Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 04 сарын 01 өдөр

Дугаар 2019/ШЦТ/83

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Эрдэнэ-Очир даргалж,

Нарийн бичгийн дарга Б.Энхтүвшин,

Улсын яллагч Ц.Мөнхжаргал,

Хохирогч Б.Э-,

Шүүгдэгч Д.Б- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд
нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Аймгийн Прокурорын газрын хяналтын
прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.Б-т холбогдох эрүүгийн 1938001410087 дугаартай хэргийг  2019 оны 3 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, Д.Б-, 

Шүүгдэгч Д.Б- нь 2019 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн орой ХХ аймгийн ХХ сумын Соёлын төвд зохион байгуулагдсан үдэшлэг дээр бусадтай маргалдаж байх явцдаа иргэн Б.Э-ын нүүрэн тус газар цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Д.Б- нь 2019 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн орой Хөвсгөл

аймгийн ХХ сумын Соёлын төвд зохион байгуулагдсан үдэшлэг дээр бусадтай маргалдаж байх явцдаа иргэн Б.Э-ын нүүрэн тус газар цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан  гэм буруутай болох нь хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:

Хохирогч Б.Э-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн:. ...Би 2019 оны 01 дүгээр 13-ны өдөр сумын оюутны зөвлөлөөс Соёлын төвд зохиосон арга хэмжээнд 20 цаг өнгөрч байхад очиж ивээн тэтгэгчээр оролцсон юм.Намайг очиход үдэшлэгийн арга хэмжээ нь явагдаж удалгүй шоу цэнгүүн нь эхэлсэн...Болдсүх найз маань бүжиглэж байх үедээ хүмүүсийн анхаарлыг татаж байсан гэсэн. Зарим нэг хүмүүс манай найзыг гадуурхах аяс ажиглагдсан. Энэ үед бүжиглэж явсан Ганбаяр нь манай найз Болдсүхийг бүжиглзх далимдаа шүргээд өдөж байгаа нь надад ажиглагдсан.Хөгжим тоглож байсан Даймаа ах хүү Д.Б-ыг дуудсан. Хөгжмийн ойролцоо байсан Д.Б- аав руугаа явж харагдсан.Тэгээд нэг харсан манай найзыг Д.Б- барьж авсан цохиж харагдсан...Д.Б- дахиад манай найз руу ирэх үед нь зохицуулах гэхэд очиход миний нүүр лүү цохичихсон. Би “цохино” гэж бодоогүй. Уг нь Д.Б-ыг ах нь болиулж биднээс холдуулж авч явсан юм. Эргэж ирээд л ийм асуудлыг үүсгэсэн. Цаашид эмчилгээ хийлгэсэн зардлаа нэхэмжилнэ... гэх мэдүүлэг /хх-ийн 5-6-р тал/

Гэрч Д.Э-н мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: 2019 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр ХХ аймгийн ХХ сумын шинэ заалны нээлт болж...орой нь сумын соёлын төвд хаалт хийж шагналыг нь гардуулах арга хэмжээ болсон гэсэн. Шөнө 02 цаг өнгөрч байсан. Манай бэр утсаар “Энхээ хүнд зодуулаад хамраа янзлуулах гээд эмнэлэг дээр байна” гэхээр нь би явж очсон. Тэнд биднийг байж байтал Ганбаяр, Д.Б- нар араас ирсэн. “Уучлалт гуйж ирсэн юм болов уу” гэж бодсон юун тэгэх манатай...Д.Б- гаднаас орж ирэхдээ “яасан том гарууд вэ” гэсэн аястай юм ярьж байсан гэх мэдүүлэг /хх-ийн 8-9-р тал/

Гэрч Ж.Д-ны мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: 2019 оны                     01 дүгээр сарын 13-ны орой Соёлын төвд болсон арга хэмжээнд очиж бүжгэнд орсон юм. Яг юу болсоныг сайн мэдэхгүй. Нэг харахад Д.Б-ын хамрын цус гоожсон хүмүүс хойш нь болгож харагдсан. Бүжгэн дээр хотоос ирсэн гэх үл таних залуу хөгжимний хажууд зогсчихоод шүгэлдээд янз бүр болоод байсан.  Тэр залууг “мөн байна” гэж сүүлд би мэдсэн. Зодоон болоод эхэлсэн гэх мэдүүлэг /хх-ийн 10-р тал/

