Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 04 сарын 12 өдөр

Дугаар 210/МА2024/00745

 

 

 

 

 

 

 

 

 

2024 04 12 210/МА2024/00745

 

 

СБДТХ-ийн

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Баясгалан даргалж, шүүгч Т.Гандиймаа, Д.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 183/ШШ2024/00600 дугаар шийдвэртэй

СБДТХ-ийн нэхэмжлэлтэй, Ч ХХКхолбогдох,

Гэм хорын хохиролд 50,833,643 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгч болон гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч Д.Дэлгэрцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Д, З.Ц, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөлөөгч Г.Н, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.С, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Р.Энхзаяа нар оролцов.

 

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

1.1. Нийслэлийн Прокурорын газрын 2022 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 000 дугаартайтогтоолоор хариуцагч Ч ХХК-ийн захирал Н.Х-д үүсгэсэн эрүүгийн хэрэг гэмт хэргийн шинжтэй боловч хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хаасан. Уг тогтоолд гэмт хэргийн улмаас улсын төсөвт учирсан хохирлыг иргэний журмаар нэхэмжлэх эрхийг хязгаарлахгүй болохыг дурдсан бөгөөд дээрх шийдвэрт Ч ХХК-ийн захирал Н.Х гомдол гаргаагүй.

1.2. Татварын улсын байцаагчийн 2020 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн Ч ХХКнягтлан шалгах ажиллагаа хийсэн талаарх танилцуулга, мөн эрүүгийн 200200 тоот хэрэгт хийсэн шинжээчийн дүгнэлтээр 50,833,643.05 төгрөгийн татвар төлөхийг тооцоолсон.

Иймд хариуцагч Ч ХХК-аас төрд учирсан хохиролд 50,833,643.05 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:

Ч ХХК-ийн орлого, зарлага үнэн зөв тодорхойлж хуулийн дагуу татвараа төлсөн атал хууль бусаар томилогдсон этгээдийн үндэслэлгүй нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

 

3. Гуравдагч этгээдийн тайлбарын агуулга:

3.1. Нийслэлийн Прокурорын газрын 2022 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 000 дугаартайтогтоолоор Эрүүгийн хуулийн 18 дугаар зүйлийн 18.3 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжтэй гэж дүгнэсэн хэдий ч шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулах, яллагдагчаар татах хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэрэг бүртгэлтийг хаасан. Уг тогтоолд Ч ХХК-ийн зүгээс гомдол гаргаагүй, тогтоол хүчин төгөлдөр байна. Хууль бусаар олсон орлогыг гаргуулахыг эрүүгийн журмаар шийдвэрлэх боломжгүй.

3.2. Ч ХХК Өмнөговь аймгийн Гашуун сухайт сумын Шивээ хүрэн боомт дээр татваргүй барааны үйл ажиллагаа эрхэлдэг бөгөөд худалдагч н.Б, н.Б нарын дансаар мөнгөө шилжүүлж авсан нь татвараас зайлсхийсэн гэмт хэргийн шинжтэй, хууль бус гэж үзэх үндэслэл болсон. Хариуцагч нь хуульд заасан үүргээ биелүүлээгүй тул Ч ХХК-аас төрд учирсан хохиролд 50,833,643.05 төгрөгийг гаргуулах үндэслэлтэй гэжээ.

 

4. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга:

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д заасныг тус тус баримтлан хариуцагч Чийта холдинг ХХК-иас гэм хорын хохиролд 50,833,643,05 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч СБДТХ-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч СБДТХ нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж шийдвэрлэжээ.

