Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 04 сарын 17 өдөр

Дугаар 210/МА2024/00790

 

 

 

 

 

2024 оны 04 сарын 17 өдөр

Дугаар 210/МА2024/00790

 

 

,,,,,,,,,,,,гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Дэлгэрцэцэг даргалж, шүүгч Т.Гандиймаа, шүүгч Т.Бадрах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 29-ний өдрийн 101/ШШ2024/01150 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: ,,,,,,,,,,,,

Хариуцагч: ,,,,,,,,,,,,,,,,

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд: ,,,,,,,,,,,,

Хоёр дахь албадан дуудлага худалдааг хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Т.Бадрах илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч ,,,,,,,,,,,,, нэхэмжлэгчийн өмгөөлөгч ,,,,,,,,,,,,,,,,, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ,,,,,,,,,,,,,,,,, ,,,,,,,,,, гуравдагч этгээд ,,,,,,,,,,,,, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Чанцантөгс нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 101/ШШ/2022/04061 дүгээр захирамжаар ,,,,,,,,,,,,гаас 36,145,895.04 төгрөг гаргуулан Бизнес инвест девелопмент ББСБ ХХК-д олгосон.

Энэ дагуу явагдсан шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад надад үнэлгээний тайланг танилцуулаагүй, гардуулж өгөөгүй байхдаа миний орон сууцыг 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 10 цагт анхны дуудлага худалдаагаар оруулсан байсан.

Э.Гэрэлтуяа миний өмчлөлийн, эрхийн Ү-2204054500 дугаарт бүртгэлтэй, Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, Сэлэнгэ 888, 48а байр, 42 тоот хаягт байрлах 40 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг хоёр дахь албадан дуудлага худалдаагаар оруулах болсныг Шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын цахим хуудаст байршуулсан албадан дуудлага худалдааны зарлалаас анх олж мэдсэн.

Шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаанд гомдол гаргаж, гомдол эцэслэн шийдвэрлэгдээгүй байхад миний өмчлөлийн орон сууцыг хоёр дахь албадан дуудлага худалдаанд оруулж улмаар 60,000,000 төгрөгийн үнийн саналаар ялагч болсон ,,,,,,,,,,,,,,,т өмчлөх эрх шилжүүлэх тухай тогтоол гаргасан байна.

Гэтэл миний бие энэ хугацаанд шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд гомдол гаргаж, шүүхэд хандаж, Бизнес инвест девелопмент ББСБ ХХК-д 35,730,335 төгрөг төлж, барьцааны эрх дуусгавар болгох тухай албан тоот төлбөр авагчаас гаргуулж авсан. ,,,,,,,,,,,,,,,, шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан бол миний бие өөрийн өмчлөлийн орон сууцаа зах зээлийн үнэлгээнээс 2 дахин бага үнээр бусдад алдаж хохирохгүй байсан.

Иймд Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын эрхийн Ү-2204054500 дугаарт бүртгэлтэй Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, Сэлэнгэ 888, 48а дугаар байр, 42 тоотод байрлах, 40 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг худалдан борлуулсан 2023 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн хоёр дахь албадан дуудлага худалдааны төлбөр төлөгч ,,,,,,,,,,,,д холбогдох хэсгийг хүчингүй болгож, миний зөрчигдсөн эрхийг сэргээж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:

,,,,,,,,,,,,гийн өмчлөлийн 2 өрөө орон сууцыг 2023 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр битүүмжилж, 05 дугаар сарын 18-ны өдөр хураан авсан. Төлбөр төлөгч, төлбөр авагч нар үнэлгээг харилцан тогтоогоогүй тул 2023 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 6/239 дугаар шинжээч томилох тухай тогтоолоор Виннер вэй ХХК-иар үнэлүүлэхэд уг үл хөдлөх эд хөрөнгийг 113,418,000 төгрөгөөр үнэлснийг талуудад танилцуулсан.

2023 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн анхны албадан дуудлага худалдаа, 2023 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн хоёр дахь албадан дуудлага худалдааны талаарх мэдэгдэл болон тогтоолыг төлбөр төлөгч, төлбөр авагч, төлбөр төлөгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарт танилцуулж хүлээлгэн өгсөн.

Уг хөрөнгө 2023 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн хоёр дахь албадан дуудлага худалдаагаар 60,000,000 төгрөгөөр худалдан борлогдсон, шүүхийн шийдвэрт заасан төлбөрийг заасан хугацаанд бүрэн барагдуулаагүй тул 2023 оны 08 дугаар сарын 18-ны өдөр албадан дуудлага худалдааны ялагч ,,,,,,,,,,,,,,,т өмчлөх эрх шилжүүлэх тухай тогтоол гарсан. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хариуцагчийн тайлбар, татгалзлыг дэмжиж оролцсон.

 

4. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.4 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч ,,,,,,,,,,,,,,,,т холбогдох 2023 оны 08 дугаар сарын 04-ний өдөр зохион байгуулсан хоёр дахь албадан дуудлага худалдааны Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, 888, 48а дугаар байр, 42 тоотод байрлах, 40 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцанд холбогдох хэсгийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэгч ,,,,,,,,,,,,гийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн.

