхүүрийг авсан. Би энэ хүн зугтах гэж байгаад миний машины түлхүүрийг авчихлаа гээд дахиад цагдаа дуудсан. Гэтэл цагдаа очиж байна хүлээж бай гэсэн. Тэгээд хохирогч манай машины жолоочийн эсрэг талын суудал дээр суугаад миний 2 хүүхдийг хойш нь түлхэж уйлуулчихаад машины хайрцагыг ухаад зогсож байсан. Тэгээд би “хүний машины юм ухаж байдаг хулгайч юм уу гэхэд хохирогч намайг угз татаад голын хөл тавьдаг хэсэг дээр гараад миний толгойг машины хайрцагт цохисон. Тэгээд миний элэг бөөр рүү өвдгөөрөө олон удаа цохисон. Тэгээд над руу нулимаад “чамтай нэгийгээ үзнэ” гэсэн. Би амь авраарай гэж орилох гэтэл надад боломж байгаагүй. Тэгээд намайг амь тэмцэж байхад ээж хохирогчийг араас нь татаад салгаж чадахгүй байсан гэсэн. Тэгээд манай ээж замын эсрэг талд явж байсан хүмүүсийг гуйж байгаад хохирогчийг надаас салгасан....” гэв.

 

    Мөрдөн байцаалтын шатанд хохирогч, гэрч нараас мэдүүлсэн мэдүүлгүүд:

 

Хохирогч Ж.О-ын:“...Би 2018 оны 02 дугаар сарын 07-ны өдөр 15 цагийн үед санагдаж байна 3 дугаар цахилгаан станцын зүүн хойд талын уулзвар дээр саарал өнгийн гэр бүлийн Алпард маркийн машин ертөнцийн зүгээр хойд зүг рүү эргэх гээд байж байхаар нь би  давхар эргэх гэтэл хажууд байсан автомашины жолооч эргэхээ больсон намайг жолооч болон хажууд байсан эмэгтэй нь ална шүү гээд байгаа бололтой гараа зангидаад зангаад байсан машин дотор байсан болохоор юу гэж амандаа үглээд байгааг сонсож чадаагүй. Би машинаас буугаад тухайн машины зорчигч  талаар очоод цонхоо онгойлгохоор нь та 2 эргэх гэж байгаад больчихлоо чигээрээ явж байгаад намайг мөргөх гэж байна шүү гэж хэлсэн чи дүрэм зөрчсөн буруу дарж орж ирсэн гээд байхаар нь буцаж машиндаа суухдаа нөгөө машины зорчигч талын хаалгыг гараараа алгадсан. Тэгээд машиндаа суух гэтэл жолооч хүүхэн бууж гарч ирээд намайг заамдаад авсан би өөрөөсөө холдуулах гээд гарыг нь тавиулаад түлхсэн дахин миний цамцнаас заамдаад татаад байсан тэр үедээ эмэгтэй хүн зодлоо гээд орилоод байсан тэр үед намайг заамдаж байсан эмэгтэй миний духыг баруун гараараа нэг удаа маажсан би дахин маажуулахгүй гээд тэр эмэгтэйн 2  гарыг нь барьж байгаад өөрөөсөө холдуулаад түлхсэн. Тэр эмэгтэй намайг хэл амаар доромжлоод байхаар нь би машины түлхүүрийг нь аваад шууд хажууд нь сууж байсан эмэгтэйд өгсөн цагдаа дуудна гэж байтал тэр эмэгтэй миний машины түлхүүрийг авах гээд машинд орж суусан түлхүүр байхгүй байсан болохоор миний машинд суусан би зөрөөд би чиний машинд сууна гээд машиных нь зорчигч талын хаалганы хажууд очоод зогсож байтал миний машинд сууж байсан эмэгтэй чи миний машинаас юм хулгай хийх гэлээ гээд гүйж ирээд зүүн гараараа дахиад миний баруун хацрыг маажсан тэгэхээр нь би дахин маажуулахгүй гээд гарыг нь бариад зорчигч талын хэсэгт нь дарсан тэр эмэгтэйн гарыг барьж байхад миний цамцны захаас зулгаагаад тавихгүй байсан би тэр эмэгтэйгээс холдох  гэтэл намайг өшиглөөд байсан тэгээд л би холдоод явсан. Хан-Уул дүүргийн цагдаад өргөдөл гаргасан. Миний нүүрэнд хумсны сорви гарсан. 59-30 улсын дугаартай автомашины хүүхэн учруулсан. Баруун нүдний зовхи сорви болсон мөн дух хэсэгт хөндлөн сорви болсон байгаа. Миний нүүрэнд учирсан гэмтлийг тухайн эмэгтэй учруулсан.Тухайн эмэгтэйтэй хамт явж байсан эмэгтэй намайг цохиж зодоогүй. Харин хоорондоо бага зэрэг маргалдсан. Хажууд нь байсан эмэгтэй бичлэг хийсэн байгаа тэр бичлэг дээр бүх бичлэг бичигдсэн байгаа. Сүүлд манай эхнэр ирсэн. Манай ажилчид харсан гэж байсан. Өөр хэн харсан талаар мэдэхгүй байна. Машин давхар эргэсэн, машин мөргөх гэж байсан. Хэл амаар доромжлуулсан. Үгүй, хүрээгүй өөрийгөө дахин тэр эмэгтэйд нүүрээ маажуулахгүй  гэсэндээ гарыг нь барьсан өөрөөсөө холдуулсан. Санал гомдолтой байна. 2 ширхэг цамцны захыг урж хүзүү хоолойг сунгаж хэрэглэгдэхгүй болсон нийт 500.000 төгрөгөөр үнэлж байна. Нүүрэнд сорви үлдвэл эмчилгээний зардлаа гаргаж авна хэдэн төгрөг болохыг сайн мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 12-14 дүгээр хуудас/,