Гэрч Б.О-н мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: 2019 оны                      01 дүгээр сарын 13-ны орой Соёл мэдээллийн төвд оюутнуудын зохион байгуулсан арга хэмжээнд нөхөр бид 2 оролцож арга хэмжээнийх нь тоглолтын бичлэгийг нь хийж, шоу цэнгүүнийх нь DJ хийсэн юм...Энэ үед биднийг тайзны ойролцоо Д.Б-, Ганбаяр нар бүжиглээд явж байх үедээ хажуугаар багталцахгүй байгаа юм шиг шахаж ирээд л эвгүй байдалтай бүжиглэж байсан...Би хальт үүдний хэсэгт найзтайгаа уулзаад ирэх хооронд Д.Б- манай нөхөртэй зууралдчихсан зогсож байсан.Манай нөхөр “тавиач” гэх хооронд тэнд байсан залуучуудын нэг нь Д.Б-ыг цааш нь татаад авах хооронд манай нөхрийг Д.Б- хацар луу нь цохиод авсан...Д.Б- их л уур нь хүрсэн бололтой, улайрчихсан хүний хэлж ярьж байгааг анзаарахгүй байсан. Болдсүх энэ үед газар уначихсан байсныг манай нөхөр босгох хооронд Д.Б- ирсэн. Тэгээд Болдсүхийг Д.Б- цохих үед нь манай нөхөр найзыгаа татаж босгох үедээ цохилтонд нь өртөж хамар луугаа цохиулчих шиг болсон. Цохих үед нь “нарх” гээд л эвгүй дуу гарсан. Хамраас нь цус гоожоод ирсэн. Хамар луу нь харахад бөгжтэй гараараа цохисон бололтой ор гарчихсан байсан болов уу...Нөхөр маань цаашид эмчлүүлэх шаардпагатай гэх мэдүүлэг /хх-ийн 11-12-р тал/

Гэрч С.Б-н мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: Манай найз Б.Э- “би сумандаа нэг юм хийх гэж байна, хүрээд ирээч” гэхээр нь би хотоос бас найз Бат-Эрдэнийн хамт 2019 оны 01 дүгээр сарын 13-ны өглөө мөн ирсэн юм. Орой Соёлын төвд болсон арга хэмжээнд эхлээд удчихсан урлагийн тоглолт нь болоод дууссан үед нь очиж бүжгэнд орсон юм...Би тэнд ирсэн ихэнх оюутнуудыг танина. Тэднийг хөгжөөх байдлаар орчин үөийн Жамп циолк гэж үсэрдэг бүжиг хийж нилээн навсаганасан юм. Энэ их хүмүүсийн анхаарал татсан. Тэгээд сүүлийн 3 бүжиг зарлаж эхний ая явж байтал араас хэнийг нь мэдээгүй нэг нөхөр араас тохойлдсон. Би тэр үед Б.Э- луу хараад зогсож байсан. Эргээд харсан намайг түлхэж Соёлын төвийн тайзны цонхон талын хэсэгт байх хөгжмийн хажууд уначихсан.Тэгээд би босоод ирсэн Энхээ ч над дээр гүйгээд ирсэн. Тэр залууг надаас холдуулж түүнийг түлхсэн.Энэ хооронд хөгжимчин ах над дээр ирээд учир зүггүй намайг балбаад унасан. Тэгэхээр нь би “та одоо яагаад байгаа юм бэ”гэхэд “миний хүүг зодлоо” гэх ойлгомжгүй юм яриад байсан. Намайг нүүр лүү цохиж хөл рүү өшиглөөд байсан.Энэ үед Оюука ирж хөгжимчин ах хүүг болиулсан. Тэгсэн Оюукаг тэр намайг тохойлдож унагасан залуу аваад л шидчихсэн. Тэгснээ намайг дахин цамцнаас барьж авч доош нь тонгойлгоод өшиглөөд унасан. Тэр үед нь нүүрээ гараараа хамгаалсан болохоор ямар нэгэн гэмтэл аваагүй тэгээд л бөөн бужигнаан болсон. Хэн нь ч мэдэхгүй олон хүн л намайг зодох гэж өшиглөж цохисон...Би Б.Э-ын хамрыг хэн цохисоныг хараагүй...Намайг хойд хаалгаар зугтааж гараад явсан хойгуур болсон байсан... гэх мэдүүлэг /хх-ийн 13-14-р тал/

Гэрч Д.М-н мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: 2018 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр....шөнө 23 цаг өнгөрч байсан байх. Манай эмнэлэг дээр “хүнд зодуулж, хамраас цус гоожоод байна” гэсэн дуудлага ирж үзүүлсэн...Хамрын цус гоожсон, хамрын хянгар хэсэг нь хавдсан, угалз хэсэгт нь шалбарсан Б.Э- гэж хүн байсан. Харин тэднийг эмнэлэг дээр байх үед 2 залуу гаднаас орж ирээд хэнийг нь мэдэхгүй жижигхэн намхан биетэй залууг нэг цохиод авсан. Тэгэхээр нь “хөөе та нар юу болж байна, эмнэлэгийн газар” гэж хэлтэл гараад явцгаасан. Бусад асуудпыг сайн мэдэхгүй. Бид өөрсдөөс шалтгаалах тусламжаа үзүүлээд явуулсан...гэх мэдүүлэг /хх-ийн 15-р тал/

