Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 02 сарын 15 өдөр

Дугаар 137

 

 

                                   

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                    

                  

 

 

 

 

                   

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Туяат даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Ж.Буянжаргал хөтлөн,

улсын яллагч Э.Ундраххэрлэн,

шүүгдэгч Д.Т--нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Тээврийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б- овогт Д-гийн Т-д холбогдох эрүүгийн 18100200000000000000 дугаартай хэргийг 2019 оны 02 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

            Шүүгдэгчийн  биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 1987 оны 05 дугаар сарын 12-ны өдөр Говь-Алтай аймгийн Цогт суманд төрсөн, 32 настай, эмэгтэй, дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, “Мммммммм-” ХХК-д нягтлан бодогч ажилтай, ам бүл 2, хүүхдийн хамт Хан-Уул дүүргийн 16 дугаар хороо, Буянт-Ухаа 1000000 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, Б- овогт Д-гийн Т- /

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч Д.Т--нь 2018 оны 10 дугаар сарын 15-ны өдөр 19 цаг 30 минутын орчимд Хан-Уул дүүргийн 16 дугаар хороо Буянт-Ухаа 1 хорооллын 719 дүгээр байрны урд замд Toyota Prius-20 маркийн 00-00-УБА улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.3-т заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтыг зөрчсөний улмаас явган зорчигч Д.Н-г мөргөж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

           

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчээс мэдүүлсэн мэдүүлэг:

            Шүүгдэгч Д.Т-гөөс: “...“...Мөрдөн шалгах ажиллагааны шатанд үнэн зөв мэдүүлсэн. Нэмж хэлэх зүйлгүй...” гэв.

 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч, гэрч нараас мэдүүлсэн мэдүүлгүүд

Хохирогч Д.Н-гийн: “...2018 оны 10 дугаар сарын 15-ны өдөр 19 цагийн үед би ажлаасаа тараад гэрлүүгээ чигтээ баруунаас зүүн тийшээ явж байтал байрны гарцан дээр автомашин зогсож байхыг харсан. Гэрэл асахыг харсан тэгээд автомашин хөдлөх гээд байна гэж бодоод зогсоход яах ийхийн зуургүй намайг мөргөсөн. Би шил арчигчаас барьснаа санаж байна. Түүнээс хойш юу ч санахгүй байна. Нэг мэдсэн би газар суусан, толгой эргээд дотор муухай оргиод хөдлөх гэтэл хөл хөдөлж болохгүй. Удалгүй 103-н автомашин ирээд авч явсан. Эмч үзээд зөөлөн эд гэмтсэн байна гэхээр нь 1-р эмнэлэгт хэвтээд хэд хонож байгаад дүүргийн хяналтанд орохоор үзүүлэхэд зүүн өвдөг үе хэсгээрээ цуурсан байна гэж хэлээд бэхэлгээ хийж өгсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 23 дугаар хуудас/,

Иргэний нэхэмжлэгч Д.О-ын: “...Би 2018 оны 10 дугаар сарын 15-ны 19 цаг өнгөрч байхад Хан-Уул дүүргийн 16 дугаар хороо Буянт-Ухаа-1 хорооллын 719 дүгээр байрны зогсоолд өөрийн эзэмшлийн Toyota Prius-20 маркийн 60-98 УБГ улсын дугаартай автомашинаа тавиад гэртээ орсон. 20 минутын дараа нэг хүн утастаад таны машиныг мөргөсөн байна гараад ирээч гэхээр нь гараад хартал Toyota Prius-20 маркийн 00-00-УБА улсын дугаартай мөнгөлөг саарал өнгийн автомашин нэг настай эмэгтэй явган зорчигчийг мөргөсөн, тэр эмэгтэй хашааны гадна хөлөө жийгээд суусан. Мөн миний машиныг мөргөсөн, нэг талын дугуй нь брожур давсан, жолооч талын крыло болон урд буфер, радиатор эвдэрсэн байсан. Уг машин нь миний нэр дээр байдаг миний өмч байгаа юм. Би үнэлгээ хийлгэхэд 2.429.000 төгрөгийн хохирол учирсан байсан. Жолооч миний хохирол бүрэн барагдуулсан тул өөр нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 30 дугаар хуудас/,

