| Шүүх | Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Магнайбаярын Мөнхдаваа |
| Хэргийн индекс | 131/2016/00219/И |
| Дугаар | 213/МА2016/00002 |
| Огноо | 2016-07-26 |
| Маргааны төрөл | Ажлаас үндэслэлгүй халагдсан, |
Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2016 оны 07 сарын 26 өдөр
Дугаар 213/МА2016/00002
*******ын *******ийн нэхэмжлэлтэй, Иргэний нисэхийн
ерөнхий газрын Баянхонгор аймаг дахь нисэх
буудалд холбогдох иргэний хэргийн тухай
Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч М.Мөнхдаваа даргалж, шүүгч Г.Уламбаяр, Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Л.Нямдорж нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Баянхонгор аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн
2016 оны 5 дугаар сарын 18-ний өдрийн 326 дугаар шийдвэртэй
Нэхэмжлэгч *******ын *******ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч Иргэний нисэхийн ерөнхий газрын Баянхонгор аймаг дахь нисэх буудалд холбогдох
Баянхонгор аймгийн Нисэх буудлын даргын 2015 оны 12 дугаар сарын 7-ны өдрийн А/51 дүгээр тушаалыг хүчингүй болгож, өмнө эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин 4.012.614 төгрөг, байгууллагын дотоод журамд заасан нийт 7 сарын тэтгэмж 6.053.292 төгрөг нийт 10.065.905 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэл
Хариуцагч Баянхонгор аймаг дахь нисэх буудлын сөрөг нэхэмжлэлтэй
Нэхэмжлэгч *******ын *******өд холбогдох
Нийт дутаасан шатахууны төлбөр болон орон сууцны хөнгөлөлт үзүүлсэний төлбөр 16.219.021 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэрэгт хариуцагч Баянхонгор аймаг дахь нисэх буудлын дарга *******ын давж заалдсан гомдлыг үндэслэн 2016 оны 7 дугаар сарын 4-нд хүлээн авч шүүгч Г.Уламбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******,
хариуцагчийн өмгөөлөгч *******, нарийн бичгийн дарга Б.Соёлмаа нар оролцов.
Нэхэмжлэгч *******ын *******өөс шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
Миний бие 2004 оноос Нисэх буудалд Шатахууны нярав лаборантоор ажиллаж байна. 2015 оны 10 дугаар сард хийсэн тооллогоор ТС-1 онгоцны шатахууны орлого тооцоонд зөрүү гарч зарцуулагдвал зохих шатахуун нөөцлөгдөж илүүдэлтэй байна гэсэн шалтгаанаар даргын тушаалаар 2015 оны 11 дүгээр сард миний сарын цалингийн үр дүнгийн 40 хувийг хасч сахилгын шийтгэл хүлээлгэсэн билээ. Гэтэл уг зөрчилтэй холбоотойгоор дахин ажлаас халах шийтгэл ногдуулсан нь сахилгын нэг зөрчилд сахилгын шийтгэлийн хэлбэрүүдийг давхардуулан ногдуулж Хөдөлмөрийн тухай хууль болон ажилтан миний эрхийг ноцтой зөрчсөн гэж үзэж байна. Иймд ажил олгогчийн буруутай хууль бус шийдвэрийн улмаас миний үндсэн хуульд заасан хөдөлмөрлөх эрхээ хамгаалуулахаар тус шүүхэд хандахаас өөр аргагүй байдалд хүрсэн юм. Одоо Баянхонгор аймгийн Нисэх буудлын даргын 2015 оны 12 дугаар сарын 7-ны өдрийн А/51 дүгээр тушаалыг хүчингүй болгож, өмнө эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин 4.012.614 төгрөг, байгууллагын дотоод журамд заасан нийт 7 сарын тэтгэмж 6.053.292 төгрөг нийт 10.065.905 төгрөг гаргуулахаар нэхэмжилж байна гэжээ.
