Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 02 сарын 27 өдөр

Дугаар 162

 

 

                                   

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                    

                           

 

 

                   

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Туяат даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Ж.Буянжаргал хөтлөн,

улсын яллагч Б.Гүнсэл,

шүүгдэгч Ч.А-,

шүүгдэгч М.Д-, тэдгээрийн өмгөөлөгч Ц.Ганчимэг нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хан-Уул дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн З- овогт Ч-гийн А-, Ц- морь овогт М-ынД-нарт холбогдох 17100090000000000000 дугаартай хэргийг 2019 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

            Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

1.Монгол Улсын иргэн, 1988 оны 10 дугаар сарын 28-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 30 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо 120 мянгат, 8 байр 0-0 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй,

-Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2003 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 000 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, шийтгэх тогтоол биелүүлэхийг 2 жилийн хугацаагаар хойшлуулсан,

-Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2005 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 000 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2, 153 дугаар зүйлийн 153.1 дэх хэсэгт зааснаар 2 жил 7 сарын хугацаагаар хорих ялаар,

-Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2010 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 000 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 4 сарын хугацаагаар баривчлах ялаар,

-Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2011 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 288 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2, 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар 2 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар,

 -Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2015 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 232 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2, 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар 5 жил 5 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэгдсэн, З- овогт Ч-гийн А-

2.Монгол Улсын иргэн, 1984 оны 08 дугаар сарын 21-ний өдөр Завхан аймгийн Тосонцэнгэл сумд төрсөн, 34 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороо хувьсгалчид в-9 гудамж 000 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй,

-Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2006 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 00 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 3 сар 10 хоногийн хугацаагаар баривчлах ялаар,

-Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2008 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 001 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3,261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар 5 жил 1 хоногийн хугацаагаар хорих ялаар,

-Сум дундын 9 дүгээр шүүхийн 2014 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн  дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3,261 дүгээр зүйлийн 261.1, 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 6 жилийн хорих ялаар шийтгэгдсэн, Ц- морь овогт М-ынД-

 

Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч Ч.А- нь ганцаараа 2017 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хорооны Тахилтын 07-03 тоотод үйл ажиллагаа явуулдаг “Өнөр бүл” хүнсний дэлгүүрээс иргэн Б.Д-гийн “Самсунг галакси эс-7” загварын гар утсыг лангуун доороос хулгайлж 624.000 төгрөгийн хохирол учруулсан,

Шүүгдэгч Ч.А-, М.Д- нар нь бүлэглэн 2017 оны 11 дүгээр сарын 05-наас 06-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, Тахилтын 188 дугаар цэцэрлэгийн өргөтгөлийн дунд “в” бүлгийн ангид цонхоор нэвтэрч, 32 инчийн “Самсунг” загварын ЛСД зурагтыг хууль бусаар авч бусдад 192.000 төгрөгийн хохирол учруулсан,

Мөн шүүгдэгч Ч.А-, М.Д- нар нь бүлэглэн 2017 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр Хан-Уул дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Буянт-Ухаагийн 19-03 тоотод оршин суух иргэн А.У-ын гэрийн тооноор Ч.А- нь нэвтрэн орж, хаалгыг дотроос нь онгойлгож, хамт явж байсан М.Д- нэвтрэн орж TCL загварын 32 инчийн LCD зурагтыг хулгайлж бусдад 357.700 төгрөгний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

           

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчээс мэдүүлсэн мэдүүлэг:

Шүүгдэгч Ч.А-ээс: “...Мөрдөн шалгах ажиллагаанд үнэн зөв мэдүүлсэн. Нэмж хэлэх зүйлгүй...” гэв.

Шүүгдэгч М.Д-оос: “...Мөрдөн шалгах ажиллагаанд үнэн зөв мэдүүлсэн. Нэмж хэлэх зүйлгүй...” гэв.

