| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Мөнхөөгийн Эрдэнэ-Очир |
| Хэргийн индекс | 179/2019/0076/Э |
| Дугаар | 2019/ШЦТ/85 |
| Огноо | 2019-04-01 |
| Зүйл хэсэг | 11.1.1, |
| Улсын яллагч | Г.Сэндэнсүрэн |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 04 сарын 01 өдөр
Дугаар 2019/ШЦТ/85
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Эрдэнэ-Очир даргалж,
Нарийн бичгийн дарга Б.Энхтүвшин,
Улсын яллагч Г.Сэндэнсүрэн,
Хохирогчийн өмгөөлөгч Б.Батдорж,
Шүүгдэгчийн өмгөөлөгч В.Энхболд,
Хохирогч Г.О-,
Шүүгдэгч Б.Ч- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Ч-т холбогдох эрүүгийн 1838006360315 дугаартай хэргийг 2019 оны 3 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Б.Ч-,
Шүүгдэгч Б.Ч- нь 2018 оны 05 дугаар сарын 26-ны өдөр Хөвсгөл аймгийн ХХ сумын төвд байрлах баярын талбайн хажууд иргэн Г.О-тай “ах гэж хүндэлсэнгүй” гэх шалтгааны улмаас маргалдаж түүний нүүрэн тус газар архины шилээр цохиж эрүүл мэндэд нь зүүн нүдийг нь хараагүй болгож хүнд хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Б.Ч- нь 2018 оны 05 дугаар сарын 26-ны өдөр Хөвсгөл аймгийн ХХ сумын төвд байрлах баярын талбайн хажууд иргэн Г.О-тай “ах гэж хүндэлсэнгүй” гэх шалтгааны улмаас маргалдаж түүний нүүрэн тус газар архины шилээр цохиж эрүүл мэндэд нь зүүн нүдийг нь хараагүй болгож хүнд хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь
Хохирогч Г.О-ын мөрдөн шалгах ажиллагааны болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: ...2018 оны 5 дугаар сарын 26-ны өдөр 18 цагийн орчим сумын баярын талбайн хашааны баруун талд хээр Зооя, Энхбаяр, Очироо, Гарьдмагнай, Даваахүү нартай хамт 0.75 литрийн “Их монгол” нэртэй архи уугаад сууж байсан чинь Зоояа намайг “чи намайг ах гэсэнгүй” гэж агсраад бид хоёр муудалцаад би Зоояаг баруун гараараа хамар хэсэг рүү нь нэг удаа цохисон юм. Тэгтэл Зоояа болъё, эвлэрье гэхээр нь эвлэрээд архиа уугаад сууж байсан чинь нөгөө ууж байсан архитай шилээрээ миний зүүн хацар хэсэг рүү гэнэт цохичихсон. Тэгсэн миний зүүн нүд, зүүн хацар хэсгээс цус гоожоод унахаар нь эмнэлэгт ирж үзүүлсэн. Тэгсэн яаралтай хот яв гэсэн. ...тэгээд Улаанбаатар хот руу 2 удаа явж эмчилгээ хийлгэж мэс засалд орсон боловч одоо миний зүүн талын нүд юм харахаа больсон” гэх мэдүүлэг /хх-ийн 13-14 дүгээр хуудас/,
Гэрч М.Г-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “Манай хүү Г.О- хүнд зодуулсан гээд нүүр ам нь хавдсан байдалтай ирсэн. Тэгэхээр нь би юу болов яав гээд асуухад манай хүү Г.О- намайг Б.Ч- гэдэг залуу архины шилээр нүд рүү цохилоо гэж байсан. Манай хүүгийн яриагаар тэр манай хүүг цохисон залуу чи намайг ах гэж хүндэлсэнгүй гээд манай хүүг архины шилээр цохисон гэсэн. Тэгээд одоо манай хүүгийн зүүн талын нүд хараагүй болсон учраас энэ асуудлыг хуулийн дагуу шалгуулахаар танай байгууллагад хандсан” гэх мэдүүлэг /хх-ийн 19 дүгээр хуудас/,
Гэрч Ө.О-йн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...тэр хүн оройхон зүүн хацар нь .... цуурсан, зүүн нүдний доод зовхи сэтэрч унжсан байдалтай эмнэлэгт ирж анхны тусламж авсан. ...зүүн нүдний зовхийг оёж байхад зүүн нүдний алим хагарсан байсныг мэдэж тогтоон аймгийн нүдний эмчээс зөвлөгөө авч яаралтай аймаг руу шилжүүлж явуулсан” гэх мэдүүлэг /хх-ийн 25 дугаар хуудас/,