Гэрч Б.Б-гийн: “...“Гуравдугаар” цахилгаан станцын хойд замын уулзвар дээр бэр П.М-ын машинд суугаад хамт явж байх үед зэрэгцэж явж байсан 00-02 УНД улсын дугаартай Лексус 570 маркийн автомашин урдуур шахаж ороод зогсох үед араас нь осол аваараас урьдчилан сэргийлэхийн тулд сигнал дарсан. Тэр үед тус машины жолооч ууртайгаар бууж ирсэн. Би хариуд нь дүрмээрээ яваач нэгдүгээр эгнээнээс шууд эргэдэг гэж юу байсан юм гэхэд хариуд нь “хуцаад бай болдог юм” гээд машины хамар дээр нэг удаа гараараа хүчтэй цохисон. Тэр үед манай бэр болох П.М- машинаас бууж та машины шил хагалах шахлаа гэж хэлээд өөрийнх машины арын хэсэг рүү нэг удаа алгадсан. Нөгөө машины жолооч эрэгтэй манай бэрийг заамдаж машины буланд шахаж гараараа нэг удаа нүүрэн тус газар нь цохиж ахин цохихыг завдаж байх үед би дундуур нь орж салган П.М-ыг аваад машин руугаа явж байхад араас та нарыг “Хаана байж болох газраас чинь олоод хүнээр алуулна” гээд орилон айлган сүрдүүлж заналхийлээд хажуугаар хурдтай алхаж гаран манай машинд түрүүлж сууж машины голын хайрцагыг ухах үед нь би очиж “Чи хулгайч юм уу? яагаад хүний машин зөвшөөрөлгүй ухаад байгаа юм гэж хэлэхэд хариуд “Би ямар ухсан юмуу хуцаад байгаарай гэж хэлсэн”. Манай бэр ирээд чи миний машинд суудаг хэн юм гэхэд манай бэрийг татаж аваад жолоочийн хажуу талын сандалны шал руу шахаж дээрээс нь дараад нэг гараараа багалзуурдаж нөгөө гараараа цээж хэвлийн тус газар олон цохиж байх үед нь би араас нь хувцаснаас нь татаад дийлэхгүй болохоор ойролцоо явж байсан машинуудаас манай охиныг энэ хүн зодоод байна би салгаж дийлэхгүй байна гэж гуйх үед 5-6 машины жолооч нар бууж ирж нөгөө машины жолоочийг салгаж өгсөн. 27-46 УБВ улсын дугаартай автомашины жолооч “Энэ ямар бүдүүлэг хүн бэ гээд би жоохон байж байгаад явъя тэгэхгүй бол  та хоёрыг ахиад ирээд зодох байх” гэж хэлээд хүлээд байгаад явсан. Нөгөө машины жолооч удалгүй машинаа асаагаад яваад өгсөн. Ингээд дуудлагын цагдаа нар ирж бэр бид хоёрыг дагуулан цагдаагийн хэлтэс дээр ирсэн. Би уг хүнийг танихгүй өмнө нь огт харж байгаагүй. Замын дүрэм зөрчсөнийг нь хэлснээс болоод нөгөө хүн ирж бэрийн машины шилийг цохиж маргаан гарсан. Зам дээр явж байна машины жолооч нар ирж салгаж өгсөн тэр хүмүүсийг танихгүй. Манай бэр П.М- нь элэгний өвчтэй. Надад өөр нэмж ярих зүйл байхгүй. Уг хүн хүн явуулж ална гэж хэлсэнээс болоод манай бэр айгаад ажилдаа явахгүй байгаа. Тухайн үед манай ач хамт машин дотор байсан. Би чи ахимаг настай хүн байж боль гэхэд битгий хуцаад бай 1 дүгээр эгнээнээс эргэж болдог юм гээд хэрэлдээд байсан...”гэх мэдүүлэг /хх-ийн 25-26 дугаар хуудас/

Гэрч Ц.Ц-ын:“...Би 2018 оны 02 дугаар сарын 07-ны өдөр үдээс хойш /цагийг нь санахгүй байна/ Хан-Уул дүүрэг, 19 дүгээр хорооллоос Гурвалжингийн гүүр орох гээд өөрийн 27-46 УБВ улсын дугаартай Микро автобустай явж байхад Дулааны-цахилгаан станцын зүүн хойд талын гурван замын уулзварын орчимд цагаан өнгийн Тоёота Алпард, хар саарал өнгийн Тоёота Ланд Круйзер-570 маркийн машинууд цувраад зогсчихсон байдалтай, Тоёота Алпард маркийн автомашин ганхаж хөдлөөд байхаар нь би машинаасаа буугаад тэр машины зүүн урд талд нь очсон. Тэгтэл 40 гаран насны эрэгтэй хүн 30 орчим насны эмэгтэйг хувцасны захаар нь заамдаад урд шалан дээр нь гэдрэг нь харуулаад хэвтүүлчихсэн, сэгсэрч байсан.  Тэгэхээр нь би тэр эрэгтэйд та ингэж болохгүй гэж хэлээд тэр эмэгтэйгээс салгасан. тухайн үед тэр эмэгтэй “энэ эмэгтэй миний нүүрийг самардчихлаа” гэхээр нь хартал нөгөө эрэгтэй нүүр нь аль хэсэгтэй ч билээ цус болсон харагдаж байсан. Харин тэр эмэгтэйд ил харагдах гэмтэл шарх гэх зүйл харагдаагүй. Би тэр эмэгтэйд шаардлагатай бол над руу яриарай гэж хэлээд өөрийнхөө гар утасны дугаарыг тэмдэглүүлээд явсан. Үүнээс өөр зүйл мэдэхгүй. Миний бодлоор 570 маркийн машинтай хүн Алпард маркийн машины баруун урдуур шахаж орж ирээд, түүнээсээ болоод л хоорондоо маргалдсан юм шиг байна лээ...”гэх мэдүүлэг /хх-ийн 111 дүгээр хуудас /,

