Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2017 оны 10 сарын 05 өдөр

Дугаар 001/ХТ2017/01118

 

Ж.А-н нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, Ц.Амарсайхан, Б.Ундрах, Г.Цагаанцоож нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 84 дүгээр шийдвэр,

Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2017 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 212/МА2017/00058 дугаар магадлалтай,

Ж.А-н нэхэмжлэлтэй,

“Н” ХХК-д  холбогдох,

Ажлын хөлс 7.000.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагч А.Достыхбекийн гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Г.Цагаанцоож илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Асланбек, нарийн бичгийн дарга Э.Боролдой нар оролцов.

Нэхэмжлэгч Ж.А- шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: 2015 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр “Н” ХХК-ийн захирал А.Достыхбектэй 26.000.000 төгрөгийн гэрээ байгуулсны дагуу Баяннуур сумын 100 хүүхдийн дотуур байрын ажлыг хийж дуусгаж хүлээлгэн өгсөн. Гэрээнд заасан ажил үүргээ бүрэн гүйцэтгэж хүлээлгэн өгсөн боловч ажлын үр дүнд өгөх ёстой байсан 14.000.000 төгрөгийг өгөөгүй. 2016 оны 2 дугаар сарын 08-ны өдрийн 58 дугаартай Эвлэрлийн гэрээгээр 7.000.000 төгрөгийг 2016 оны 3 дугаар 20-ны өдөр өгөхөөр тохиролцсон боловч үлдсэн 7.000.000 төгрөгийг өгөөгүй.  “Н” ХХК нь ноцтойгоор зөрчин гэрээний дагуу хийж гүйцэтгэсэн ажлын хөлс болох 7.000.000 төгрөгийг одоо хүртэл өгөхгүй байгаа тул гаргуулж өгнө үү  гэжээ.

Хариуцагч “Н” ХХК-ийн захирал А.Достыхбек шүүхэд гаргасан тайлбартаа: Манай компани 2014-2015 онуудад БСШУ-ны яамны захиалгаар тус аймгийн Баяннуур суманд сургуулийн дотуур байр барьж 2015 оны 10 сарын 16-ны өдөр улсын комисст хүлээлгэж өгсөн. Ж.А- надтай 26.000.000 төгрөгийн гэрээ байгуулсан гэдэг нь худлаа. Би түүнтэй 24.000.000 төгрөгийн дүнтэй хөдөлмөрийн гэрээ байгуулж, ажил гүйцэтгэх явцад цемент, нүүрс болон бэлэн мөнгө нийт 12.500.000 төгрөг, 2016 оны 3 дугаар сарын 17-нд 7.000.000 төгрөг, бүгд 19.500.000 төгрөг өгсөн тул нэхэмжилж байгаа 7.000.000 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй.  Ж.А- хариуцсан барилгын 1 дүгээр давхрын өрөөнүүдийн эмульс, будаг, наасан плита зэрэг нь чанарын шаардлага хангаагүй учраас улсын комиссын өгсөн даалгаврын дагуу дахиж хийх болсон. Энэ тухай Ж.А-д хэлэхэд ажлаа хийж дууссан, дахиж хийхгүй гэж явчихсан. Ж.А- гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй. Тэрээр чанаргүй хийсэн ажлын зөрчлийг өөрөө хариуцаж арилгах ёстой байсан. Ж.А- 3.000.000 төгрөгөөр дээврийн ажлыг гүйцэтгэхэд туслах ажилтнаа өөрөө цалинжуулах ёстой байсан, гэтэл түүний туслахаар ажилласан 2 ажилчны цалинг би төлсөн гэжээ.

Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 84 дүгээр шийдвэрээр: Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 344 дүгээр зүйлийн 344.1-ийг баримтлан хариуцагч Баян-Өлгий аймгийн Н ХХК /захирал А.Достыхбек/-аас гүйцэтгэсэн ажлын хөлс 4.500.000 /дөрвөн сая таван зуун/ мянган төгрөг гаргуулан нэхэмжлэгч РД:БЗ82020119 Ожых овогт Ахкөлбайн Жумабайд олгож, нэхэмжлэгчийн илүү нэхэмжилсэн 2.500.000 /хоёр сая таван зуун мянган/ төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57 дугаар зүйлийн 57.1-ийг баримтлан нэхэмжлэгч Ж.А-н улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 126.500 /нэг зуун хорин зургаан мянга таван зуун/ төгрөгийг улсын орлого болгож, хариуцагч Баян-Өлгий аймгийн Н ХХК /захирал А.Достыхбек/-аас 86.950 /наян зургаан мянга есөн зуун тавин төгрөг/ гаргуулан нэхэмжлэгч Ж.А-д олгож шийдвэрлэжээ.

Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 212/МА2017/00058 дугаар магадлалаар: Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 84 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч болон нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг тус тус хангахгүй орхиж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1.-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 55.000 төгрөг, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 86.950 төгрөгийг тус тус төрийн сангийн дансанд хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Хариуцагч А.Достыхбек хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 212/МА2017/00058 магадлалыг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна.

Хэрэгт авагдсан нотлох баримтуудаар ажил гүйцэтгэгч Ж.А-  Иргэний хуулийн 350.1.1, 350.1.6 дахь заалтуудыг тус тус зөрчсөн нь тогтоогдсоор байхад давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн нь бидний хооронд үүссэн маргаантай харилцаанд Иргэний хуулийн ажил гүйцэтгэх гэрээний заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэж байна.

