Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2016 оны 08 сарын 23 өдөр

Дугаар 4933

 

Зохигч эвлэрснийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох  тухай

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Энхзаяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

            Нэхэмжлэгч: Баянзүрх дүүргийн 3 дугаар хороо, 12 дугаар хороолол, 7/А-18 тоотод оршин суух, Боржигон овогт Отгоны Нямдаваа /РД:ХБ62123127/-ийн нэхэмжлэлтэй ,

            Хариуцагч: Баянгол дүүрэг, 3 дугаар хороо, 50-56 тоотод оршин суух, Хиад овогт Гочоогийн Мөрөндэлгэр /РД:ХА48082519/-т холбогдох

            500,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч О.Нямдаваа, хариуцагч Г.Мөрөндэлгэр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Анхцэцэг нар оролцов. 

                                                                                                       ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч О.Нямдаваа шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Г.Мөрөндэлгэр нь 2015 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр яаралтай 500,000 мянган төгрөг хэрэг болоод байна, өнөөдөр урагшаа хүн явах гээд мөнгө дутаад байна, би чамд маргааш л өгчихнө, маш том мөнгө орж ирэх наймааны ажил байгаа юм гээд амралтын өдөр утасдаад шалаад байхаар нь итгээд 500,000 төгрөгийг түүний хэлснээр Д.Одгэрэл гэдэг хүний Төрийн банкны 103900331453 тоот дансанд /Мөрөндэлгэр нь төрийн банкны данс байхгүй гээд хамт явж байгаа хүнийхээ дансны дугаарыг надад мессежээр явуулсан/ шилжүүлсэн. Би энэ хүнийг анх өмгөөлөгч хийдэг, насаараа хууль шүүх, цагдаад ажилласан гэхээр нь надад эрх зүйн туслалцаа өгчих хэмжээний хүн байна гэж итгээд 2015 оны 10 сард таньдаг эгчээрээ дамжуулан танилцсан. Би тухайн үед орон сууцаа бусдад залилуулж алдчихаад шүүхэд нэхэмжпэл гаргасан байсан бөгөөд сайн өмгөөлөгч надад хэрэгтэй байсан юм. Гэтэл Г.Мөрөндэлгэр нь өмгөөлөл хийх эрхээ хасуулсан хүн байсан бөгөөд нас намба, хийж байсан ажил төрлөөрөө дулдуйдан хүнээс мөнгө салгаж залилан хийж сурсан, энэ аргаараа надаас ч бас миний хүнд байдлыг ашиглан мөнгө залилан авсан нь хожим ойлгогдсон. Хариуцагч Мөрөндэлгэр нь миний сэтгэл санааны хүнд байдлыг ашиглан надаас удаа дараа тамхины мөнгө, хоолны мөнгө, утасны төлбөрөө хүртэл төлүүлж байсан. Ингээд би түүнээс зээлсэн мөнгөө өгөөч та маргааш л өгчихнө гэсэн шүү дээ надад мөнгөний хэрэг болоод байна, мөнгөө авъя гэж нэхэх тоолонд маргааш, нөгөөдөр өгчихнө, би авсан шигээ өгчихөж бас чадна, чи санаа зоволтгүй, банкнаас зээл авах гэж байгаа, удахгүй бүтнэ гэдэг байсан. Бүр сүүлдээ барин тавин худал хэлж банкин дээр очирлож байна, банкинд дугаарлаж зогссоор байгаад урдуураа таслуулчихлаа, маргааш дахин очихоос гэхчилэн ярьж намайг удаа дараа хууран мэхэлж хоног хугацаа хожсоор өнөөдрийг хүрлээ. Арга барахдаа би, та надаас зээлж авсан 500,000 төгрөгийг өгчих бусад нь яахав гэж гуйсан. Ингээд өгөхгүй болохоор нь харъяаллын дагуу Баянзүрх дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтэст гомдол гаргасны дагуу уг асуудлыг шалгаад 2016 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн 4972 дугаартай прокурорын тогтоол гарсан. Иймд О.Нямдаваа миний Г.Мөрөндэлгэрт залилуулсан 500,000 төгрөгийг Г.Мөрөндэлгэрээс гаргуулж өгнө үү гэжээ.

Зохигч талуудын байгуулсан эвлэрлийн гэрээнд: Нэхэмжлэгч О.Нямдаваа   500,000 төгрөг нэхэмжилснийг хариуцагч Г.Мөрөндэлгэр 2016 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн дотор бүрэн төлж барагдуулахаар эвлэрчээ.         

                                                                                                        ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч О.Нямдаваа нь хариуцагч Г.Мөрөндэлгэрт холбогдуулан 500,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

Хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх явцад зохигч эвлэрч, нэхэмжлэгч О.Нямдаваа   500,000 төгрөг нэхэмжилснийг хариуцагч Г.Мөрөндэлгэр 2016 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн дотор бүрэн төлж барагдуулахаар зохигч эвлэрч, эвлэрлийн гэрээ байгуулжээ.

Зохигчийн энэхүү эвлэрэл хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул эвлэрлийг батлан, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.             

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасныг удирдлага болгон      

        ТОГТООХ нь:                                    

1. Нэхэмжлэгч О.Нямдаваа   500,000 төгрөг нэхэмжилснийг хариуцагч Г.Мөрөндэлгэр 2016 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн дотор бүрэн төлж барагдуулахаар зохигч эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 15,650 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г.Мөрөндэлгэрээс улсын тэмдэгтийн хураамжид 7,825 төгрөг, Баянгол дүүргийн Татварын хэлтсийн 2602002965 тоот данснаас 7,825 төгрөг тус тус гаргуулан нэхэмжлэгч О.Нямдаваад олгосугай.

4. Энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

5. Энэ захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг тайлбарласугай.

           

 

 

ДАРГАЛАГЧ                                    Х.ЭНХЗАЯА