Гэрч Н.Э-н мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ...Өглөө 09 цаг өнгөрч байсан манай нөхөр Даймаа “хүү маань зодоон хийж Батбаярын хүүг зодсон гэнэ” гээд “тэр асуудлаар хүүхдийн хамар болохоо байсан гэсэн” гэж хэлэхээр нь санаа зовоод очсон. Тэр хотоос ирсэн 2 залуу яасан нь мэдэгдэхгүй босох ч үгүй байсан. Б.Э- бол нэлээд согтуу байсан. Ээж нь санаа нь зовсон бололтой хамар нь битүүрээд унтахгүй болохоор нь пиво өгсөн гэж ярьсан. Би ч хамар аманд нь санаа зовоод “хэнийх нь буруу зөв яах вэ” гэж бодоод “бушуухан эмнэлэгээр хамраа эмчлүүлэг” гэж бодсон гэх мэдүүлэг /хх-ийн 18-19-р тал/

Гэрч Ө.Б-н мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ...Цаг нэлээд орой болсон байсан. 12 цаг өнгөрч байсан байх дүү маань манайд очсон. Хамраас нь цус гоожсон гар нь цус болчихсон байсан. Тэгэхээр нь “чи чинь юу болов” гэж асуусан чинь  “Би хүнтэй Соёлын төв дотор зодоон хийчихлээ.Хамар луу нь цохьсон одоо яах вэ” гэсэн...Тухайн үед би “хэн зодоон үүсгэсэн юм, бол манай дүүг хүртэл хамар луу нь цохисон байна” гэхэд Энхээгийн аав, ээж ер нь үг дуугарахгүй байхаар нь үгийг нь сонсох байдлаар харьцсан. Шаардлагатай мөнгө төгрөгийг нь өгсөн. Нутгийн хүмүүс учир зүйгээ олох байх гэсэн боловч заавал нэгнийгээ асуудалд унагах гээд байдаг. Хууль журмаараа шийднэ биз дээ...гэх мэдүүлэг /хх-ийн 20-21-р тал/

Гэрч Б.А-ны мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ...Шөнө 23 цаг өнгөрч байсан. Гэнэт л бөөн зодоон болоод л Д.Б-ын хамраас цус гоожчихсон “миний хамраас цус гарлаа” гээд л явж байсан. Манай үйлчлэгч хот явчихсан учир цус болсон газрыг нь би цэвэрлэсэн. Б.Э-ын хамраас бол цус гарсан юм харагдаагүй. Д.Б- “энэ миний хамар луу цохисон” гэж Б.Э-ыг хэлж байсныг сайн санаж байна...гэх мэдүүлэг /хх-ийн 22-р тал/

Гэрч Б.Г-н мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ...Тэмцээний шагнал гардуулах арга хэмжээ явагдаж дуусаад шагналаа аваад Соёлын төвөөс гарч яваад Нансал эгчийн буудалд очиж багийнхан маань шагналын мөнгөө авцгаагаад бүжигний халаалт гээд нэг, нэг пиво илүү гарсан 20.000 төгрөгөндөө авч ууцгаагаад бүжиг рүү Д.Б- бид 2 ирсэн. Бид нараас пиво бага зэргийн үнэртэж байсан. Намайг бүжиглээд явж байдал нэг мэдсэн хүмүүс бужигнаад эхэлсэн.Гэтэл Д.Б- маань хүмүүстэй зодоон хийж байгаа бололтой харагдаж би гүйж очиход хамраас нь цус гоожчихсон байсан. Яахын зууртгүй Д.Б- гүйж очоод Энхээ ахыг цохиж орхисон. Тэгээд бид хоёр урд талын хаалгаар гарч ирээд Д.Б-  ”яах гэж намайг хориод байсан юм, аав хүнд зодуулаад байхад” гэж надтай маргаад байсан. Бид 2 хоорондоо хэсэг маргаад “хотоос суманд ирчихээд яагаад томордог юм, новшнууд хүний нутагт явж байж”  гээд дургүй хүрээд...эмнэлэгт орж Болдоо гэх нөхөр үүдний хэсэгт зогсож байхад нь би “хүний нутагт ирчихээд хөгшин хүн зодлоо” гээд цохиж авсан...гэх мэдүүлэг /хх-ийн 23-24-р тал/

