| Шүүх | Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Пагамын Туяат |
| Хэргийн индекс | 187/2019/0080/Э/ |
| Дугаар | 119 |
| Огноо | 2019-02-13 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | Б.Соёлмаа |
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 02 сарын 13 өдөр
Дугаар 119
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Туяат даргалж,
шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Ж.Буянжаргал,
улсын яллагч Б.Соёлмаа,
шүүгдэгч Ц.М-, түүний өмгөөлөгч Б.Энх-Амгалан нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Хан-Уул дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн А- овогт Ц-ийн М-д холбогдох 18100200000000000 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт
Монгол Улсын иргэн, 1986 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 33 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо Хилчин гудамж, 2-36 байр 000 тоотод оршин суух,урьд Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2007 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 235 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 146 дугаар зүйлийн 146.1 дэх хэсэгт зааснаар 2 сар 15 хоногийн хугацаагаар баривчлах ялаар шийтгэгдсэн, Сүхбаатар дүүргийн шүүхийн 2013 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 000000 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1 дэх хэсэгт зааснаар гэмт буруутайд тооцож, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болгосон, А- овогт Ц-ийн М-
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэнд дурдсанаар/
Шүүгдэгч Ц.М- нь 2018 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр 14 цагийн орчим Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо М-сургуулийн гадна Ц.Ц-ын халааснаас түүний Самсунг галакси эс7 эдже, /Samsung s7 edge/ маркийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, Ц.Ц-д 350.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчээс мэдүүлсэн мэдүүлэг:
Шүүгдэгч Ц.М-гаас: “...Мөрдөн шалгах ажиллагааны шатанд үнэн зөв мэдүүлсэн. Нэмж хэлэх зүйлгүй...” гэв.
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч, гэрч нараас мэдүүлсэн мэдүүлгүүд
Хохирогч Ц.Ц-ын: “...2018 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр 13 цагийн орчимд Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг ХААИСургууль буюу би цайны цагаар ажлаасаа гараад цай ундаа уусан. Тэгээд буцаж ажил руугаа орчихоод ажлын өрөөндөө ороод утсаараа ярих гээд утсаа үзтэл гар утас маань байхгүй байсан. Хяналтын камерыг шүүж үзтэл нэг залуу миний гар утсыг халааснаас хулгайлж байгаа бичлэг байсан. Тухайн үед хэн хулгайлсан гэдгийг нь мэдэхгүй болохоор хүн болгон л сэжигтэй харагдаад байсан. Бас приус-30 маркийн машинтай хүн хулгайлсан байх гэж хардаж байсан. Тэгсэн сүүлд нь цагдаа шалгаад М- гэдэг залуу ганцаараа хулгайлсан байна гэдгийг тогтоогоод миний хулгайд алдагдсан гар утсыг буцаан олгосон юм. Миний хувьд хохирол гомдолгүй болсон. Манай М-сургуулийн ойр орчмоор маш их хулгай гардаг болохоор энд анхаарч өгөхийг хүсч байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 13, 14 дүгээр хуудас/,
Гэрч Ц.Ц-ын:“...Ц.М- нь төлөв даруухан зантай олон хүмүүсийн дунд биеэ зөв авч явдаг. Хүнтэй нийтэч харьцаатай, архи дарс огт ууж байгаагүй, тамхи татдаг. М- эхнэр хүүхэдтэй, 3 настай охинтой юм. Ц.М- нь Орбитод амьдардаг юм. Урьд гэмт хэрэгт шалгагдаж байсан гэж байсан тэрийг нь сайн мэдэхгүй. /хх-ийн 17 дугаар хуудас/,
Гэрч Б.О-н: “...Ц.М-г багаас нь мэднэ. Ц.М- нь цэргийн алба хаагаагүй, Ц.М- эхнэр хүүхэдтэй, 3 настай охинтой юм. Ц.М-гийн ухаан санаа нь эрүүл бие эрхтэнд гажиг согог байхгүй, архи дарс ууж байгаагүй, агсам тавьж эрүүлжүүлэхэд орж байгаагүй, Ц.М- нь төлөв даруухан зантай, хүмүүстэй их нийтэч харилцаатай, амьдралын хувьд дунд зэрэг, Ц.М- нь бичиг үсэг мэднэ. Бүрэн бус дунд боловсролтой гэх мэдүүлэг /хх-ийн 18 дугаар хуудас/,
Хэргийн талаар бусад нотлох баримтууд
-Хохирогч Ц.Ц-аас гаргаж өгсөн камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, түүнийг эд мөрийн баримтаар тооцсон тогтоол /хх-ийн 5-7 дугаар хуудас/,
-Ц.М-гаас Самсунг галакси эс7 эдже, /Samsung s7 edge/ маркийн гар утсыг хураан авч, хохирогч Ц.Ц-д хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-ийн 10-11 дүгээр хуудас/,
-Самсунг галакси эс7 эдже, /Samsung s7 edge/ маркийн гар утасны үнэлгээ тогтоосон баримт /хх-ийн 20 дугаар хуудас/
-“Ашид билгүүн” ХХК-ийн Хөрөнгө, Даатгалын хохиролын үнэлгээний тайлан /хх-ийн 20-21 дүгээр хуудас/
Мөрдөн байцаалтын шатанд шүүгдэгчээс мэдүүлсэн мэдүүлгүүд
Шүүгдэгч Ц.М- мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар мэдүүлэхдээ: “...2018 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр цагийг нь санахгүй байна. Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороонд байрлах М-сургуулийн хажуугаар явж байхдаа урд талдаа явж байсан эмэгтэйн куртикний халааснаас гар утас хулгайлж авсан юм. Миний хийсэн хэрэг энэ байна. Би ганцаараа хулгай хийсэн юм. Намайг анх барьсан цагдаа 2-3 уулаа явж хулгай хийсэн байна. Хяналтын бичлэгт 2-3-уулаа явж байгаа харагдсан гээд байсан. Тэгэхэд нь би ганцаараа хулгай хийсэн гэдгээ үнэнээр нь хэлсэн. Хяналтын бичлэгт хажууд байсан хажуугаар өнгөрч байсан хүмүүсийг надтай хамт хулгай хийсэн гэж бодсон юм шиг байсан. Миний хувьд уг хэргийг ганцаараа хийсэн гэдгээ хэлмээр байна. Надад энэ хэрэгт дахин шалгуулах зүйл огт байхгүй. Би бүрэн бус дунд боловсролтой, бичиг үсэг мэднэ...” гэх мэдүүлэг /хх-ийн 40-41 дүгээр хуудас/,
Шүүгдэгч хувийн байдалтай холбоотой баримтууд:
-Монгол улсын иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 65 дугаар хуудас/,
-Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 50 дугаар хуудас/
-Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2007 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 235 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 52-53 дугаар хуудас/
-Сүхбаатар дүүргийн шүүхийн 2013 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 153 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 71-72 дугаар хуудас/ хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, яллагдагч, хохирогч нарыг байцаах, мэдүүлэг авахдаа эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн байдал тогтоогдохгүй байна.
