Улсын дээд шүүхийн Тогтоол

2022 оны 03 сарын 14 өдөр

Дугаар 001/ХТ2022/0016

 

 

  С.Шагдарсүрэн нарын нэхэмжлэлтэй Монгол Улсын Засгийн газарт

                              холбогдох захиргааны хэргийн тухай

 

Монгол Улсын дээд шүүхийн захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:

Даргалагч, шүүгч:                   Ц.Цогт

Шүүгчид:                                  М.Батсуурь

                                                 Д.Мөнхтуяа

                                                 П.Соёл-Эрдэнэ

Илтгэгч Танхимын тэргүүн:    Ч.Тунгалаг

Нарийн бичгийн дарга:           Т.Даваажаргал

Нэхэмжлэлийн шаардлага: Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 2 дугаар сарын 04-ний өдрийн 44 дүгээр тогтоолын хавсралт “Мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагын суралцагчид тэтгэлэг олгох журмын 1 дүгээр зүйлийн 1.2 дахь заалтыг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах” тухай

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 11 дүгээр шийдвэртэй,

Шүүх хуралдаанд оролцогчид: Нэхэмжлэгч С.Шагдарсүрэн, Н.Оюунцэцэг, Ч.Ганцэцэг, Д.Цацрал, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Цэдэвсүрэн /цахимаар/, нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Тогос, Б.Нямжаргал, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Жавзанжаргал нарыг оролцуулан,  нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Тогос, Б.Нямжаргал нарын давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 11 дүгээр шийдвэрээр: Боловсролын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2, 43.2.10, Мэргэжлийн боловсрол, сургалтын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.4, Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, Захиргааны ерөнхий хуулийн 60 дугаар зүйлийн 60.1.1, 62 дугаар зүйлийн 62.1 дэх заалтыг тус тус баримтлан нэхэмжлэгч С.Шагдарсүрэн, Н.Оюунцэцэг, Ч.Ганцэцэг, Г.Чинзориг, Д.Цацрал нарын Монгол Улсын Засгийн газарт холбогдуулан гаргасан “Засгийн газрын 2020 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 44 дүгээр тогтоолын хавсралт “Мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагын суралцагчид тэтгэлэг олгох журмын 1 дүгээр зүйлийн 1.2 дахь заалтыг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах тухай” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Давж заалдах журмаар гаргасан гомдол:

         2. ... Нэхэмжлэгч нар нь 2019 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр Хэнтий аймаг дахь Политехник коллежийн “Албан хэрэг хөтлөлт-нарийн бичгийн дарга” мэргэжлээр элсэн орж 1 жилийн хугацаанд суралцаж төгссөн. Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 12 дугаар тогтоолоор “Мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагын суралцагчид тэтгэлэг олгох тухай журам”-ыг шинэчлэн баталж, мэргэжлийн болон техникийн боловсролын түвшинд суралцаж буй өдрийн ангийн суралцагч нь онол дадлагын сургалтад 70-аас доошгүй хувийн ирцтэй оролцсон бол 100,0 мянган төгрөгийн тэтгэлэг олгохоор тусгасан. Иймд суралцах хугацаандаа 2019 оны 9 дүгээр сараас он дуустал сар бүр 100,0 мянган төгрөгийн тэтгэлэг авч байсан боловч Засгийн газрын 2020 оны 2 дугаар сарын 04-ний өдрийн 44 дүгээр тогтоолын хавсралтаар батлагдсан журмын 1 дэх хэсэгт зааснаар 45 хүртэлх насны иргэнд тэтгэлгийг олгохоор журамласнаар нэхэмжлэгч бид бүхэн 45-аас дээш насны иргэн учир уг тэтгэлэг авах боломжгүй болсон. 2020 оны 01 дүгээр сараас мөн оны 06 дугаар сарыг хүртэлх 5 сарын тэтгэлэг болох 1,000.000 /нэг сая/ төгрөгийг огт аваагүй. ... биднийг 45-аас дээш насны иргэд хэмээн илт ялгаварлаж, Монгол Улсын Үндсэн хуульд заасан хүний эрхийг зөрчсөн, тэгш байдлын болон хууль дээдлэх зарчмыг баримтлахгүйгээр шийдвэрлэсэнд гомдолтой байна.

