Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Хонгорын Энхзаяа |
Хэргийн индекс | 102/2016/06290/И |
Дугаар | 4702 |
Огноо | 2016-07-25 |
Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 07 сарын 25 өдөр
Дугаар 4702
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Энхзаяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Баянгол дүүргийн 6 дугаар хороо, 10 дугаар хороолол, 43-46 тоотод оршин суух, Чимэд овогт Чимэдбаатарын Мөнх-Ундраа /РД:МЮ83071503/-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянгол дүүргийн 6 дугаар хороо, 10 дугаар хороолол, 43-46 тоотод оршин суух, Бор морьт овогт Хувхүүгийн Алтангарал /РД:ИЮ77042718/-д холбогдох,
Гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох, гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгө болон охин А.Халиуныг өөрийн асрамжид авах тухай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Ч.Мөнх-Ундраа, хариуцагч Х.Алтангэрэл, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Анхцэцэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ч.Мөнх-Ундраа шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие оюутан байх хугацаандаа нөхөр болох Х.Алтангэрэлтэй танилцаж улмаар 2004 оноос хамтран амьдарч эхэлсэн юм. Бид 2004 оны 10 дугаар сарын 06-ны өдөр гэрлэлтээ баталгаажуулсан бөгөөд бидний дундаас 2004 оны 7 дугаар сарын 29-ний өдөр охин А.Халиун мэндэлж одоо эрүүл саруул өсч бойжиж байна. Хамтран амьдрах хугацаанд зан байдлын таарамжгүй харьцаанаас шалтгаалж хамтран амьдрах боломжгүй болсон бөгөөд 2008 оноос одоог хүртэл тус тусдаа амьдарч байна. Энэ хугацаанд Х.Алтангэрэл нь өөр эмэгтэйтэй дотно харьцаатай болж 2 хүүхэдтэй болж улмаар одоо уг хүнтэйгээ хамт амьдарч байгаа болно. Бидний хувьд хэн аль нь гэрлэлтээ цуцлуулах, хүүхдийн асрамж, тэтгэлэг болон хамтран өмчлөх дундын эд хөрөнгө дээрээ харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулсан бөгөөд хуульд заасны дагуу эвлэрүүлэн зуучлах ажиллагаа дуусгавар болсон болно. Миний бие охин А.Халиунд хүүхдийн тэтгэлэг тогтоолгохгүй бөгөөд эвлэрлийн гэрээнд заасан эд хөрөнгөнөөс өөр ямар нэгэн дундын эд хөрөнгийн маргаан байхгүй. Иймд Х.Алтангэрэлтэй цаашид хамтран амьдрах боломжгүй учраас шүүхэд хандаж дараах нэмэжлэлийн шаардлагыг гаргаж байна. Гэрлэлтийг шүүхийн журмаар цуцлуулах, гэр бүлийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгө болох БГД-ийн 6 дугаар хороо, 43 дугаар байрны 46 тоот, 18 м.кв талбай бүхий орон сууцыг охин бид хоёрыг өмчлөлд шилжүүлж, охин А.Халиуныг өөрийн асрамжиндаа авах тухай нэхэмжлэл гаргаж байна гэжээ. Х.Алтангэрэлээс хүүхдийн тэтгэлэг нэхэмжлэхгүй.Хүүхдийн асрамж болон гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн асуудлыг эвлэрлийн гэрээнд заасны дагуу шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Хариуцагч Х.Алтангэрэл нь шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Ч.Мөнх-Ундраагийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна. Гэрлэлтээ цуцлуулах хүсэлтэй байна. Бид одоогоор тус тусын амьдралтай болсон. Охиноо ээжийнх нь асрамжид өгөхөөр харилцан тохиролцсон. Мөн миний нэр дээр байдаг БГД-ийн 6 дугаар хороо, 43 дугаар байрны 46 тоот, 18 м.кв талбай бүхий орон сууцыг нэхэмжлэгч болон охин Халиуны нэр дээр шилжүүлэн өгөхөөр эвлэрлийн гэрээ хийсэн байгаа. Уг гэрээний дагуу шийдвэр гаргаж өгнө үү гэв.
Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан бичгийн готлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ч.Мөнх-Унраа нь хариуцагч Х.Алтангэрэлд холбогдуулан гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох, гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгө болон охин А.Халиуныг өөрийн асрамжид авах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэв.
Ч.Мөнх-Унраа, Х.Алтангэрэл нар 2004 оноос эхлэн хамтран амьдарч, улмаар 2004 оны 10 дугаар сарын 06-ны өдөр хуульд заасны дагуу төрийн эрх бүхий байгууллагад бүртгүүлэн, гэр бүл болж, 2004 оны 7 дугаар сарын 29-ний өдөр охин А.Халиуныг төрүүлсэн болох нь №21742146 дугаартай гэрлэлтийн гэрчилгээ /хэргийн 6 дахь тал/, Г-319 дугаартай хүүхдийн төрсний гэрчилгээ /хэргийн 6 дахь тал/ зэрэг бичмэл нотлох баримт, зохигчдын гаргасан тайлбараар тогтоогдож байна.
“Эвлэрүүлэн зуучлалын тухай” хуулинд зааснаар гэрлэгчдийн хооронд үүссэн маргааныг шүүхийн бус аргаар шийдвэрлэхэд дэмжлэг үзүүлэхээр шүүх дэх эвлэрүүлэн зуучлагч тус маргааныг хүлээн авч ажиллагаа хийсэн боловч талууд цаашид эвлэрч, хамтран амьдрах боломжгүй, 2008 оноос хойш тусдаа амьдарсан, Х.Алтангэрэл нь шинээр амьдрал зохиож, өөр гэр бүлтэй болсон тул гэрлэлтээ шүүхийн журмаар цуцлуулах хүсэлт гаргасан тул эвлэрүүлэн зуучлах ажиллагааг 2016 оны 6 дугаар сарын 30-ны өдөр дуусгавар болгожээ.