 

5. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах гомдлын агуулга:

5.1. Шүүхийн шийдвэрт Нийслэлийн Прокурорын газрын 2022 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 154 дүгээр тогтоолоор хариуцагч Ч ХХК-ийн гүйцэтгэх захирал Н.Хуягбадрахыг гэм буруутай болохыг тогтоогоогүй, нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирол гэж тодорхойлсон тул хариуцагчийн гэмт хэрэг үйлдсэн үйлдэл нотлогдсон байхыг шаардах бөгөөд хэргийн баримтаар хариуцагч нь нэхэмжлэгчийн эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолд хохирол учруулсан буюу үүргээ биелүүлээгүй, эсхүл зохих ёсоор биелүүлээгүй гэх үндэслэл тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгов гэж дүгнэсэн нь прокурорын тогтоолтой танилцаагүй, хэргийг бодитой үнэлээгүй, нэг талыг барьж шийдвэрлэсэн. Учир нь Эрүүгийн хуулийн 1.10 дугаар зүйлийн 1.1-д заасан хөөн хэлэлцэх хугацаа нэг жилээр хязгаарлагдаж, шүүхээр хэлэлцэн гэм бурууг нь тогтоох боломжгүй нөхцөл байдал үүссэн, мөрдөн шалгах явцад болон прокурорын тогтоолоор гэмт хэргийн шинжтэй, гэм буруутай болохыг тогтоосон байхад заавал шүүхээр шийдвэрлэгдсэн байхыг шаардаж нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож байгаа нь хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн.

5.2. Прокурорын тогтоолд ... татварын улсын байцаагчид Ч ХХК-ийн ажилтан Н.Бүжингийн Хаан банкны дансаар 2016-2019 онуудад компанийн дансаар орох ёстой их хэмжээний орлого орж, хариуцагч Ч ХХК татвар төлөхөөс зайлсхийсэн болохыг тогтоон гэмт хэргийн шинжтэй байж болзошгүй гэж үзэн шалгуулахаар хүргүүлсэн. Мөн Эрүүгийн цагдаагийн албаны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газраас томилогдсон Ю ХХК-ийн аудитын тайлан, дүгнэлтэд мөн хариуцагч Ч ХХК-ийг Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хууль, Нягтлан бодох бүртгэлийн тухай хууль зөрчсөн болохыг тогтоосон. Мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжтэй боловч мөн хуулийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан нэг жилийн хугацаа өнгөрсөн буюу Н.Х-ыг яллагдагчаар татаж болохгүй үндэслэл тогтоогдсон... гэж дүгнэсэн. Хариуцагч нь Эрүүгийн хуулийн 18.3 дугаар зүйлд заасан татвар төлөхөөс зайлсхийх гэмт хэрэг үйлдсэн нь уг тогтоолоор тогтоогдсон.

Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

 

 

6. Гуравдагч этгээдийн давж заалдах гомдлыг агуулга:

6.1. С-ээс компаний хууль бусаар олсон эд хөрөнгө буюу төр, нийтийн ашиг сонирхолд учруулсан гэм хорын хохирлыг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан нь үндэслэлтэй. Учир нь компанийн татвар төлөхөөс зайлсхийсэн үйлдлийн улмаас нийтийн ашиг сонирхолд хохирол учирсан тул Иргэний хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.5-д зааснаар иргэний эрх зүйн харилцаа үүссэн, мөн хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4 дэх хэсэгт зааснаар учруулсан гэм хорыг арилгуулахаар шаардах эрх үүссэн. Түүнчлэн, эрүүгийн хэргийг прокуророос Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болгосон шийдвэрийг яллагдагч зөвшөөрөөгүй тохиолдолд мөн зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүхээр цагаатгах тогтоол гаргуулахаар буюу гэм буруугүйд тооцуулахаар гомдол гаргах бөгөөд ийнхүү гомдол гаргаагүй тохиолдолд прокурор хэргийг шүүхэд шилжүүлэх боломжгүй.

Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайг шүүхээр тогтоогоогүй нь бусдад учруулсан хохирол, хор уршгийг төлүүлэхээс чөлөөлөх үндэслэлгүй. Иймд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д заасны дагуу хууль бусаар олсон орлого буюу бусдад учруулсан хохирлыг гаргуулж шийдвэрлэх үндэслэлтэй. Мөн мөрдөн шалгах ажиллагааны явцад Ч ХХК-ийн хэргийг хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хааж шийдвэрлэсэн прокурорын шийдвэрт гомдол гаргагүй.

