Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 04 сарын 04 өдөр

Дугаар 2019/ШЦТ/88

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Эрдэнэ-Очир даргалж,

Нарийн бичгийн дарга Б.Энхтүвшин,

Улсын яллагч Г.Сэндэнсүрэн,

Шүүгдэгч Л.Т- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Л.Т-ад холбогдох эрүүгийн 1938001760114 дугаартай хэргийг 2019 оны 4 дүгээр сарын 02-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол улсын иргэн, Л.Т-, 

Шүүгдэгч Л.Т- нь 2019 оны 02 дугаар сарын 17-ны өдрөөс 2019 оны 02 дугаар сарын 18-ны өдрийг шилжих шөнө Хөвсгөл аймгийн ХХ сумын 5 дугаар багт оршин суух иргэн Д.А-гийн гэрт түүний зөвшөөрөлгүйгээр нэвтэрч хүний халдашгүй чөлөөтэй байх эрхэд халдаж дураараа авирлан бусдын орон байранд хууль бусаар нэвтрэн орох гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг шинжлэн судлаад

                                                          ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Л.Т- нь 2019 оны 02 дугаар сарын 17-ны өдрөөс 2019 оны 02 дугаар сарын 18-ны өдрийг шилжих шөнө Хөвсгөл аймгийн ХХ сумын 5 дугаар багт оршин суух иргэн Д.А-гийн гэрт түүний зөвшөөрөлгүйгээр нэвтэрч хүний халдашгүй чөлөөтэй байх эрхэд халдаж, дураараа авирласан гэм буруутай болох нь хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:

Хохирогч Д.А-гийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн:

2019 оны 02 дугаар сарын 17-18-нд шилжих шөнийн 05 цагийн орчим манайд согтуу хүн ирээд хаалга нүдэж байгаад хаалга өшиглөөд унахаар нь хувцсаа өмсөж байхдаа “хэн бэ, хөөе” гэхэд “үүдээ онгойлго, лаларууд минь” гэж хэлж байсан. Тэгээд хаалгаа онгойлгохын зуургүй манай байшингийн зүүн талын угаалтуурын өрөөний 2 тасалгаатай цонхны доод тасалгааг нэвт хага цохиод манай сумын 1 дүгээр багийн эмч Ууганбаярын нөхөр Л.Т- цонхоор орж ирсэн. Тэр үедээ хажууд нь байсан гоо сайхны хэрэгсэл тавьсан угаалтуурыг татаж унагаад угаалтуурын нэг хөл хугарч хажуу тийш унасан. Мөн хаалганых нугаснууд сугарсан бөгөөд модон хэсэг нь ашиглах боломжгүй болсон байсан. Бас бойлуурын хоолой тасарсан бөгөөд угаалтуур дээр байсан эхнэрийн гоо сайхны хэрэгслийг газарт унагаад хага гишгэхийг нь гишгээд пилтан дээр унасан шилэн савтай зүйлүүд хагарсан байсан. Мөн угаалтуурын өрөөний 30x30 см хэмжээтэй лед гэрэл асахаа байсан байна билээ. Тэгээд Л.Т- гэрт орж ирээд манай эхнэрийг “Баярсайхан лалар минь, гөлөг минь, пизда” гэх зэргээр хэлэх хэлэхгүй үгээр доромжилж эхэлснээ манай эхнэрийг “пизда минь, чамайг ална” гэж заналхийлсэн. Тэгээд сүүлдээ над руу “Баясаа муу лалар минь, чи ард түмний хүчээр гарчихаад...” гэх зэргээр дайрсан тэр үед нь би цагдаа дуудсан....Манай эхнэр ХХ сумын Эрүүл мэндийн төвийн дарга ажилтай Л.Баярсайхан гэдэг хүн байдаг юм. Л.Т-ын эхнэр Ууганбаяр нь багийн эмч ажилтай хүн байгаа юм. Хөдөөгийн бүх багийн эмч нар баг дээр байхгүй сумын төв дээр байрлаж байгаа учраас багийн эмч нарыг дуудлагын хуваарьт оруулсан...Тэгээд 2019 оны 02 дугаар сарын 17-ны өдрөөс 18-нд шилжих шөнийн 04 цагийн орчим манай эхнэр намайг унтаж байхад нэг хүнтэй яриад байсан нь Л.Т- байсан юм билээ. Тэгээд тэр “манай эхнэрээр хүн сахиулж хонуулдаг хэн юм чи, өөрөө сахиж хоно пизда минь” гэж ярьсан юм гэсэн. Үүнийг би сүүлд нь эхнэрээсээ сонсож мэдсэн...Би гомдолгүй байна. Гэхдээ Л.Т-ад бусдын орон байранд хууль бусаар нэвтэрсэн үйлдэлд нь хариуцлага хүлээлгэж өгнө үү гэж хэлмээр байна гэх мэдүүлэг /хх-ийн 10-16-р тал/

