Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 03 сарын 29 өдөр

Дугаар 210/МА2024/00634

 

 

 

 

 

 

 

 

    2024        03            29                                    210/МА2024/00634

 

 

Б ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Энхбаяр даргалж, шүүгч Ч.Цэнд, Ц.Алтанцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 183/ШШ2024/00128 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч Б ХХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч П ХХК-д холбогдох,

Тээвэрлэлтийн гэрээний үүрэгт 31,481,200 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ц.Алтанцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Н, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Гүррагчаа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч талын нэхэмжлэлийн шаардлага, тайлбарын агуулга:

Б ХХК нь тээвэр зуучийн үйл ажиллагаа явуулдаг. Хариуцагч П ХХК нь мөн адил улс хоорондын тээвэр зуучийн үйл ажиллагаа явуулдаг ба анх 2022 оны 08 дугаар сарын 26-ны өдөр бидэнтэй холбогдон өөрсдөө оруулж ирж чадахгүй байгаа учраас Турк Улсад байгаа ачаа (хатаасан жимс)-г биднээр Улаанбаатар руу зуучлуулан тээвэрлүүлэх үнийн санал судлуулж авсан. Хариуцагч нь манайхаас хүргүүлсэн үнийн саналыг зөвшөөрч тээвэрлүүлэхээр болсон бөгөөд 2022 оны 08 дугаар сарын 29-ний өдөр ачаа илгээгч (Gold Harvest)-ийн мэдээллийг и-мэйлээр өгсний дагуу бид өөрсдийн харилцдаг Турк болон бусад улс дахь тээврийн зуучуудтай холбогдон тээвэрлэлтийг амжилттай гүйцэтгүүлсэн. Ачаа 2022 оны 12 дугаар сарын 05-ны өдөр Улаанбаатар хотын Абтема нэртэй гаалийн талбайд орж ирсэн. Ачаа тээвэрлэлтийн хөлс нь нийт 8.555 евро болсон ба бид тээврийг гүйцэтгэхэд шаардлагатай бүх төлбөрийг өөрийн данснаас урьдчилж төлсөн. Хариуцагч нь гаалийн бүрдүүлэлтийг өөрсдөө хийж, ачааг хүлээн авагч харилцагч төлбөрийг төлсний дараа манайд төлөх төлбөрийг төлнө гэсэн боловч өнөөдрийг хүртэл огт төлөөгүй. Ачаа хүлээн авагч нь төлбөрийг хариуцагч компанид төлсөн ба бидэн рүү шилжүүлэхгүйгээр өөрсдөө ашиглан, манай компанийг ихээр хохироож, санхүүгийн хүнд байдалд оруулж байна. Бид төлбөр төлөхийг утсаар болон имэйлээр удаа дараа хүссэн бөгөөд 2022 оны 02 дугаар сарын 09-ний өдөр, 2023 оны 3 дугаар сарын 20-ны хуваан төлнө хэмээн албан бичгээр мэдэгдсэн боловч мөн л төлөөгүй. Иймд хариуцагчаас 31,481,200 төгрөг гаргуулж өгнө үү. Хариуцагчаас нэхэмжилж буй тээвэрлэлтийн хөлс болох 8.555 еврог Монгол банкнаас 2023 оны 06 дугаар сарын 01-ний өдөр зарласан еврогийн ханш болох 3.678,86 төгрөгт хөрвүүлсэн болно гэжээ.