Нэхэмжлэгч Б.*******өөс анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа:
Намайг шатахуун удаа дараа завшсан, илүүдэл шатахууныг зарахыг завдаж байсан, онгоцонд бензин дутуу шахаж байсан гэсэн асуудлууд нь шатахууны илүүдэл гарсантай холбоотойгоор тэгсэн байж болзошгүй гэсэн таамаглал сэрдлийн асуудал бөгөөд үүнийг шалгаж нотлоод албан ёсоор танилцуулсан асуудал байхгүй. Хэрэв би ажил үүрэгтэйгээ холбоотойгоор ийм зөрчил дутагдал хийсэн байсан бол даргын хууль хяналтын байгууллагад өгснөөр нь шалгагдаж бараг л эрүүгийн гэмт хэрэгтэн болж манай байгууллага нь хохирогч болох ёстой биздээ. Гэтэл цагдаа, прокурор нь шалгаж тогтоож эцсийн шийдэрийг нь хүлээхгүйгээр өөрийн эрх мэдлийн байдлаа ашиглан намайг шууд үндэслэлгүйгээр ажлаас халах шийдвэрийг гаргасанд туйлын гомдолтой байна.
Шатахууны илүүдэл гарсан шалтгаан нь сумлагч машины шахалтын үйл ажиллагаатай холбоотой гэж үзэж байна гэжээ.
Хариуцагч Баянхонгор аймаг дахь нисэх буудлыг төлөөлж тус нисэх буудлын дарга *******аас шүүхэд гаргасан тайлбартаа:
Шатахууны нярав, лаборант Б.*******ийн үйл ажиллагаатай холбоотойгоор агаарын хөлөгт шатахуун дутуу шахсанаас үүссэн. Дутуу шахна гэдэг нь Нисэхийн болон нислэгийн аюулгүй ажиллагаанд онц аюултай үйлдэл юм. Ингэж дутуу шахаж илүүдэл гаргасан нь хувьдаа завшихын үндэс болж байна.
Шатахуун илүүдэл гарсан тухай хэнд ч хэлээгүй. Харин ийм илүүдэл гарсныг нягтлан бодогч ******* гэнэтийн тооллого явуулж илрүүлсэн байдаг. Б.******* нь ажил олгогчийн итгэлийг алдсан буруутай үйлдэл нь 2015 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр нягтлан бодогч *******өд илүү байсан шатахуунаа зараад чамд таван зуун мянган төгрөг өгье чи энэ асуудлыг даргад битгий хэлээрэй. Чамайг хот яваад ирэхэд би зохицуулчихсан байж байна гэж хэлсэн нь байгууллагын эд хөрөнгийг ашиглах санаа зорилгоо нуун дарагдуулахаар тулгасан байдаг. Энэ тухай нягтлан бодогч надад илтгэх хуудсаар бичиж өгсөн гэжээ.
Хариуцагч Баянхонгор аймаг дахь нисэх буудлыг төлөөлж тус нисэх буудлын дарга *******аас анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа:
Б.*******ийг 2014 онд 651 кг шатахууныг дутааж гадагш борлуулан Баянхонгор аймгийн Нисэх буудалд 1,707,027.0 төгрөгийн хохирол учруулсан үйлдлийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан тул эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзаж шийдвэрлэжээ. Энэ нь Б.*******ийг эрүүгийн хариуцлагад татах хугацаа өнгөрсөн болохоос биш, хохирлын талаар маргаан үүсгэх, хөдөлмөрийн гэрээг цуцлахгүй байх үндэслэл биш юм.
Шатахууны нярав, лаборант Б.******* нь Монгол улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 40-р зүйлийн 40.1.5 дахь хэсэгт заасныг үндэслэн ажлаас халсан шалтгаан нь ажил олгогч Нисэх буудлын удирдлагын итгэлийг алдсан нь дотоодын хяналт шалгалт, тооллогоор илэрсэн. Нисэх буудлын даргын 2015 оны 9 дүгээр сарын 26-ний өдрийн Б/43 тоот тушаалаар баталсан тооллогын комиссын актаар тогтоогдсон гэж үзэж байна гэжээ.
