Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Хонгорын Энхзаяа |
Хэргийн индекс | 102/2016/06201/И |
Дугаар | 4805 |
Огноо | 2016-08-04 |
Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 08 сарын 04 өдөр
Дугаар 4805
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Энхзаяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Баянгол дүүргийн 20 дугаар хороо, ДСАА 5-9 тоотод оршин суух, Амарынхан овогт Ухнын Дашмядаг /РД:ЕП69031509/-ын нэхэмжлэлтэй,
Ц.Ганболдтой хамтын амьдралтай байснаа тогтоолгохыг хүссэн иргэний хэргийн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч У.Дашмядаг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Анхцэцэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч У.Дашмядаг шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ц.Ганболдтой 1995 оны 6 дугаар сарын 10-ны өдөр танилцаж, 1996 оны 8 дугаар сарын 20-ны өдрөөс хамтран амьдарч эхэлсэн. 2004 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр охин Г.Лхамлхагва төрсөн. Тэр цагаас хойш бид хоёр хамтран амьдарч байгаад нөхөр Ц.Ганболд 2016 оны 6 дугаар сарын 23-ны өдөр өвчний улмаас нас барсан юм. Бид энэ хугацаанд Баянгол дүүргийн 20 дугаар хороо ДСАА 5-9 тоотод амины хашаа орон сууцанд амьдарч байсан. Бид хамт амьдарч байхдаа гэрлэлтээ батуулаагүй байсан. Иймд охин Г.Лхамлхагвад тэжээгчээ алдсаны тэтгэмж тогтоолгох болсон тул Ц.Ганболдтой хамт амьдарч байсныг тогтоож өгнө үү гэжээ.
Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шүүх хуралдаанаар хэлэлцээд
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч У.Дашмядаг нь Ц.Ганболдтой хамтын амьдралтай байснаа тогтоолгох хүсэлт гаргажээ.
Иргэн, хуулийн этгээдийн эдийн ба эдийн бус баялагтай холбоотой эрх үүсэх, өөрчлөгдөх, дуусгавар болоход шууд хамаарах эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоолгох тухай хэргийг шүүх онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэдэг.
У.Дашмядагын гаргасан хүсэлтийг шүүх онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байх ба хүсэлт гаргагч нь Ц.Ганболдтой хамтын амьдралтай байснаа тогтоолгосноор насанд хүрээгүй, 2004 оны 9 дугаар сарын 01-ний өдөр төрсөн охин Г.Лхамлхагват тэжээгчээ алдсаны тэтгэмж тогтоолгох эрх үүснэ гэж хүсэлтийнхээ үндэслэлийг тодорхойлжээ.
У.Дашмядаг нь Ц.Ганболдтой 1996 оноос 2016 оны 6 дугаар сарын 24-ний өдрийг хүртэл хамтран амьдарч байгаад 2016 оны 6 дугаар сарын 24-ний өдөр нас барсан болох нь нэхэмжлэгчийн тайлбар, 0000179516 дугаартай нас барсны гэрчилгээ, охин Г.Лхамлхагвын 1629 дугаартай төрсний гэрчилгээ, Ц.Ганболдын дүү Ц.Ганбат, Ц.Отгонхүү нарын гэрчийн мэдүүлэг, фото зураг зэргээр тогтоогдож байх тул Ц.Ганболдтой хамтын амьдралтай байснаа тогтоолгохыг хүссэн У.Дашмядагын хүсэлтийг ханган шийдвэрлэх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14 дэх хэсэгт зааснаар Амарынхан овогт Ухнын Дашмядаг /РД:ЕП69031509/, Буурч овогт Цэвээн-Аюушийн Ганболд /РД:ЧВ65120674/ нарыг 1996 оноос 2016 оны 6 дугаар сарын 24-ны өдрийг хүртэл хамтын амьдралтай байсныг тогтоосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гарсан хугацааг хуулинд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй ба шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Х.ЭНХЗАЯА