Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 02 сарын 11 өдөр

Дугаар 112

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

    Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч П.Туяат даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Ж.Буянжаргал,

            улсын яллагч Н.Пүрэвтогтох,

           хохирогч  Б.Ж-,

шүүгдэгч С.Э -нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Хан-Уул дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г- овогт С-гийн Э-д холбогдох 18100200000000000 дугаартай хэргийг 2019 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт                                                                    

 Монгол улсын иргэн, 1987 оны 06 дугаар сарын 09-ний  өдөр Улаанбаатар хотод төрсөн, 31 настай, эрэгтэй, дээд боловсролтой, улс төр шинжээч, судлаач, кино найруулагч мэргэжилтэй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо 12 дугаар хороолол 222-р байр 0, тоотод оршин суух, “Э-” ХХК-д менежер ажилтай, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, Г- овогт С-гийн Э

Холбогдсон хэргийн талаар/яллах дүгнэлтэнд бичигдснээр/

Шүүгдэгч С.Э -нь иргэн Б.Ж-д өөрийгөө Тагнуулын ерөнхий газар ажилладаг гэж итгүүлэн танай цэцэрлэгийн тусгай зөвшөөрөл болон хүүхдийн тоог нэмж өгч салбар гэрчилгээг гаргаж өгч чадна гэж хуурч 2018 оны 01 дүгээр сарын 29-ний өдрөөс 2018 оны 03 дугаар сар хүртэл хугацаанд өөрийн Хаан банкны 000000000000-тоот дансаар нийт 4.600.000 төгрөг, зээлийг чинь орон сууцны урт хугацаатай зээл болгоод Төрийн банк руу шилжүүлээд өгье гэж хуурч 2.000.000 төгрөгийг цувуулан авч залилан мэхэлж бусдад 6.900.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, хохирогч нараас мэдүүлсэн мэдүүлэг:

Шүүгдэгч С.Э-аас: “...Би хохирогч Жаргалтуяад 6.900.000 төгрөгийг хохирлоо нөхөн төлсөн. Би Жаргалтуяад 6.900.000 төгрөгийн хохирол учруулсан тул хүүнд нь нэмж 1.000.000 төгрөг өгөхөөр тохиролцсон. Би өөрийн үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна...” гэв.

Хохирогч Б.Ж-гаас: “...Би гомдолтой байна. С.Э -цэцэрлэгийн гэрчилгээ гаргаж өгнө гээд надаас удаа дараа мөнгө авсан. Би банкинд төлөх гэж байсан мөнгөнөөсөө С.Э-д итгэж мөнгө өгсөн. Гэтэл банкны мөнгө төлөгдөхгүй хугацаа хэтэрсээр байгаад банкны хүү өссөн. Одоо би муу зээлийн түүхтэй болж өөр банкнаас зээл авах эрхгүй болсон. Банкны хүү төлөх хугацаа хэтэрсэн тул намайг шүүхэд өгөх гэж байсан. Гэтэл С.Э -“би чамд 1.000.000 төгрөг өгье, чи банкны хүүгээ аргалж бай, чиний ажил удахгүй бүтэх гэж байна” гэж хэлээд хойшлуулсаар байсан. Нийслэлийн боловсролын газарт цэцэрлэгийн гэрчилгээгээ шалгалтаар оруулахад шалгалтанд унасан. Манай цэцэрлэг улсаас санхүүждэг. С.Э -цэцэрлэгийн гэрчилгээ гаргаж өгсөн бол улсаас сар бүр 2.000.000 төгрөг авах ёстой байсан. Би банкнаас 63.000.000 төгрөгийн зээл аваад цэцэрлэгийн талбайг 2 метрээр өргөжүүлж, хүүхдийн тоог нэмэх зорилготой байсан. Зээлийн хүү өндөр тогтоогдсон гэтэл би “гэрчилгээ гаргаж чадна, Нийслэлийн боловсролын газрын Дашдэмбэрэл миний найз юм. Иймд би гэрчилгээ гаргаж өгч чадна, чи над руу мөнгө шилжүүлчих гэж хэлээд надаас удаа дараа мөнгө авч байсан. Үүний улмаас би муу зээлийн түүхтэй болж миний банкны зээлийн асуудал шүүх рүү шилжсэн. С.Э -надад “1.000.000 төгрөг нэмж өгнө” гэж хэлдэг. Би 1.000.000 төгрөгнөөс илүү хэмжээний мөнгө нэхэмжлэх хүсэлтэй байна. Учир нь С.Э-ы үйлдлийн улмаас би маш их хохирсон. Би С.Э-аас 6.900.000 төгрөг авсан байгаа...” гэв.

          Мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч, гэрч нараас мэдүүлсэн мэдүүлгүүд:

            -Хохирогч Б.Ж-гийн: “...Э- гэх залуу өөрийгөө тагнуулын ерөнхий газар ажилдаг би ерөнхийдөө цэцэрлэгийн үйл ажиллагаа явуулдаг тусгай зөвшөөрлийг гаргаж өгдөг гэж хэлсэн. Тэгээд миний найз Нийслэлийн боловсролын газрын дарга Дашдэмбэрэл гэж хүн байгаа би танай цэцэрлэгийн тусгай зөвшөөрөл болон хүүхдийн тоог нэмж өгч салбар гэрчилгээг гаргаж өгч чадна гэж хэлээд энэ асуудлыг шийдэхэд 4 сая төгрөгийн ханштай гэж хэлсэн. Ингээд түүнд 2018 оны 01 дүгээр сарын 29-ний өдрөөс эхлэн би өөрийн Хаан банкны данснаас Э- гэх залуугийн  000000000000-дугаарын Хаан банкны дансанд мөнгөө хэсэг хэсгээр нь шилжүүлэн хийсэн. Эхлээд надаас галын дүгнэлт, мэргэжлийн хяналтын дүгнэлт гаргана гэж хэлээд 600.000 төгрөг авсан. Дараа нь 2018 оны 02 сард гэрчилгээний урьдчилгаа мөнгө гэж хэлээд надаас дансаар 2 сая төгрөг,  2018 оны 03 сард гэрчилгээ гарсан гэж хэлээд 2 сая төгрөг авсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 14-15  дугаар хуудас/,

            Гэрч Ц.Уянгын: “...Э- гэх хүн уг цэцэрлэгийн хүчин чадал нэмэх тухай тусгай зөвшөөрөл авахаар манайд материал бүрдүүлж өгөөгүй. Би Эрдэнэсийн авдар цэцэрлэгийн хүчин чадал нэмэх тусгай зөвшөөрөлд гарын үсэг зураагүй. Харин энэ оны 10 сард уг цэцэрлэгийг үүсгэн байгуулагч Жаргалтуяа гэх хүн ирж надтай уулзаад хүчин чадал өөрчлүүлэх материал өгсөн. Тэгээд би уг материалыг үзэхэд тусгай зөвшөөрлийн үнэт цаасан дээр дур мэдэн “61 хүүхдээр бүртгэв. 2018 оны 03 дугаар сарын 23 Ц.Уянга” гэж бичсэн, миний гарын үсгийг өөрөөр зурсан байсан. Би Жаргалтуяаг дуудаж уулзахад хүнд материалаа өгсөн, тэгсэн чинь болчихлоо гээд өгсөн юм гэсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн  24-25 дугаар хуудас/

 Хэргийн талаар бусад нотлох баримтууд:

            -Сургалт эрхлэх тусгай зөвшөөрлийн гэрчилгээ / хх-ийн 30 дугаар хуудас/,

           -Б.Ж-гийн Хаан банкны дипозит дансны дэлгэрэнгүй хуулга / хх-ийн 35-50 дугаар хуудас/, 

           -Захиргааны зөрчлийн бүртгэл /хх-ийн 51 дүгээр хуудас/

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд шүүгдэгчээс мэдүүлсэн мэдүүлгүүд