Хариуцагч Баянхонгор аймаг дахь нисэх буудлын дарга *******аас шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ:
Б.******* нь 2015 оны 12 дугаар сарын 4-ний өдрийн гэнэтийн тооллогоор 240 кг буюу 298 литрийн 797.095 төгрөгийн үнэ бүхий шатахууныг удаа дараагийн шунахай үйлдлээр гадагш зарж борлуулах замаар дутаасан. Иймд нийт дутаасан шатахууны төлбөр болон орон сууцны хөнгөлөлт үзүүлсэний төлбөр 16.219.021 төгрөг гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гаргаж байна гэжээ.
Нэхэмжлэгч Б.*******өөс сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа:
Намайг гадагш шатахуун зарсан гэж гүжирдэж байна. Шалтгаан болгож элдэв баримт хуурамчаар бүрдүүлэн өгч байгааг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.
Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дүгээр зүйлийн 128.1.2-т зааснаар нэхэмжлэгч Б.*******ийг ИНЕГ-ын харьяа Баянхонгор аймаг дахь Нисэх буудлын шатахууны лаборант-няравын ажилд эгүүлэн тогтоож, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-т зааснаар хариуцагч ИНЕГ-ын харьяа Баянхонгор аймаг дахь Нисэх буудлаас нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор 3.613.990 төгрөгийг гаргуулж, Б.*******өд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 1.749.970 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2-т зааснаар нэхэмжлэгчид олгох 3.613.990 төгрөгөөс нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт шимтгэл хураамж төлсөн тухай бичилт хийхийг хариуцагч ИНЕГ-ын харъяа Баянхонгор аймаг дахь Нисэх буудлын санхүүд даалгаж, ИНЕГ-ын харьяа Баянхонгор аймаг дахь Нисэх буудлын даргын Б.*******өөс нэхэмжилсэн шатахууны төлбөр, орон сууцны үнийн хөнгөлөлтийн төлбөр нийт 1.6219.021 төгрөгийг гаргуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-т зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 176.004 төгрөгийг төрийн сангийн данснаас буцаан олгож, хариуцагч ИНЕГ-ын харъяа Баянхонгор аймаг дахь Нисэх буудлаас 36.337 төгрөгийг гаргуулж, төрийн сангийн орлого болгож, Баянхонгор аймаг дахь Нисэх буудлын даргын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 239.045 төгрөгийг төрийн сангийн дансанд үлдээж, нэхэмжлэгч нь мэргэжлээс шалтгаалсан өвчний талаарх баримтаа бүрдүүлж, тухайн байгууллагадаа хандаж, тэтгэмж авах болохыг дурьдаж шийвэрлэжээ.
Хариуцагч Баянхонгор аймаг дахь нисэх буудлыг төлөөлж тус нисэх буудлын дарга *******аас давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо:
Б.******* нь 2014 оны 6 дугаар сарын 26 өдрийн А/25 тоот тушаалаар өөрийн хариуцсан ажилдаа хариуцлагагүй хандсанаас сахилгын шийтгэл ногдуулсан. 2015 оны 12 дугаар сарын 07-ний өдрийн А/51 тоот тушаалаар ажлаас чөлөөлөх нь санхүүгийн гэнэтийн шалгалтаар ТС-1 онгоцны шатахууныг санаатай илүүдүүлж зарахыг завдаж байхад нь байгууллагын тооллогын комисс илрүүлэн баримтаар нотлогдсон тул үүрэгт ажлаас нь чөлөөлсөн. Түүнээс биш Монгол улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 131-р зүйлийн 131.3 дүгээр хэсэгт зааснаар сахилгын нэг зөрчилд сахилгын шийтгэлийн хэлбэрүүдийг давхардуулан ногдуулаагүй болно.
Харин Б.******* нь ТС-1 онгоцны шатахуун илүүдсэн талаар ямар нэгэн тайлбар мэдээлэл тухайн үед нь өгч байгаагүй. Гэнэтийн тооллогоор ийм зөрчил гарах үед нь Нисэх буудлын даргын хувьд Б.*******өөс ТС-1 онгоцны шатахуун илүүдүүлсэн талаар тайлбарыг шаардан авч байсан ба энэ тухай ИНЕГ-ын Нисэх Буудлуудын Удирдах Газрын даргын нэр дээр Б.*******ийн талаар тайлбарыг албан ёсоор хүргүүлсэн болно.