Гэрч Д.-ын: “...Би ажлын байраа эргэж Б блокоос А блок руу чигтээ явж байтал миний урд хэсгээр мөнгөлөг саарал өнгийн Toyota Prius-20 маркийн 00-00-УБА улсын дугаартай автомашин өнгөрсөн. Хүн орилох дуу чимээ гарахаар нь хартал миний хажуугаар өнгөрсөн автомашин явган зорчигч мөргөн зогсоол дээр зогсож байсан Toyota Prius-20 маркийн 60-98 УБГ улсын дугаартай автомашиныг урд хэсгээрээ мөргөж, мөн Буянт-Ухаа-1 хорооллын хашааг эвдээд мөргүүлсэн эмэгтэй хашаа даван унаад босож чадахгүй орилоод байсан. Тэгээд би албаны 88849422 дугаарын утсаар 102 болон 103 дуудан дуудлага өгсөн. Түргэн тусламжийн машин ирээд тэр даруйдаа аваад явсан гэх мэдүүлэг, Д.-ын иргэний нэхэмжлэгчээр тогтоосон “Буянт-Ухаа 1 хорооллын хамгаалалтын  бетонон хашаа манай СӨХ-ийн өмч байгаа юм. Бетонон багана нурж төмөр сараалжин хашаа хэлбэр дүрсээ алдсан. 150.000 төгрөгийн хохирол учирсан байсан. Маргааш нь ажилдаа ирэхэд зассан байсан. Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...”гэх мэдүүлэг /хх-ийн 32-33 дугаар хуудас/,

 

      Шинжээчийн дүгнэлт болон бусад нотлох баримтууд

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн хүний биед үзлэг хийсэн шинжээчийн 2018 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 12792 дугаартай дүгнэлт /хх-ийн 42-43 дугаар хуудас/

“Ашид Билгүүн” ХХК-ны Иргэний нэхэмжлэгч Д.О-ын эзэмшлийн 60-98 УБГ улсын дугаартай тээврийн хэрэгслийн эвдрэл гэмтэлд үнэлгээ хийсэн тайлан /хх-ийн 45-46 дугаар хуудас/

Мөрдөгчийн 2019 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 283 дугаартай магадлагаа /хх-ийн 49-50 дугаар хуудас/                                             

 

Мөрдөн байцаалтын шатанд шүүгдэгчээс мэдүүлсэн мэдүүлгүүд

Шүүгдэгч Д.Т--нь мөрдөн байцаалтын шатанд холбогдогчоор мэдүүлэхдээ: “...2018 оны 10 дугаар сарын 15-ны өдөр 19 цагийн орчим өөрийн эзэмшлийн Тоёота Приус-20 маркийн 00-00-УБА дугаарын машинаар гэрийнхээ гадаа ирээд зогсоолд машинаа тавиад хашлаганд тулаад буцаад дугуйгаа тэгшлээд урагшлах гэж байтал хүн харагдсан тэгтэл сандраад тормозоо гишгэх гэж хаазаа гишгээд эмээг мөргөөд цаад талд байсан машиныг мөн мөргөсөн. Машин дотор хүн байгаагүй зогсоолд тавьсан байсан. Яг урд хэсэг рүү мөргөгдсөн. Зогсож байхыг хараагүй гэнэт ороод ирэх үед л харсан. Халтиргаа гулгаа байгаагүй. Харанхуй дөнгөж болж байсан. Байрны орчимд гэрэл муутай байдаг. Хүүхдийн хамт явж байсан. Хүүхдээ урд талдаа хамгаалалтын суудалд суулгаж бас бүсэлсэн байсан. Урд гуфер крыло эвдэрсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 23 дугаар хуудас/,

 

