Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 04 сарын 17 өдөр

Дугаар 210/МА2024/00791

 

 

 

 

 

2024 оны 04 сарын 17 өдөр

Дугаар 210/МА2024/00791

 

 

З,,,,,,,,,,,,йн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Гандиймаа даргалж, шүүгч М.Баясгалан, шүүгч Т.Бадрах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 181/ШШ2024/00419 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: З,,,,,,,,,,,,йн нэхэмжлэлтэй

Хариуцагч: ,,,,,,,,,,,, болон ,,,,,,,,,,,,, ХХК-д холбогдох,

Гэм хорын хохиролд 11,053,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Т.Бадрах илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: хариуцагч ,,,,,,,,,,,,, түүний өмгөөлөгч ,,,,,,,,,,,,,, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Чанцантөгс нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:

Тус ангийн Г610-025 дугаартай Камаз-65117 загварын тээврийн хэрэгсэл нь 2020 оны 10 дугаар сарын 02-ны өдөр Дундговь аймгийн, Луус сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр Бодисог шороот гэх газарт төмөр замын бэхэлгээний материал тээвэрлэж явах үед 92-65 УБК улсын дугаартай, Ланд крузейр-100 загварын тээврийн хэрэгсэл эсрэг талын урсгалаас орж мөргөн зам тээврийн осол гарсан. Тухайн тээврийн хэрэгслийг жолоодож явсан ,,,,,,,,,,,,,,, нь газар дээрээ нас барсан. Осол гаргасан тээврийн хэрэгсэл нь ,,,,,,,,,,,,, ХХК-ийн эзэмшилд бүртгэлтэй, уг компанийн эзэмшигч нь ,,,,,,,,,,,, бөгөөд тэрээр тээврийн хэрэгслийг хариуцан жолоодож яваад Цогт-Овоо сумаас хөдлөх үедээ амь хохирогч ,,,,,,,,,,,,,,,эд тээврийн хэрэгслийн жолоог шилжүүлсэн байна.

Дундговь аймгийн Прокурорын газрын 2021 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 50 дугаартай тогтоолд Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн Криминалистикийн шинжилгээний газрын дүгнэлтээр Г610-025 дугаартай Камаз маркийн тээврийн хэрэгсэл осол гарахад хүргэсэн шалтгаан тогтоогдохгүй, харин жолооч ,,,,,,,,,,,, Замын хөдөлгөөний дүрмийн 3.7.6, жолооч мөн журмын 3.7.а-д заасны тус тус зөрчсөний улмаас осол гарсан боловч гэмт хэргийн шинжгүй, харин Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлд заасан зөрчлийн шинжтэй үйлдэл байх тул зөрчлийн хэрэг бүртгэлийн ажиллагаа явуулж шалгуулахаар эрх бүхий байгууллагад шилжүүлэх үндэслэлтэй гэж шийдвэрлэсэн.

Ослын улмаас Камаз-65117 маркийн тээврийн хэрэгслийн чиргүүлд 11,053,000 төгрөгийн хохирол үүссэн болох нь Хөрөнгө Эстимэйт ХХК-ийн авто техникийн үнэлгээний тайлангаар тогтоогдсон. Иймд хариуцагч ,,,,,,,,,,,,, ,,,,,,,,,,,,, ХХК-иас хохирол 11,053,000 төгрөгийг гаргуулж өгнө үү.

 

2. Хариуцагч ,,,,,,,,,,,,ийн татгалзал, тайлбарын агуулга:

Миний бие тухайн зам тээврийн ослын улмаас үүдэн гарсан хохирлыг төлөхөөс татгалзаж байна. Учир нь би тухайн осолд мөргөлдсөн Ланд круйзейр-100 маркийн автомашины жолоог барьж яваагүй. Тухайн хэрэг нь эцэслэн шийдвэрлэгдээгүй.

 

3. Хариуцагч ,,,,,,,,,,,,, ХХК нэхэмжлэлийн хувийг гардан авсан боловч хариу тайлбар гаргаагүй.

 

4. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 499 дүгээр зүйлийн 499.1, 510 дугаар зүйлийн 510.1-т заасныг баримтлан хариуцагч ,,,,,,,,,,,,, ХХК, ,,,,,,,,,,,, нараас 11,053,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч З,,,,,,,,,,,,д олгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар хариуцагч ,,,,,,,,,,,,, ХХК, ,,,,,,,,,,,, нараас 191,798 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.7-д зааснаар нэхэмжлэгч З,,,,,,,,,,,,йн нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж шийдвэрлэсэн.

 

5. Хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:

Шүүхийн шийдвэр нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан Шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна." гэж заасныг зөрчсөн.

Шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 76 дугаар зүйлийн 76.1, 76 дугаар зүйлийн 76.1.1-т заасныг зөрчиж хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх захирамж гаргаагүй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.4, 78 дугаар зүйлийн 78.1, Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.3-т заасныг зөрчсөн. Тухайлбал, шүүх хуралдаан даргалагчийг томилсон шийдвэрийг албажуулах тухай ерөнхий шүүгчийн захирамж гараагүй байхад хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэж шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.4-т заасан "хууль бус бүрэлдэхүүнээр хэргийг хянан шийдвэрлэсэн" гэх үндэслэлийг төрүүлээд байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.3 дахь хэсэгт "Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлсэн шалтгаан арилмагц хэргийн оролцогчийн хүсэлт буюу өөрийн санаачилгаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг сэргээн явуулах тухай шүүгч захирамж гаргах ба энэ өдрөөс эхлэн хэрэг хянан шийдвэрлэх хугацааг үргэлжлүүлэн тоолно." гэж заасан. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан ",,,,,,,,,,,,," ХХК-ийн албан ёсны хаягийг эрэн сурвалжлуулах хүсэлтийн дагуу шүүхээс хариуцагчийг эрэн сурвалжлахаар 2023 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 181/Ш32023/00729 дугаар шүүгчийн захирамж гарч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлсэн. Ингэж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа түдгэлзсэн байхад, хариуцагч ",,,,,,,,,,,,," ХХК буюу хуулийн этгээдийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд болох ,,,,,,,,,,,,т нэхэмжлэлийн хувийг гардуулсан. Ингэхдээ Иргэний шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт заасныг зөрчиж, хуулийн этгээдийн гэрчилгээний эх хувь бус, нотариатчаар гэрчлүүлээгүй буюу гэрчилгээний зургийг хэвлэсэн байдлаар хавтаст хэрэгт хавсарган нэхэмжлэлийн хувийг гардуулсан.

Шүүх хуралдааны тов хуульд зааснаар хэлэлцүүлэх захирамж гарч товлогдоогүй. Хариуцагчийн шүүх хуралдаанд биеэр оролцож үг хэлэх, мэтгэлцэх зарчмыг алдагдуулж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн.

Иймд хариуцагчийн зүгээс анхан шатны шүүхийн шийдвэрийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.2, 168.1.4-т зааснаар хүчингүй болгуулахаар гомдол гаргаж байна.

 

6. Давж заалдах гомдолд нэхэмжлэгч тайлбар ирүүлээгүй, шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй.

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх хэргийг хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан гомдлын хүрээнд хянаад гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.

 

2. Нэхэмжлэгч З,,,,,,,,,,,, нь хариуцагч ,,,,,,,,,,,, болон ,,,,,,,,,,,,, ХХК-д холбогдуулан гэм хорын хохиролд 11,053,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргасан.

 

3. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан Дундговь аймгийн Прокурорын газрын 2021 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 50 дугаар тогтоол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, хавсралт гэрэл зургийн үзүүлэлт, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 4110 дугаар дүгнэлт, Хөрөнгө эстимэйт ХХК-ийн 2020 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн үнэлгээний тайлан зэрэг нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар үнэлээд дараах үйл баримтыг зөв тогтоосон. Үүнд:

3.1. 2020 оны 10 дугаар сарын 02-ны өдөр ,,,,,,,,,,,, нь ,,,,,,,,,,,,, ХХК-ийн эзэмшлийн 92-65 УБК улсын дугаартай, Тоёота Ланд крузейр-100 маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Замын хөдөлгөөний дүрмийн 3.7.б/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй, эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан хүнд жолоогоо шилжүүлэх гэх заалтыг зөрчиж тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхгүй ,,,,,,,,,,,,,,,эд жолоо шилжүүлсэн.

Ийнхүү жолоог шилжүүлэн авсны дараа ,,,,,,,,,,,,,,, Дундговь аймгийн Луус сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр "Бодисог шороот" гэх газарт эсрэг урсгалд орж З,,,,,,,,,,,,йн эзэмшлийн Г610-025 улсын дугаартай Камаз маркийн тээврийн хэрэгслийн зүүн хажуу талаар эхэлж шүргэж, чиргүүлийн зүүн урд дугуй руу ташуу чиглэлд мөргөж зам тээврийн осол гаргасан.

3.2. Ослын улмаас ,,,,,,,,,,,,,,, нас барж, З,,,,,,,,,,,,йн эзэмшлийн Г610-025 улсын дугаартай Камаз маркийн тээврийн хэрэгслийн чиргүүлд 11,053,000 төгрөгийн хохирол учирсан.

3.3. Дундговь аймгийн Прокурорын газрын 2021 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 50 дугаар тогтоолоор ,,,,,,,,,,,,,,, нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд заасан автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдсон гэж дүгнээд ,,,,,,,,,,,,,,, нь нас барсан үндэслэлээр хэрэг бүртгэлтийн хэргийг хаасан.