Гэрч Ё.А-гийн: “...Би П-ийн М-тай 1998 оноос эхлэн найзалж нөхөрлөж байна. М- бид хоёр Дархан-Уул аймгийн Од цогцолборт 7 жил нэг ангид хамт суралцсан. М- нь компьютерийн программ хангамжийн инженер мөн эдийн засгийн ухааны магистр цолтой. Манай найз Тэди худалдааны төвд гар утасны худалдаа эрхэлдэг байсан ба одоогоор эрхэлсэн тодорхой ажилгүй байгаа.  Манай М- нь бүрэн дунд сургуульд суралцаж байхдаа 1-10 дугаар анги хүртэл ангийн даргаар сонгогдсон. Тэрээр бусдыг удирдан зохион байгуулах авъяастай, шударга, зарчимч, сурлага сайтай. Би түүнийг бусадтай хэрүүл маргаан болон зодоон хийж байхыг хэзээ ч харж байгаагүй. Ер харьцааны хувьд олон хүнтэй харьцаж сурсан, нийтэч зан чанартай. Өөрөөсөө олон насаар дүү эмэгтэй хүнийг хүүхдийнх нь хажууд зодсон эрэгтэйд хуулийн дагуу шударгаар хариуцлага тооцож өгөөч гэж хүсэж байна...”гэх мэдүүлэг /хх-ийн 108 дугаар хуудас/,

Гэрч О.Д-гийн: “...Миний охин элдэв муу араншин байхгүй, даруу төлөв хүүхэд байгаа юм. М- нь 3 настайдаа шар өвчнөөр өвчлөөд үүнээс хойш Халдварт өвчин судлалын төвд байнгын эмчийн хяналтанд байдаг. Тэрээр элэгний хатуурал буюу цирроз гэсэн оношоор байнгын эмчилгээ хийлгэдэг. 16 насандаа 70 хувийн хөдөлмөрийн чадвар алдалттай гээд группт орсон. Миний охины асуудлыг хуулийн хүрээнд эрүүл мэндийн байдлыг нь харгалзан зөв шийдэж өгнө биз дээ. Шинжээчийн дүгнэлтүүдийг зөрүүтэй, худлаа гарсан гэж үзэж байна. Миний охин элэгний өвчтэй хувьд өвчтэй. Гэхдээ охин маань эмчилгээгээ хийлгээд л явдаг байсан. Гэтэл 2018 оны 02 дугаар сарын 07-ны өдөр болсон асуудлын улмаас охины сэтгэл санаа хямарч биеийн байдалд нь нөлөөлж эрүүл мэндийн байдалд нь муугаар нөлөөлж байна. Охин маань сэтгэл санааны хямралд  орсоноос болоод нойр булчирхайд 1.9Ч1.9 хэмжээтэй хавдар илэрсэн. Энэ нь цохилт доргилтоос үүссэн...”гэх мэдүүлэг /хх-ийн 109 дүгээр хуудас/

 

Шинжээчийн дүгнэлт болон бусад нотлох баримтууд

-Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн шүүх эмнэлгийн шинжээчийн №2386 дугаартай дүгнэлт /хх-ийн 28 дугаар хуудас/,

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн шүүх эмнэлгийн шинжээчийн №2389 дугаартай дүгнэлт /хх-ийн 31 дүгээр  хуудас/,

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн шүүх эмнэлгийн шинжээчийн №803 дугаартай дүгнэлт /хх-ийн 39 дүгээр  хуудас/,

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн шүүх эмнэлгийн шинжээчийн №802 дугаартай дүгнэлт /хх-ийн 40 дүгээр  хуудас/,

 

Мөрдөн байцаалтын шатанд шүүгдэгчээс мэдүүлсэн мэдүүлгүүд

Шүүгдэгч П.М-ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэрчээр мэдүүлэхдээ: “...2018 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 14 цаг 30 минутын үед Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Дулааны-цахилгаан станцийн зүүн хойд талын авто зам дээр урагшаа чиглэлтэй 2 дугаар эгнээнд зөөлөн явж байсан чинь гэнэт урдуур 0002 УНД улсын дугаартай автомашин орж ирээд зүүн эргэх гэж байсан. Тэгэхээр нь би нэгдүгээр эгнээнээс цагаан шугам давж эргэдэг хэн юм бэ гэсэн чинь тэр машины жолооч машинаасаа бууж ирээд чи тэнэг юм үү гээд маргалдаж байгаад машины хаалга дээр гараараа цохиж доромжилсон. Тэгэхээр нь машин цохихоор нь уур хүрээд машинаас буугаад нөгөө хүний машины ар талын цонхон дээр гараараа цохисон. Тэгсэн чинь тэр машины жолооч намайг чи машин цохидог хэн бэ наад машин чинь үнэтэй машин гээд гараа багалзуурдаж авангуутаа миний баруун шанаа руу цохисон чинь нүдний шил газар унасан. Тэгээд би тэр хүний өөдөөс сарвалзаад нүдний шилээ газраас нь авч байхад нөгөө машины жолоочийг явах гэж байна гэж бодоод машин дотор нь ороод суучихсан чинь тэр хүн шууд миний машин дотор ороод машины түлхүүр авчихсан. Тэгэхээр нь машины түлхүүрээ авъя гээд маргалдсан чинь тэр залуу чи намайг хараарай би өөрөө зоддоггүй юм аа гэхэд гэхэд хүнээр зодуулна гэсэн. Тэгээд машин дээрээ очсон чинь нөгөө машины жолооч миний машины эсрэг талын суудал дунд унагааж дээрээс багалзуурдаж байгаад нулимсан. Тэгэхээр нь би тэр хүний нүүр рүү самардсан. Тэгээд миний гэдэс рүү цохисон. Тэгсэн ээж тусламж гуйгаад хүмүүс ирж салгасан. Тэгээд би цагдаад дуудлага өгсөн. Гараараа миний баруун шанаа руу 1 удаа, гэдэс рүү 2 удаа цохисон. Тэгээд намайг заамдсан. Миний баруун шанаа хөндүүр байна. Мөн гэдэс хөндүүр байна. Шүүх эмнэлэгт үзүүлнэ. Би элэг муутай учир элгэнд асуудал гарсан бол гомдолтой байна. Би өөрийгөө хамгаалж гараа сарвалзуулсан чинь нүүрийг нь самардсан байх, санаатай цохиж зодож гэмтэл учруулаагүй. Тухайн үед зодооныг салгасан 95092055 дугаартай хүн харсан байгаа. Гомдолтой байна тэр хүн намайг заналхийлсэн...” гэх мэдүүлэг. /хх-ийн 19-20 дугаар хуудас/,