Гэрч У.Д-н мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ...Би сургуулиа төгсөх жил нь хариуцан ажиллаж байсан...Сурлага сайтай, спортоор хичээллэдэг, сургуулийн шигшээ багт ахлагч хийдэг, бусдад үлгэрлэдэг, хүүхдүүдийн дунд нэр хүнд сайтан...манлайлагч хүүхэд. Би хүнтэй муудалцаж, хэрэгт холбогдсон гэхээр нь итгэж өгөхгүй байна. Өөр ямар нэгэн шалтгаан байсан байх. Заш аашийг нь мэдэх багшийнх нь хувьд харамсаж байна. Хууль зөв, бурууг нь тунгаах байх...гэх мэдүүлэг /хх-ийн 26-р тал/

Шүүгдэгч Д.Б-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн:  2019 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр ХХ суманд зохиогдсон тэмцээний арга хэмжээ дууссан орой нь сумын Соёлын төвд урлагийнн тоглолтын дараа шоу цэнгүүн болсон. Энэ үеэр хотоос ирсэн Б.Э-ын найзтай үл ойлголцсоны улмаас бидний хооронд хэрүүл маргаан болж энэ үед Б.Э- ах намайг цохисноос болж Б.Э-ын ахын хамар луу би цохиж гэмтэл учруулсан....Б.Э- бид хоёрын хооронд урьд нь хэруүл маргаан болж байгаагүй, өс хонзонгийн асуудал байхгүй...Би хүний биед хөнгөн хохирол учруулснаа хүлээн зөвшөөрч байна. Хэрэг хийсэндээ гэмшиж байна...Мөн би хохирогчийн үндэслэлгүй нэхэмжилсэн 5.000.000 төгрөгөөс бодит хохирол болох 1.100.000 төгрөгийг бүрэн төлж барагдуулсан...Ахиж ийм хэрэг хийхгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 48-49-р тал/

Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны                        02 дугаар сарын 01-ний өдрийн 74 дугаартай: Б.Э-ын биед хамар ясны хугарал бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрхи гэмтэл нь хатуу мохоо зүйлийн цохих үйлчлэлээр тухайн цаг хугацаандаа үүсгэгджээ. Б.Э-ын биед учирсан гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй...гэх дүгнэлт /хх-ийн 27-р тал/  зэрэг болно.

Дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх тул хэргийг шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой гэж үнэллээ.

              Шүүгдэгч Д.Б- нь 2019 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн орой ХХ аймгийн ХХ сумын Соёлын төвд зохион байгуулагдсан үдэшлэг дээр бусадтай маргалдаж байх явцдаа иргэн Б.Э-ын нүүрэн тус газар цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэм буруугаа хүлээн зөвшөөрч байх бөгөөд, дээрх шүүгдэгчийн үйлдэл, хэргийн үйл баримтын талаар хохирогч болон гэрчүүд нь агуулгын хувьд зөрөөгүй мэдүүлсэн, шинжээчийн дүгнэлт нь хохирогчийн эрүүл мэндэд учирсан хохирлын шинж байдал, хэргийн талаар тогтоогдсон үйл баримттай нийцсэн байна гэж шүүх үзэв.

              Шүүгдэгчийн үйлдэл нь хохирогчийн эрүүл мэндэд гэмтэл учирч болохыг ухамсарлаж, түүнийгээ хүсэж үйлдсэн гэм буруугийн санаатай хэлбэр, эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Иймд шүүгдэгч Д.Б-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Хэргийн зүйлчлэл зөв байна.           

        Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ анх удаа гэмт хэрэг үйлдсэн, 1.100.000 төгрөгийн хохирол нөхөн төлсөн зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.

Шүүгдэгч Б.Э-ын гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан шүүгдэгч Д.Б-т Эрүүгийн хуулийн тусгай 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулав.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, хохирогч нь цаашид гарах эмчилгээний зардал 3.500.000 төгрөгийн хохирлоо нотлох баримтаа бүрдүлэн иргэний журмаар шүүгдэгчээс нэхэмжлэх эрхтэй  болохыг дурдах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 4, 36.4 дүгээр зүйлийн 2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13-т заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Д.Б-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Б-г таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Шүүгдэгч Д.Б- нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Эрүүгийн 1938001410087 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, хохирогч нь цаашид гарах эмчилгээний зардал 3.500.000 төгрөгийн хохирлоо иргэний журмаар шүүгдэгчээс нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдсугай.

6.Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Б-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1,дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.ЭРДЭНЭ-ОЧИР