6.2. Хариуцагч прокурорын хаасан тогтоолтой танилцаагүй гэж хэлдэг боловч С-ээс нэхэмжлэл гаргасан 2022 оноос хойш хариуцагч өөрсдийн гэм буруугийн асуудалд маргаж, прокурорын тогтоолд гомдол гаргах эрх нь өнөөдрийг хүртэл нээлттэй байхад дээрх гомдлыг гаргаагүй нь эрүүгийн хэрэгт гомдол гаргаж гэм буруугийн асуудлыг шийдвэрлүүлэх сонирхолгүй гэж дүгнэхээр байна. Ч ХХК нь хууль ёсны дагуу үйл ажиллагаа явуулж улсад тодорхой хэмжээний татвар төлөх байтал татвар төлөхөөс зайлсхийх зорилгоор хууль бус үйлдэл хийсэн нь мөрдөн шалгах ажиллагааны явцад цугларсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон дээрх баримтуудыг гаргасан. Шүүхийн шийдвэрт хариуцагчийн гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүй нь гэмт хэрэг мөн эсэхийг эрх бүхий этгээдийн шийдвэрээр тогтоосон байхыг шаардах ба хэрэгт авагдсан прокурорын тогтоолыг тухайн гэм бурууг тогтоосон эрх бүхий этгээдийн шийдвэр гэж үзэх боломжгүй гэсэн нь ойлгомжгүй хууль ёсны ба үндэслэл бүхий дүгнэлт хийж чадаагүй.

Дээрх прокурорын тогтоол нь хариуцагчийн гэм буруу, үндэслэлгүйгээр, шударга бусаар эд хөрөнгө олж авсныг нотолсон агуулгатай баримт байхад шүүх үндэслэлгүй дүгнэлт хийсэн тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

7. Давж заалдах гомдолд гаргасан хариуцагчийн тайлбарын агуулга:

Худалдагчийн хувийн дансаар хийгдсэн бүхий л гүйлгээ нь компанийн орлого гэж эрүүгийн хэрэгт шинжээч дүгнэсэн нь хуульд нийцээгүй, дүгнэлт гаргах эрхгүй этгээдийн гаргасан шинжээчийн гэх дүгнэлтийг иш татан прокурор 154 дүгээр тогтоол гаргасан нь татварын асуудал тогтоогдсон гэж үзэхгүй. Учир нь Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэгт Гэм буруутай нь хуулийн дагуу шүүхээр нотлогдох хүртэл хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож үл болно гэж заасан тул гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн асуудлыг зөвхөн эрүүгийн хэргийн шүүх тогтооно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.5 дугаар зүйлийн 6-д "Гэмт хэргийн улмаас учирсан хохиролтой холбогдолтой нэхэмжлэлийг тухайн эрүүгийн хэрэг шийдвэрлэгдээгүй байхад иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар шийдвэрлэхийг хориглоно гэж заасан тул иргэний хэргийн шүүх гэм буруугийн асуудлыг тогтоож, улмаар хохирол нөхөн төлүүлэхээр шийдвэрлэж болохгүй.

Иймд гомдлыг хангахгүй орхиж, шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгч болон гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд, шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр буцааж шийдвэрлэв.

2. Нэхэмжлэгч СБДТХ нь хариуцагч Ч ХХК холбогдуулан гэм хорын хохиролд 50,833,643 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

3.Анхан шатны шүүх нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагыг тодруулах ажиллагааг хийхгүйгээр хэргийг шийдвэрлэсэн алдааг давж заалдах шатны шүүхээс залруулах, хэрэгт ач холбогдол бүхий нөхцөл байдлыг бүрэн тогтоож, хэргийг шийдвэрлэх боломжгүй байна.