Шүүгдэгч П.М-ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд яллагдагчаар мэдүүлэхдээ: “...2018 оны 02 дугаар сарын 07-ны өдөр 14 цаг өнгөрч байхад хадам ээж Бямбасүрэн, 6 настай Кан Ная Хён /хадам эгчийн хүүхэд/, өөрийн 4 настай хүү Мөнх-Өлзий нарын хамтаар Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Пластик ХХК-ний баруун урд талын авто зам дээр 59-30 УБҮ улсын дугаартай, мөнгөлөг саарал өнгийн Тоёота Алпард маркийн машиныг жолоодон ертөнцийн зүгээр хойноос урагшаа чиглэлтэй, замын 2 дугаар эгнээгээр явж байсан. Тэгтэл нэгдүгээр эгнээнээс 00-02 УНД улсын дугаартай, хар өнгийн, Тоёота Ланд Круйзер-570 маркийн автомашин баруун гар талаас гэнэтхэн шахаж орж ирээд зам хөндлөн зогсчихсон. Тэр машин нь замын үргэлжилсэн цагаан шугам давж буцаж эргэх гэж байгаа юм шиг зогссон. Тухайн үед би хурд багатай явж байсан тулдаа тэр машиныг арай мөргөөгүй зогссон. Би машинаа зогсоонгуутаа сигналаа удаан дарсан. Тэгтэл урд талд хөндлөн зогссон машины жолооч болох эрэгтэй нь цонхоо нээхээр нь хадам ээж Бямбасүрэн нь “ чи нэгдүгээр эгнээнээс үргэлжилсэн шугам давж эргэдэг чи мангар уу” гээд гараа зангатал нөгөө жолооч болох 50 орчим насны Отгонбаяр /сүүлд нэрийг нь мэдсэн/ гэх өндөр хүн бууж ирсэнээ зүүн урд талын суудал дээр сууж байсан хадам ээжийн талаар хүрч ирсэнээ зүүн урд талын крыло, зүүн урд талын цонх руу гараараа цохиод “пизда минь би угаасаа энэ зам дээр ингэж явдаг юм” гээд хашгичаад байхаар нь би аюулгүйн бүсээс тайлж, машинаас бууж очоод “ чи яахаараа миний машиныг цохидог юм бэ, чиний машиныг ингээд цохивол яах вэ” гээд Отгонбаярын машины зүүн хойд талын шилний доод буланд нэг удаа гараараа цохисон. Тэгтэл Отгонбаяр “пизда, гичий минь, чамаас үнэтэй машин шүү” гээд намайг заамдаад, баруун шанаа руу зүүн гараараа нэг удаа цохиж газар унасан. Тухайн үед миний зүүж явсан харааны шил нэгдүгээр эгнээ рүү уначихаар нь шилээ авах гээд цаашаа мөлхтөл Отгонбаяр миний хувцаснаас угз татаад босгоод намайг баруун гараараа заамдаж байгаад, баруун хацар руу зүүн гараараа алгадсан. Дахин цохих гэхээр нь би гарыг нь хаагаад баруун гараа савтал түүний духан дээр хүрэх шиг болсон. Энэ үед хажуугаар саарал өнгийн 40-32 билүү дугаартай Тоёота Приус-20 маркийн машины урд сууж байсан эмэгтэй гар утсаараа бичлэг хийж байгаа харагдсан. Тэр машин надад туслахгүй явчихсан. Ингээд Отгонбаярыг машиндаа суугаад явах гэхээр нь би хадам ээжийн 88994530 дугаараас цагдаад “энэ хүн намайг зодчихлоо, цагдаа чинь яасан бэ” гэж дахин дуудлага өгсөн. Цагдаад дуудлага өгсөн байхад Отгонбаяр зугтах гээд байхаар нь би түүний машины жолоочийн суудал дээр суугаад “чи цагдаа ирэхээс нааш явна гэж байхгүй”  гэж хэлтэл Отгонбаяр нь  “би чамд хэн гэдгээ харуулна, би чамтай нэгийгээ үзнэ, би чамайг хүнээр зодуулж алуулна, өөрөө чаддаггүй юм аа гэхэд хүнээр зодуулж алуулна” гэхээр нь би түүнд “битгий хуц” гэж хэлсэн. Тухайн үед хадам ээж “хэрэв миний хүүхэд явж байгаад ямар нэгэн зүйл болвол чамаас би нэхэх юм уу” гэтэл Отгонбаяр “тэгээрэй, чаддаг юм бол тэгээрэй” гээд маргалдаад байсан. Тухайн үед Отгонбаяр духаа сальфеткаар арчаад байгаа харагдсан. Отгонбаяр миний машин руу очоод машины түлхүүр авахаар нь би түүний машинаас буугаад цагдаад дахин “энэ чинь миний машины түлхүүрийг авчихлаа” гэж дуудлага өгсөн. Тэр хооронд Отгонбаяр машины зүүн урд талын хаалгаар машин руу тонгойчихсон дунд хайрцагийг ухаж байхаар нь “чи хулгайч юм уу, хүний машин яахаараа ухаж байгаа юм бэ” гэтэл тэрээр эргэж харангуутаа намайг заамдаад, зүүн урд талын суудлын урд руу тонгорч унагаад, дээрээс дарж багалзуурдаж сэгсрээд, толгойны ар дагзаар машины урд хөндлөвчийг цохиод байсан. Тухайн үед миний дуу гарахгүй, орилж ч чадахгүй, зөвхөн 2 хөл л доор сарвалзаад байсан. Би Отгонбаярын гарыг нь тавиулах гээд гараас нь татаж чангаасан боловч дийлээгүй. Хадам ээж ч бас Отгонбаярыг хойноос нь татаж чангаасан боловч надаас салгаж дийлээгүй. Отгонбаяр нь миний цээж, хэвлийн орчим руу 4-5 удаа гараараа цохисон. Энэ үед гудамжаар явсан 3 залуу ирж Отгонбаярыг надаас салгасан. Нэг залуу нь “та эмэгтэй хүн зодоод байна шүү дээ, болохгүй шүү дээ” гэж хэлж байсан....Тухайн үед миний хоёр гарын бугуй хөндүүрлээд, толгой дүйнгэтээд өвдөөд байсан. Мөн бүх биеийн булчин чангараад, цээж, хэвлий орчмоор хөндүүрлэж өвдөөд, зүрх дэлсээд байсан. Би өөрийгөө Отгонбаярын биед гэмтэл учруулсан гэж бодохгүй байгаа. Анх намайг гэмтлийн эмнэлэгт очиж үзүүлэхэд рентгэн зураг авхуулсан. Энэ зургийг хүлээн авахын эмч нь үзэж онош бичиж өгсөн. Рентгэн зураг нь одоо хүртэл эмнэлэгт хадгалагдаж байгаа байх. Тухайн үед шаардлагагүй гэж бодоод рентгэн зургийг аваагүй. Гэмтлийн эмнэлэгт үзүүлсэнээс хойш нэг цаг гарангийн дараа Шүүх эмнэлэгт очиж үзүүлсэн. Би үнэхээр их гомдолтой байна. Би өөрөө бусдад зодуулсан хохирогч байтал өөрөө буруутан болж байгаад гомдолтой байна. Отгонбаярт зодуулсанаас хойш өмнө нь өвддөг байснаасаа их өвдөж байна. Мөн айдас түгшүүртэй, одоо ч машиндаа тайван жолоодож чадахгүй байна. Би элэгний хатууралтай ба өмнө нь улиралдаа 1 удаа эмчид үзүүлж, эмчилгээгээ тогтмол хийлгэдэг байсан. Дээрх явдалаас хойш 7 хоног бүр эмчид үзүүлдэг боллоо...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 106-107  дугаар хуудас/,