 

    Мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч, гэрч нараас мэдүүлсэн мэдүүлгүүд:

1.Хохирогч А.У-оос өгсөн “...Би 2017 оны 11 дүгээр сарын 27-ний өдөр 11 цаг 30 минутын үед хүүхдээ сургуульд нь хүргэж өгөхөөр гэрээсээ гарсан юм. Тэгээд хүүхдээ хүргэж өгчихөөд буцахдаа Нисэхийн байрны буудлын “Хаан” банк руу орж мөнгө тушаагаад дараа нь “Маргад” дэлгүүр орчихоод Хан-Уул дүүргийн 9 дүгээр хороо Буянт-Ухаагийн 23-19-3 тоотод байх гэрлүүгээ харих гээд 13 цаг 34 минутанд хашааны үүдэнд ирэхэд өөдөөс хашааны хаалга онгойж хашаанаас танихгүй эрэгтэй хүн манай гэрийн зурагтыг тэврээд гараад ирэхээр нь “хөөе юун зурагт вэ гээд хэлэхэд манай зурагтыг газарт ширүүхэн шидчихээд зүүн зүг рүү гудамжаар ороод зугтаагаад яваад өгсөн”, тэгээд намайг хашаа руу ороход гэрийн хаалга цүүгээрээ эвдэрч онгойсон, манай гэрээс нэг согтуу танихгүй эрэгтэй хүн гарч ирэхээр нь барьж авахад миний өөдөөс “би яасан юм, би яасан юм гээд байсан”. Хулгайч нар гэрийн тооноор орсон ба гэрийн тоононы хулдаасаар битүүлсэн хэсгийг урж цоолоод орсон байсан. Гарахдаа манай гэрийн хаалганы цүүг эвдэж гарсан байсан...” гэх мэдүүлэг /1 дүгээр  хавтас 24-25 дугаар хуудас/

2.Гэрч Ц.Э-гийн өгсөн “...Би 2017 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр 13 цагийн үед Хан-Уул дүүргийн 9 дүгээр хороо Буянт-Ухаагийн 23-19-3 тоотод  гэртээ байхад дүү Бадмаанямбуу гэрээс бие засах гээд гарсан. Тэгсэн чинь гадаа Улаан-од эгч Энхмаа гэж дуудахаар гэрээсээ гарахад манай төрсөн дүү Бадмаанямбуу нэг эрэгтэй хүнийг бариад явуулахгүй зогсож байсан. Тэгээд Улаан-Од эгч гэрийн урд байгаа зурагтыг оруул гээд хэлэхээр нь би гэрлүү зурагтыг нь оруулж тавьсан. Тэгээд Улаан-Од эгч, Бадмаанямбуу хоёр танихгүй залууг гэрлүү хүчээр оруулаад цагдаа дуудсан. Цагдаа явсаны дараа нь Бадмаанямбуугийн зууралдаад зогсож байсан хүн бол Улаан-Од эгчийн гэрийн тооноор ороод зурагтыг нь гарч явсан нэг хүн байсныг мэдсэн...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтас 30-31 дүгээр хуудас/

3.Гэрч Л.Б-гаас өгсөн “...би 2017 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр 13 цагийн үед хан-Уул дүүргийн 9 дүгээр хороо Буянт-Ухаагийн 23-19-3 тоотод  гэртээ байж байгаад гарч бие засах гээд ноольд сууж байхад Улаан-Од эгчийн гэрийн харалдаа хүмүүс шуугилдаад байхаар нь гараад очиход Улаан-Од эгч хашаан дотроо гэрийнхээ урд нэг согтуу эрэгтэйтэй зууралдаад зогсож байсан. Намайг эгчийн дүү наад хүнээ алдалгүй бариад байж бай гээд гэрлүү нөгөө хүнээ оруулсан. Удалгүй цагдаа нар ирээд нөгөө хүнийг аваад явсан байсан. Цагдаа явсаны дараа нь миний зууралдаад зогсож байсан хүн бол Улаан-од эгчийн гэрийн тооноор ороод зурагтыг нь хулгайлаад гарч явсан хүн гэдгийг мэдсэн...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтас 32-33 дугаар хуудас/

