Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 04 сарын 12 өдөр

Дугаар 210/МА2024/00748

 

 

 

 

 

2024 оны 04 сарын 12 өдөр

Дугаар 210/МА2024/00748

 

 

,,,,,,,,,,,ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Дэлгэрцэцэг даргалж, шүүгч Т.Гандиймаа, шүүгч Т.Бадрах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 102/ШШ2024/00909 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: ,,,,,,,,,,,ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ,,,,,,,,,,,,-д холбогдох

30,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Т.Бадрах илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч ,,,,,,,,,,,,, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Нандинцэцэг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:

,,,,,,,,,,,,-ийг ,,,,,,,,,, ,,,,,,,,, нартай хамтран 2020 оны 07 дугаар сарын 10-ны өдөр байгуулж албан ёсоор үйл ажиллагаагаа эхэлсэн. Бид бизнесээ эхлүүлэхдээ тус бүр тэнцүү хөрөнгө оруулалт хийж барааны таталт бүрээс ашгийг тэнцүү хувааж авахаар тохиролцсон.

,,,,,,,,, барааны таталт бүрээс орох ёстой ашгийн 1/3 хувийг надад шилжүүлэхдээ хэл ам хийж, маргаан үүсгэж доромжилж эхэлсэн. 2023 оны 10 дугаар сарын 10-ны өдөр уулзалдаж, сүүлийн таталтын ашиг 30,000,000 төгрөгийг шилжүүлэх тухай ярилцсан ч өнөөдрийг хүртэл сүүлийн таталтаас олсон ашгийг надад шилжүүлээгүй.

Иймд Компанийн тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1, ,,,,,,,,,,,,-ийн дүрэм, үүсгэн байгуулагч нарын хийсэн аман хэлцлийн дагуу барааны татаас бүрээс оногдох ашгийн тэнцүү хуваасан хувь болох 2023 оны 10 дугаар сарын 17-ны өдөр хуваарилсан 30,000,000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байна.

,,,,,,,,,,,,-ийн дансаар гүйлгээнүүд ордоггүй. Дандаа хувь хүний дансаар буюу ,,,,,,,, ,,,,,,,,, нарын дансаар орж гардаг учир харилцан тохиролцоод орсон орлого болгоноосоо ашгаа хуваарилна гэж аман хэлцэл хийсэн. Энэ аман хэлцлийнхээ дагуу сар болгон ашиг хуваарилж байсан гэжээ.

 

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:

Компанийн тухай хуульд ногдол ашиг хуваарилах журмыг хувьцаа эзэмшигчид компанийн дүрэмд өөрөөр заагаагүй бол төлөөлөн удирдах зөвлөл байхгүй бол хувьцаа эзэмшигчдийн хурлаар ногдол ашиг хуваарилах тухай шийдвэрийг гаргана гэж тогтоосон байдаг.

Компанийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт заасан нөхцөл шаардлагыг хангасан тохиолдолд ногдол ашиг хуваарилах тухай асуудал яригдана. Хариуцагч ,,,,,,,,,,,,-ийн хувьд хувьцаа эзэмшигчдийн хурал хийгээгүй. Нэхэмжлэгч татан авалт гэж яриад байгаа боловч ямар циклээр яаж явагддаг, бизнес төлөвлөгөө юу болох нь нотлох баримтаар нотлогддоггүй. Мөн нэхэмжилж буй 30,000,000 төгрөгийг хэрхэн тооцож гаргаж ирээд байгаа талаар нэхэмжлэгч нотолж чадахгүй байна.

Компанийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.8 дахь хэсэгт зааснаар цэвэр ашгаас ногдол ашиг хуваарилна. Тэгэхээр цэвэр ашиг нь хэдэн төгрөг болсон, тэрнээс 33 хувийн хувьцаа эзэмшигч ,,,,,,,,,,, 30,000,000 төгрөг авна гэдэг нь яаж тогтоогдсон болох нь тодорхойгүй. Хэрэв хувьцааны ногдол ашиг хуваарилагдахыг шаардаж байвал Компанийн тухай хуульд нийцүүлэн хурлаа хийгээд, хурлын тогтоол дээр заагдсан мөнгөн дүнгээ нэхэмжлэх боломжтой.

Талуудын хооронд аман хэлцэл байсан гэж байгаа боловч энэ талаар баримт хэрэгт байхгүй. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч ,,,,,,,,,,,,-аас 30,000,000 төгрөг гаргуулах тухай ,,,,,,,,,,,ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 307,950 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

 

4. Нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:

Нэхэмжлэлийн шаардлагаа ",,,,,,,,,,,,-ийн дүрмийн 5.7 дахь хэсэг болон хувьцаа эзэмшигч ,,,,,,,,,, ,,,,,,,,, бидний хооронд амаар хийгдсэн "ногдол ашгийг тогтмол хуваарилах тухай" хэлцлүүдийг тус тус үндэслэсэн. Үүнтэй холбоотойгоор Компанийн тухай хуулийн 46.1, Иргэний хуулийн 42.11, 199.3 дахь хэсэгт заасны дагуу хувьцаа эзэмшигчид нь ногдол ашиг хуваарилах тухай шийдвэрийг тухай бүрд нь амаар гаргаж, тогтмол хэрэгжүүлж байсныг, мөн тус шийдвэр нь бодит үйлдлээр хийгдэж байсныг шүүхэд илэрхийлсэн. Үүнийг нотлох зорилгоор ",,,,,,,,,,,,-ийн санхүүгийн тайлан балансыг хэргийн материалд авхуулах хүсэлтийг шүүхэд гаргасан.

