| Шүүх | Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Пагамын Туяат |
| Хэргийн индекс | 187/2019/0140/Э |
| Дугаар | 167 |
| Огноо | 2019-02-27 |
| Зүйл хэсэг | 19.14.1., |
| Улсын яллагч | Ц.Отгонсүрэн |
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 02 сарын 27 өдөр
Дугаар 167
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч П.Туяат даргалж,
хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Ж.Буянжаргал хөтлөн,
улсын яллагч Ц.Отгонсүрэн,
шүүгдэгч Б.С-нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ц- овогт Б-ын С-д холбогдох эрүүгийн 1802004990004 дугаартай хэргийг 2019 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт
Монгол улсын иргэн, 1983 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр Хөвсгөл аймгийн Төмөрбулаг суманд төрсөн, 35 настай, эмэгтэй, дээд боловсролтой, агро менежмент мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эх, 2 хүүхдийн хамт Сэлэнгэ аймгийн Сант сумын Хушаат 2 дугаар баг 000 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, Ц- овогт Б-ын С
Холбогдсон хэргийн талаар /Прокурорын яллах дүгнэлтэнд дурдсанаар/
Шүүгдэгч Б.С-нь 2018 оны 10 дугаар сарын 27-ны өдөр Истанбул Бишкек-Улаанбаатар чиглэлийн 0000-дугаартай аялалын онгоцоор зорчин ирэхдээ ТК-342 Б-ы Б-ын 000- дугаартай гадаад паспорт буюу хуурамч баримт бичиг ашиглан Буянт-Ухаа агаарын замын хилийн боомтоор Монгол Улсын улсын хилийг хууль бусаар нэвтэрсэн гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өгсөн мэдүүлэг
Шүүгдэгч Б.С-гаас: “...Мөрдөн шалгах ажиллагаанд үнэн зөв мэдүүлсэн тул нэмж хэлэх зүйлгүй...” гэв.
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч, гэрч нараас мэдүүлсэн мэдүүлгүүд:
Гэрч Д.Э-ийн: “...Би 2018 оны 10 дугаар сарын 27-ны өдөр зорчин ирэгчийн баримт бичиг шалгах манааны ахлагчаар томилогдон ажилласан... Истанбул-Бишкек-Улаанбаатар чиглэлийн 0000-дугаар аялалын онгоцоор зорчин ирсэн зорчигч шалгуулахаар ирсэн.... гадаад паспортад ижилсүүлэлт хийхэд нүүрний бүтэц өөр, 32 дугаар хуудсанд дарагдсан Буянт-Ухаа 079 тоот гарах чиглэлийн штамп хуурамч байх магадлалтай байсан тул шалгалт хийсэн. Тухайн зорчигч нь иргэн Б-ын С- болохыг тогтоож, Бумчин овогтой Б-ын 000- тоот баримт бичгийг ашигласан, Буянт-Ухаа 079 тоот штамп хуурамч болохыг тус тус тогтоосон....ISM программын мэдээллийн санд Монгол Улсын хилээр гарсан бүртгэлд авагдаагүй байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 60-61,66 дугаар хуудас/
Гэрч Н.О-гийн:“...Истанбул хотын нисэх онгоцны буудал дээр Б.С-тай таарсан. Нөхөр бололтой нэг хүнтэй хамт явж байсан. С- дараа авна гээд нэг гадаад паспорт миний цүнхэнд хийсэн. С-д өөрт нь бас гадаад паспорт байсан. Монголд ирээд С- надтай холбогдоод нөгөө гадаад паспортаа авсан...”гэх мэдүүлэг /хх-ийн 68-70 дугаар хуудас/
Гэрч Б.Б-ын: “...Б.С-нь манай нөхрийн төрсөн эгч нь байгаа юм. Би иргэний бүртгэлийн төвөөс 2017 оны 12 дугаар сард гадаад паспорт гаргуулан авч байсан. Гадаад паспортаа ашиглан гадаад улсад зорчиж үзээгүй. Миний бичиг баримтууд Б.С-эгчийн гэрт байдаг юм. С- эгч 2018 оны 01 дүгээр сард Турк улс руу ажил хийхээр явахдаа миний гадаад паспортыг өөрийн бичиг баримттайгаа холиод аваад явчихсан байна гэж хэлсэн. Миний гадаад паспортын 32 дугаар хуудсанд дарагдсан Буянт-Ухаа 079 дугаартай штамп ямар учиртайг мэдэхгүй...”гэх мэдүүлэг /хх-ийн 75-76 дугаар хуудас/
Шинжээчийн дүгнэлт болон бусад нотлох баримтууд