 

2. Хариуцагч талын тайлбарын агуулга:

Манай байгууллагын зүгээс нэхэмжлэгч байгууллагаар дамжуулан тээвэр зуучийн үйлчилгээ авсан болохоо хүлээн зөвшөөрнө. Нэхэмжлэгчээс бидэнд төлбөрийн нэхэмжлэх явуулсан тус цаг үед манай байгууллагад нягтлан бодогч байсан ажилтай Т.Үлэмж нь тээврийн үйлчилгээний төлбөрт 8,000,000 төгрөгийг төлнө гэж БТЛ тээврийн хөлс гэх гүйлгээний утгатайгаар шилжүүлэн авсан. Бидний зүгээс тухайн үед тээврийн төлбөрөө төлөөд явж байгаа гэж бодсон боловч нийт үнийн дүнгээс огт төлөлт хийгдээгүй болохыг мэдлээ. Нэхэмжлэгчийн шаардаж буй тээврийн төлбөр төлөх ажлыг хариуцаж байсан нягтлан Т.Үлэмж нь манай байгууллагаас их хэмжээний мөнгийг харилцагч нарт төлнө гэж өөрийн дансаар гаргаж байсан нь 2023 оны 09 дүгээр сарын сүүлээр мэдэгдэж бид уг асуудлыг шийдвэрлүүлэхээр хууль хяналтын байгууллагад хандсан. Ийнхүү манай байгууллагын зүгээс нэхэмжлэгчид төлсөн төлбөрийн хэмжээ тодорхой бус байгаа тул нэхэмжлэгч байгууллагын эрх бүхий албан тушаалтантай уулзаж тооцоо нийлсэн акт үйлдэн төлбөл зохих төлбөрийг график гаргаж төлөх саналтай байна гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Иргэний хуулийн 380 дугаар зүйлийн 380.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч П ХХК-аас тээвэрлэлтийн гэрээний үүрэг 8.555 евро буюу 31,481,200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б ХХК-д олгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Б ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 315,356 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч П ХХК-аас 315,356 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б ХХК-д олгож шийдвэрлэсэн байна.

 

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:

4.1. Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна.

Иргэний хуулийн 218 дугаар зүйлийн 218.1 дэх хэсэгт “Төлбөр гүйцэтгэх хугацаа болохоос өмнө мөнгөний ханш өссөн, буурсан бол үүрэг үүсэх үеийн ханшаар тооцож төлбөрийг төлнө” гэж заасан.

Иргэний хуулийн 187 дугаар зүйлийн 187.1 дэх хэсэгт “Үүрэг нь энэ хуулийн 8 дугаар зүйлд заасан үндэслэлээр үүснэ”, мөн хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.1-д “Хуульд заасан буюу заагаагүй боловч агуулгын хувьд хуульд үл харшлах хэлцэл” хийснээр үүрэг үүснэ гэж заасан. Ийнхүү талуудын хооронд 2022 оны 08 дугаар сард анх тээвэр зуучлалын үйлчилгээ үзүүлэх тухай хэлцэл байгуулагдаж, 2022 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр тээврийн төлбөрийг нэхэмжилж байсан нь нэхэмжлэлээс харагддаг. Гэвч нэхэмжлэгч нь 2023 оны 06 дугаар сарын 05-ны өдөр шүүхэд хандаж нэхэмжлэлийн үнийн дүнг тодорхойлохдоо тухайн сарын ханшаар буюу 3,679.46 төгрөгөөр тооцсон нь хуульд нийцээгүй байна.

Иймд шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэхдээ үүрэг үүсэх үеийн ханшаар биш шүүхэд нэхэмжлэл гаргах үеийн ханшаар тооцож шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрийн холбогдох хэсгийг хүчингүйд тооцож өгнө үү гэжээ.

 

5. Давж заалдах гомдолд нэхэмжлэгч талын гаргасан тайлбарын агуулга:

Нэхэмжлэгч нь Турк улсаас ачаа тээвэр зуучлах үйлчилгээ үзүүлсэн. Гадаад улсад үйлчилгээ үзүүлсэн учир еврогоор төлбөрөө нэхэмжилсэн. Нэхэмжлэл гаргах үеийн ханшаар тооцож, төлбөрөө нэхэмжилсэн. Учир нь хариуцагч нь манай компанид төлбөр төлөх өдрийн ханшаар тооцож, төгрөг рүү хөрвүүлж төлбөрөө төлөх ёстой байсан. Шүүхэд еврогоор нэхэмжлэл гаргах боломжгүй учраас хуульд заасны дагуу тухайн үеийн ханшаар тооцож, төгрөгт хөрвүүлж нэхэмжлэл гаргасан гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.