 

Шүүгдэгч хувийн байдалтай холбоотой баримтууд:

-Монгол улсын иргэний үнэмлэхний лавлагаа   /хх-ийн 131 дүгээр хуудас/,

-Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 44 дүгээр хуудас/,

-Оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 130 дугаар хуудас/,

-Эд хөрөнгөтэй эсэхийн дэлгэрэнгүй лавлагаа /хх-ийн 134 дүгээр анги/,

-Гэрлэлт бүртгэлийн лавлагаа /хх-ийн 129 дүгээр хуудас/

-Төрсний бүртгэлийн лавлагаа /хх-ийн 132, 133 дугаар хуудас/

-Боловсролын талаарх баримтын хуулбарууд /хх-ийн 115-128 дугаар хуудас/

-Хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацаа тогтоосон акт /хх-ийн 167 дугаар хуудас/ зэрэг бичгийн баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, шүүгдэгч, хохирогч нарыг байцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй байх тул хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж Б.М-ад холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна. 

 

Шүүх хэргийн байдлыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судалвал:

 

        Хан-Уул дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч П.М-ыг 2018 оны 02 дугаар сарын 07-ны өдөр 15 цагийн үед Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Дулааны-цахилгаан станцын зүүн хойд талын уулзвар орчимд хохирогч Ж.О-тай “замын хөдөлгөөний дүрэм зөрчлөө” гэх шалтгаанаар хоорондоо маргалдан, түүний нүүрэн тус газар маажиж “дух, баруун хацарт зулгаралт” бүхий Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Шүүх хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтыг дүгнэхэд шүүгдэгч П.М- нь 2018 оны 02 дугаар сарын 07-ны өдөр 15 цагийн үед Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Дулааны-цахилгаан станцын зүүн хойд талын уулзвар орчимд хохирогч Ж.О-ыг замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн “нэгдүгээр эгнээнээс үргэлжилсэн шугам давж эргэлээ” гэсэн зүй ёсны шаардлага тавьсны улмаас хохирогч эсэргүүцэн хэрэлдэж түүнийг хоёр хүүхэд болон хадам эх Б.Б-гийн дэргэд машинд заамдан багалзуурдан дарсанаас шүүгдэгч нь эрүүл мэндийн эсрэг хууль бус өөрийн бие махбодь, сэтгэл санаанд нь онцгой зовиур, шаналал үүсгэн цочроосон тухайн агшинд эрүүл мэндээ хамгаалах зорилгоор тухайн хууль бус ба тулгарсан аюултай довтолгооны эсрэг тэр даруй хохирогч Ж.О-ыг "өөрөөс холдуулан түлхэн самардсан" үйлдэл хийсэн нь хэрэгт цугларсан нотлох баримтаар эргэлзээгүй тогтоогдсон байх тул шүүгдэгч П.М-ыг аргагүй хамгаалалт хийсэн гэж үзэх үндэслэлтэй байна.   