Шүүх хэргийн байдлыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судалвал:
Шүүгдэгч Ц.М- нь 2018 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр 14 цагийн орчим Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо М-сургуулийн гадна Ц.Ц-ын халааснаас түүний Самсунг галакси эс7 эдже, /Samsung s7 edge/ маркийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, 350.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг /хх-ийн 40-41 дүгээр хуудас/, хохирогч Ц.Ц-ын гэх мэдүүлэг /хх-ийн 13, 14 дүгээр хуудас/, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, түүнийг эд мөрийн баримтаар тооцсон тогтоол /хх-ийн 5-7 дугаар хуудас/, Ц.М-гаас Самсунг галакси эс7 эдже, /Samsung s7 edge/ маркийн гар утсыг хураан авч, хохирогч Ц.Ц-д хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-ийн 10-11 дүгээр хуудас/,Самсунг галакси эс7 эдже, /Samsung s7 edge/ маркийн гар утасны үнэлгээ тогтоосон баримт /хх-ийн 20 дугаар хуудас/, Ашид билгүүн ХХК-ийн Хөрөнгө, Даатгалын хохиролын үнэлгээний тайлан “Samsung s7 edge 1 ширхэг гар утас 350.000 /гурван зуун тавь/ төгрөг” /хх-ийн 20-21 дүгээр хуудас/ зэрэг хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч Ц.М-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршиг
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцохоор тодорхойлж зохицуулсан ба шүүгдэгчийн үйлдсэн дээрх хулгайн гэмт хэргийн улмаас хохирогч Ц.Ц-ын эд хөрөнгөд учирсан хохирлын хэмжээг 350.000 төгрөг гэж үнэлж тогтоосон нь мөн зүйлийн 4 дэх хэсгийн 4.3-т зааснаар бага хэмжээний хохиролд хамаарч байна.
Шүүгдэгч Ц.М-гаас Самсунг галакси эс7 эдже, /Samsung s7 edge/ маркийн гар утсыг хураан авч, хохирогч Ц.Ц-д хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-ийн 10-11 дүгээр хуудас/, хохирогч Ц.Ц-ын гомдол, саналгүй тухай бичгээр гаргасан хүсэлт /хх-ийн 58 дугаар хуудас/ хавтаст хэрэгт авагдсан байх тул Ц.М-г бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Шүүх, шүүгдэгч Ц.М- нь өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч хэргийн үйл баримт болон гэм буруугийн талаар маргаагүй, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг буцааж өгсөн, хувийн байдал зэрэг нөхцөл байдлыг харгалзан эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэхэд орших шударга ёсны болон гэм буруугийн зарчимд нийцүүлэн шүүх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл хэмжээний дотор шүүгдэгчид хорих ял оногдуулж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Эрүүгийн хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан камерийн бичлэгтэй СД 1 ширхэгийг хавтаст хэрэгт хавсарган үлдээх нь зүйтэй байна. Энэ хэрэгт ирүүлсэн иргэний бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, Ц.М- нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж байна.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 4, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.12, 36.13 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага
ТОГТООХ нь:
1. А- овогт Ц-ийн М-г бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ц.М-г 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3,4 дэх хэсэгт зааснаар Ц.М-д оногдуулсан 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4.Эрүүгийн хэрэгт эд мөрийн баримтаар камерийн бичлэгтэй СД 1 ширхэгийг хавтаст хэрэгт хавсарган үлдээсүгэй.
5. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, иргэний бичиг баримтгүй, Ц.М- нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
6. Ц.М-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн энэ өдрөөс эхлэн цагдан хорьж ял эдлэх хугацааг 2019 оны 02 дугаар сарын 13-ны өдрөөс эхлэн тоолсугай.
7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд хэргийн оролцогч шийтгэх тогтоолыг гардаж авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоолыг биелүүлэх хүртэл Ц.М-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ П.ТУЯАТ