 

Учир нь нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэл нь гэмт хэргийн улмаас улсад учирсан хохирлыг, эсхүл үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн үндэслэлээр шаардсан эсэхийг тодруулах чиг үүргээ шүүх зохих хэмжээнд хэрэгжүүлсэн гэж үзэх үндэслэл тогтоогдсонгүй. Өөрөөр хэлбэл, шүүх нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагыг тодруулах чиг үүргээ хэрэгжүүлснээр нэхэмжлэгчийн шаардах эрхийн үндэслэлиийг зөв тодорхойлж, үүнтэй холбоотой холбогдох хуулийн зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэх ач холбогдолтойгоос гаднанарийвчлан зохицуулсан хуульд заасан хөөн хэлэлцэх хугацааг хэрэглэх талаар талуудыг мэтгэлцүүлэх шаардлагатай.

 

4. Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.1 дэх хэсэгт зааснаар хэргийг анхан шатны журмаар шүүх бүрэлдэхүүнтэйгээр хянан шийдвэрлэх шүүх хуралдаанд гурав хүртэл иргэдийн төлөөлөгч оролцуулахаар зохицуулсан.

 

4.1. Баянгол, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газрын даргын 2023 оны 11 дүээр сарын 08-ны өдрийн А/27 дугаар дэд жагсаалт батлах тухай тушаалаар Шүүхийн Ерөнхий зөвлөлийн 2022 оны 6000 дугаар тогтоолоор баталсан Шүүхийн иргэдийн төлөөлөгчийг сонгох, тангараг өргөх журам-ын 3.2, 2022 оны 28 дугаар тогтоолоор баталсан Анхан болон давж заалдах шатны шүүхийн Тамгын газрын үйл ажиллагааны нийтлэг журам-ын 4.2.3, 9.2.2 дахь хэсгийг тус тус баримтлан иргэдийн төлөөлөгчөөр оролцох иргэдийг хавсралтаар баталж, уг хавсралтад дурдснаар Ч.Жавхлантөгөлдөр шүүх хуралдаанд оролцохоор сонгогдсон байна. /хх 116-117/

 

4.2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 85 дугаар зүйлийн 85.1 дэх хэсэгт зааснаар иргэдийн төлөөлөгч нь шүүх хуралдааны оролцогчид хамаарах ба хэргийн материалтай танилцах, түүнээс тэмдэглэл хийх, шүүгч, шинжээч, орчуулагч, хэлмэрч, шүүх хуралдааны нарийн бичгийн даргыг татгалзан гаргах тухай хүсэлт гаргах, нотлох баримтыг шинжлэхэд оролцох, зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч, гэрч, шинжээчид асуулт тавих, хэргийн үйл баримт, зохигчийн гэм буруугийн талаар бичгээр дүгнэлт гаргах эрхийг эдлэнэ.

 

4.3. Анхан шатны шүүх 2024 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн шүүх хуралдааны товыг иргэдийн төлөөлөгч Ч.Ж-т хуульд заасан журмын дагуу мэдэгдээгүй атлаа иргэдийн төлөөлөгчийн эзгүйд хэргийг шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.8 дахь хэсэгт заасантай нийцээгүй. Тодруулбал, шүүх 2024 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр шүүх хуралдаанд дуудан ирүүлэх мэдэгдэх хуудсыг иргэдийн төлөөлөгчийн оршин суух хаягт хүргүүлэхэд н.Анударь гэх хүн гардаж авсныг хуульд заасан үндэслэл журмын дагуу мэдэгдсэн гэж үзэхгүй.

 

5. Дээрх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зөрчлийг давж заалдах шатны шүүхээс залруулах боломжгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1, 168.1.3-д зааснаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1, 168.1.3-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 183/ШШ2024/00600 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр тухайн шүүхэд буцаасугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч болон гуравдагч этгээд нар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ М.БАЯСГАЛАН

 

ШҮҮГЧИД Т.ГАНДИЙМАА

 

Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