Шүүгдэгч П.М-ын аргагүй хамгаалалт хийсэн үйлдэл нь гагцхүү Ж.О-ыг өөрөөсөө холдуулан цааш түлхсэн байх ба хохирогчийн биед дух,баруун хацарт зулгаралт гэмтэл учирсан болох нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн шүүх эмнэлгийн шинжээчийн №2386 дугаартай

  1. Ж.О-ын биед дух,баруун хацарт зулгаралт гэмтэл тогтоогдлоо.
  2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр нэг удаагийн үйлдлээр үүсгэгдэнэ.
  3. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
  4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.
  5. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой гэх дүгнэлт /хх-ийн 28 дугаар хуудас/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн шүүх эмнэлгийн шинжээчийн №803 дугаартай

  1. Ж.О-ын биед тухайн үед дух, баруун хацарт зулгаралт гэмтэл учирчээ. Уг гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэх дүгнэлт /хх-ийн 39 дүгээр хуудас/-ээр тогтоогджээ.

 

        Гэмт хэргийн сэдэлт, гэмт хэрэг үйлдэгдэх болсон шалтгаан нөхцөлийг хавтаст хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн шүүгдэгч, хохирогч, гэрч нарын мэдүүлгийг нотлох баримттай уялдуулж хууль зүйн дүгнэлт хийхэд Ж.О- нь анх хохирогчоор мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: ”...Би машинаас буугаад тухайн машины зорчигч  талаар очоод цонхоо онгойлгохоор нь та 2 эргэх гэж байгаад больчихлоо чигээрээ явж байгаад намайг мөргөх гэж байна шүү гэж хэлсэн чи дүрэм зөрчсөн буруу дарж орж ирсэн гээд байхаар нь буцаж машиндаа суухдаа нөгөө машины зорчигч талын хаалгыг гараараа алгадсан. Тэгээд машиндаа суух гэтэл жолооч хүүхэн бууж гарч ирээд намайг заамдаад авсан би өөрөөсөө холдуулах гээд гарыг нь тавиулаад түлхсэн дахин миний цамцнаас заамдаад татаад байсан тэр үедээ эмэгтэй хүн зодлоо гээд орилоод байсан тэр үед намайг заамдаж байсан эмэгтэй миний духыг баруун гараараа нэг удаа маажсан би дахин маажуулахгүй гээд тэр эмэгтэйн 2 гарыг нь барьж байгаад өөрөөсөө холдуулаад түлхсэн. Тэр эмэгтэй намайг хэл амаар доромжлоод байхаар нь би машины түлхүүрийг нь аваад шууд хажууд нь сууж байсан эмэгтэйд өгсөн цагдаа дуудна гэж байтал тэр эмэгтэй миний машины түлхүүрийг авах гээд машинд орж суусан түлхүүр байхгүй байсан болохоор миний машинд суусан би зөрөөд би чиний машинд сууна гээд машиных нь зорчигч талын хаалганы хажууд очоод зогсож байтал миний машинд сууж байсан эмэгтэй чи миний машинаас юм хулгай хийх гэлээ гээд гүйж ирээд зүүн гараараа дахиад миний баруун хацрыг маажсан тэгэхээр нь би дахин маажуулахгүй гээд гарыг нь бариад зорчигч талын хэсэгт нь дарсан тэр эмэгтэйн гарыг барьж байхад миний цамцны захаас зулгаагаад тавихгүй байсан би тэр эмэгтэйгээс холдох гэтэл намайг өшиглөөд байсан тэгээд л би холдоод явсан” /хх-ийн 11-13 дугаар хуудас/ гэсэн мэдүүлэг нь

гэрч Б.Б-гийн “...П.М-ын машинд суугаад хамт явж байх үед зэрэгцэж явж байсан 00-02 УНД улсын дугаартай Лексус 570 маркийн автомашин урдуур шахаж ороод зогсох үед араас нь осол аваараас урьдчилан сэргийлэхийн тулд сигнал дарсан. Тэр үед тус машины жолооч ууртайгаар бууж ирсэн. Би хариуд нь дүрмээрээ яваач нэгдүгээр эгнээнээс шууд эргэдэг гэж юу байсан юм гэхэд хариуд нь “хуцаад бай болдог юм” гээд машины хамар дээр нэг удаа гараараа хүчтэй цохисон. Тэр үед манай бэр болох П.М- машинаас бууж та машины шил хагалах шахлаа гэж хэлээд өөрийнх машины арын хэсэг рүү нэг удаа алгадсан. Нөгөө машины жолооч эрэгтэй манай бэрийг заамдаж машины буланд шахаж гараараа нэг удаа нүүрэн тус газар нь цохиж ахин цохихыг завдаж байх үед би дундуур нь орж салган П.М-ыг аваад машин руугаа явж байхад араас та нарыг “Хаана байж болох газраас чинь олоод хүнээр алуулна” гээд орилон айлган сүрдүүлж заналхийлээд хажуугаар хурдтай алхаж гаран манай машинд түрүүлж сууж машины голын хайрцагыг ухах үед нь би очиж “Чи хулгайч юм уу? яагаад хүний машин зөвшөөрөлгүй ухаад байгаа юм гэж хэлэхэд хариуд “Би ямар ухсан юмуу хуцаад байгаарай гэж хэлсэн”. Манай бэр ирээд чи миний машинд суудаг хэн юм гэхэд манай бэрийг татаж аваад жолоочийн хажуу талын сандалны шал руу шахаж дээрээс нь дараад нэг гараараа багалзуурдаж нөгөө гараараа цээж хэвлийн тус газар олон цохиж байх үед нь би араас нь хувцаснаас нь татаад дийлэхгүй болохоор ойролцоо явж байсан машинуудаас манай охиныг энэ хүн зодоод байна би салгаж дийлэхгүй байна гэж гуйх үед 5-6 машины жолооч нар бууж ирж нөгөө машины жолоочийг салгаж өгсөн. 27-46 УБВ улсын дугаартай автомашины жолооч “Энэ ямар бүдүүлэг хүн бэ гээд  би жоохон байж байгаад явъя тэгэхгүй бол  та хоёрыг ахиад ирээд зодох байх” гэж хэлээд хүлээж байгаад явсан.” /хх-ийн 25-26 дугаар хуудас/

