| Шүүх | Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Пагамын Туяат |
| Хэргийн индекс | 187/2019/0134/Э |
| Дугаар | 138 |
| Огноо | 2019-02-18 |
| Зүйл хэсэг | 17.4.1., |
| Улсын яллагч | Н.Нарангэрэл |
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 02 сарын 18 өдөр
Дугаар 138
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч П.Туяат даргалж,
хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Ж.Буянжаргал хөтлөн,
улсын яллагч Н.Нарангэрэл,
шүүгдэгч Э.Ц-нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хан-Уул дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ө- овогт Э-гийн Ц-д холбогдох эрүүгийн 1810010000000000 дугаартай хэргийг 2019 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт
Монгол улсын иргэн, 1992 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр Завхан аймаг, Улиастай суманд төрсөн, 27 настай, эмэгтэй, дээд боловсролтой, багш мэргэжилтэй, ам бүл 3, нөхөр, хүүхдийн хамт Баянгол дүүрэг 18 дугаар хороо, 35в дугаар байрны 000 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, Ө- овогт Э-гийн Ц-
Холбогдсон хэргийн талаар /Прокурорын яллах дүгнэлтэд дурдсанаар/:
Шүүгдэгч Э.Ц-нь 2018 оны 07 дугаар сарын 31-ний өдрөөс 2018 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн хооронд Хан-Уул дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Ааа-” худалдааны төвийн 1 дүгээр давхарт байрлах “Б-” нэртэй дэлгүүрт худалдааны зөвлөхөөр ажиллаж байх хугацаандаа бэлнээр 50.000 төгрөг, 1.694.000 төгрөгийн бараа зарж, мөнгийг нь авч нийт 1.744.000 төгрөгийг хувьдаа завшсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчээс мэдүүлсэн мэдүүлэг:
Шүүгдэгч Э.Ц-шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...2018 оны 07 дугаар сарын 31-ний өдрөөс 2018 оны 8 дугаар сарын 02-ны өдөр хүртэл ажиллах хугацаандаа гутал, нэг улавч дутаасан. Хохирлоо бүрэн төлсөн, үйлдсэн хэрэгтээ гэмшиж байна.” гэв.
Мөрдөн байцаалтын шатанд хохирогч, гэрч нараас мэдүүлсэн мэдүүлгүүд:
Хохирогч Э.М-ы: “...Би Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо Ааа- худалдааны төвийн 1 давхарт гуталын Б- нэртэй дэлгүүрийг ажиллуулдаг юм. Би энэхүү дэлгүүрээ өөрийн найз Б.Одбаатартай хамтарч үйл ажиллагаа явуулдаг бөгөөд бид хоёр Э-, А, Б, Ө дэлгүүр зэрэг газруудад бэлэн хувцас гуталны лангуу ажиллуулдаг юм. Ингээд 2018 оны 05 дугаар сарын 06-ны өдөр иргэн Э-гийн Цэвээндарийн хүсэлтээр Ааа- дахь салбар дэлгүүрт ажиллуулах болсон бөгөөд цалин хөлсийг цаг тухай бүрд нь олгож байсан. Цэвээндарийн өөртөө авсан барааг хөнгөлттэй үнээр тооцож, өөрийнх нь хүсэлтээр зээл авах нөхцлийг бүрдүүлж ажиллаж байсан болно. 2018 оны 07 дугаар сарын 31-ний өдрөөс эхлэн Э.Ц-ийн нөгөө ээлжнийх нь хүн ажлаас гарсан учраас 2018 оны 07 дугаар сарын 31-ний өдрөөс 2018 оны 08 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл ганцаараа ажилласан ба энэ хугацаанд Ааа-ын тасгаас 2,644,500 төгрөгийн дандаа гуталнууд дутаасан байна. Э.