          Шүүгдэгч Д.Т--нь мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар мэдүүлэхдээ: “...Би урьд нь өгсөн мэдүүлэг дээрээ маш тодорхой ярьсан байгаа. Одоо надад өөр нэмж ярих зүйл байхгүй. Энэ автомашиныг би 2018 оны 05 дугаар сарын 12-нд оношлогоонд оруулж иж бүрэн үйлчилгээ хийлгэсэн. Замын хөдөлгөөнд оролцох бүрэн бүтэн байдлыг хангасан байсан. 2017 онд жолооч болсон. Зам тээврийн осол гаргаснаас хойш жолоо бариагүй. Би жомбейс жолооны дамжаа төгссөн. Надад 1153748 дугаартай жолооны үнэмлэх бий. Тоёота Приус-20 маркийн 00-00-УБА миний төрсөн эгч Д.Жимсээгийн нэр дээр байдаг. Бид хоёр энэ автомашиныг хамтран эзэмшдэг юм. Хохирогчид эмчилгээний зардалд бэлнээр 2.500.000 төгрөг данс руу нь шилжүүлсэн...гэх мэдүүлэг” /хх-ийн 60 дугаар хуудас/

 

Шүүгдэгч хувийн байдалтай холбоотой баримтууд:

 -Монгол улсын иргэний үнэмлэхний лавлагаа   /хх-ийн 68 дугаар хуудас/,

 -Урьд ял шийтгэгдэж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 67 дугаар хуудас/,

 -Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын эд хөрөнгөтэй эсэх хураангуй лавлагаа /хх-ийн 73 дугаар хуудас/,

 -Гэрлэлт бүртгэлгүй тухай лавлагаа /хх-ийн 72 дугаар хуудас/,

 -Оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 70 дугаар хуудас/,

      -Тээврийн хэрэгслийн лавлагаа /хх-ийн 54 дүгээр хуудас/,

 -Цагдаагийн ерөнхий газрын жолоочийн лавлагаа, мэдээлэл /хх-ийн 69 дүгээр хуудас/ зэрэг бичгийн баримтуудыг шинжлэн судлав.

       Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, шүүгдэгч, хохирогч нарыг байцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй байх тул хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж Д.Т-д холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна. 

 

 Шүүх хэргийн байдлыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судалвал:

Шүүгдэгч Д.Т--нь 2018 оны 10 дугаар сарын 15-ны өдөр 19 цаг 30 минутын орчимд Хан-Уул дүүргийн 16 дугаар хороо Буянт-Ухаа 1 хорооллын 719 дүгээр байрны урд замд Toyota Prius-20 маркийн 00-00-УБА улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.3-т заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтыг зөрчсөний улмаас явган зорчигч Д.Н-г мөргөж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогч Д.Н-гийн мэдүүлэг /хх-ийн 23 дугаар хуудас/, иргэний нэхэмжлэгч Д.О-ын мэдүүлэг /хх-ийн 30 дугаар хуудас/, гэрч Д.-ын мэдүүлэг /хх-ийн 32-33 дугаар хуудас/, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгийн явцад бэхжүүлж авсан гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 12-17 дугаар хуудас/, Мөрдөгчийн 2019 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 283 дугаартай магадлагаа /хх-ийн 49-50 дугаар хуудас/

     Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн хүний биед үзлэг хийсэн шинжээчийн 2018 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 12792 дугаартай

  1. Д.Н-н биед хоншоор ясны хугарал, тархи доргилт, баруун хацар, шанаа, зовхи, зүүн өвдөгт зөөлөн эдийн няцрал, баруун нүдний дээд зовхи, баруун нүдний алим, хацар, эрүү, баруун бугалга, өгзөг, зүүн гуя, зүүн шилбэ, зүүн тавхай цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
  2. Дээрх гэмтэл хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.
  3. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр тухайлбал авто ослын үед үүсгэгдэх боломжтой.
  4. Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.
  5. Дээрх гэмтэл ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. гэх дүгнэлт /хх-ийн 42-43 дугаар хуудас/