4.Хохирогч Г.Ц-гаас өгсөн “...Би Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэр тахилтад байрлах 188 дугаар цэцэрлэгт дунд ангийн багш хийдэг юм. Манай ангийн хүүхдүүдийн эцэг, эхчүүд нийлээд 2017 оны 10 дугаар сарын эхээр ангид 32 инчийн “Самсунг” загварын ЛСД зурагт бэлэглэсэн байсан юм. Тэгсэн 2017 оны 11 дүгээр сарын эхээр манай ангийн цонхоор хулгай ороод эцэг, эхчүүдийн бэлэглэсэн зурагт алга болсон байсан...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтас, 221-222 дугаар хуудас/

5.Гэрч Н.Э-гийн өгсөн “...өглөө 07 цаг 30 минутанд цэцэрлэгийнхээ дундын в бүлэгт орж ирэхэд цонх онгорхой анги хүйтэн 32 инчийн “Самсунг” зурагт байхгүй болохоор манаач Барамсайд хэлсэн. Тэгээд арга зүйч Чулуунцэцэг цагдаад дуудлага өгсөн...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтас, 223 дугаар хуудас/

6.Гэрч Д.Б-аас өгсөн “...188 дугаар цэцэрлэгчийн манаачийн үүргийг 2017 оны 11 дүгээр сарын 05-ны 09 цагаас 2017 оны 11 дүгээр сарын 06-ны 09 цагийн хооронд гүйцэтгэсэн ба өглөө 08 цагийн үед туслах багш Энхтуяа дуудан в бүлгийн цонх онгорхой зурагт хулгайд алдсан байна гэхээр нь би ороод үзтэл хулгай орсон юм шиг цонх онгорхой байсан...” гэх мэдүүлэг /1-р хавтас, 224-р хуудас/

7.Хохирогч Б.Д-гийн өгсөн “...би Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо Тахилтын 7-3 тоотод “Өнөр бүл” нэртэй хүнсний дэлгүүрийг 1 жилийн өмнөөс ажиллуулж байна. 2017 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр би дэлгүүртээ худалдагчаа хийж байсан. Дэлгүүртээ ажиллаж байх үедээ өөрийнхөө утсыг лангуун доороо хийчихдэг юм. Би уг өдөр ч гэсэн лангуун доогуураа хийсэн байсан чинь гаднаас хоёр залуу орж надаас юм асуучихаад гарсан юм. Тэгсэн л миний утас алга болсон байсан...” гэх мэдүүлэг /2 дугаар хавтас, 74-75 дугаар хуудас/

8.Иргэний нэхэмжлэгч Ц.Ц-ын “...2017 оны 11 дүгээр сарын сүүлээр байсан шиг санаж байна намайг өөрийн машинаар халтууранд явж байхад шөнийн 03-04 цагийн орчим “Улаанбаатар” их дэлгүүрийн орчмоос 2 залуу гар өргөж суугаад 3 дугаар хорооллын “Өргөө кино” театрын автобусны буудлын хойд талд байдаг ломбард орчихоод гарч ирэхдээ хаалттай байна гэхээр нь гар утсыг үзэхэд 400.000 төгрөгөөр өгчихнө гэхээр нь доошоо буулгачих гэхэд ломбард 500.000 төгрөгт л авдаг шдээ гэснээ тэг тэг гэхээр нь таксины 20.000 төгрөг хасаж тооцоод 380.000 төгрөг бэлнээр өгөөд авсан. Би гар утас худалдаж авсан 380.000 төгрөгийг нэхэмжилнэ...” гэх мэдүүлэг / 2 дугаар хавтас,  80-82 дугаар хуудас/

Шинжээчийн дүгнэлт болон бусад нотлох баримтууд

2017 оны 12 дугаар сарын 13-ны өдөр Ч.А-ийн мэдүүлгийг газар дээр нь шалгасан тухай тэмдэглэл /1 хавтас 3-4, 7-9, 10-11-р хуудас/

     Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 15-19 дүгээр хуудас/

     Дамно ХХКомпани Хөрөнгийн үнэлгээний тайлан /1 дүгээр хх-ийн 46-47 дугаар хуудас/

     Дамно ХХКомпани Хөрөнгийн үнэлгээний тайлан /2 дугаар хх-ийн 113-114 дүгээр хуудас/

     Дамно ХХКомпани Хөрөнгийн үнэлгээний тайлан /2 дугаар хх-ийн 117-118 дугаар хуудас/

     Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 05/074 дугаартай шинжээчийн дүгнэлт /1-р хх-ийн 61 дүгээр хуудас/

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд шүүгдэгч нараас мэдүүлсэн мэдүүлгүүд              

1. Яллагдагч М.Д-ын өгсөн “...би 2017 оны 11 дүгээр сарын 05-ны орой найз Ч.А- утсаар ярьж дуудахаар нь Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэр таван шард очиж уулзаад түүний найзын гэр болох Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, тахилтад байх айлд очиж 1 шил архи хувааж ууцгаасан. Тэгээд тэднийд байж байгаад шөнө Ч.А-ийн хамт тэдний гэрээс гараад явах гэхэд автобус зогссон унаа олдохгүй мөнгө байхгүй зам дагаад алхаж байхад хүүхдийн цэцэрлэг байсан. Ч.А- бид хоёр ярилцаж байгаад хойд талын вакум цонхон доор очиж Ч.А- цонхыг нь түлхэж дотогш ороод 32 инчийн маркийг нь мэдэхгүй хавтгай дэлгэцтэй зурагт тэвэрч гарч ирээд надад өгсөн ба бид хоёр зурагтаа аваад зам дагуу алхаад таксинд сууж Баянгол дүүргийн нутаг дэвсгэр Модны хоёрын голын зам дагуу байх автобусны буудлын хажуугийн ломбарданд Ч.А-ийн овог нэр, регистрийг хэлээд 150.000 төгрөгөөр барьцаанд тавьсан.

2017 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр Ч.А-тэй дахин уулзаад архи авч уугаад согтуурсан үедээ Хан-Уул дүүргийн 9 дүгээр хороо, Буянт-Ухаагийн 19-03 тоотод хашаагаар орж Монгол гэрийн тооноор Ч.А- ороод дотроос нь надад хаалгыг нь онгойлгож өгөөд TCL маркийн 32 инчийн LCD зурагтыг нь хулгайлаад гараад явж байхад хажуу айлынх нь залуу гарч ирээд хөөе гээд орилохоор нь би зурагтыг газар тавьчаад хашаанаас гараад явсан, харин ардаас А- гарч ирэх гэж байгаад гэрийн эзэн эмэгтэйтэй тааралдаж баригдсан...” гэх мэдүүлэг /ХХ-ийн 2-р хав 131-133-р хуудас/  

2. Яллагдагч Ч.А-ийн өгсөн “...Доржготов бид хоёр Буянт-Ухаагийн 19 дүгээр гудамжаар өгсөөд алхаж байхад урагш харсан ногоон өнгийн төмөр хаалгатай, модон хашаатай айлын хашааны хаалга нь онгорхой байсан баД-уг хашаа руу яваад орсон ба би араас нь дагаж орсон. Тухайн урагш харуулж барьсан Монгол гэр байсан. Би монгол гэрийн тооны гялгар уутыг цоолоод дотогшоо нэвтэрч хаалгыг нь дотроос түлхэж эвдэн онгойлгоходД-орж ирээд гэрийн хойморт байсан хар өнгийн корпустай 32 инчийн нэрийг санахгүй байна, зурагтыг аваад гарсан.Д-бид хоёр зурагтыг нь аваад хашааны хаалгаар гараад алхах үед урдаас үл таних эмэгтэй ирээд наадах чинь манай зурагт байна гэж хэлэхэдД-тэвэрч байсан зурагтыг газар хаячихаад зугтсан харин би ард нь алхаж байгаад тэр эмэгтэйд баригдиж, цагдаад дуудлага өгөөд намайг авч явсан.

Би 2017 оны 11 дүгээр сарын эхээр санагдаж байна. Доржготовтой хамт Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо, тахилтын 3 дугаар буудлын цэцэрлэгийн байрны хойд вакум цонхыг түлхэн нэвтэрч ороод 32 инчийн ЛСД зурагт хулгайлж, Модны хоёрт байх шөнийн ломбарданд 150.000 төгрөгөөр тавьсан.