Гэрч Л.Б-ны мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ...Тэр шөнийн 04 цаг 35 минутын орчим Л.Т- миний 98788989 дугаар руу эхнэрийнхээ буюу “1-р багийн эмч” гэж хадгалсан дугаараас залгаад “энд хүн үхэх гээд байна” гэхээр нь “ямар хүн яагаад байгаа юм” гэсэн чинь “чамд ямар хамаатай юм бэ” гээд халамцуу ярихаар нь би өөрөө утсаа салгачихаад тухайн үед 1-р багийн эмчийн нөхөр Л.Т- байна гэдгийг таниад утсаар ярих үед цаана нь цуурайтаад байсан болохоор нь “энэ эмнэлэг дээр байгаа юм байна” гэж бодоод тухайн өдөр эмнэлэг дээр ээлжинд гарч байсан сувилагч Батжаргал руу залгаад асуухад Ууганаагийн нөхөр халамцуу эмнэлэг дээр ирчихсэн “даргынхаа дугаарыг өг гээд байна” гэхээр нь “би таны дугаарыг өглөө” гэж хэлсэн. Тэгээд хэсэг хугацааны дараа буюу 05 цагийн үед манай гэрт хүн ирээд хаалга нэлээд ширүүн тогшихоор нь би тухайн үед сэрүүн байсан учраас нөхрийгөө сэрээсэн. Тэгээд манай нөхөр сэрээд босох гэж байтал манай байшингийн угаалтуурын хэсгийн жижиг өрөөнийн цонх хага цохиод Л.Т- цонхоор ороод ирсэн. Л.Т- цонх хагалж байхдаа цонхыг бүр жиргээд бүх шилийг нь унагаад “пизданууд би эндээ байж байх уу” гээд нусаа нийгээд, шүлсээ хаяад намайг “пизда минь, лалар минь, гичий минь, чи ингэж байгууллагын дарга хийдэггүй юм, манай эхнэрээр хүн сахиуллаа би архи уугаад согтоогүй байна, би танайд санаатайгаар ирж байгаа юм” гэх хэлэх хэлэхгүй үгээр зөндөө доромжилсон...гэх мэдүүлэг /хх-ийн 22-23-р тал/

Гэрч Л.У-н мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: Би ХХ сумын Эрүүл мэндин төвд өмнө нь 2016 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2016 оны 5 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл Эх баригч эмчээр хүний оронд түр ажиллаад гарсан. Тэгээд хэсэг хугацаанд ажилгүй байж байгаад сая 2018 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс одоог хүртэл 1-р багийн бага эмчээр ажиллаж байна...Би тэр өдрөөс 2 хоногийн өмнө буюу 2019 оны 02 дугаар сарын 15-16-ны хооронд баг дээрээ дуудлагаар ажиллаад 2019 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 13 цагийн орчим хөдөөнөөс дуудлаганаасаа ирсэн юм...Тэгсэн чинь Амарсайхан эмч дарга Л.Баярсайхан руу яриад “Ууганбаяр ойрын дуудлагатай юм байна, дараагийн хүнээр сахиулж болохгүй юм уу” гэдэг талаас хэлсэн тэгсэн чинь Баярсайхан дарга “ойрын дуудлагандаа яваад хүнээ давхар сахь” гэж хэлсэн. Тэгэхээр нь би гэртээ харьж нөхөртөө тэр байдлаа хэлээд нөгөө харвасан хүнийг сахиж хоносон. Тэр шөнө тэр байдлыг маань жаахан дургүйцээд жаахан архи уусан үедээ тэр шөнө тийм байдал болсон байсан... Мөн 2019 оны 01 дүгээр сарын сүүлээр намайг Мөрөн рүү биеэ эмчлүүлэхээр Баярсайхан даргаас өөрөөс нь чөлөө аваад явсан хойгуур манай багт нэг нярай хүүхэд өнгөрсөн байсан. Тэгээд намайг Мөрөнгөөс ирээд гэртээ байж байхад Баярсайхан дарга над руу утсаар залгаад “чи одоо ажиллах шаардлагатай юм уу танай багт нярай хүүхэд өнгөрсөн” гэж ярихыг манай нөхөр сонссон. Миний утас үнэхээр чанга сонсогддог юм. Тэр үед манай нөхөр мөн дургүйцэж “ингэж дарамтлах ёстой юм уу” гэж надад хэлж байсан...Манай нөхөр нэг их архи уугаад байдаггүй хааяа л нэг тоотой уудаг юм. Харин архи уусан үедээ жаахан хурц зантай, түүнээс эрүүлдээ бол ямар ч хүнтэй маргаж хэрэлдэж байгаагүй. Би нөхөртэйгээ 3 жил хамт амьдарч байна. Энэ хугацаанд намайг болон өөр хэн нэгнийг цохиж зодож байсныг сонсоогүй...Нэмж хэлэхэд манай нөхөр тэднийд тэгж гэрт нь орсоноос болж манай дарга Л.Баярсайхан миний цалинг 3 сар 20 хувь хассан гэдгийг би дам хүнээс сонсож мэдлээ Уг нь надад хэлж байж тушаал гаргаж хасмаар юм. Тэгэхэд надад огт тийм зүйл яриагүй. Тэгээд ч манай нөхөр тэднийд очиж агсам тавьсан нь миний ажилтай ямар нэгэн холбоогүй. Надтай ямар нэгэн хамааралгүй баймаар юм гэж бодож байна. Цалин маань сая энэ сард лав 20 хувь хасагдаж орсон. Хэдэн сар хассаныг мэдэхгүй байна. Дарга одоо болтол цалин хассан үндэслэлээ надад танилцуулаагүй байгаа би үүнд бол гомдолтой байна...гэх мэдүүлэг /хх-ийн 19-21-р тал/