гэрч Ц.Ц-ын:“...Би 2018 оны 02 дугаар сарын 07-ны өдөр үдээс хойш /цагийг нь санахгүй байна/ Хан-Уул дүүрэг, 19 дүгээр хорооллоос Гурвалжингийн гүүр орох гээд өөрийн 27-46 УБВ улсын дугаартай Микро автобустай явж байхад Дулааны-цахилгаан станцын зүүн хойд талын гурван замын уулзварын орчимд цагаан өнгийн Тоёота Алпард, хар саарал өнгийн Тоёота Ланд Круйзер-570 маркийн машинууд цувраад зогсчихсон байдалтай, Тоёота Алпард маркийн автомашин ганхаж хөдлөөд байхаар нь би машинаасаа буугаад тэр машины зүүн урд талд нь очсон. Тэгтэл 40 гаран насны эрэгтэй хүн 30 орчим насны эмэгтэйг хувцасны захаар нь заамдаад урд шалан дээр нь гэдрэг нь харуулаад хэвтүүлчихсэн, сэгсэрч байсан.  Тэгэхээр нь би тэр эрэгтэйд та ингэж болохгүй гэж хэлээд тэр эмэгтэйгээс салгасан. Тухайн үед тэр эмэгтэй “энэ эмэгтэй миний нүүрийг самардчихлаа” гэхээр нь хартал нөгөө эрэгтэй нүүр нь аль хэсэгтэй ч билээ цус болсон харагдаж байсан. Харин тэр эмэгтэйд ил харагдах гэмтэл шарх гэх зүйл харагдаагүй. Би тэр эмэгтэйд шаардлагатай бол над руу яриарай гэж хэлээд өөрийнхөө гар утасны дугаарыг тэмдэглүүлээд явсан. Үүнээс өөр зүйл мэдэхгүй. Миний бодлоор 570 маркийн машинтай хүн Алпард маркийн машины баруун урдуур шахаж орж ирээд, түүнээсээ болоод л хоорондоо маргалдсан юм шиг байна лээ...”гэх мэдүүлэг /хх-ийн 111 дүгээр хуудас / болон мөн энэ тухай шүүгдэгч П.М-ын мөрдөн байцаалт, шүүх хуралдаанд яллагдагч, шүүгдэгчээр  удаа дараа тогтвортой өгсөн мэдүүлгээр няцаагдсан болно.

 

         Хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгээр хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтаар хохирогч Ж.О- нь зүй ёсны шаардлага тавьсан П.М-ыг заамдаж, гараараа нүүрэн тус газар нь цохиж,  дахин цохихыг завдсан. Мөн цаашид ч довтолгооноо үргэлжлүүлэн жолоочийн хажуу талын сандалны шал руу шахаж дээрээс нь дараад нэг гараараа багалзуурдаж нөгөө гараараа цээж хэвлийн тус газар олон цохисон нь түүний амь нас, эрүүл мэндэд аюул учирч болзошгүй нөхцөл байдал бодитой үүсэж, довтолгооноос хамгаалж Ж.О-ын нүүрэн тус газар нь маажиж дух, баруун хацарт зулгаралт бүхий эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсныг гэмт хэрэгт тооцох үндэслэлгүй, гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжгүй байна.

 

            Харин хохирогч Ж.О- нь  шүүгдэгч П.М-ыг цээж хэвлий хэсэг рүү олон удаа гараараа цохин өвдөглөн дарсан үйлдлийн улмаас шүүгдэгчийн биед 1.9х1.9 см хэмжээтэй сүүдэр үүссэн талаарх гомдол нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 02 дугаар сарын 13-ний өдрийн шүүх эмнэлгийн шинжээчийн №2389 дугаартай дүгнэлт /хх-ийн 31 дүгээр  хуудас/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн шүүх эмнэлгийн шинжээчийн №802 дугаартай П.М-ын биед тухайн үед баруун, зүүн шуу, баруун бугалганы цус хуралт, зулгаралт бүхий гэмтэл учирчээ. 2018.02.07-ны өдрийн шинжээч эмчийн үзлэгээр тархи доргилт, цээж, хэвлийн зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдохгүй байна. “Ачтан-Элит” эмнэлгийн 2018.03.14-ны цээжний рентген зурагт ясанд хугарал, цууралт үгүй байна гэх дүгнэлт /хх-ийн 40 дүгээр  хуудас/-ээр тогтоогдоогүй тухай шинжээчийн дүгнэлт гарсан, П.Мөнхнасан нь 16 наснаасаа элэгний хатуурал буюу цирроз гэсэн оношоор байнгын эмчилгээ хийлгэдэг 70 хувийн хөдөлмөрийн чадвар алдалттай талаар гэрч түүний төрсөн эх О.Д-гийн мэдүүлэг /хх-ийн 109-110 дугаар хуудас/, Хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацаа тогтоосон акт /хх-ийн 167 дугаар хуудас/ зэрэг бичгийн баримтуудаар хохирогчийн үйдлийн улмаас үүссэн шууд  шалтгаант холбоотой гэж үзэх  боломжгүй  болохыг дурдах нь зүйтэй. 