 

5. Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:

Монгол шуудан ХК-ийн 2024 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 18/91 тоот албан бичигт "2023 оны 06 дугаар сарын 16-ны өдөр Гэрэлтуяагийн утас 99857432, БЗД 5-р хороо хаягаар илгээсэн RD172902373МИ бүртгэлийн дугаартай илгээмжийг хаягийн дагуу 2023 оны 06 дугаар сарын 19-ний өдөр 14 цаг 30 минутад ,,,,,,,,,,,,д гардуулсан байна" гэж заасан.

Үүнд үндэслээд анхан шатны шүүх Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас хүргүүлсэн шуудангийн баримтыг хүлээн авч гарын үсгээ зурсан болох нь тогтоогдсон, ,,,,,,,,,,,, нь уг шуудангийн баримтад зурагдсан гарын үсэг нь өөрийн гарын үсэг биш гэж маргаж байгаа нь үндэслэлгүй гэж дүгнэсэн. Нэхэмжлэгч О. Гэрэлтуяа нь шуудангийн бичгийг хүлээж аваагүй талаар тайлбарлаж, энэ талаар техникийн тусгай мэдлэгт шаардагдах асуудлыг тодруулахын тулд гарын үсгийн шинжээч томилуулах хүсэлт гаргасныг шүүх хүлээн аваагүй атал шүүх өөрийн үзэмжээр гарын үсэг хэлбэрийн хувьд адилхан гэж үзсэн нь бодит байдалтай нийцэхгүй байна.

Өөрөөр хэлбэл гарын үсэг мөн эсэхийг зөвхөн шинжлэх ухаан, тооцоо, тоо бүртгэл, урлаг, утга зохиол, техникийн зэрэг тусгай мэдлэг шаардагдах асуудлыг шинжээчийн дүгнэлтээр тодорхойлох байтал шүүх өөрийн үзэмжээр гарын үсэг мөн гэж байгаа нь нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай ач холбогдолтой үнэн зөв эргэлзээгүй талаас үнэлэлгүй хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зөрчил гаргасан.

Мөн нэхэмжлэгчид анхны албадан дуудлага худалдааны мэдэгдлийн хүргүүлсэн нөхцөл байдал байхгүй байхад шүүх шуудангийн дардаст тэмдэглэгдсэнээр тогтоогдсон гэж тайлбарласан. Гэтэл шуудангаар дээрх баримт мөн адил ирээгүй, хариуцагч хүргүүлсэн талаарх нотлох үүргээ хэрэгжүүлээгүй.

Иймд шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

 

6. Давж заалдах шатны шүүх хуралдаанд хариуцагч талын гаргасан тайлбарын агуулга:

Шүүхийн журмаар бүрдүүлсэн нотлох баримтаар ,,,,,,,,,,,, нь үнэлгээний мэдэгдлийг хүлээн аваад гарын үсэг зурсан болох нь тогтоогдсон. Нэхэмжлэгчийн хөрөнгөтэй холбоотой асуудлаар буюу худалдах болсон талаар огт мэдээгүй гэх тайлбар гаргасан нь үндэслэлгүй. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

7. Давж заалдах шатны шүүх хуралдаанд гуравдагч этгээдийн гаргасан тайлбарын агуулга:

Нэхэмжлэгчээс шуудангийн тамга, тэмдэг шаардлага хангаагүй гэж маргасан нь үндэслэлгүй. Шүүхийн журмаар бүрдүүлсэн баримт учраас шаардлага хангасан гэж үзнэ. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан гомдлын хүрээнд хэргийг хянаад гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.

 

2. Нэхэмжлэгч ,,,,,,,,,,,, нь хариуцагч ,,,,,,,,,,,,,,,,т холбогдуулан хоёр дахь албадан дуудлага худалдааг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргасан.

 

3. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 101/ШШ2022/04061 дүгээр захирамжаар ,,,,,,,,,,,,гаас 36,350,335 төгрөгийг гаргуулж Бизнес инвест девелопмент ББСБ ХХК-д олгож, үүргийн гүйцэтгэлийг Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, Сэлэнгэ 888 /13343/, 48А байрны 42 тоот хаягт байрлах 40 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцаар хангуулахаар шийдвэрлэсэн байна.

 

3.1 Дээрх шийдвэр, гүйцэтгэх хуудсыг үндэслэн ,,,,,,,,,,,,,,,, шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэж, шийдвэрт заасан барьцаа хөрөнгө болох ,,,,,,,,,,,,гийн өмчлөлийн Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, Сэлэнгэ 888 /13343/, 48А байрны 42 тоот хаягт байрлах 40 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг 2023 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр битүүмжилж, 2023 оны 05 дугаар сарын 18-ны өдөр хураажээ.

Улмаар шийдвэр гүйцэтгэгчийн 2023 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн тогтоолоор Виннэр вэй ХХК-ийг шинжээчээр томилж, шинжээч нь нэхэмжлэгчийн өмчлөлийн 2 өрөө орон сууцны зах зээлийн үнэ цэнийг 2023 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн байдлаар 113,418,000 төгрөг болохыг тогтоосон тул 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдөр анхны албадан дуудлага худалдаанд оруулсан байна.