Анхан шатны шүүх хавтаст хэрэгт авагдсан ач холбогдол бүхий нотлох баримтуудыг зөв үнэлж чадаагүй, зохигчийн тайлбарыг нотлох баримтаар үнэлсэн явдал нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1, 40.1-т заасантай нийцээгүй байхад давж заалдах шатны шүүх шийдвэрийг хэвээр нь үлдээснээрээ хуулийг буруу хэрэглэсэн.

Барилгын дээврийн 3.000.000 төгрөгийн ажилд Ж.А-н туслах ажилтнаар ажилласан 2 хүний цалинг би төлсөн. Эдгээр туслах ажилтнууд болох А.Шугайв, Т.Бекболат нарын тодорхойлолт хавтаст хэрэгт авагдсан боловч хоёр шатны шүүх уг нотлох баримтыг үнэлээгүй. Уг мөнгө Ж.А-д төлөх ёстой мөнгөнөөс хасагдаж тооцогдох ёстой. Иймд гомдлыг хянаж үзээд 212/МА2017/00058 магадлалыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.                                   

ХЯНАВАЛ

Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангажээ.

Ажлын хөлсний үлдэгдэлд 7.000.000 төгрөг гаргуулахаар шаардсан нэхэмжлэгч Ж.А-н нэхэмжлэлийг эс зөвшөөрөхдөө хариуцагч “Н” ХХК нь “...ажлаа дутуу хийсэн, чанарын шаардлага хангаагүй зарим ажлыг дахин хийлгүй орхиж явсан, туслах ажилтандаа цалинг нь өгөөгүй тул 2 ажилтны цалин  төлсөн” гэсэн тайлбар гаргаж, маргажээ.

Зохигчдын хооронд 2015 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр байгуулагдсан гэрээгээр нэхэмжлэгч нь Баян-Өлгий аймгийн Баяннуур сумын сургуулийн дотуур байрны 1 давхрын дотор ханы суурь цутгах, 12-ын ханын өрлөг хийх, барилгын бүх гадна шавардлага хийх, 1 давхрын дотор шалны тэгшилгээ хийх ажлыг 10.000.000 төгрөгөөр, 1 давхрын цонх болон тавцан угсрах ажил 500.000 төгрөг, дотор шавардлага 5.000.000 төгрөг, 1 давхрын дотор засал 1 м.кв талбайг 5500 төгрөг, барилгын дээвэр 3.000.000 төгрөгөөр хийж гүйцэтгэхээр харилцан тохиролцжээ /хэргийн 9-12 дугаар тал/.  

Гэрээний агуулгаас үзвэл нэхэмжлэгч нь барилгын ажил гүйцэтгэх, хариуцагч ажлын үр дүнг хүлээн авч хөлс төлөх үүргийг тус тус хүлээсэн байх тул талуудын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д заасан ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан гэж үзнэ.  

Гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй тул гэрээнд заасан үүргээ талууд биелүүлэх, биелүүлээгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэл, үр дагаврыг шаардах эрхтэй. Нэхэмжлэгч нийт 24.000.000 төгрөгийн ажил гүйцэтгэхээр тохирч 19.500.000 төгрөг авсан нь тогтоогджээ.  

Гэрээнд барилгын 1 давхрын хэмжээ тусгагдаагүй бөгөөд нэхэмжлэгч “...1447 м.кв...” гэсэн тайлбараа нотолж чадаагүй тул шүүх уг ажлын хэмжээг хариуцагчийн зөвшөөрсөн 1000 м.кв-р тооцжээ.

Нэхэмжлэгчийн гүйцэтгэсэн ажлын үр дүн доголдолтой байсан эсэх, ажлын болон төлөх хөлсний хэмжээний талаар зохигчид маргажээ.  

Иргэний хуулийн 353 дугаар зүйлийн 353.2-т зааснаар гэрээнд заасан тоо, хэмжээ, чанарт тохирч байвал ажлын үр дүнг биет байдлын доголдолгүй гэнэ. 

Баян-Өлгий аймгийн Баяннуур сумын сургуулийн 100 хүүхдийн дотуур байрны барилгын ажлыг хүлээж авах улсын комисс  2015 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр дутуу ажлын жагсаалтыг гарган, хийж дуусгахыг “Н” ХХК-д үүрэг болгосны дагуу уг ажлыг хийж гүйцэтгэсэн, улсын комисс 2015 оны 10 дугаар сарын 16-ны өдөр  барилгыг хүлээн авсан байх тул ажлын үр дүнг доголдолтой гэж үзэхгүй.  

Хариуцагчийн “...дутуу ажлуудыг өөр хүнээр хийлгэж 4.580.000 төгрөгийн хөлс төлсөн, бараа материал авахад 5.840.500 төгрөгийн зардал гаргасан” гэх тайлбар хэргийн баримтаар хангалттай тогтоогдоогүй байна.

Шүүх, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэрэгт авагдсан баримтад тулгуурлан нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, хариуцагч “Н” ХХК-с 4.500.000 төгрөг гаргуулахаар шийдвэрлэхдээ Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 344 дүгээр зүйлийн 344.1 дэх заалтыг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2-т заасан үндэслэл тогтоогдоогүй тул хариуцагчийн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж, шийдвэр, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 84 дүгээр шийдвэр, Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 212/МА2017/00058 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагчийн төлөөлөгчийн  гомдлыг хангахгүй орхисугай.

2.Хариуцагч хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2017 оны 05 дугаар сарын 31-ний өдөр төлсөн 86.950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

            ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                 Х.СОНИНБАЯР

            ШҮҮГЧ                                                            Г.ЦАГААНЦООЖ