 

         Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “ Өөрийн  ... эрүүл мэндийн эсрэг хууль бус ба тулгарсан довтолгооны эсрэг хийсэн гэмт хэргийн шинжтэй үйлдлийг гэмт хэрэгт тооцохгүй” гэж мөн зүйлийн 3 дахь хэсэгт “Аргагүй хамгаалалтыг бусдын хууль бус халдлага эхэлсэн, эхлэх гэж байгаа нь тодорхой болсон үед хийнэ. Довтолгоо төгссөн хойно хийсэн үйлдлийг аргагүй хамгаалалтад тооцохгүй” гэж хуульчилжээ.

Өөрөөр хэлбэл нийгэмд аюултай халдлага бодитой эхэлсэн, эрүүгийн хуулиар хамгаалагдсан эрх, ашиг сонирхолд хохирол учруулах нь хэн бүхэнд тодорхой байгаа үед хамгаалалт хийх эрх үүсэх бөгөөд бодитой хүч хэрэглэсэн шинжтэй шууд заналхийлэл нь аргагүй хамгаалалт хийх хууль зүйн үндэслэл юм.

        Шүүгдэгч П.М- нь Үндсэн хуулийн Арван зургаадугаар зүйлийн 1 дэх хэсгийн 4-т заасан “...амьд явах, халдашгүй чөлөөтэй байх ...болон бусад эрхээ эдлэх” энэ эрхэд халдсан довтолгооныг няцаах, түүнээс хамгаалах үйлдэл хийж эсрэг хүч хэрэглэн зогсоосон нь шүүгдэгч, хохирогч, гэрч нарын дээрх мэдүүлэг, хавтаст хэрэгт авагдсан бусад нотлох баримтууд зэргээр тогтоогджээ.

        Дээрхээс үзвэл хохирогч Ж.О- нь илэрхий, хүч хэрэглэсэн довтолгоо хийсэн байх бөгөөд түүний үйлдэл нь П.М-ын хууль ёсны эрх, ашиг сонирхолд хор хохирол учрах, эсхүл хор хохирол учруулах бодитой  шууд аюул тулгарах нөхцөл байдал бий болжээ.

Энэ утгаараа аргагүй хамгаалалт бол халдагч этгээдийн хууль бус үйлдлийг таслан зогсоох зорилгоор үйлдэгдэж буй хариу довтолгоон, эсрэг дайралтаар илэрдэг шууд санаатай үйлдэл байдаг. Чухам ийм идэвхтэй хамгаалалт нүүрлэж буй аюулаас хамгаалах баталгаа болдог тул эрүүгийн эрх зүйн шинжлэх ухаанд аргагүй хамгаалалтыг нийгэмд ашигтай, болзошгүй гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ач холбогдолтой гэж үздэг.

Хуулиар олгогдсон эрхийнхээ дагуу, аргагүй хамгаалалтын нөхцөл байдалд, өөрийн хуулиар хамгаалагдсан эрх, эрх чөлөөг нийгэмд аюултай, хууль бус халдлагаас хамгаалах явцдаа халдагч этгээдийн бие махбодид хөнгөн гэмтэл учруулсан шүүгдэгч П.М-ын санаатай, идэвхтэй үйлдэл нь  Эрүүгийн хуульд заасан гэм хорыг учруулсан хэдий боловч бодит агуулгаараа хууль бус халдлагын эсрэг хийгдэж байгаа нийгэмд ашигтай, аргагүй хамгаалалтын үйлдэл мөн гэж үзнэ.

Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн  4.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар П.М-ад холбогдох хэргийг гэмт хэргийг үгүйсгэх нөхцөл байдал тогтоогдсон үндэслэлээр хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Хохирогч Ж.О- нь шүүгдэгчээс гэм хорын хохиролд нэхэмжлэх зүйлгүй гэж байгаа боловч  Иргэний хуулийн 10 дугаар зүйлийн 10.2 дахь хэсэгт заасны дагуу П.М- нь аргагүй хамгаалалтын нөхцөл байдалд бусдад учруулсан гэм хорын хохирлыг хариуцан арилгах үүрэг хүлээхгүй болохыг дурдаж байна.

Мөн прокуророос шүүгдэгч П.М-ад холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн уг хэрэг нь мөн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарч байна.

Шүүгдэгч П.М-ын үйлдэл 2018 оны 02 дугаар сарын 07-ны өдрөөс хойш  1 жилийн хугацаа өнгөрсөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т “энэ хуулийн тусгай ангид ....зорчих эрхийг хязгаарлах ялын дээд хэмжээг нэг жил түүнээс бага хугацаагаар тогтоосон... гэмт хэрэг үйлдсэнээс хойш нэг жил өнгөрсөн” гэж, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг гэмт хэрэг үйлдсэн өдрөөс эхлэн анхан шатны шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох хүртэл тоолно...” гэж тус тус заасан байх тул шүүгдэгч П.М-ад холбогдох хэргийг хөөн хэлэлцэх хугацаа дууссаныг дурдах нь зүйтэй байна.

 Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, иргэний бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй,  П.М- нь цагдан хоригдсон хоноггүй,бусдад төлөх төлбөргүй болохыг дурдаж байна.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1, 1.2,  36.2 дугаар зүйлийн 5, 36.6, 36.9,36.10, 36.13 дугаар зүйлүүдийг  тус тус удридлага болгон

       ТОГТООХ нь:

 

               1. Хан-Уул дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн П.М-ад холбогдох эрүүгийн хэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан үндэслэлээр хэрэгсэхгүй болгон цагаатгасугай.

    2. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, иргэний бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, П.М- нь цагдан хоригдсон хоноггүй бусдад төлөх төлбөргүй болохыг дурдсугай.

               3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар цагаатгах тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд хэргийн оролцогч цагаатгах тогтоолыг гардаж авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих  эрхтэй болохыг дурдсугай.

 

     4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн цагаатгах тогтоолд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоолыг биелүүлэх хүртэл П.М-ад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                              П.ТУЯАТ