Б.*******ийн ТС-1 онгоцны шатахууныг илүүдүүлсэн нь Баянхонгор аймгийн Нисэх буудлын шатахууны агуулах, сумлагч машины тоолуур торхны баталгаа шалгасан тухай 2016 оны 4 дүгээр сарын 6-ны өдрийн ТС-1 маркийн шатахууны тухай 06/6-373 дугаартай албан бичгээр, мөн Нисэх буудлуудын Удирдах Газрын дарга *******д хаягласан баримтанд зааснаар “Энэ илүүдэл шатахуун нь хувь хүний үйл ажиллагаатай холбоотойгоор агаарын хөлөгт шатахууныг дутуу шахсанаас үүссэн” гэж үзэж байна.
Агаарын хөлөгт тооцоолсон шатахууныг дутуу шахах нь нисэхийн болон нислэгийн аюулгүй ажиллагаанд аюултай тул хэрхэн дутуу шахсаныг хуулийн байгууллагаар шалгуулах шаардлагатай байсан.
Нэхэмжлэгч Б.******* нь 2015 оны 12 дугаар сарын 07-ны өдөр ажлаас чөлөөлөгдсөн, түүнээс хойш 3 сар 9 хоногийн дараа шүүхэд нэхэмжлэл гаргаж байгаа нь Хөдөлмөрийн хуулинд заасан ажилтан “..ажил олгогчийн шийдвэрийг хүлээн авсан өдрөөс хойш 1 сарын дотор шүүхэд гаргана..” гэсэн заалтыг зөрчиж гомдол гаргах хугацааг 2 сар 9 хоногоор хэтрүүлсэн байхад шүүх уг хугацааг сэргээн тогтоож, хөөн хэлэлцэх хугацааг хэрхэн шийдвэрлэсэн талаараа хариуцагч талд мэдэгдээгүй нь Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа болон хуулийн зарчмыг ноцтой зөрчсөн гэж хариуцагчийн зүгээс үзэж байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Анхан шатны шүүх нь нэхэмжлэгч Б.*******ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн мөртлөө зарим хэсгийг нь огт шийдвэрлэлгүй орхигдуулж, шүүхийн шийдвэрийн удиртгал хэсэг болон тогтоох хэсэг хоорондоо зөрүүтэй болсон нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна гэсэн шаардлагыг хангаагүй байна.
Тухайлбал шүүхийн шийдвэрийн удиртгал хэсэгт нэхэмжлэгч Б.*******ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийг “..Баянхонгор аймгийн Нисэх буудлын даргын 2015 оны 12 дугаар сарын 7-ны өдрийн А/51 дүгээр тушаалыг хүчингүй болгож, өмнө эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин 4.012.614 төгрөг, байгууллагын дотоод журамд заасан нийт 7 сарын тэтгэмж 6.053.292 төгрөг нийт 10.065.905 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан..” гэж бичсэн мөртлөө шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгтээ нэхэмжлэлийн шаардлагаас 4.701.945 төгрөгийн нэхэмжлэлийг болон Баянхонгор аймгийн Нисэх буудлын даргын 2015 оны 12 дугаар сарын 7-ны өдрийн А/51 дүгээр тушаалыг хүчингүй болгуулах гэсэн нэхэмжлэлийн шаардлага зэргийг шийдвэрлэлгүй орхигдуулжээ.
Нэхэмжлэгч Б.******* 2015 оны 12 дугаар сарын 7-нд ажлаас чөлөөлөгдөөд, тушаалаа 2015 оны 12 дугаар сарын 23-нд гардаж авсанаас хойш 2016 оны 3 дугаар сарын 16-нд шүүхэд гомдол гаргасан байна. Б.******* нь шүүхэд хандаж нэхэмжлэл гаргах үедээ гомдол гаргах хугацааг сэргээлгэх хүсэлтийг гаргасан боловч шүүх хүсэлтийг хүлээн авсан тухай тэмдэг дарж баталгаажуулаагүй. Шүүх нэхэмжлэгчийн гомдол гаргах хугацааг сэргээгээгүй мөртлөө шүүгч ажиллагаа хийж явсаар шүүх хэргийг шийдвэрлэхээс 10 хоногийн өмнө 2016 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн 01212 тоот захирамжаар нэхэмжлэгч Б.*******ийн гомдол гаргах хугацааг сэргээсэн.