Гэрч Б.П-н мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Г.О- өврөөсөө нэг шил 0.75 литрийн “Их Монгол” архи гаргаж ирээд бид нар гадаа тойрч суугаад ууж байсан юм. Тэр үед Г.О-, Зоояа бид нарын хажууханд сууж юм ярьж байгаад нэг харахад Зоояа бид нарын тойруулж байсан шилтэй архийг барьж аваад Г.О-ын нүүр хэсэг рүү цохисон. Тэр үед Г.О-ын нүүрнээс цус гараад өгөхөөр нь Энхбаяр Г.О-ыг аваад эмнэлэгт ирсэн. ...Зоояа Г.О-ыг архины шилээр цохисны дараа Гарьдмагнай, Даваахүү хоёр салгаж авч байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 27 дугаар хуудас/,
Гэрч Д.Г-н мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...1 шил 0.75 литрийн “Их Монгол” архийг ууж байхад Зоояа Г.О-ыг намайг ах гэсэнгүй гэж байсан. Түүнээс болоод тэр хоёр маргаад байсан. ...тэгээд байж байтал тэр хоёр зодолдож эхэлсэн. Тэр үед би тэр хоёрыг салгаж авсан. Тэгээд дахиад бүгдээрээ тойрч суугаад архиа тойруулж байтал нөгөө хоёр мөн маргаад байсан. Тэгж байснаа Зоояа ууж байсан архитай шилээр Г.О-ын зүүн нүд орчим руу нэг удаа цохисон. Тэр үед би босч Зоояаг барьж аван газарт унасан. Тэгээд босоод харахад Г.О-ын нүд хацарнаас цус гараад байсан. Тэгэхээр нь Энхбаяр Г.О-ыг машинаараа эмнэлэг рүү аваад явсан” гэх мэдүүлэг /хх-ийн 30 дугаар хуудас/,
Гэрч Г.Э-н мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Г.О- Б.Ч- хоёр хоорондоо маргаж үг сөрж эхэлцгээсэн. ...Г.О- буруу зөрүү ойлгосон юм уу Б.Ч- ахыгаа ах гэж яагаад хэлдэггүй юм гэж хэлсэн. Тэгтэл Б.Ч-ийг чамайг ах гэж хэлж яадаг юм гэж хэлж сууж байснаа машин дотор Г.О-, Б.Ч-ийн хамар хэсэг рүү нэг удаа мөргөсөн. Хэсэг хугацааны дараа тэр хоёр хоорондоо эвлэрлээ гэж хэлсэн. ...би машинаас буугаад машиныхаа урд талаар тойроод очтол Б.Ч- Г.О-ыг ууж тойруулж сууцгааж байсан архины шилээр нүүр толгой хэсэг рүү нь цохичихсон. Нүүр толгой хэсгээс нь цус гоожоод хаана гэмтсэн нь мэдэгдэхгүй байдалтай байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 111-112 дугаар хуудас/,
Шүүгдэгч Б.Ч-ийн мөрдөн шалгах ажиллагааны болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: “...би Г.О-ыг эвлэрье гэж гуйгаад гар бариад бүгдээрээ машинаас бууж гадаа архиа тойруулж байхад Г.О- миний баруун гар талд сууж байгаад дахиад намайг нүүр рүү толгойгоороо мөргөчихсөн юм. Тэгэхээр нь би архи хундагалж байсан учраас барьж байсан шилтэй архиараа баруун гараараа савж цохисон юм. Тэр үед Г.О-ын нүүрэн тус газар нь таарсан. Тэгээд Г.О-ын нүүрнээс цус гараад өгөхөөр нь Энхбаярын машинаар Г.О-ыг аваад эмнэлэгт авчирсан” гэх мэдүүлэг,
Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Б.Цолмонгийн 2018 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн 404 дугаартай: Г.О-ын биед зүүн нүд хараагүй болсон гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр тухайн цаг хугацаанд үүсгэгдсэн байна. Г.О-ын биед үүссэн гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.5.1-д зааснаар гэмтлээс үүссэн үлдэц уршиг тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна гэх дүгнэлт /хх-ийн 34 дүгээр хуудас/,
Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч нарын 2018 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 1185 дугаартай: Шинжээчийн дүгнэлт №404-н 3-р хариултын ... 3.5.1-д зааснаар гэмтлээс үүссэн үлдэц уршиг тул гэснээс бусад нь үндэслэлтэй байна. Хоёр нүд бүрмөсөн харахгүй буюу нүдний хараа 0.004 ба түүнээс доош буурахыг үлдэц уршигт гэмтэлд хамааруулдаг. Г.О-ын нэг нүд хараагүй болсон байна. Г.О-ын зүүн нүд бүрмөсөн хараагүй болжээ. Зүүн нүдний хараагүйдэл нь 65 хувиар хөдөлмөрийн ерөнхий чадвар алдагдуулах тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна гэх комиссын дүгнэлт /хх-ийн 123-124 дүгээр хуудас/ зэрэг болно.
Дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх тул хэргийг шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой гэж үнэллээ.
Шүүгдэгч Б.Ч- нь 2018 оны 05 дугаар сарын 26-ны өдөр Хөвсгөл аймгийн ХХ сумын төвд байрлах баярын талбайн хажууд иргэн Г.О-тай “ах гэж хүндэлсэнгүй” гэх шалтгааны улмаас маргалдаж түүний нүүрэн тус газар архины шилээр цохиж эрүүл мэндэд нь зүүн нүдийг нь хараагүй болгож хүнд хохирол учруулсан гэм буруугаа хүлээн зөвшөөрч байх бөгөөд гэмт хэрэг гарсан байдал, хэргийн үйл баримтын талаар хохирогч болон гэрчүүд нь агуулгын хувьд зөрөөгүй мэдүүлсэн, шинжээчийн дүгнэлтүүд нь хохирогчийн эрүүл мэндэд учирсан хохирлын шинж байдал, хэргийн талаар тогтоогдсон үйл баримттай нийцсэн байна гэж дүгнэв.
Шүүгдэгч Б.Ч-ийн гэм буруутай үйлдэл нь хохирогчийн эрүүл мэндэд гэмтэл учирч болохыг ухамсарлаж, түүнийгээ хүсэж үйлдсэн гэм буруугийн санаатай хэлбэр, эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Иймд шүүгдэгч Б.Ч-ийг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Хэргийн зүйлчлэл зөв байна.
Хохирогч Г.О- нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол болох цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар шүүгдэгч Б.Ч-оос нэхэмжлэх эрхтэй болохыг дурдах нь зүйтэй байна.
Шүүгдэгч Б.Ч- нь хохирогчийн зүй бус үйлдлийн улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогчид 5.700.000 төгрөг нөхөн төлсөн зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо. Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Шүүгдэгч Б.Ч-ийн гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, улсын яллагч, өмгөөлөгчийн санал, дүгнэлтийг харгалзан шүүгдэгч Б.Ч-т Эрүүгийн хуулийн тусгай 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар арван хоёр мянган нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 12.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулав.
Шүүхээс шүүгдэгч Б.Ч-ийн хөрөнгө, цалин хөлс, орлого олох боломжийг харгалзан оногдуулсан торгох ялыг 12 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоох нь зүйтэй.
Эрүүгийн 1838006360315 дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б.Ч-г хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ч-г арван хоёр мянган нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 12.000.000 /арван хоёр сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ч-т оногдуулсан арван хоёр мянган нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 12.000.000 төгрөгөөр торгох ялыг 12 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, мөн хуулийн 5.3 дугаар зүйлийн 5 дэх хэсэгт зааснаар ялтан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Эрүүгийн 1838006360315 дугаар хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, хохирогч Г.О- нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар шүүгдэгч Б.Ч-с нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдсугай.
5. Эрүүгийн 1838006360315 дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Ч-т урьд авсан хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.ЭРДЭНЭ-ОЧИР