Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 07 сарын 25 өдөр

Дугаар 4703

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Энхзаяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

Хүсэлт гаргагч: Баянгол дүүргийн 8 дугаар хороо, 3 дугаар хороолол, 39-39 тоотод оршин суух, Олхонууд овогт Жүгдэрийн Цэдэн-Иш /РД:КЮ59102405/-ийн хүсэлттэй,

Ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: хүсэлт гаргагч Ж.Цэдэн-Иш, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Анхцэцэг нар оролцов.

                                                                                                          ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч Ж.Цэдэн-Иш шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Өмнөговь аймгийн Эрүүлийг хамгаалах газрын харъяа Ариун цэвэр халдвар судлалын станцад 1985 оны 12 дугаар сарын 17-ны өдрөөс эрүүл ахуйч бага эмчээр ажилд орж, 1994 оны 02 дугаар сарын 28-ны өдөр цомхотголоор ажлаас чөлөөлөгдсөн. Нөхөр маань их архи уудаг, архи уухаараа намайг хана мөргүүлж, ухаан алдтал зоддог /эмнэлэгт хэвтэж хэвтэрт ортол/ байсан учраас би гэрээсээ зугтааж, манай ажлын хүмүүс намайг онгоцонд суулгаж хотруу зугтаалган явуулж өгсөн. Үүнээс хойш буюу 1994 оноос хойш би Өмнөговь аймагт дахин очоогүй. Гэрээсээ зугтааж гарсан учраас бичиг баримтаа авч чадаагүй. Нөхөр маань өөр хүнтэй гэр бүл болсон. Бид одоо хүртэл гэрлэлтээ цуцлуулаагүй. Сүүлд нөхрөөсөө хөдөлмөрийн дэвтэр, бичиг баримтаа асуухад байхгүй, шатаачихсан гээд өгөхгүй байгаа юм. Миний ажилд орсон тушаал аав Батсүхээр овогтой. Иргэний үнэмлэх, бусад бичиг баримт маань ээжийн аав Жүгдэрээр овогтой. Ээж маань миний төрсний гэрчилгээг яагаад өвөөгөөр овоглосныг мэдэхгүй байна. Өвөө бид нар хамтдаа байдаг байсан. Хөдөлмөрийн дэвтэр маань мөн ааваар овогтой байсан санагдаж байна. Би одоо группт байдаг, өндөр насны тэтгэвэрт гарах нас болсон тул тэтгэврээ тогтоолгох гэтэл хөдөлмөрийн дэвтэргүй тул шүүхээр ажилласан жилээ тогтоолгож ир гэсэн. Иймд намайг Өмнөговь аймгийн Эрүүлийг хамгаалах газрын харъяа Ариун цэвэр халдвар судлалын станцад 1985 оны 12 дугаар сарын 17-ны өдрөөс 1994 оны 02 дугаар сарын 26-ны өдөр хүртэл эрүүл ахуйч бага эмчээр ажиллаж байсныг тогтоож өгнө үү гэжээ.

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад  

                                                                                                       ҮНДЭСЛЭХ нь:

 Ж.Цэдэн-Иш нь ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай хүсэлтийг шүүхэд гаргажээ.

            Хүсэлт гаргагчийн ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай хүсэлтийг онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Хэрэгт авагдсан Үндэсний төв архивын тодорхойлолт болон Нийслэлийн архивын газрын тодорхойлолтоор Өмнөговь аймгийн Эрүүлийг хамгаалах газрын харъяа Ариун цэвэр халдвар судлалын станцын баримт шилжиж ирээгүй тул Ж.Цэдэн-Ишид холбогдох баримтыг шүүн үзэж, лавлагаа гаргах боломжгүй гэсэн байх боловч шүүх хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзэж, нотлох баримтыг үнэлэн шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

Хүсэлт гаргагч Жүгдэрийн Цэдэн-Иш нь “...миний ажилд орсон тушаалд намайг миний төрсөн аав Батсүхээр овоглосон байдаг.Гэтэл иргэний үнэмлэх, бусад бичиг баримт маань ээжийн аав Жүгдэрээр овоглосон байдаг. Намайг   яагаад өвөөгөөр овоглосныг мэдэхгүй байна” гэж тайлбарлаж байна.