Шүүгдэгч Л.Т-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: Би 2019 оны 02 дугаар сарын 17-18-нд шилжих шөнө 05 цагийн үед Хөвсгөл аймгийн ХХ сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах сумын эмнэлэгийн эрүүл мэндийн төвийн дарга Л.Баярсайханы байшингийн цонхны салхины шилийг хагалж ороод хэрүүл маргаан үүсгэсэн. Тэгэх явцдаа тэдний гэрийн угаалтуурын дарж унагаасан байсан. Тэгээд Л.Баярсайханы нөхөр Д.А- цагдаад дуудлага өгсөн юм...Миний эхнэр багийн эмч бөгөөд миний эхнэрийг зогсоо зайгүй ажил хийлгээд амраахгүй ажпын байрны дарамт шахалт үзүүлээд байсан юм. Тэгэхээр нь би уурлаж тэр айлд нэвтэрч орсон юм. Би тэр үед нилээд согтсон байсан ба 2 шил 0.75, 0,5 литрийн архинууд ууж согтсон байсан. Би Д.А-гын байшингийн үүдийг цохиж уулзах гэсэн боловч үүдээ онгойлгохгүй байхаар нь цонхон дээр нь очиж салхивчийг нь цохиход онгойсон юм. Тэгтэл А.Баярсайхан намайг доромжпоод нулимаад цонхоо хаасан. Тэгэхээр нь цонхных нь салхивчны шилийн цохиж хагалаад дотогш нэвтэрсэн. Би цонхны шилийг нь хагалж эвдсэн, угаалтууртай гоожуурыг нь унагааж эвдсэн ба гоо сайхны савтай эд зүйлс гоожуур дээр байсан. Гэхдээ би ямар ч байсан эд зүйлийг эвдэж гэмтээе гэсэн санаагүй байсан ба гэрт нь нэвтрэх явцдаа согтуу байсан тул гоожуурыг нь унагаасан байсан...Би гэм буруугаа ухамсарлаж байна. Бас хохирогчтой эвлэрч эвлэрлийн гэрээ байгуулсан. Хохирлоо барагдуулсан...гэх мэдүүлэг /хх-ийн 36-38-р тал/

Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 3-р тал/

Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /5-9-р тал/

Итгэлт Эстмэйт ХХК-ын Хөвсгөл салбарын захирал бөгөөд мэргэшсэн үнэлгээчин Б.Мядагмаагийн 2019 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн 6 дугаартай эд хөрөнгийн үнэлгээ /хх-ийн 26-р тал/ зэрэг болно.

Дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх тул хэргийг шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой гэж үнэллээ.

Шүүгдэгч Л.Т- нь 2019 оны 02 дугаар сарын 17-ны өдрөөс 2019 оны 02 дугаар сарын 18-ны өдрийг шилжих шөнө Хөвсгөл аймгийн ХХ сумын 5 дугаар багт оршин суух иргэн Д.А-гийн гэрт зөвшөөрөлгүйгээр нэвтэрч хүний халдашгүй чөлөөтэй байх эрхэд халдаж дураараа авирласан гэм буруугаа хүлээн зөвшөөрч байх бөгөөд, дээрх шүүгдэгчийн үйлдэл, хэргийн үйл баримтын талаар хохирогч болон гэрчүүдийн мэдүүлэг, хэрэгт тусгагдсан шинжээчийн дүгнэлт болон бусад нотлох баримтуудаар нотлогдсон гэж шүүх дүгнэв.

Иймд шүүгдэгч Л.Т-ыг оршин суугчийн зөвшөөрөлгүйгээр орон байранд нэвтэрч хүний халдашгүй, чөлөөтэй байх эрхэд халдаж дураараа авирласан гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Л.Т-ын гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, прокурорын санал, дүгнэлтийг харгалзан шүүгдэгч Л.Т-ад Эрүүгийн хуулийн тусгай 13.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулав.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд анх удаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо нөхөн төлсөнг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.

Эрүүгийн 1938001760114 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй , бусдад төлөх төлбөргүй болохыг дурдах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4, 17.5 дугаар зүйлийн 5, 8, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13-т заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Л.Т-г оршин суугчийн зөвшөөрөлгүйгээр орон байранд нэвтэрч хүний халдашгүй, чөлөөтэй байх эрхэд халдаж дураараа авирласан гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Т-г таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Шүүгдэгч нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

4. Эрүүгийн 1938001760114 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйл бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй,бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

5. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Л.Т-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.ЭРДЭНЭ-ОЧИР