3. ... Захиргааны ерөнхий хуулийн 60 дугаар зүйлийн 60.1.1 хэсэгт “Монгол Улсын Үндсэн хууль, энэ хууль болон бусад хуульд нийцсэн байх” хэмээн заасан захиргааны хэм хэмжээний акт шаардлагыг хангаагүй, мөн хуулийн 62 дугаар зүйлийн 62.2-т “Нийтийн ашиг сонирхол, хүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөх тохиолдолд захиргааны хэм хэмжээний актын төсөлд нийтийн санаа бодлыг тусгах зорилгоор хэлэлцүүлэг зохион байгуулж, оролцох боломжоор хангах бөгөөд эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөх бүлгийн хүрээнд хэлэлцүүлэг заавал хийнэ” гэсэн заалтыг тус тус зөрчсөн захиргааны хэм хэмжээний актыг хүчин төгөлдөр хэвээр үлдээж шийдвэрлэсэн нь хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэж байна.

4. Иймд Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 11 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, Монгол Улсын Үндсэн хууль болон Захиргааны ерөнхий хууль илт зөрчсөн Засгийн газрын 2020 оны 2 дугаар сарын 04-ний өдрийн 44 дүгээр тогтоолын хавсралт “Мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагын суралцагчид тэтгэлэг олгох журам”-ын 1 дүгээр зүйлийн 1.2 дахь хэсгийн заалтыг хууль бус гэж үзэж хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

 5. Боловсролын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.10-т “мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагад суралцагчдад Засгийн газраас тогтоосон хэмжээ, журмын  дагуу  сар тутам тэтгэлэг олгоно” /энэ заалтыг 2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/ гэж заасны дагуу Засгийн газраас тэтгэлгийн хэмжээ, тэтгэлэг олгох журмыг тухайлан тогтоож ирсэн, маргааны үйл баримтад хамаарах хугацаанд гарсан Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 2 дугаар сарын 04-ний өдрийн 44 дүгээр тогтоолоор “Мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагын суралцагчид тэтгэлэг олгох журам”-ыг шинэчлэн  батлахдаа 1.2-т “... 45 хүртэлх насны иргэнд энэхүү тэтгэлгийг олгоно” гэж заасан, мөн уг тогтоолоор “... суралцагчид хичээлийн жилд сар бүр олгох тэтгэлгийн  хэмжээг  200,000 төгрөгөөр тогтоожээ.

6. Нэхэмжлэгч С.Шагдарсүрэн, Н.Оюунцэцэг, Ч.Ганцэцэг, Г.Чинзориг, Д.Цацрал нар  Хэнтий  аймаг  дахь Политехник коллежид 2019-2020 оны хичээлийн  жилд “нарийн бичгийн дарга-албан хэргийн ажилтан” гэсэн мэргэжлээр 1 жилийн өдрийн ангид суралцаж төгссөн, суралцах хугацаандаа буюу 2019 оны 9-12 дугаар сард Засгийн газрын 2019 оны 12 дугаар тогтоолын дагуу сар бүр 100,000 төгрөгийн тэтгэлэг авч байсан, эдгээр иргэдийн нас 45-аас хэтэрсэн зэрэг үйл баримттай хэргийн  оролцогчид маргаагүй байна.

7. Хяналтын шатны шүүх, маргааныг анхан шатны журмаар хянан шийдвэрлэсэн  давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-т заасанд нийцүүлэн хянаж  дараах үндэслэлээр  хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

 8. Мэргэжлийн боловсрол, сургалтын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.4-т  “Засгийн газраас тогтоосон журмын дагуу Боловсролын тухай хуулийн 43.2-т заасан нийгмийн баталгаагаар хангагдах”-аар,  Боловсролын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.10-т “мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагад суралцагчдад Засгийн газраас тогтоосон  хэмжээ,  журмын  дагуу сар тутам тэтгэлэг олгоно” гэж заасны дагуу Мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагад суралцагчид “тэтгэлэг” олгох харилцааг Засгийн газрын “хэм хэмжээний акт”-аар зохицуулахаар хуульчилсан, төрөөс “тэтгэлэг” олгох нь төр өөрийн боломждоо тулгуурлан суралцагчид үзүүлж буй “дэмжлэг, тусламж”-ийн агуулгатай тул “тэтгэлэг заавал авах”-аар шаардах эрх аливаа  иргэнд хуулиар үүсэхгүй  юм.

