Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 04 сарын 17 өдөр

Дугаар 210/МА2024/00792

 

 

 

 

 

2024 оны 04 сарын 17 өдөр

Дугаар 210/МА2024/00792

 

 

...гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Баясгалан даргалж, шүүгч Д.Дэлгэрцэцэг, шүүгч Т.Бадрах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 183/ШШ2023/04215 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: ...гийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: ..........т холбогдох,

Зээлийн гэрээний үүрэгт 20,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Т.Бадрах илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч .........., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Р.Энхзаяа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:

..........т 2021 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр 20,000,000 төгрөгийг зээлүүлсэн. Ингэхдээ ямар нэгэн бичгийн гэрээ байгуулаагүй бөгөөд тус мөнгийг дансаар шилжүүлсэн. .......... нь зээлийг одоо хүртэл буцаан төлөөгүй. Иймд зээлийн гэрээний үүрэгт 20,000,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:

Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Зөвшөөрөхгүй байгаа шалтгаанаа хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тайлбарлан оролцох бөгөөд нотлох баримтыг гаргаж өгнө гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зааснаар хариуцагч ..........ээс 20,000,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ...д олгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 257,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ..........ээс улсын тэмдгийн хураамжид 257,950 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч ...д олгож шийдвэрлэжээ.

 

4. Хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:

Анхан шатны шүүх нотлох баримт болон бодит байдлыг дутуу, буруу үнэлж, хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн.

4.1. Нэхэмжлэгч бид нар хоорондоо дотно харилцаатай ба би ямар нэг байдлаар зээл аваагүй, надад хөрөнгө оруулалт хийж байсан бөгөөд шүүхийн журмаар нэхэмжлэл гаргасныг хүлээн зөвшөөрөхгүй.

4.2. Анхан шатны шүүхээс шүүх хуралдааны товыг надад урьдчилан мэдэгдээгүй, мэдэгдсэн бол би шүүх хуралдаан дээр ирж биечлэн оролцох боломжтой байсан. Шийдвэрийг ч би өөрөө утсаар ярьж мэдэж, шүүх дээр очиж гардан авсан. Иймд шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх зарчим алдагдаж, миний эрхийг ноцтойгоор зөрчсөн тул шийдвэрийг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлж өгнө үү гэжээ.

 

5. Давж заалдах шатны шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга:

5.1. Анхан шатны шүүхээс хариуцагчийн утасны дугаарт шүүх хуралдааны тов мэдэгдэж, тэмдэглэл үйлдсэн байсан.

5.2. Хариуцагч тухайн өдөр үндэслэлгүйгээр шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй тул нэхэмжлэгч тал шүүх хуралдааныг үргэлжлүүлэх санал гаргасны дагуу шүүх хуралдааныг үргэлжлүүлсэн гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх хариуцагчийн гаргасан гомдлын хүрээнд хэргийг хянаад гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаав.

 

2. Нэхэмжлэгч ... нь хариуцагч ..........т холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 20,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргасан.

 

3. Анхан шатны шүүх хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхтэй холбоотой бэлтгэл ажиллагааг зохих ёсоор гүйцэтгээгүй, хариуцагчийн шүүх хуралдаанд биечлэн оролцох эрхийг хангалгүй хэргийг хянан шийдвэрлэсэн байгаа нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.2-т заасан шийдвэрийг хүчингүй болгож дахин шийдвэрлүүлэхээр буцаах үндэслэл болж байна.

 

3.1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 76 дугаар зүйлийн 76.1.1-д зааснаар хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх захирамж гарснаар хуралдааныг товлох, товыг хэргийн болон шүүх хуралдааны оролцогчдод мэдэгдэх бэлтгэл ажиллагааг шүүх гүйцэтгэдэг.

Гэтэл анхан шатны шүүх 2023 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 183/ШЗ2023/23238 дугаар захирамжаар хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн атлаа шүүх хуралдааныг маргааш нь буюу 2023 оны 12 дугаар сарын 13-ны өдөр товлосон байгаа нь шүүх хуралдааныг боломжит хугацаанд товлосон гэж үзэхгүй. Учир нь үүнээс шалтгаалан хариуцагч шүүх хуралдааны товыг шүүхээс лавлах үүргээ хэрэгжүүлэх, шүүх хуралдааны мэтгэлцээнд бэлтгэх боломжгүй болжээ /хх 17/.

 

3.2. Түүнчлэн анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 76 дугаар зүйлийн 76.1.2-т зааснаар хариуцагчид шүүх хуралдаан хэзээ, хаана болохыг шүүхийн мэдэгдэх хуудсаар мэдэгдээгүй байна.

Хэрэгт хариуцагчид товыг утсаар мэдэгдсэн гэж тэмдэглэсэн баримт үйлдсэн байгаа боловч ийнхүү мэдэгдсэн огноо байхгүй, мөн товыг мэдэгдэх хуудсаар мэдэгдэх арга хэмжээг шүүх аваагүй.

Шүүх хуралдааны тов мэдэгдсэн баримтад хариуцагчийн өмгөөлөгчид тов мэдэгдсэн гэж тэмдэглэсэн байгаа боловч нэр тодорхойгүй, хариуцагч нь өмгөөлөгч оролцуулах хүсэлтийг бичгээр гаргаагүй, хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ хэрэгт авагдаагүй. Иймээс хариуцагчийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд өмгөөлөгчтэй оролцсон гэж тооцох үндэслэлгүй /хх 18/.

 

3.3. Иймд анхан шатны шүүх хариуцагчид шүүх хуралдааны товыг мэдэгдээгүй, шүүх хуралдааныг боломжит хугацааны өмнө товлоогүй атлаа түүнийг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй үндэслэлээр эзгүйд нь хэргийг хянан шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт нийцээгүй байна.

 

4. Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн гаргасан гомдлыг хангаж, шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 183/ШШ2023/04215 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 256,950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ М.БАЯСГАЛАН

 

ШҮҮГЧИД Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

 

Т.БАДРАХ