Энэ гомдол гаргах хугацааг сэргээсэн захирамжаа хэргийн оролцогч нарт мэдэгдэж, танилцуулаагүй, гардуулаагүй тул хариуцагч талаас давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо “..шүүх нэхэмжлэгчийн гомдол гаргах хугацааг хэрхэн шийдвэрлэснийг одоо хүртэл мэдээгүй..” гэж гомдол гаргасан байна.
Анхан шатны шүүх хуралдаанд нэхэмжлэгч талын өмгөөлөгчөөс хэн гэдэг нь мэдэгдэхгүй гэрэл зургийг нотлох баримтаас хасуулах саналтай байна гэж хүсэлт гаргасан, хариуцагч талаас гэрэл зургийг нотлох баримтаас хасуулахгүй гэсэн хүсэлтийг тус тус гаргасан шүүх хуралдаан дээр гаргасан зохигч талуудын хүсэлтийг шийдвэрлэлгүй орхигдуулж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлд заасан хэргийн болон шүүх хуралдаанд оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг ноцтой зөрчиж, шүүх хуралдаанд оролцогчийн хүсэлт гаргах, шийдвэрлүүлэх эрхийг хангаагүй байна гэж үзлээ.
Хариуцагчийн өмгөөлөгч *******оос /хх-ийн 160 дугаар тал/ *******ийг гэрчээр мэдүүлэг авхуулах хүсэлт, мөн 2016 оны 5 дугаар сарын 16-нд *******ийг шүүх хуралдаанд гэрчээр оролцуулах тухай хүсэлт /хх-ийн 184 дүгээр тал/, нэхэмжлэгч Б.*******өөс /хх-ийн 185 дугаар тал/ онгоцны техникч , цахилгаанчин ******* нарыг гэрчээр мэдүүлэг авхуулахаар хүсэлттүүдийг тус тус гаргасан байхад шүүх хүсэлтүүдийг хэзээ хүлээн авсан талаар тэмдэг дарж баталгаажуулаагүй, хүсэлтийг хангах эсэх талаар шүүгчийн захирамж гаргаж, шийдвэрлээгүй мөртлөө гэрчүүдээс мэдүүлэг авсан, мөн шүүх хуралдааны тэмдэглэл болон шүүхийн шийдвэрийн дугаар зөрүүтэй, шүүх хуралдааны тэмдэглэлд шүүх хуралдааны нарын бичгийн дарга гарын үсэг зураагүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.4-т зааснаар нэхэмжлэлийг шүүгчид хуваарилсан 2016 оны 3 дугаар сарын 16-ний өдрөөс эхлэн хэрэг хянан шийдвэрлэх шүүгчийг захирамж гарган томилох байтал хэргийг шийдвэрлэхийн өмнө 2016 оны 5 дугаар сарын 13-ний өдөр /хх-ийн 170 дугаар тал/ шүүх хуралдаан даргалагчийг томилсон шийдвэрийг албажуулсан нь шүүгч томилогдоогүй байж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулжээ.
Иймд хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрх болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн байх тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Хариуцагч Баянхонгор аймаг дахь нисэх буудлын дарга *******ын давж заалдсан гомдолд заагаагүй үндэслэлээр шийдвэрийг хүчингүй болгосон тул түүний давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн мөнгийг төвлөрсөн төсвийн орлогод үлдээх нь зүйтэй гэж үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.3-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Баянхонгор аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 5 дугаар сарын 18-ний өдрийн 326 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.3-д зааснаар хариуцагч Баянхонгор аймаг дахь нисэх буудлын дарга *******аас улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 239.045 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээсүгэй.
3. Давж заалдах шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хуулийг буруу хэрэглэсэн гэж үзвэл зохигчид магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ М.МӨНХДАВАА
ШҮҮГЧИД Л.НЯМДОРЖ
Г.УЛАМБАЯР