Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 04 сарын 12 өдөр

Дугаар 580

 

                                                                                                                       

 

 

 

 

 

 

   2019        04          12                                   2019/ШЦТ/580

 

 

                            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баасанбат даргалж,

Улсын яллагч Г.Цэрэнжамц,   

Нарийн бичгийн дарга Ц.Отгонням,

Шүүгдэгч С.М, түүний өмгөөлөгч М.Батмөнх нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн С.Мд холбогдох эрүүгийн 1906 00780 0627 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

           

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

С.М,

 

Үйлдсэн хэргийн талаар:

Шүүгдэгч С.М нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ эхнэр Х.Батжаргалтай байнга харгис хэрцгий харьцаж, догшин авирлан, тарчлааж, гэр бүлийн хүчирхийлэл үйлддэг болох нь, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн Зөрчлийн шийтгэл оногдуулах тухай шүүгчийн 298 дугаартай захирамж, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн Зөрчлийн шийтгэл оногдуулах тухай шүүгчийн 1431 дугаартай захирамж, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн Зөрчлийн шийтгэл оногдуулах тухай шүүгчийн 1825 дугаартай захирамжаар тогтоогдож байх ба 2019 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо Туул булгийн 2-01 тоот өөрийн гэртээ эхнэр Х.Батжаргалтай байнга харгис хэрцгий харьцаж, догшин авирлан агсам тавьж гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ.                              /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/

 

                                                                                                ТОДОРХОЙЛОХ нь:

 

Баянзүрх дүүргийн прокурорын газраас шүүгдэгч С.Мг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хянан шийдвэрлүүлэхээр ирүүлснийг шүүх хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэн түүнд холбогдох эрүүгийн 1906 00780 0627 дугаар хэргийг хянан шийдвэрлэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь шинжлэн судалхад шүүгдэгч С.М нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:

 

Хохирогч Х.Батжаргалын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

...Манай нөхөр С.М архи согтууруулах ундаа байнга хэрэглэж ар гэртээ агсан согтуу байнга тавьж намайг зодож гэмтээдэг байсан. Тэр болгонд би цагдаа дуудаж өгдөг байсан. Миний мэдэж байгаагаар манай нөхөр нийт согтуу 23 удаа эрүүлжүүлэх байранд орж, Баянзүрх дүүргийн шүүхээр  2017 оны 10 сард  10 хоног, 2018 оны 02 сард 7 хоног, 2018 оны 09 сард 30 хоног, 2018 оны 12 сард 7 хоног гээд нийт 4 удаа баривчлагдаж байсан. Архи уусан үедээ өөрийн биеийг хянах чадвар муу, хутга барьдаг, гэртээ шээж, бага насны хүүхдийн хажууд хараалын үг хэлдэг. Боль гэхээр надруу дарч, хутга барин гэртээ танхайрдаг. Ямар нэг ажил хийдэггүй. Машинаар халтууранд явдаг. Олсон мөнгөөрөө архи уудаг. Амьдралд ямар нэгэн санхүүгийн нэмэр байдаггүй. Хүүхэддээ гар хүрч байгаагүй. Харин согтуу тэврээд яваад байдаг. Унагачих гээд хэцүү байдаг. Хүүхэд аав дээрээ очих дургүй, байнга айж байдаг.

2019 оны 01 сарын 22-ны өдөр согтуу машинаа бариад ирсэн. Чи архи уухгүй гэж амалчихаад яагаад ууж байгаа юм бэ гэхэд чи хүн ойлгохгүй байна. надад архи уух шалтгаан байна гээд дахиж дэлгүүр орж юм авна гээд хүүхэд хажуудаа суулгаад согтуу машинаа бариад явсан. 2 пиво авчихсан буцаж ирсэн. Гэртээ ороод С.М өөрийн охинтойгоо зовж байгаа ухааны юм утсаар яриад дуусхаар нь чи энд зовоод байгаа юм бол эхтэйгээ, охинтойгоо хамт амьдарч болно шүү дээ гэхэд маргалдасан. Тэр миний подволкыг ураад подволкоор ороогоод хоолой боосон. Дараа нь гар мушгихаар нь чанга орилтол тавьсан. Хутганы тавиурт байсан 2 хутга бариад над руу дайрч муу янхан минь чамайг ална. Аль хутгаар нь алуулах юм бэ, аль мөчнөөс чинь эхлэх юм бэ сонго гэсэн. Өмнө ийм асуудал олон болж байсан. Байнга хэл амаар доромжилдог.

Энэ хүчирхийлэл манайд байнга давтагдаж, надад үнэхээр хэцүү байна. Бие сэтгэл санаагаар маш их хохирч байна. Хүүхдийн сэтгэл санаа, хүмүүжилд маш их сөргөөр нөлөөлж байна. Архи ууж ирээд агсам тавьж байгаа нь сэтгэл санааны дарамт  хүчирхийлэл болж байна. Хэзээ согтуу ирэх бол ирээд яах бол гэж бодохоос айдаг боллоо. Надад гомдол санал байхгүй. Одоо тусдаа амьдарч байгаа болохоор ирээд намайг зодож дарамтлаад байгаа зүйл байхгүй гэх мэдүүлэг /хх-ийн 8-13/,

 

-зөрчлийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 3/,

-хохирогчийн аюулын зэргийн үнэлгээ /хх-ийн 4/,

-Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 1725 дугаар шийтгэвэр, 2018 оны 02 дугаар 23-ны өдрийн 298 дугаар шийтгэвэр, 2018 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 1431 дугаар шийтгэвэр, 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 1855 дугаар шийтгэвэр /хх-ийн 28-31/,

-цагдаагийн газрын бүртгэлийн сангийн мэдээлэл /хх-ийн 33-58/,

 

Шүүгдэгч С.Мгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

Би яллагдагчаар татаж байгааг ойлгож байгаа. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан ялыг хүлээн зөвшөөрч байна. Би 2018 онд 3 удаа архи ууж агсам тавьж гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн зөрчлөөр баривчлагдсан. Согтуу үедээ 2 настай хүүгээ авч явна гэдэг. Эхнэр өгөхгүй гэснээс болж маргаан болж эхнэр цагдаад ханддаг байсан. Өөрийн хийсэн хэргээ хүлээж байна. Миний буруу гэх мэдүүлэг /хх-ийн 66-67/ зэрэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна.

 

Хавтаст хэргээс хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар /хх-ийн 21/, хохирогчийн иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 22/, шүүгдэгч С.Мгийн иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 32/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 60/ зэрэг нотлох баримтуудийг шинжлэн судлав.

 

Дээрхи нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үед хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүгдэгчийн гэм бурууг нотлоход хангалттай байна гэж үзэв.

 

Шүүгдэгчийг тухайн гэмт хэргийг үйлдээгүй гэж үзэх үндэслэл, нотолгоогүй, мөн тус хэргийн нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх, шалгахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй байна.      

 

Шүүгдэгч нь хохирогч, гэрч худал мэдүүлсэн эсхүл өөрийн гэмт хэрэг үйлдээгүйг нотлох шинэ нөхцөл байдал илэрсэн нь нотлох баримттай гэж үзвэл прокурорт хандах эрх нь нээлттэй юм.      

 

Дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, өөр хоорондоо зөрүүгүй, энэ хэрэгт хамааралтай байх бөгөөд Баянзүрх дүүргийн прокурорын газраас С.Мг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгийн 1.2 дахь заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн зүйлчлэл хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч С.М нь эхнэртэйгээ байнга хэрцгий харьцаж, тарчлаан  гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэрэг үйлдсэн болох нь дээр дурдсан хохирогчийн мэдүүлэг, шүүхийн шийтгэвэрүүд, хохирогчийн аюулын зэргийн үнэлгээний маягт, шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон.

Хэрцгий харьцсан гэдэг нь дээрх тохиолдолд хэл амаар доромжлох, хүйтэн зэвсэгээр айлгаж сүрдүүлэх, биед нь гэмтэл учруулахаар оролдсон шүүгдэгчийн үйлдэл хамаарна. Шүүгдэгч согтууруулах ундааны зүйлийг ойр ойр давтамжтайгаар их хэмжээгээр хэрэглэх нь гэр бүлийн бусад оролцогч нарын амар тайван, ая тухтай байдлыг байнга алдагдуулах, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодох, ийнхүү тээврийн хэрэгсэл жолоодохдоо бага насны хүүхдийг тээврийн хэрэгслийн бүхээгт тээвэрлэх зэрэг үйлдэл нь хохирогчийн хувьд сэтгэл санааны шаналал зовиурыг үүсгэж байгаа байдал юм.

 

Иймд шүүгдэгч С.Мгийн гэр бүлийн харилцаатай  хүнтэйгээ хэрцгий харьцаж, тарчлаан  гэр бүлийн хүчирхийлэл үйлдэсэн үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэв.

 

Уг хэрэгт эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, харин тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг үйлдсэн, шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцон үзэв.

 

Хохирогч нь шүүгдэгчээс хохирол нэхэмжлээгүй байх тул С.Мг бусдад төлөх төлбөргүй гэж үзэх нь зүйтэй байна.

 

Шүүхээс шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийнх нь нийгмийн аюулын шинж чанар, учруулсан хохиролын хэмжээ, бусдад төлөх төлбөргүй байдал, хувийн байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл, гэр бүлийн гишүүд салсан тусдаа амьдарч байгаа байдал, шүүх хуралдаанд оролцогч нарын дүгнэлт зэргийг харгалзан хорих ял оногдуулахгүйгээр тодорхой хугацаагаар тэнсэж шийдвэрлэв.

Тэнссэн хугацаанд хязгаарлалт тогтоох тодорхой төрлийн албадлагын арга хэмжээ хэрэглэх нь зүйтэй байна.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдах нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

                                                                                                          ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч С.Мг гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга харгис хэрцгий хандаж тарчлаасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр шүүгдэгч С.Мг нэг жилийн хугацаагаар тэнссүгэй. 

 

3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3 дахь заалтад зааснаар шүүгдэгч С.Мд согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжэээ хэрэглэсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг мэдэгдсүгэй.

 

5. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд шүүгдэгч С.Мд хяналт тавихыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

6. Шүүгдэгч С.М нь бусдад төлөх төлбөргүй, хэрэгт хураагдсан эд мөрийн баримтгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хохирогч гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохыг тус тус дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Мд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ хэрэглэсүгэй.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авсанаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.Мд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           Н.БААСАНБАТ