9. Иймээс, хуулиар шаардах эрх үүсэхгүй энэ маргааны хувьд Засгийн газраас “тэтгэлэг” олгох журмыг тогтоосон актыг гаргахдаа Захиргааны ерөнхий хуулийн 62 дугаар зүйлийн 62.2-т “... хүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөх тохиолдолд захиргааны хэм хэмжээний актын төсөлд ... эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөх бүлгийн хүрээнд хэлэлцүүлэг заавал хийх”-ээр заасныг хэрэгжүүлээгүйд хариуцагчийг буруутгах үндэслэлгүй, өөрөөр хэлбэл, энэ зохицуулалт нь хуулиар хамгаалагдсан аливаа эрх хөндөгдөх тохиолдолд заавал хэрэгжүүлэх агуулгатай болохоос төрөөс “тэтгэлэг”-ийг олгохын тулд захиргааны сонголтын эрхээ тодорхой бүлэг, тухайлбал, суралцагчдаас “асуух шаардлагагүй” учраас нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан “... Захиргааны ерөнхий хуулийн 62.2 дэх заалтыг зөрчсөн хэм хэмжээний актыг хүчин төгөлдөр хэвээр үлдээж шийдвэрлэсэн тул хуулийг буруу хэрэглэсэн хэмээн үзэж байна” гэх гомдлыг  хүлээж авах боломжгүй.

10. Түүнчлэн, Мэргэжлийн боловсрол, сургалтын тухай  хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д “Мэргэжлийн боловсрол, сургалтын зорилго нь иргэний авьяас, сонирхол, хөдөлмөр эрхлэх хэрэгцээнд тулгуурлан боловсролын үндсэн зарчим, олон улсын нийтлэг жишиг, хандлагад нийцүүлэн мэргэжлийн ур чадвар, боловсрол эзэмшүүлэх, мэргэшлийг дээшлүүлэх, хөдөлмөрийн болон харилцааны соёл төлөвшүүлэхэд оршино” гэж зааснаас үзвэл, тухайн иргэн нь мэргэжлийн боловсрол, сургалтаар эзэмшсэн мэргэжлийн дагуу хөдөлмөрийн зах зээлд тодорхой мэргэшлийн ажил, хөдөлмөр эрхэлснээр уг сургалтын  зорилго  хангагдах учиртай.

11. Хариуцагчийн тайлбарт, мэргэжлийн боловсрол, сургалтын салбарт жилд дунджаар 40000 гаруй суралцагч мэргэжил эзэмшин төгсөж байгаагийн 0.04 хувь нь 39-өөс дээш насныхан бөгөөд 45-аас дээш насныхны  хөдөлмөр эрхлэлт 1.4 буюу  хамгийн бага хувийг эзэлж байгаа талаар дурдсан, нэхэмжлэгч нарын хувьд “илүү их шинэ мэдлэг, мэргэжилтэй болохоор уг сургалтын байгууллагад суралцсан” гэх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбараас үзэхэд, Засгийн газраас уг “Журам”-аар тэтгэлэг авах суралцагчийн насыг ялгамжтай тогтоосон нь Мэргэжлийн боловсрол, сургалтын тухай хуульд заасан “сургалтын зорилго”-д нийцсэн бөгөөд маргаан бүхий уг зохицуулалт нь Захиргааны ерөнхий хуулийн  60 дугаар зүйлийн 60.1.2-т “тусгайлан эрх олгосон тухайн хуулийн агуулга, зорилго, хүрээнд нийцсэн байх” хуулийн  шаардлагыг  хангасан  гэж үзнэ.

12. Үүний зэрэгцээ, шүүхийн шийдвэрт дүгнэгдсэн  нийтэд  илэрхий  буюу  “тэтгэлэг” олгох харилцааг зохицуулж байсан “журам”-ууд, тухайлбал, Монгол Улсын Засгийн газрын 2007 оны  294  дүгээр тогтоолоор “24 хүртэлх насны суралцагчдад”, 2015 оны 477 дугаар тогтоолоор “24 хүртэлх насны суралцагчдад”, 2019 оны 12 дугаар тогтоолоор  “суралцагчдад” гэж тогтоож  байснаас  үзэхэд ч  нэхэмжлэгч нарын давж заалдах гомдлын “ ... биднийг 45-аас дээш насны иргэд хэмээн илт ялгаварлаж, Монгол Улсын Үндсэн  хуульд заасан хүний эрхийг зөрчсөн, тэгш байдлын болон хууль дээдлэх зарчмыг баримтлахгүйгээр шийдвэрлэсэнд гомдолтой ...” гэх үндэслэлийг мөн хүлээн авах боломжгүй байна.

13. Дээрх үндэслэлээр хэргийг анхан шатны журмаар хянан шийдвэрлэсэн Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Нямжаргал, Б.Тогос нарын давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 11 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Нямжаргал, Б.Тогос нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-т зааснаар нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Ц.ЦОГТ

ШҮҮГЧИД                                                       М.БАТСУУРЬ

       Д.МӨНХТУЯА

       П.СОЁЛ-ЭРДЭНЭ

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                  Ч.ТУНГАЛАГ