 

1. Нэхэмжлэгч Б ХХК нь хариуцагч П ХХК-д холбогдуулан тээвэрлэлтийн гэрээний үүрэгт 31,481,200 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасныг хариуцагч “...үүрэг үүсэх үеийн ам долларын ханшаар төлнө. Нэхэмжлэл гаргах үеийн ханшаар төлөхгүй.” гэсэн үндэслэлээр зарим хэсгийг эс зөвшөөрч маргажээ.

 

2. Нэхэмжлэгч Б ХХК нь Турк улсаас Монгол улс руу хатаасан жимсийг тээвэрлэх, хариуцагч П ХХК нь тээвэрлэлтийн хөлс 8.555 еврог төлөхөөр талууд харилцан тохиролцож, хариуцагч нь 2022 оны 12 дугаар сарын 01-ний өдөр уг ачааг хүлээн авсан болох нь Б ХХК-ийн 2022 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн нэхэмжлэх, П ХХК-ийн 2023 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 01/06 дугаар албан бичиг, 2023 оны 10 дугаар сарын 13-ны өдөр и-мэйлд хийсэн үзлэгийн тэмдэглэл, гэрч М.Э-гийн шүүхэд өгсөн мэдүүлэг зэргийг үндэслэн хэргийн үйл баримтыг анхан шатны шүүх зөв тогтоосон байхаас гадна талууд энэ талаар маргаагүй.

 

3. Талуудын хооронд үүссэн эрх зүйн харилцааг Иргэний хуулийн 380 дугаар зүйлийн 380.1 дэх хэсэгт заасан тээвэрлэлтийн гэрээний харилцааг анхан шатны шүүх зөв тодорхойлжээ.

 

4. Нэхэмжлэгч нь тээвэрлэлтийн хөлс 8.555 еврог 2023 оны 06 дугаар сарын 01-ний өдрийн Монгол банкнаас зарласан нэг еврогийн ханш 3.679,86 төгрөгөөр тооцож, 31,481,200 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 218 дугаар зүйлийн 218.1 дэх хэсэгт “Төлбөр гүйцэтгэх хугацаа болохоос өмнө мөнгөний ханш өссөн, буурсан бол үүрэг үүсэх үеийн ханшаар тооцож төлбөрийг төлнө.” гэж заасныг зөрчөөгүй байна.

 

Дээрх хуулийн зохицуулалтын гол нөхцөл нь гэрээнд заасан үүрэг гүйцэтгэх хугацаа болохоос өмнө гадаад валютын ханш өөрчлөгдсөн бол үүрэг үүсэх үеийн ханшаар тооцох ба үүргийн зөрчил гарч, хожим үүрэг гүйцэтгэх тохиолдолд үүрэг үүсэх үеийн ханшаар тооцох агуулгагүй.

 

Түүнчлэн, хариуцагч нь Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.1.1-т зааснаар үүрэг гүйцэтгэх хугацааг хэтрүүлсэн зөрчил гаргасан атлаа үүрэг үүсэх үеийн ханшаар тооцох агуулгатай гомдол гаргаж байгаа нь үндэслэлгүй ба хэрэв, мөн хуулийн 206 дугаар зүйлийн 206.1 дэх хэсэгт зааснаар үүргийг гүйцэтгэсэн тохиолдолд ханшийн зөрүүтэй холбоотой маргаан үүсэхгүй юм. Энэ талаар гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй.

5. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн    167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 183/ШШ2024/00128 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай. 

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

                                     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    С.ЭНХБАЯР

 

                                                       ШҮҮГЧИД                                    Ч.ЦЭНД

 

Ц.АЛТАНЦЭЦЭГ