Ц-нь өөрөө хэлэхдээ тухайн өдрүүдэд ямар нэгэн гутал гэж мэдээгээ цааш нь өгсөн боловч хяналтын камерын гадна талын үүдний бичлэгт үйлчлүүлэгч нар гартаа ямар нэгэн зүй бариагүй манай дэлгүүр рүү орж байгаа бөгөөд дэлгүүрээс гарахдаа тортой зүйлс барьсан байгаа нь бичигдсэн байгаа юм. Тухайн өдөр нь 2018 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн бичлэг байгаа юм. Ингээд гуталнууд алга болсон талаар шинээр ажилд орсон нөгөө ээлжийн худалдагч Мөнхдэлгэр гуталнуудаа тоолж үзэхэд гутал дутсан талаар манай нягтлан Батмөнхөд хэлсэн байсан. 2018 оны 08 дугаар сарын 08-нд Э.Ц-нь утсаар холбогдож 2018 оны 08 дугаар сарын 02-ны орой эгчдээ 2 гутал авч явсан, мөн орлогоноос 50.000 төгрөг бэлнээр авч үүнийгээ буцааж төлнө гэж хэлсэн боловч одоогоор төлбөр хийгдээгүй, гар утас нь холбогдохгүй, хаана байгаа нь ажилдаа ирэхгүйгээр энэ үйл явдал болсноос хойш ирсэн юм. Ингээд сүүлд Э.Ц-нь өөрийнхөө нөхөртэй 2018 оны 08 дугаар сарын 04-ний өдөр ирж хохирол мөнгөө төлж барагдуулна, цагдаад битгий мэдэгдээрэй гэсэн боловч одоо хаана байгаа нь мэдэхгүй байгаа учраас цагдаагийн байгууллагад хандаж байна....2018 оны 07 дугаар сарын 31-ний өдрөөс эхлэн Э.Ц-ийн нөгөө ээлжнийх нь хүн ажлаас гарсан учраас 2018 оны 07 дугаар сарын 31-ний өдрөөс 2018 оны 08 дугаар сарын 02-ны өдрийг хүртэл ганцаараа ажилласан. ...Цагдаагийн байгууллагад гаргаж өгсөн манай бүртгэлийн дэвтэртэй тулгалт хийж үзэн дахин тооцоолол гаргаж өгөхөд Э.Ц-нь 2018 оны 07 дугаар сарын 31-нээс 2018 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн хооронд Ааа- худалдааны төвийн Б- дэлгүүрт ажиллаж байх хугацаандаа -4-533 кодтой I mac 1 хос гутал-180.000 төгрөг, -4-567 кодттой Bugatti 1 хос гутал 184.000 төгрөг, -4-607 кодтой Lgi CO 1 хос гутал 260.000 төгрөг, -3-502 кодтой Sashs fabishi 1 хос гутал 170.000 төгрөг, -3-510 кодтой Sashs fabishi 1 хос гутал 172.000 төгрөг, -3-512 кодтой Sashs fabishi 1 хос гутал 140.000 төгрөг, -3-566 кодтой Sashs fabishi 1 хос гутал 140.000 төгрөг, -3-519 кодтой Sashs fabishi 1 хос гутал 187.000 төгрөг, -4-48 кодтой Tosca Blu 1 хос гутал 253.000 төгрөг, -107 кодтой 1 ширхэг улавч 8000 төгрөг буюу 9 гутал 1 улавчны мөнгө 1.694.000 төгрөг үүн дээр касснаас авсан бэлэн мөнгө 50.000 төгрөгийг нэмэхээр 1.744.000 төгрөгийн бараа бүтээгдэхүүн буюу гуталнуудыг авсан байна. Нийт 1.744.000 төгрөгийн бараа бүтээгдэхүүн буюу гуталнуудыг авсан байна. Нийт 1.744.000 төгрөгнөөс 2018 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр 250.000 төгрөгийг, 2018 оны 12 дугаар сарын 10-ны өдөр 700.000 төгрөгийг нь шилжүүлсэн. Ингээд нийт 950.000 төгрөгийг, Цэвээндарийн ажлаасаа гарах хүртлээ ажиллаж байх хугацаандаа мөнгө болох 150.000 төгрөг нэмж бодохоор нийт 1.100.000 төгрөгийг төлж барагдуулсан. 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдөр 644.000 төгрөгийг бэлнээр төлж барагдуулсан бөгөөд одоо ямар нэгэн гомдол, санал байхгүй...” гэх мэдүүлэг / хх-ийн 22, 123 дугаар хуудас/