 

“Ашид Билгүүн” ХХК-ны иргэний нэхэмжлэгч Д.О-ын эзэмшлийн 60-98 УБГ улсын дугаартай тээврийн хэрэгслийн эвдрэл гэмтэлд үнэлгээ хийсэн тайлан “зах зээлийн жишиг үнийн болон өртгийн хандлагын аргыг ашиглан үнэлгээгээр тогтоосон дүн 2.429.000 төгрөг” /хх-ийн 45-46 дугаар хуудас/,

Мөрдөгчийн 2019 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 283 дугаартай магадлагаа: Toyota Prius-20 маркийн 00-00-УБА улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан Д- овогтой Т- нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.3-т заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтыг зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй байна гэсэн магадлагаа  /хх-ийн 49-50 дугаар хуудас/ зэрэг хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна.

Энэ хэргийн шүүгдэгч Д.Т--нь гэм буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрсөн, өөрийн гэм буруу болоод хэргийн үйл баримтын талаар маргаагүй, мөн шүүгдэгч нь прокурорын хяналтын шатанд өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх талаар хүсэлт гаргасныг хүлээн авч ханган, 2019 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 08 дугаартай Прокурорын тогтоолоор түүнд холбогдох эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд ирүүлсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар бүлэгт заасан хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, зохицуулалтад нийцсэн байна.

            Прокуророос шүүгдэгч Д.Т--нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журмыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэж үзэн яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь түүний гэм буруутай үйлдэлд тохирсон, хэргийн бүрдэл хангагдсан, хуулийн зүйл, хэсэгт тохирсон байна.

          Зам тээврийн осол хэрэг нь гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр үйлдэгддэг болно. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь мөн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэмт хэргийн “хөнгөн” ангилалд хамаарах бөгөөд шүүгдэгч нь мөн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2-т зааснаар тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, шүүгдэгчээс хэргийн үйл баримт болоод гэм буруугийн талаар маргаагүй, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмшиж байгаа, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан шүүхээс түүнд улсын яллагчийн гаргасан саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн тухайн зүйл, хэсэгт заасан торгох ялыг оногдуулах үндэслэлтэй байна гэж үзлээ. 

 

           Гэмт хэргийн хохирол, хор уршиг, бусад байдал

Дээрх зам тээврийн осол хэргийн улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учирсан нь энэ гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагавар буюу хохиролд, хохирогч Д.Н-н эрүүл мэндэд учирсан хүндэвтэр гэмтлийг эмчлүүлэхтэй холбоотой гарсан зардал болон эрүүл мэндийн байдлаас шалтгаалан ажил хөдөлмөр эрхлэх боломжгүй болж олох байсан орлого, хөдөлмөрийн хөлс, бусад зардал зэрэг нь гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагавар буюу хор уршигт тус тус тооцогдох юм.

Шүүх хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтыг шинжлэн судлахад хохирогч Д.Н-н мөрдөн шалгах ажиллагааны шатанд эмчилгээний зардалд нийт 2.500.000 төгрөг /хх-ийн 85-86 дугаар хуудас/, иргэний нэхэмжлэгч Д.О-д 2.534.000 төгрөгийг тус тус шүүгдэгч Д.Т--нь төлж барагдуулсан байх тул түүнийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

            Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, Д.Т--нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж байна.

 

       Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 8,9 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.12, 36.13 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

          ТОГТООХ нь:

 

1. Б- овогт Д-гийн Т-г автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний  аюулгүй байдал, ашиглалтын журмыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Д.Т-г 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгийн торгох ялаар шийтгэсүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Д.Т-гийн хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 90 /ер/ хоногийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

           

            4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Д.Т--нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

            5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, Д.Т--нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд хэргийн оролцогч шийтгэх тогтоолыг гардаж авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоолыг биелүүлэх хүртэл Д.Т-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг  хэвээр үргэлжлүүлсүгэй.         

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                            П.ТУЯАТ