-Зөрчил гаргагчийн биедээ болон ачаа тээш, тээврийн хэрэгсэлд авч яваа зүйлийн бүртгэл, зөрчил гаргагчийн баримт бичгийн хуулбар, зөрчил гаргагчийн тодорхойлолт /хх-ийн 14-20 дугаар хуудас/
-Хил хамгаалах Ерөнхий газрын 2018 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 0000-дугаар аяллын онгоцоор улсын хил нэвтэрсэн иргэдийн нэрсийн жагсаалт /хх-ийн 24-30 дугаар хуудас/
-Баримт бичигт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 45, 51-56 дугаар хуудас/
-Хил хамгаалах Ерөнхий газрын 2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн хил нэвтрэлтийн лавлагаа /хх-ийн 47-48 дугаар хуудас/
-Эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /хх-ийн 50 дугаар хуудас/
-Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Криминаслистикийн шинжилгээний газрын шинжээчийн 2018 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 6565 тоот дүгнэлт /хх-ийн 79-84 дүгээр хуудас/
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд шүүгдэгчээс мэдүүлсэн мэдүүлгүүд
Шүүгдэгч Б.С-мөрдөн шалгах ажиллагааны шатанд яллагдагчаар мэдүүлэхдээ: “...Би 2017 онд 5 жилийн хугацаатай БНТУ-руу орох эрхгүй хар тамга даруулсан...өөрийн дүү Сонинболдын эхнэр Б.Б-ын гадаад паспортыг өөрт нь хэлээгүй авч Турк дахь Монголчуудын зараас танихгүй хүнээр дамжуулан Б-ын гадаад паспортыг БНТУ-руу 500.000 төгрөгийн хамт явуулж нэг тамга даруулсан. Улмаар Монгол Улсын хилээр өөрийн гадаад паспортаар гарч БНТУ-ын хил дээр Б.Б-ын гадаад паспортыг ашиглан нэвтэрсэн. ...Монгол улс руу 2018 оны 10 дугаар сард ирэхдээ БНТУ-ын хил нэвтрээд Б.Б-ын гадаад паспортыг Оюунтуяа гээд таньдаг цүнхэндээ хийчих гээд өглөө гэж бодсон чинь өөрийнхөө гадаад паспортыг андуураад өгсөн байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 92-96 дугаар хуудас/
Шүүгдэгч хувийн байдалтай холбоотой баримтууд:
-Монгол улсын иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 39 хуудас/,
-Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 74 дүгээр хуудас/,
-Боловсролын талаарх мэдээлэл /хх-ийн 144-145 дугаар хуудас/ болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүх хэргийн байдлыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судалвал:
Шүүгдэгч Б.С-нь 2018 оны 10 дугаар сарын 27-ны өдөр Истанбул Бишкек-Улаанбаатар чиглэлийн 0000-дугаартай аялалын онгоцоор зорчин ирэхдээ Бумчины Б-ын 000- дугаартай гадаад паспорт буюу хуурамч баримт бичиг ашиглан Буянт-Ухаа агаарын замын хилийн боомтоор Монгол Улсын улсын хилийг хууль бусаар нэвтэрсэн гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгчийн гэм буруугаа сайн дураараа хүлээн мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 92-96 дугаар хуудас/, гэрч Д.Э-ийн мэдүүлэг /хх-ийн 60-61,66 дугаар хуудас/,гэрч Н.О-гийн мэдүүлэг /хх-ийн 68-70 дугаар хуудас/,гэрч Б.Б-ын мэдүүлэг /хх-ийн 75-76 дугаар хуудас/, Зөрчил гаргагчийн биедээ болон ачаа тээш, тээврийн хэрэгсэлд авч яваа зүйлийн бүртгэл, зөрчил гаргагчийн баримт бичгийн хуулбар, зөрчил гаргагчийн тодорхойлолт /хх-ийн 14-20 дугаар хуудас/, Хил хамгаалах Ерөнхий газрын 2018 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 0000-дугаар аяллын онгоцоор улсын хил нэвтэрсэн иргэдийн нэрсийн жагсаалт /хх-ийн 24-30 дугаар хуудас/, Баримт бичигт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 45, 51-56 дугаар хуудас/, Хил хамгаалах Ерөнхий газрын 2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн хил нэвтрэлтийн лавлагаа /хх-ийн 47-48 дугаар хуудас/, Эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /хх-ийн 50 дугаар хуудас/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Криминаслистикийн шинжилгээний газрын шинжээчийн 2018 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 6565 тоот
