Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2016 оны 07 сарын 25 өдөр

Дугаар 4709

 

Зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг

                                                хэрэгсэхгүй болгох тухай

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Энхзаяа би

 

Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хороо, Нуур 16-459/а тоотод оршин суух, Боржигон овогт Амаржаргалын Урантогос /РД:УХ93032662/-ын  нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Баянгол дүүргийн 5 дугаар хороо, 10 дугаар хороолол, Энхтайваны өргөн чөлөө гудамж 8-35 Мэргэн лам овогт Цэрэндоржийн Баярмагнай /РД:ЧП59031217/-д нарт холбогдох 

 

            Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 1,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг иргэний хэрэг үүсгэн хянаад

                                                                                                         ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч А.Урантогос шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Амаржаргал овогтой Урантогос нь 2016 оны 6 дугаар сарын 07-ны өдөр Дахүрээ захаас Тоуоtа фирмийн prius 30 маркийн дугаар аваагүй автомашины 14,200,000 төгрөгөөр худалдан авсан ба тус автомашиныг зарсан Баярмагнай гэх хүн нь /миний зарж байгаа автомашин нь ямарч асуудал байхгүй учир мотор, батарейд нь 6 сарын баталгаа өгнө/ гэсэн ба гараар баталгаа бичиж өгсөн. Мөн тус автомашины рулийн аппарат авсан өдрийн орой шороон зам дээр явахад л дугарч байсан. Гэвч автомашинаа худалдан авснаас хойш 6 хоногийн дараа анхааруулах тэмдэг гарч ирсэн ба бид Hybrid service гэх авто засварын газраар оншлуулахад уг prius автомашины батарейг солих шаардлагатай байна гэсэн онош гарсан. Энэ үед автомашин зарсан Баярмагнайтай ярихад дахин алдаа заавал холбогдоорой гэх хариу өгсөн. Улмаар тус гарсан алдааг арилгуулаад автомашинаа дахин унаж байв. 2016 оны 6 дугаар сарын 28-ны өдөр дахин алдаа заахад Баярмагнайтай холбогдоход Hybrid service гэх мэт засварын газрууд чинь мөнгө олохын тулд худлаа оношилдог, батарейг сольж өгч чадахгүй, би хөдөө явж байна, 2 сарын дараа Улаанбаатар хотод очно гэх хариу өгөв. Би 2016 оны 6 дугаар сарын 29-ний өдөр Таван богд компанийн тоёота фирмийн албан ёсны засварын төвд очиж оношлуулсан ба батарейнуудыг комоор нь солих шаардлагатай гэсэн онош гарсан. Иймд тус автомашиныг зарсан Баярмагнай /РД:ЧП59031217/ гэгч нь батарей, моторт баталгаа өгнө гэж худлаа ярьж автомашинаа зарчихаад залилсан болох нь тодорхой болсон. Иймд 1,000,000 төгрөгийг хариуцагч Ц.Баярмагнайгаас гаргуулан өгнө үү гэжээ.

Зохигч талууд 2016 оны 7 сарын 25-ны өдөр  эвлэрлийн гэрээ байгуулсан байх бөгөөд, уг гэрээнд нэхэмжлэгч А.Урантогос нь хариуцагч Ц.Баярмагнайгаас 1,000,000 төгрөг нэхэмжилсэнээс 500,000 төгрөг нэхэмжлэхээс татгалзаж, үлдэх 500,000 төгрөгийг  2016 оны 7 дугаар сарын 25-ны өдөр 500,000  төгрөг төлж барагдуулахаар  зохигч  эвлэрч, харилцан тохиролцжээ.

                                                                                                     ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч  А.Урантогос нь хариуцагч Ц.Баярмагнайд холбогдуулан 1,000,000 төгрөг  гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч  А.Урантогос нь хариуцагч Ц.Баярмагнайгаас 1,000,000 төгрөг нэхэмжилсэнээс 500,000 төгрөг нэхэмжлэхээс татгалзаж, үлдэх 500,000 төгрөгийг  хариуцагч Ц.Баярмагнай 2016 оны 7 дугаар сарын 25-ны өдөр төлж барагдуулахаар зохигч эвлэрсэн нь  бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд  харшлаагүй байх тул зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэгчийн урьдчилан төлсөн  28,550 төгрөгийн улсын тэмдэгтийн хураамжийг 50 хувиар бууруулан улсын орлогод үлдээж, 14,275 төгрөгийг хариуцагч болон улсын төсвийн орлогоос тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75  дугаар зүйлд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:      

1. Нэхэмжлэгч А.Урантогос нь хариуцагч Ц.Баярмагнайгаас 1,000,000 төгрөг нэхэмжилсэнээс 500,000 төгрөг нэхэмжлэхээс татгалзаж, үлдэх 500,000 төгрөгийг  хариуцагч Ц.Баярмагнай 2016 оны 7 дугаар сарын 25-ны өдөр төлж барагдуулахаар зохигч эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн  57.1, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 28,550 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж,  Баянгол дүүргийн татварын хэлтсийн  2602002965 тоот данснаас 14,275 төгрөгийг, хариуцагч Ц.Баярмагнайгаас 14,275 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч А.Урантогост олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дугаар зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар захирамжид давж заалдах, хяналтын журмаар нэхэмжлэл гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

ШҮҮГЧ                            Х.ЭНХЗАЯА