      Харин ганцаараа 2017 оны 10 дугаар сарын сүүлээр мөн Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо, Тахилтад хүнсний дэлгүүрээс архи авах гэж ороод лангуун дээр байсан худалдагчийн Самсунг Эс-7 загварын гар утсыг хулгайлж хар хорин худалдааны төв дээр очиж явуулын хүнд 250.000 төгрөгөөр худалдсан...” гэх мэдүүлэг /1-р хавтас 94-95-р хуудас/

 

Шүүгдэгч нарын хувийн байдалтай холбоотой баримтууд:

-Монгол улсын иргэний үнэмлэхний лавлагаа /1 дүгээр хх-ийн 158, 161 дүгээр хуудас/,

          -Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /2 дугаар хх-ийн 2-3 дугаар хуудас/ зэрэг бичгийн баримтуудыг шинжлэн судлав.

-оршин суугаа хаягийн тодорхойлолт /2 дугаар хх-ийн 136 дугаар хуудас/

-Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2003 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 202 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар ,

-Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2005 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 159 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар,

-Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2010 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 251 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар,

-Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2011 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 288 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар,

 -Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2015 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 232 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар,

-Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2006 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 199 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар,

-Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2008 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 321 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар,

-Сум дундын 9 дүгээр шүүхийн 2014 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 69 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар, / 1дүгээр хх-ийн 115-156 дугаар хуудас, 2 дугаар хх-ийн 04-39 дүгээр хуудас/ зэрэг бичгийн баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, яллагдагч, гэрч нарыг болон хохирогчийг байцаах мэдүүлэг авахдаа эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг  зөрчсөн байдал тогтоогдоогүй байна.

           Шүүх хэргийн байдлыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судалвал:

Шүүгдэгч Ч.А- нь ганцаараа 2017 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр  Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хорооны Тахилтын 07-03 тоотод үйл ажиллагаа явуулдаг “Өнөр бүл” хүнсний дэлгүүрээс иргэн Б.Д-гийн “Самсунг галакси эс-7” загварын гар утсыг лангуун доороос нууцаар, хууль бусаар хулгайлж 624.000 төгрөгийн хохирол учруулсан,

Шүүгдэгч Ч.А-, М.Д- нар нь бүлэглэн 2017 оны 11 дүгээр сарын 05-наас 06-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, Тахилтын 188 дугаар цэцэрлэгийн өргөтгөлийн дунд “в” бүлгийн ангид цонхоор нэвтэрч, 32 инчийн “Самсунг” загварын ЛСД зурагтыг нууцаар, хууль бусаар авч бусдад 192.000 төгрөгийн хохирол учруулсан,

Мөн шүүгдэгч Ч.А-, М.Д- нар нь бүлэглэн 2017 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр Хан-Уул дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Буянт-Ухаагийн 19-03 тоотод оршин суух иргэн А.У-ын гэрийн тооноор Ч.А- нь нэвтрэн орж, хаалгыг дотроос нь онгойлгож, хамт явж байсан М.Д- нэвтрэн орж TCL загварын 32 инчийн LCD зурагтыг нууцаар, хууль бусаар хулгайлж бусдад 357.700 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогч А.У-ын мэдүүлэг /1-р хавтас 24-25-р хуудас/,гэрч Ц.Э-гийн мэдүүлэг /1-р хавтас 30-31-р хуудас/,гэрч Л.Б-гийн мэдүүлэг /1-р хавтас 32-33-р хуудас/,хохирогч Г.Ц-гийн мэдүүлэг /1-р хавтас, 221-222-р хуудас/,гэрч Н.Э-гийн мэдүүлэг /1-р хавтас, 223-р хуудас/,гэрч Д.Б-аас өгсөн мэдүүлэг /1-р хавтас, 224-р хуудас/,хохирогч Б.Д-гийн өгсөн мэдүүлэг /2-р хавтас, 74-75-р хуудас/,иргэний нэхэмжлэгч Ц.Ц-ын мэдүүлэг /хх-ийн 2-р хав 80-82 дугаар хуудас/, 2017 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн №ХУ2-153 дугаартай Дамно ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /1-р хавтас 46-47-р хуудас/, 2018 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн №ХУ2-18-159 дугаартай Дамно ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /2-р хавтас 113-114-р хуудас/, 2018 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн №ХУ2-18-160 дугаартай Дамно ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /2-р хавтас 117-118-р хуудас/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 05/074 дугаартай шинжээчийн дүгнэлт /1-р хх-ийн 61 дүгээр хуудас/ зэрэг хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна.

