| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Түмэндэмбэрэлийн Хүрэлбаатар |
| Хэргийн индекс | 179/2019/0082/Э |
| Дугаар | 2019/ШЦТ/91 |
| Огноо | 2019-04-09 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | М.Ариунцэцэг |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 04 сарын 09 өдөр
Дугаар 2019/ШЦТ/91
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Т.Хүрэлбаатар даргалж,
Нарийн бичгийн дарга П.Ханбүргэд,
Улсын яллагч М.Ариунцэцэг,
Шүүгдэгч А.Г нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Арилдын А.Гд холбогдох эрүүгийн 1938000000094 дугаартай хэргийг 2019 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч А.Г нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 02 дугаар сарын 28-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 1 дүгээр багийн 36-19 тоотод иргэн Л.Б толгойн тус газар нь цохиж зүүн хөмсөгт шарх, духны баруун хэсэг, баруун хацар, баруун чихний дэлбэн, хамрын нуруу, зүүн чихний дэлбэн, зүүн сарвууны гадна хэсэгт зулгаралт, зүүн дээд зовхи, баруун доод зовхинд цус хуралт бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч А.Гийн мөрдөн шалгах ажиллагааны болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлсэн: “...Би тухайн үед нилээн согтсон байсан, хохирогч Л.Бч нилээн согтсон байсан... Л.Б манайх түлээгүй байгаа гэхээр нь манай түлээнээс аваад яв гээд нэг бөөрөнхий түлээ өгсөн. Л.Б гэнэт надруу уурлаад чи муу түлээ өгдөг хэн бэ гээд миний араас боож авсан...Тэгээд бид хоёр харилцан зодолдсон...Би Бэхбатын биед шинжээчийн дүгнэлтэн дээрхи гэмтлийг учруулснаа хүлээн зөвшөөрч байна. Би хийсэн үйлдэлдээ маш их гэмшиж байна...” гэх мэдүүлэг /ХХ-ийн 31-32 дугаар хуудас/,
Хохирогч Л.Б мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би тасраад ухаан ороход миний зүүн талын чихнээс А.Гээ хазаж байсан. Түүнд хазуулсны улмаас чихнээс маань цус гарсан. Тэгээд би А.Гээг өөрөөсөө холдуулаад шууд гэрлүүгээ харисан. Намайг гэртээ харихад миний зүүн хөмсөгийг тас цохиж, гар болон хүзүү маань зулгарчихсан байсан. ...А.Г намайг ямар шалтгааны улмаас зодох болсныг огт мэдэхгүй байна. ...миний биеийн байдал гайгүй сайжирч эдгэрч байгаа...” гэх мэдүүлэг /ХХ-ийн 10-11, 13-14 дүгээр хуудас/,
Гэрч Б.Сийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...нөхөр Л.Б маань цус шороондоо холилдсоор орж ирсэн. Тэгэхээр нь би хөөе чи юу болов, хэн чамайг зодчихвоо гэхэд нөхөр маань нилээн согтуу байсан учраас юм дуугараагүй. Нөхөр маань надад хэлэхдээ нэг ухаан орсон чинь А.Г намайг зодож байсан л гэж хэлсэн. Нөхрийн маань зүүн талын хөмсөгнөөс цус гарсан, толгой, тархи, хүзүү, дал, гарны ар тал нь шалбарчихсан, өмссөн хувцас нь нилэнхүйдээ шороо тоос болсон байдалтай байсан...” гэх мэдүүлэг / ХХ-ийн 16-17 дугаар хуудас/,
Гэрч А.Эийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Л.Б цус нөжтэйгээ холилдсоор орж ирсэн. Тэгэхээр нь би нялх хүүхэд айлгачихаж магадгүй гэж бодоод гэрлүүгээ оруулаагүй шууд хашааныхаа үүдэн дээр гаргаж өгөөд гэрлүүгээ харь гээд явуулсан. ...энэ хоёр А.Гийн гэрт хоёулахнаа л архи уусан. Намайг гарч орох үед гэрт нь пижигнэлдэх, хүмүүс орилолдох чимээ гарч байсан. Тэгж байхдаа л энэ хоёр зодолдсон байх...” гэх мэдүүлэг /ХХ-ийн 19-20 дугаар хуудас/,
Хөвсгөл аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Б.Цийн 2019 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 116 дугаартай:
1. Бын биед зүүн хөмсөгт шарх, духны баруун хэсэг, баруун хацар, баруун чихний дэлбэн, хамрын нуруу, зүүн чихний дэлбэн, зүүн сарвууны гадна хэсэгт зулгаралт, зүүн дээд зовхи, баруун доод зовхинд цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр тухайн цаг хугацаанд үүссэн гэмтэл байх боломжтой.
3. Л.Б биед үүссэн гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид хөдөлмөрийн чадварт нөлөөлөх эсэх нь эдА.Гт болон эмчилгээнээс хамаарна гэх дүгнэлт /ХХ-ийн 34 дүгээр хуудас/,
Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон оршин суух газрын лавлагаа, иргэний үнэмлэхний лавлагаа, тээврийн хэрэгслийн лавлагаа, эд хөрөнгөтэй эсэх лавлагаа, гэрлэлт бүртгэлийн лавлагаа, жолоочийн лавлагаа, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /ХХ-ийн 39-45 дугаар хуудас/,
Хохирогч Л.Б нь шүүгдэгчтэй сайн дураараа эвлэрсэн тухай 2019 оны 03 дугаар сарын 22-ны өдөр байгуулсан эвлэрлийн гэрээ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Эрүүгийн 1938000000094 дугаар хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг цуглуулах буюу бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, хангалттай байна гэж шүүх үнэллээ.
Шүүгдэгч А.Г нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 02 дугаар сарын 28-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 1 дүгээр багийн 36-19 тоотод иргэн Л.Бтолгойн тус газарт нь цохиж түүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шинжлэн судлагдсан шүүгдэгч А.Гийн мөрдөн шалгах ажиллагааны болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн мэдүүлэг,
Хохирогч Л.Б мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг /ХХ-ийн 10-11, 13-14 дүгээр хуудас/, гэрч Б.Сийн /ХХ-ийн 16-17-р хуудас/, гэрч А.Эийн /ХХ-ийн 19-20-р хуудас/, гэрч Ж.Батжаргалын /ХХ-ийн 26-32-р хуудас/ мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлгүүд,
Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Б.Цийн 2019 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 116 дугаар дүгнэлт /ХХ-ийн 34-р хуудас/, хохирогч Л.Б нь шүүгдэгчтэй сайн дураараа эвлэрсэн тухай 2019 оны 03 дугаар сарын 22-ны өдөр байгуулсан эвлэрлийн гэрээ зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч А.Гийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл зөв байна гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч А.Г нь урьд ял шийтгэл эдэлж байгаагүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /ХХ-ийн 45 дугаар хуудас/-аар тогтоогдож байна.
Шүүгдэгч А.Г нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг төлсөн зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.
Хохирогч Л.Бнь шүүгдэгчтэй эвлэрч эвлэрлийн гэрээ байгуулсан байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Эрүүгийн 1938000000094 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч А.Г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Г450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрван зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч А.Г нь торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг дурдсугай.
4. Эрүүгийн 1938000000094 дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
5. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.Гд урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Т.ХҮРЭЛБААТАР