Улсын бүртгэл, статистикийн ерөнхий газрын харъяа Улсын бүртгэлийн төв архивын газрын 2016 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 357/016776 дугаартай гэрлэлтийн бүртгэлийн лавлагаагаар Шаравын Батсүх нь Жүгдэрийн Цанжидтай 1961 оны 03 дугаар сарын 30-ны өдөр гэрлэлтээ бүртгүүлж байсан байх ба тэдний дундаас төрсөн Батсүхийн Отгонцэцэг, Батсүхийн Болдбаатар нарын төрсөн эгч нь Жүгдэрийн Цэдэн-Иш мөн болохыг Улсын бүртгэл, статистикийн ерөнхий газрын харъяа Улсын бүртгэлийн төв архивын газрын 2016 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 357/016777, 357/016777 дугаартай төрөл садангийн тухай лавлагаагаар тодорхойлсон байна.

Өмнөговь аймгийн Эрүүлийг хамгаалах газрын даргын 1985 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 182 дугаартай  тушаал,  1985 оны 12 дугаар сарын 25-ны өдөр 26 дугаартай тушаалаар Батсүх овогтой Цэдэн-Ишийг ариун цэвэр халдвар судлалын станцад бага эмчийн ажилд томилон ажиллуулсан байх ба Эрүүл ахуй халдвар судлалын хяналтын газрын 1994 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 03 дугаартай “ажлаас чөлөөлж, ажилд томилох тухай” тушаалаар бага эмч Батсүхийн Цэдэн-Ишийг ажлаас чөлөөлжээ.

Дээрх байдлаас дүгнэвэл хүсэлт гаргагч Жүгдэрийн Цэдэн-Иш нь Өмнөговь аймгийн Эрүүлийг хамгаалах гарын даргын 1985 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 182 дугаартай  тушаал,  1985 оны 12 дугаар сарын 25-ны өдөр 26 дугаартай тушаалаар бага эмчээр томилогдож, Эрүү ахуй халдвар судлалын хягалтын газрын 1994 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 03 дугаартай “ажлаас чөлөөлж, ажилд томилох тухай” тушаалаар бага эмчийн ажлаас чөлөөлөгдсөн Батсүхийн Цэдэн-Иш мөн болох нь тогтоогдож байна. 

Иймд хүсэлт гаргагч Ж.Цэдэн-Иш нь 1985 оны 12 дугаар сарын 17-ны өдрөөс 1994 оны 02 дугаар сарын 26-ны өдрийг хүртлэх хугацаанд Өмнөговь аймгийн эрүүлийг хамгаалах газрын харъяа ариун цэвэр халдвар судлалын станцад бага эмчээр ажиллаж байсан болох нь Өмнөговь аймгийн Эрүүлийг хамгаалах гарын даргын 1985 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 182 дугаартай  тушаал,  1985 оны 12 дугаар сарын 25-ны өдөр 26 дугаартай тушаал, Өмнөговь аймгийн Архивын тасаг 1986-1990 онд цалин авч байсан лавлагаа, гэрч Н.Ира, С.Сээтэн нарын тайлбар, тодорхойлолтоор тогтоогдож байна гэж дүгнэлээ.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт заасны дагуу энэхүү нэхэмжлэлд 70,200 төгрөгний улсын тэмдэгтийн хураамж төлөх ёстой байтал нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжид 140,400 төгрөгийг төлсөн байх тул илүү төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогоос буцаан гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дүгээр зүйл, 133 дугаар зүйлийн 133.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон    

        ТОГТООХ нь:                                                                                                               

            1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт зааснаар  Ж.Цэдэн-Ишийг  1985 оны 12 дугаар сарын 17-ны өдрөөс 1994 оны 02 дугаар сарын 26-ны өдрийг хүртэлх хугацаанд Өмнөговь аймгийн эрүүлийг хамгаалах газрын харъяа ариун цэвэр халдвар судлалын станцад бага эмчээр ажиллаж байсныг тогтоосугай.

              2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх зааснаар хүсэлт гаргагчаас тэмдэгтийн хураамжид төлсөн 140,000 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, Баянгол дүүргийн татварын хэлтэсийн 2602002965 тоот данснаас 70,200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ж.Цэдэн-Иш /РД:КЮ59102405/-д буцаан олгосугай.

            3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7, 120 дугаар зүйлийн  120.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь  шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гарсан хугацааг хуулинд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй ба шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

                                   ДАРГАЛАГЧ                                 Х.ЭНХЗАЯА