Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 08 сарын 04 өдөр

Дугаар 4804

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

            Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Энхзаяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: Баянгол дүүргийн 4 дүгээр хороо, 103-222 тоотод оршин суух, Боржигон овогт Одсүрэнгийн Саранчимэг /РД:МК87050500/-ийн нэхэмжлэлтэй,

Д.Батдоржтой хамтын амьдралтай байснаа тогтоолгохыг хүссэн иргэний хэргийн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч О.Саранчимэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Анхцэцэг нар оролцов.

                                                                                                                 ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч О.Саранчимэг шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: О.Саранчимэг миний бие Д.Батдоржтой 2007 оны 6 дугаар сард танилцаж, 2008 оны 1 дүгээр сараас хамтран амьдарч эхэлсэн. 2009 оны 8 дугаар сарын 01-ний өдөр хүү Б.Тэмүүлэлт-Ирээдүй төрсөн. Тэр үеэс бид хоёр хамтран амьдарч байгаад нөхөр Д.Батдорж 2016 оны 7 дугаар сарын 10-ны өдөр нас барсан. Бид дээрх хугацаанд 2012 оны хүртэл хадам аав, ээж нарын хамт Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороо, 5-47 тоотод амьдарч байсан. Нөхөр маань зүрхний төрөлхийн гажиг гэсэн оноштой хүнд өвчтэй байсан учраас 3 дугаар эмнэлэгт хэзээ ч үзүүлэхэд  харъяа байхын тулд Баянгол дүүргийн 5 дугаар хороонд ахынхаа хаяг нь дээр бүртгэлтэй байсан. Бид хамт амьдарч байхдаа гэрлэлтээ батлуулаагүй байсан. Иймд хүү Б.Тэмүүлэлт-Ирээдүйд тэжээгчээ алдсаны тэтгэмж тогтоолгох болсон тул Д.Батдоржтой 2008 оноос 2016 оны 7 дугаар сарыг хүртэл хамт амьдарч байсныг тогтоож өгнө үү гэжээ.

Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шүүх хуралдаанаар хэлэлцээд

                                                                                                                            ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч О.Саранчимэг нь Д.Батдоржтой хамтын амьдралтай байснаа тогтоолгох хүсэлтийг шүүхэд гаргажээ.

Иргэн, хуулийн этгээдийн эдийн ба эдийн бус баялагтай холбоотой эрх үүсэх, өөрчлөгдөх, дуусгавар болоход шууд хамаарах эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоолгох тухай хэргийг шүүх онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэдэг.

О.Саранчимэгийн гаргасан хүсэлтийг шүүх онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байх ба хүсэлт гаргагч нь Д.Батдоржтой хамтын амьдралтай байснаа тогтоолгосноор насанд хүрээгүй, 2009 оны 8 дугаар сарын 01-ний өдөр төрсөн хүү Батдоржийн Тэмүүлэлт-Ирээдүйд тэжээгчээ алдсаны тэтгэмж тогтоолгох эрх үүснэ гэж хүсэлтийнхээ үндэслэлийг тодорхойлжээ.

О.Саранчимэг нь Д.Батдоржтой 2008 оноос 2016 оны  7 дугаар сар хүртэл хамтран амьдарч байгаад 2016 оны 7 дугаар сарын 10-ны өдөр нас барсан болох нь нэхэмжлэгчийн тайлбар, 0000179933 дугаартай нас барсны гэрчилгээ, хүү Батдоржийн Тэмүүлэлт-Ирээдүйн 3656 дугаартай төрсний гэрчилгээний хуулбар, Д.Батдоржийн ээж А.Дуламсүрэн, дүү Д.Бямбасүрэн нарын гэрчийн мэдүүлэг, фото зураг зэргээр тогтоогдож байх тул Д.Батдоржтой хамтын амьдралтай байснаа тогтоолгохыг хүссэн О.Саранчимэгийн хүсэлтийг ханган шийдвэрлэх нь зүйтэй байна. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

                                                                                                                              ТОГТООХ нь:

            1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14 дэх хэсэгт зааснаар Боржигон овогт Одсүрэнгийн Саранчимэг /РД:МК87050500/,  Боржигон овогт Доржсүрэнгийн Батдорж /РД:ЙР86042711/ нарыг 2008 оноос 2016 оны 7 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл хамтын амьдралтай байсныг тогтоосугай.

            2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

            3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7, 120 дугаар зүйлийн  120.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь  шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гарсан хугацааг хуулинд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй ба шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ                                    Х.ЭНХЗАЯА