Монгол улсын Хилийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт “Монгол Улсын нутаг дэвсгэрийн зах хязгаарыг газрын гадаргуу, усны мандал дээр хил залгаа улсын нутаг дэвсгэрийн хязгаараас зааглаж, Монгол Улсын олон улсын гэрээгээр тодорхойлж, тогтоосон шугамыг Монгол Улсын хил гэнэ” гэж заасан ба улсын хил нь халдашгүй дархан байх бөгөөд Монгол улсад орох, гарах хил нэвтрэх эрхийн баримт бичиггүйгээр, хуурамч баримт бичгээр, эсхүл зохих зөвшөөрөлгүйгээр Монгол улсын хилийг нэвтэрсэн үйлдлийг Монгол улсын хилийг хууль бусаар нэвтрэх гэмт хэрэгт тооцохоор хуульчилж тогтоосон.
Шүүгдэгч Б.С-нь 2018 оны 10 дугаар сарын 27-ны өдөр Истанбул Бишкек-Улаанбаатар чиглэлийн 0000-дугаартай аялалын онгоцоор зорчин ирэхдээ Бумчины Б-ын 000- дугаартай гадаад паспорт буюу хуурамч баримт бичиг ашиглан Буянт-Ухаа агаарын замын хилийн боомтоор Монгол Улсын улсын хилийг хууль бусаар нэвтэрсэн нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг заасан хэргийн шинжийг хангасан, зүйлчлэл нь тохирсон байх тул түүнийг хуурамч баримт бичиг ашиглан Монгол улсын хилийг хууль бусаар нэвтэрсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.
Мөрдөн байцаалтад болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.С-нь гэм буруугийн талаар маргаагүй болно.
Шүүгдэгч Б.С-нь Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан “хуурамч баримт бичиг ашиглан Монгол улсын хилийг хууль бусаар нэвтэрсэн” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоосон учир эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх гэм буруугийн болон шударга ёсны зарчимд нийцүүлж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгчид торгох ял оногдуулж шийдвэрлэв.
Шүүгдэгч Б.С-нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 заалтад заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцогдох бөгөөд шүүгдэгчийн үйлдэлд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Эрүүгийн хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 000-, Е1476771 гэсэн дугааруудтай энгийн гадаад паспортууд 2 ширхэгийг Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын харъяа Иргэний бүртгэлийн газарт хүргүүлэх нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, Б.С-нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Ц- овогт Б-ын С-г хуурамч баримт бичиг ашиглан Монгол Улсын хилийг хууль бусаар нэвтэрсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.С-г 1350 /нэг мянга гурван зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 1.350.000 /нэг сая гурван зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Б.С-гийн хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 6 /зургаа/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Б.С-нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Эрүүгийн хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 000-, Е1476771 гэсэн дугаартай энгийн гадаад паспорт 2 ширхэгийг Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын харъяа Иргэний бүртгэлийн газарт хүргүүлсүгэй.
6.Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, Б.С-нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд хэргийн оролцогч шийтгэх тогтоолыг гардаж авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, түүний өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоолыг биелүүлэх хүртэл Б.С-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ П.ТУЯАТ