Тус шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчаас тэднийг цаашид хамтран амьдрах боломжгүй гэж үзэн, эвлэрүүлэн зуучлах ажиллагааг дуусгавар болгосон, хэн алин нь гэрлэлтээ цуцлуулахыг харилцан зөвшөөрч, маргаагүй байх тул гэрлэлт цуцлуулах нэхэмжлэлийн шаардлагыг хангах нь зүйтэй гэж дүгнэв.
Зохигч 2016 оны 6 дугаар сарын 28-ны өдөр байгуулсан эвлэрлийн гэрээнд: гэрлэгчдийн дундаас төрсөн хүүхэд болох охин А.Халиуныг эх Ч.Мөнх-Ундраагийн асрамжид үлдээх, Ч.Мөнх-Ундраа хүүхдийг эрүүл аюулгүй орчинд амьдруулж, асран хамгаалах, тэжээн тэтгэх үүрэгтэй ба сурган хүмүүжүүлэх үүрэгтэй, Х.Алтангэрэл нь хүссэн үедээ өөрийн хүүхэдтэй чөлөөтэй уулзах эрхтэй ба сургалт хүмүүжилд нь анхаарах болно гэжээ.
Мөн гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгө болох Баянгол дүүргийн 6 дугаар хороо, 43-46 тоот 18 м.кв талбай бүхий орон сууц /Ү-2205003133/ -ны өмчлөгчөөс хариуцагч Х.Алтангэрэл татгалзаж, тус орон сууцыг Ч.Мөнх-Ундраа, А.Халиун нарт шилжүүлж, орон сууцны өмчлөгчөөр Ч.Мөнх-Ундраа, А.Халиун нарыг бүртгүүлэхээр харилцан тохиролцож эвлэрсэн байх ба хүүхдийн асрамжийн асуудал болон гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгөтэй холбоотой шаардлагыг эвлэрлийн гэрээнд заасны дагуу шийдүүлэх талаарх хүсэлтийг зохигчийн хэн алин нь гаргаж байна.
Гэрлэгчдийн дундаас 2004 оны 07 дугаар сарын 29-ний өдөр төрсөн охин А.Халиун нь төрсөн цагаасаа эхлэн эх Ч.Мөнх-Ундраагийн асрамжид, түүнтэй хамт амьдарч байгаа гэх бөгөөд эхийнх асрамжид үлдээхийг нэхэмжлэгч, хариуцагчийн хэн алин нь хүлээн зөвшөөрч, маргаагүй тул Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт заасны дагуу охин А.Халиуныг эх Ч.Мөнх-Ундраагийн асрамжид үлдээж шийдвэрлэв.
Хариуцагч нь гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгө болох Баянгол дүүргийн 6 дугаар хороо, 43-46 тоот 18 м.кв талбай бүхий орон сууц /Ү-2205003133/-ны өмчлөгчөөс татгалзаж, уг байрны өмчлөх эрхийг нэхэмжлэгч Ч.Мөнх-Ундраа, охин А.Халиун нарын нэр дээр шилжүүлэхээр харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуусан ба уг гэрээний дагуу шийдвэрлүүлэх хүсэлт гаргаж байгааг хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна гэж үзлээ.
Нэхэмжлэгч Ч.Мөнх-Ундраа нь Х.Алтангэрэлээс хүүхдийн тэтгэлэг нэхэмжлэхгүй гэснийг дурдах нь зүйтэй байна.
Хүүхдийн эрхийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.3 дахь хэсэгт “Хүүхэд эцэг, эхтэйгээ амьдрах, тэдний анхаарал халамжид байх, эцэг эхээсээ буюу хэн нэгнээс нь тусдаа амьдрах үед тэдэнтэй байнгын харилцаатай байх...эрхтэй”. Иймд эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө Гэр бүлийн тухай хуульд заасан үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахыг хориглохыг шүүхийн шийдвэрт дурдах нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэг, 116, 118 дугаар зүйл, 132 дугаар зүйлийн 132.6 дахь хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт зааснаар Чимэд овогт Чимэдбаатарын Мөнх-Ундраа /РД:МЮ83071503/, Бор морьт овогт Хувхүүгийн Алтангарал /РД:ИЮ77042718/ нарын гэрлэлтийг цуцалсугай.
2.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт зааснаар 2004 оны 7 дугаар сарын 29-ний өдөр төрсөн охин А.Халиуныг эх Ч.Мөнх-Ундраагийн асрамжид үлдээсүгэй.
3.Нэхэмжлэгч Ч.Мөнх-Ундраа нь хүүхдийн тэтгэлэг нэхэмжлэхгүй гэснийг дурдсугай.
4. Гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгө болох Баянгол дүүргийн 6 дугаар хороо, 43-46 тоот 18 м.кв талбай бүхий орон сууц /Ү-2205003133/-ыг нэхэмжлэгч Ч.Мөнх-Ундраа, охин А.Халиун нарын өмчлөлд шилжүүлэхийг хариуцагч Х.Алтангэрэлд даалгасугай.
5.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Х.Алтангэрэлээс улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ч.Мөнх-Ундраад олгосугай.
6.Гэр бүлийн хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 26.6 дахь хэсэгт зааснаар эцэг, эх хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, үүрэг хүлээхийн зэрэгцээ хүүхдийн эрх, ашиг сонирхолд харшлахааргүй бол гэрлэлтээ цуцлуулсан эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахыг хориглоно.
7.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч нь шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гарсан хугацааг хуулинд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй ба шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Х.ЭНХЗАЯА