 “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авах” шууд санаатай гэмт үйлдлийг “Хулгайлах” гэмт хэрэгт тооцохоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлд хуульчилан тогтоосон бөгөөд уг гэмт хэргийг “хүн байнга амьдрах ... орон байранд нэвтэрч үйлдсэн” нь тухайн гэмт хэргийн хүндрүүлэх бүрэлдэхүүн болохоор мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 заалтад заасан байна. 

Шүүгдэгч Ч.А-, М.Д- нар нь дээрх нэр бүхий хохирогч нарын байнга амьдрах зориулалттай орон байранд буюу Монгол гэр болон үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр буюу  цэцэрлэгт нэвтэрч эд зүйлийг нь хулгайлсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг хангасан байна.

Хан-Уул дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Ч.А-, М.Д- нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг, заалт тохирсон, хэргийн бүрдэл хангагдсан байна.

Иймд шүүгдэгч Ч.А-, М.Д- нарыг бүлэглэн бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар,хууль бусаар авсан гэмт хэргийг хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэх эрх зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч Ч.А-, М.Д- нар нь өөрсдийн гэм бурууг хүлээн зөвшөөрч хэргийн үйл баримт болон гэм буруугийн талаар маргаагүй, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг буцааж өгсөн, нэхэмжилсэн хохиролыг төлж барагдуулсан,хувийн байдал зэрэг нөхцөл байдлыг харгалзан эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэхэд орших шударга ёсны болон гэм буруугийн зарчимд нийцүүлэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан ялын төрөл хэмжээний дотор шүүгдэгч нарт хорих ял оногдуулж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.       

 

Хохирол төлбөрийн хувьд:

Хохирогч А.У-, Б.Д-, Г.Ц- нар  нь нэхэмжлэх зүйл байхгүй, иргэний нэхэмжлэгч Ц.Ц- нь 380.000 төгрөгийг нэхэмжилсэн нь төлөгдсөн байх тул шүүгдэгч Ч.А-, М.Д- нарыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

         Эрүүгийн хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, иргэний бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, М.Д- нь 119 /нэг зуун арван ес/ хоног цагдан хоригдсон, шүүгдэгч Ч.А- нь 267 /хоёр зуун жаран долоо/ хоног цагдан хоригдсоныг тэдгээрийн хорих ял эдэлсэн хугацаанд оруулан тооцов.

 

  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36 дугаар бүлгийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

  

1. З- овогт Ч-гийн А-, Ц- морь овогт М-ынД-нарыг бүлэглэн, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар,хууль бусаар хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар Ч.А-ийг 3 /гурав/ жил 8 /найм/ сарын хугацаагаар хорих ялаар, М.Д-ыг 2 /хоёр/ жил 8 /найм/ сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3,4 дэх хэсэгт зааснаар Ч.А-д оногдуулсан 3 /гурав/ жил 8 /найм/ сарын хугацаагаар хорих ял, М.Д-д оногдуулсан 2 /хоёр/ жил 8 /найм/ сарын хугацаагаар хорих ялыг тус тус нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар М.Д-ын цагдан хоригдсон 119 /нэг зуун арван ес/ хоног, Ч.А-ийн цагдан хоригдсон 267 /хоёр зуун жаран долоо/ хоногийг тус тус тэдгээрийн эдлэх ялд оруулан тооцсугай. 

 

          5.Эрүүгийн хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, иргэний бичиг баримтгүй, Ч.А-, М.Д- нар нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

6. М.Д-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж, түүний ял эдлэх хугацааг 2019 оны 02 дугаар сарын 27-ны өдрөөс эхлэн тоолсугай.

 

           7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд хэргийн оролцогч шийтгэх тогтоолыг гардаж авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

          8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоолыг биелүүлэх хүртэл Ч.А-, М.Д- нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.         

 

 

 

 

 

 

           ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                             П.ТУЯАТ