Гэтэл анхан шатны шүүх нь маргааныг шийдвэрлэхдээ нэхэмжлэгч миний нэхэмжлэлийн шаардлага, маргаж буй байр суурийг бүрэн тодруулалгүйгээр үндэслэлгүй шийдвэр гаргасан. Өөрөөр хэлбэл, ,,,,,,,,,,, миний бие ",,,,,,,,,,,,-тай холбоотой үүргийн харилцаанаас үүдсэн шаардлага гаргасаар байтал намайг ,,,,,,,,,, ,,,,,,,,, нартай холбоотойгоор үүсгэсэн бие даасан өөр үүргийн харилцааны шаардлагыг ",,,,,,,,,,,,-д гаргасан мэтээр буруу дүгнэлт хийсэн.

Ийнхүү ,,,,,,,,,,, намайг ,,,,,,,,,, ,,,,,,,,, нарт холбогдох үүргийн эрх зүйн шаардлагаа ",,,,,,,,,,,,-д гаргасан мэтээр тайлбарласнаас болж хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий баримтыг бүрдүүлэх ажиллагааг бүрэн хийгээгүй, үндэслэлгүй шийдвэр гаргасан. Улмаар хэрэгт авагдсан нотлох баримтыг буруу, дутуу үнэлж, нэхэмжлэгчийн хуулиар хамгаалагдсан эрхийг ноцтойгоор зөрчсөн.

Иймд шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

 

5. Давж заалдах шатны шүүх хуралдаанд хариуцагч оролцоогүй, гомдолд тайлбар ирүүлээгүй.

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаав.

 

2. Нэхэмжлэгч ,,,,,,,,,,, нь хариуцагч ,,,,,,,,,,,,-нд холбогдуулан ногдол ашигт 30,000,000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргасан.

 

3. Хэргийг хянан шийдвэрлэхэд шаардлагатай нотлох баримтыг шүүх дутуу бүрдүүлж хэргийг хянан шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.7-д заасан шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаах үндэслэлд хамаарч байна.

 

3.1. Нэхэмжлэгч нь ,,,,,,,,,,,,-ийн хувьцаа эзэмшигчийн хувьд тухайн компанийн худалдан борлуулсан барааны ашгаас өөрт ногдох хувийг гаргуулна гэж нэхэмжлэлийн үндэслэлээ тайлбарлажээ.

Энэ үндэслэлтэй холбоотойгоор нэхэмжлэгч нь ,,,,,,,,,,,,-ийн орлого, ашгийн хуваарилтын талаар бусадтай харилцаж байсан фэйсбүүк чатад үзлэг хийлгэх, ,,,,,,,,,,,,-ийн Монгол улсын хилээр бараа оруулж ирсэн гаалийн бүрдүүлэлт, санхүүгийн тайлан, банк дахь харилцах дансны хуулгыг гаргуулах, мөн тухайн компанид ажилладаг гэх бусад этгээдийн банк дахь дансны хуулгыг гаргуулах хүсэлтүүдийг гаргажээ.

Анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 102/ШЗ2024/02039, 02 дугаар сарын 09-ний өдрийн 102/ШЗ2024/03384 дугаар захирамжаар дээрх хүсэлтүүдийг хангахгүй орхисон.

Ийнхүү нэхэмжлэлийн үндэслэлд холбогдох, нэхэмжлэгч өөрөө олж авах боломжгүй баримт гаргуулах хүсэлтийг хангаагүй атлаа шүүхийн шийдвэрт нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээ нотлоогүй гэж дүгнэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсэгт нийцээгүй.

Дээрх ажиллагааг давж заалдах шатны шүүхээс нөхөн гүйцэтгэх боломжгүй.

 

3.2. Хэргийг хянан шийдвэрлэхэд зайлшгүй шаардлагатай нотлох баримтыг зохигчийн хүсэлтээр бүрдүүлж, үүнтэй холбоотойгоор талууд мэтгэлцсэний дараа шүүх нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага нь ногдол ашигт хамаарах эсэх, түүнчлэн ,,,,,,,,,,,, нь ногдол ашиг хуваарилж байсан эсэх, тухайн компанийн санхүүгийн орлого, зарлага, ногдол ашгийн хувь хэмжээний талаар дүгнэх боломжтой.

 

4. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.7-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 102/ШШ2024/00909 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 307,950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

 

ШҮҮГЧИД Т.ГАНДИЙМАА

 

Т.БАДРАХ