Яллагдагч С.Э-ы: “...Тухайн үед би өөрийгөө тусгай зөвшөөрөл гаргаж чадна гэж үзээд тусгай зөвшөөрлийг нь гаргаж өгөхөөр тохиролцоод бичиг баримтуудыг нь авсан. Би Жаргалтуяад тусгай зөвшөөрөл 4 саяар гаргаж өгнө гэж хэлсэн. Мөн мэргэжлийн хяналт, бусад зүйлд гэж хэлээд 700.000 төгрөг, үүнээс гадна 200.000 төгрөгийг хувьдаа зээлсэн байсан. За үүнээс хойш Жаргалтуяа надад банкинд өгдөг хүүгээ яаж багасгах вэ гэж асуухаар нь би түүнийг зээлийг орон сууцны урт хугацаатай зээлэнд хамруулж өгье манай найз Хичээнгүй нь төрийн орон сууц  корпарацид ажилладаг. Энэ хүнтэй уулзаад квот авч өгье гэж хэлээд 2 сая төгрөг авч байсан гэнэт мөнгөний шаардлага гараад өөртөө зарцуулчихсан юм аа. Би өөрийн хийсэн хэрэгтээ маш их гэмшиж харамсаж байна...” гэх   мэдүүлэг /хх-ийн 61 дүгээр хуудас/

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд:

-Монгол улсын иргэний үнэмлэхний лавлагаа / хх-ийн 26 дугаар  хуудас/,

-Оршин суугаа хаягийн тодорхойлолт / хх-ийн 27 дугаар хуудас/

-Урьд ял шийтгэгдсэн эсэхийн лавлагаа / хх-ийн 28 дугаар хуудас/ болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудыг шинжлэн судлав.  

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, яллагдагч, хохирогч нарыг байцаах, мэдүүлэг авахдаа эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн байдал тогтоогдохгүй байна.

Шүүх хэргийн байдлыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судалвал:

         Шүүгдэгч С.Э -нь иргэн Б.Ж-д өөрийгөө Тагнуулын ерөнхий газар ажилладаг гэж итгүүлэн танай цэцэрлэгийн тусгай зөвшөөрөл болон хүүхдийн тоог нэмж өгч салбар гэрчилгээг гаргаж өгч чадна гэж хуурч 2018 оны 01 дүгээр сарын 29-ний өдрөөс 2018 оны 03 дугаар сар хүртэл хугацаанд өөрийн Хаан банкны 000000000000-тоот дансаар нийт 4.600.000 төгрөг, зээлийг чинь орон сууцны урт хугацаатай зээл болгоод Төрийн банк руу шилжүүлээд өгье гэж хуурч 2.000.000 төгрөгийг цувуулан авч залилан мэхэлж бусдад 6.900.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг  үйлдсэн болох нь шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг/хх-ийн 61 дүгээр хуудас/, хохирогч Б.Ж-гийн мэдүүлэг /хх-ийн 14-15  дугаар хуудас/, гэрч Ц.Уянгын мэдүүлэг /хх-ийн  24-25 дугаар хуудас/, сургалт эрхлэх тусгай зөвшөөрлийн гэрчилгээ / хх-ийн 30 дугаар хуудас/,Б.Ж-гийн Хаан банкны дипозит дансны дэлгэрэнгүй хуулга / хх-ийн 35-50 дугаар хуудас/ зэрэг хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.   

  Иймд шүүгдэгч С.Э-ыг бусдыг хуурч мэхлэн, бусдын эд хөрөнгийг залилах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх гэм буруугийн болон шударга ёсны зарчимд нийцүүлж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгчид торгох ял оногдуулж шийдвэрлэв.

    Шүүхээс шүүгдэгч С.Э-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т зааснаар тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлснийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзан үзлээ.   

          Шүүгдэгч С.Э-аас гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохиролд 1.000.000 төгрөгийг гаргуулж хохирогч Б.Ж-д олгох нь зүйтэй байна.        

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, иргэний бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг дурдаж байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.12, 36.13 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон

 

          ТОГТООХ нь:

           1. Г- овогт С-гийн Э-ыг бусдыг хуурч мэхлэн, бусдын эд хөрөнгийг залилах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар С.Э-ыг 1000 /нэг мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 1.000.000 /нэг сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар С.Э-ын хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 90 /ер/ хоногийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

           

           4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг С.Э-д мэдэгдсүгэй.

           

          5.  Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар С.Э-аас 1.000.000 төгрөгийг гаргуулж хохирогч Б.Ж-д олгосугай.

        

           6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, иргэний бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, С.Э -нь цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд хэргийн оролцогч шийтгэх тогтоолыг гардаж авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих  эрхтэй болохыг дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоолыг биелүүлэх хүртэл С.Э-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг  хэвээр үргэлжлүүлсүгэй.         

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                            П.ТУЯАТ