 

4. Дээрх үйл баримтад үндэслэн анхан шатны шүүх ,,,,,,,,,,,, нь жолоодох эрхгүй этгээдэд тээврийн хэрэгслийн жолоог шилжүүлсний улмаас зам тээврийн осол гарч нэхэмжлэгчийн эд хөрөнгөд гэм хор учирсан тул үүнийг хариуцан арилгах үүрэгтэй, мөн ,,,,,,,,,,,,, ХХК нь тээврийн хэрэгслийн эзэмшигч тул хуульд зааснаар нэхэмжлэгчид учирсан гэм хорыг нөхөн төлөх үүрэгтэй гэж дүгнэсэн нь Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 499 дүгээр зүйлийн 499.1 дэх хэсэгт нийцсэн байна.

 

4.1. Хариуцагч нарын гэм буруу, хуулиар хүлээсэн нөхөх хариуцлагын талаар өгсөн дүгнэлтэд үндэслэн баримтаар тогтоогдсон эд хөрөнгөд учирсан гэм хорын хохирол 11,053,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүх хангаж шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт нийцжээ.

 

4.2. Хариуцагч ,,,,,,,,,,,, нь эрүүгийн хэрэг эцэслэн шийдвэрлэгдээгүй талаар тайлбар өгсөн боловч зам тээврийн осолд холбогдох хэрэг бүртгэлтийн хэргийг хааж шийдвэрлэсэн Дундговь аймгийн Прокурорын газрын 2021 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 50 дугаар тогтоолд гомдол гаргасан, өөрчлөлт орсон, хүчингүй болсон гэх үйл баримт хэрэгт цугларсан баримтаар тогтоогдоогүй гэж шүүх үндэслэлтэй дүгнэжээ.

 

4.3. Мөн анхан шатны шүүх хариуцагчийн гэм буруугийн талаар дүгнэлт өгөхдөө иргэдийн төлөөлөгчийн гаргасан нэхэмжлэлийг хангах үндэслэлтэй гэх дүгнэлтийг хуульд зааснаар харгалзан үзсэн байна.

 

5. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны талаар гаргасан хариуцагчийн өмгөөлөгчийн гомдлыг хангахгүй.

 

5.1. Тухайн шүүхийн шүүгчийн 2024 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 181/ШЗ2024/02236 дугаар захирамжаар хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн, ерөнхий шүүгчийн 2024 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 181/ЕШ2024/00163 дугаар захирамжаар уг хэргийг хянан хэлэлцэх шүүх хуралдаан даргалагчаар шүүгч Ц.Амармэнд, бүрэлдэхүүнд шүүгч Б.Түмэнцэцэг, А.Цэлмэг нарыг томилсон шийдвэрийг албажуулсан байна. Мөн хариуцагчид хуульд заасан журмаар шүүх хуралдааны товыг мэдэгджээ /1хх 216-217/.

Иймд хууль бус бүрэлдэхүүнээр хэргийг хянан шийдвэрлэсэн, хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх захирамж гараагүй, хариуцагчийг шүүх хуралдаанд биечлэн оролцох эрхээр хангаагүй гэх гомдлыг хангахгүй.

 

5.2. Хариуцагч ,,,,,,,,,,,,, ХХК-ийг эрэн сурвалжлах үндэслэлээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг 2023 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 181/ШЗ2023/00729 дугаар захирамжаар түдгэлзүүлж, 2024 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 181/ШЗ2024/02235 дугаар захирамжаар сэргээсэн байна /1хх 203-204, 214-215/.

Харин 2024 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр хариуцагч ,,,,,,,,,,,,, ХХК-ийг итгэмжлэлгүй төлөөлөх эрх бүхий этгээд ,,,,,,,,,,,,т нэхэмжлэлийн хувийг гардуулжээ /1хх 209/.

Ийнхүү хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлсэн байхад шүүхээс нэхэмжлэлийн хувь гардуулсан байгаа боловч энэ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1 дэх хэсэгт заасан шийдвэрийг хүчингүй болгох үндэслэлд хамаарахгүй.

Учир нь анхан шатны шүүхийн гаргасан алдааг нөхөн гүйцэтгэх боломжтой тохиолдолд шийдвэрийг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр буцаах ба нэхэмжлэлийн хувийг хуулийн этгээдийг итгэмжлэлгүй төлөөлөх эрх бүхий этгээдэд гардуулсан тул нэгэнт хийгдсэн уг ажиллагааг дахин гүйцэтгүүлэхгүй.

Мөн гомдолд хуулийн этгээдийн гэрчилгээний хуулбар нотлох баримтын шаардлага хангахгүй байдлаар авагдсан гэж дурдсан боловч хариуцагч ,,,,,,,,,,,,, ХХК-ийн хуулийн этгээдийн дэлгэрэнгүй лавлагаа хэрэгт авагдсан байна /1хх 27-31/.

Эдгээр үндэслэлээр гаргасан гомдлыг мөн хангахгүй орхив.

 

6. Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 181/ШШ2024/00419 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 191,798 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.ГАНДИЙМАА

 

ШҮҮГЧИД М.БАЯСГАЛАН

 

Т.БАДРАХ