Эдгээр үйл баримтыг анхан шатны шүүх зөв тогтоосон.

 

3.2. Нэхэмжлэгч нь орон сууцыг битүүмжилсэн, хураан авсан, үнэлгээ тогтоосон, анхны албадан дуудлага худалдаанд оруулсан ажиллагаанд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.4, 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт заасан хугацаа, журмын дагуу гомдол гаргаагүй байх учир дурдагдсан шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хуульд нийцсэн гэж дүгнэнэ.

Иймээс нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагын хүрээнд хоёр дахь албадан дуудлага худалдаа хуульд нийцсэн эсэх талаар дүгнэлт хийх үндэслэлтэй.

 

4. Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, Сэлэнгэ 888 /13343/, 48А байрны 42 тоот хаягт байрлах 40 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууц нь 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдөр анхны албадан дуудлага худалдаагаар худалдан борлогдоогүй.

Хариуцагч нь 2023 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн тогтоолоор уг орон сууцыг үнэлгээчний тогтоосон зах зээлийн үнийн 50 хувь болох 56,709,000 төгрөгөөр үнийг тогтоож, дуудлага худалдааг 2023 оны 08 дугаар сарын 04-ний өдөр явуулахаар шийдвэрлэж, энэ талаар төлбөр төлөгч ,,,,,,,,,,,,гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Одсэлмаад 2023 оны 07 дугаар сарын 25-ны өдөр мэдэгдсэн байна.

Иймд 2023 оны 08 дугаар сарын 04-ний өдөр явагдсан хоёр дахь албадан дуудлага худалдаа нь Иргэний хуулийн 177 дугаар зүйл, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 71, 75 дугаар зүйлд заасан журамд нийцсэн байна.

 

4.1. Хариуцагчийн зүгээс хоёр дахь албадан дуудлага худалдаа явагдсаны дараа 2023 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн дотор үл хөдлөх эд хөрөнгө 60,000,000 төгрөгөөр худалдан борлогдсон тул уг төлбөрийг төлөхийг мэдэгдсэн боловч ,,,,,,,,,,,, нь тогтоосон хугацаанд төлбөрийг төлөөгүй. Иймд Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2023 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн өмчлөх эрх шилжүүлэх тухай тогтоолоор 2 өрөө орон сууцны өмчлөх эрхийг дуудлага худалдааны ялагч ,,,,,,,,,,,,,,,т шилжүүлсэн байна.

Ийнхүү өмчлөл шилжсэний дараа нэхэмжлэгч нь төлбөр авагч Бизнес инвест девелопмент ББСБ ХХК-ийн 2023 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн 09/14/03 тоот төлбөр төлөгдсөн талаарх албан бичгийг ирүүлсэн нь шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хүчингүй болгох үндэслэл болохгүй гэж анхан шатны шүүх зөв дүгнэжээ. Учир нь төлбөр төлөгч нь шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын тогтоосон хугацаанд төлбөрийг төлөөгүй, түүнчлэн төлбөр авагчид төлбөрийг бодитоор төлсөн баримтгүй.

 

4.2. Нэхэмжлэгч нь хоёр дахь албадан дуудлага худалдаа хуульд нийцээгүй болохыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нотлоогүй.

Мөн үнэлгээний тайлан болон анхны албадан дуудлага худалдааны талаар мэдэгдээгүй гэх үндэслэлээр нэхэмжлэл, гомдол гаргасан нь хоёр дахь албадан дуудлага худалдааг хүчингүй болгох эсэх маргааны зүйлд хамааралгүй.

Анхан шатны шүүх үнэлгээний тайлангийн мэдэгдлийг 2023 оны 06 дугаар сарын 16-ны өдөр, анхны албадан дуудлага худалдааны мэдэгдлийг 2023 оны 06 дугаар сарын 27-ны өдөр баталгаат шуудангаар нэхэмжлэгчид хүргүүлсэн гэж дүгнэхдээ хэрэгт авагдсан баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар үнэлжээ.

 

4.3. Баталгаат шуудангаар мэдэгдэл хүргэгдсэн эсэхэд нэхэмжлэгч маргаж гарын үсгийн шинжилгээ хийлгэх хүсэлт гаргасныг шүүх хангаагүй нь үндэслэлтэй болсон байна.

Учир нь баталгаат шууданг нэхэмжлэгчийн хаягаар хүргүүлсэн байх ба энэ тохиолдолд шуудангаар хүргүүлсэн мэдэгдлийг зөвхөн нэхэмжлэгчид гардуулж өгөх ёстой гэж үзэхгүй. Өөрөөр хэлбэл, шууданг хэн хүлээн авч гарын үсэг зурсан эсэх нь маргаанд ач холбогдолгүй.

 

4.4. Иймд анхан шатны шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.4 дэх хэсэгт заасанд нийцсэн байна.

 

5. Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 29-ний өдрийн 101/ШШ2024/01150 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

 

ШҮҮГЧИД Т.ГАНДИЙМАА

 

Т.БАДРАХ