Гэрч Э-ийн: “...2018 оны 08 дугаар сарын 02-ны 16 цаг 30 минутанд Ц-тай ээлж солилцоод буусан юм. Тэгээд Цэвээндарийг буугаад явсны дараа ганцаараа тооллого хийхэд гутал дутуу байсан. Тэгэхээр нь энэ өдрийнхөө орой Ц- руу залгаж гутал дутуу байгааг хэлэхэд тийм байх ёсгүй, чи буруу тоолсон байх гэж хэлсэн. Ингээд 2018 оны 08 дугаар сарын 03-ны өглөө 11 цаг 00 минутанд ажил дээрээ ганцаараа ирж тооллого хийж кодтой нь нэг бүрчлэн тулгаж үзэхэд нийт 9 гутал дутуу байсан. Тэгээд орой нь Ц- ээлж солилцох гээд ирэхэд нь бүх дутсан гутлын кодыг бичиж өгөөд би дахин тоолсон. Тэр үед Ц- нээх тоохгүй байдалтай байж байгаад 2 гутлыг нь өөрөө авч явсан бусад гутлыг нь мэдэхгүй байна гэж хэлсэн юм...” гэх мэдүүлэг / хх-ийн 27 дугаар хуудас/,
Гэрч С.-гийн: “...Би 2 хоног амарч ирээд Ц-тай бараа бүтээгдэхүүнээ тоолж үзэхэд ямар ч байсан гурван гутал дутсан байсан. Тэгэхээр нь би ямар учраас 3 гутал дутсан талаар асуусан чинь Ц- шинэ загвар ирсэн учраас би нөхөртөө, аавдаа тэгээд ямар ч байсан гурван гутал авч явсан талаар надад хэлсэн...” гэх мэдүүлэг / хх-ийн 81 дүгээр хуудас/
Гэрч А.Ц-ийн: “...Манай эхнэр төлөв даруу зантай, халамжтай, ухаантай, мэдрэмжтэй, хоол хийхдээ сайн. Надтай эхнэрийн ажлын газрын залуу нэг хүнтэй би 2018 оны 08 дугаар сарын 05-06-ны өдрүүдэд яг хэдний өдөр байсан талаар мэдэхгүй байна. Ямар ч байсан манай эхнэр Цэвээндарийг гутлын өрөнд орсон байна гэж ярьсан. Тэгэхээр нь би яагаад гутлын өрөнд ордог юм бол би хөдөө явах гэж байгаа юм. 2018 оны 09 дүгээр сарын сүүлээр ирж уулзъя гэсэн юм. Тэгээд тухайн миний ажиллаж байгаа газарт мобикомын сүлжээ барьдаггүй юм. Ингээд л цагдаад энэ дэлгүүр нь хандсан юм шиг байна. Өөр надад сайн мэдэх зүйл байхгүй байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 26 дугаар хуудас/
Э.Ц-ийн Хаан банкны 2018 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн Депозит дансны хуулга /хх-ийн 43-45 дугаар хуудас/
Бичиг баримтанд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 12-18 дугаар хуудас/
Хяналтын камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 118-121 дүгээр хуудас/
Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд:
-Монгол улсын иргэний үнэмлэхний лавлагаа / хх-ийн 5 дугаар хуудас/,
-Боловсролын талаарх баримтууд /хх-ийн 9 дүгээр хуудас/,
-Оршин суугаа хорооны засаг даргын тодорхойлолт / хх-ийн 8 дугаар хуудас/,
-Ажилчин, албан хаагчийн анкет / хх-ийн 6 дугаар хуудас/,
-Захиргааны зөрчлийн бүртгэл /хх-ийн 67-68 дугаар хуудас/ зэрэг бичгийн баримтуудыг шинжлэн судлав.
Шүүх хэргийн байдлыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судалвал:
Шүүгдэгч Э.Ц-нь 2018 оны 07 дугаар сарын 31-ний өдрөөс 2018 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн хооронд Хан-Уул дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Ааа-” худалдааны төвийн 1 дүгээр давхарт байрлах “Б-” нэртэй дэлгүүрт худалдааны зөвлөхөөр ажиллаж байх хугацаандаа бэлнээр 50.000 төгрөг, 1.694.000 төгрөгийн бараа зарж, мөнгийг нь авч нийт 1.744.000 төгрөгийг хувьдаа завшсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хохирогч Э.М-ы мэдүүлэг / хх-ийн 22, 123 дугаар хуудас/,гэрч Э-ийн мэдүүлэг / хх-ийн 27 дугаар хуудас/,гэрч С.-гийн мэдүүлэг / хх-ийн 81 дүгээр хуудас/, Бичиг баримтанд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 12-18 дугаар хуудас/, хяналтын камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 118-121 дүгээр хуудас/ зэрэг хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдсон байна.
Өмчлөгч, эзэмшигч, ашиглагч, хадгалагчийн итгэмжлэн өгсөн эд зүйл, эд хөрөнгийг гэмт этгээд шууд захиран зарцуулж, хуульд заасан бага хэмжээнээс дээш хохирол учруулсан үйлдэл нь хөрөнгө завшиж гэмт хэргийн шинж болохоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг болон тухайн зүйл хэсгийн тайлбарт зааж зохицуулсан байна.
Иймд шүүгдэгч Э.Ц-нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшиж бусдад 1.744.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх гэм буруугийн болон шударга ёсны зарчимд нийцүүлж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгчид нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шийдвэрлэв.
Шүүхээс шүүгдэгч Э.Ц-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т зааснаар тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлснийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзан үзлээ.
Иргэний хуульд зааснаар бусдын эд хөрөнгөд санаатай, болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхгүйгээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй.
Шүүгдэгч Э.Ц-нь гэмт хэргийн улмаас хохирогч Э.М-д 1.744.000 төгрөгийн хохирол учруулсан бөгөөд 2018 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр 250.000 төгрөгийг, 2018 оны 12 дугаар сарын 10-ны өдөр 700.000 төгрөгийг нь шилжүүлсэн. Ингээд нийт 950.000 төгрөгийг, Цэвээндарийн ажлаасаа гарах хүртлээ ажиллаж байх хугацаандаа мөнгө болох 150.000 төгрөгийг нэмж нийт 1.100.000 төгрөгийг төлж барагдуулсан. 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдөр 644.000 төгрөгийг бэлнээр төлж барагдуулсан тул түүнийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Эрүүгийн хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг СиДи-г хэрэгт хавсарган үлдээх нь зүйтэй байна.
Хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйлгүй, шүүгдэгч Э.Ц-нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж байна.
Мөн шүүгдэгч Э.Ц-ийн харилцах дансанд 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн Хөрөнгийн шилжилт хөдөлгөөнийг хянах, хязгаарлах тухай мөрдөгчийн тогтоолыг хүчингүй болгох нь зүйтэй байна.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.12, 36.13 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага
ТОГТООХ нь:
1. Ө- овогт Э-гийн Цэвээндарийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Э.Ц-ийг 240 /хоёр зуун дөч/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Э.Ц-нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг Си Ди-г хэрэгт хавсарган үлдээж, хэрэгт хураагдан ирсэн иргэний бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, Э.Ц-нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурдсугай.
5. 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн Хөрөнгийн шилжилт хөдөлгөөнийг хянах, хязгаарлах тухай мөрдөгчийн тогтоолыг хүчингүй болгосугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд хэргийн оролцогч шийтгэх тогтоолыг гардаж авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоолыг биелүүлэх хүртэл Э.Ц-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ П.ТУЯАТ