Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Хонгорын Энхзаяа |
Хэргийн индекс | 102/2016/06324/И |
Дугаар | 4821 |
Огноо | 2016-08-08 |
Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 08 сарын 08 өдөр
Дугаар 4821
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Энхзаяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар:
Хүсэлт гаргагч: Баянгол дүүргийн 1 дүгээр хороо, 2 дугаар хороолол, 4/А байрны 13 тоотод оршин суух, Чонот овогт Сэрээнэнгийн Энхтуяа /РД:ЧЖ62030561/-гийн хүсэлттэй,
Ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч С.Энхтуяа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Анхцэцэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч С.Энхтуяа шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: С.Энхтуяа миний бие 1980 онд Нийслэлийн 51 дүгээр сургуулийн 10 дугаар ангийг төгсөөд 1980 оны 8 дугаар сараас Хотын худалдаа бараа баазын боодлын тасагт савлагчаар орж ажилласан. Тухайн үед боодлын цехийн дарга Цэнд-Аюуш, нярав Даваасүрэн, боловсон хүчин Бэгзсүрэн гэж байсан. Архивын газраас ажилд орсон гарсан тушаалууд олдохгүй байна. Иймд 1980 оны 8 дугаар сараас 1986 он хүртэл Хотын худалдаа бараа баазын боодлын тасагт савлагчаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтууд болон хүсэлт гаргагчийн тайлбарыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
С.Энхтуяа нь ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай хүсэлтийг шүүхэд гаргажээ.
Хүсэлт гаргагчийн ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай хүсэлтийг онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Хэрэгт авагдсан Нийслэлийн архивын газрын тодорхойлолтоор Улаанбаатар хотын худалдаа бараа бааз байгууллагын 1980 оны баримтыг шүүг үзэхэд Сэрээнэн овогтой Энхтуяаг томилсон тушаал олдоогүй болно гэсэн байх боловч шүүх хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзэж, нотлох баримтыг үнэлэн шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.
Хүсэлт гаргагч С.Энхтуяад 1981 оны 02 дугаар сарын 01-ний өдөр хотын худалдааны бараа баазаас олгосон 112318 дугаартай Хөдөлмөрийн дэвтэрт “өөрийн хүсэлтийг нь үндэслэн баазын боодлын тасагт савлагчаар 1981 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс томилов” гэсэн бичилт байх боловч Улаанбаатар хотын худалдаа удирдах газрын бараа баазын даргын 1980 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 164 дугаартай “ Зарим хүмүүсийг ажлаас түр чөлөөлөх тухай” тушаалд ...бүх ард түмний урлагын үзлэгт оролцуулахаар бэлтгэл сургууль хийлгэх зорилгоор ...бараа савлагч Энхтуяаг 1980 оны 09 дүгээр сарын 04-ний өдрөөс 1980 оны 10 дугаар сарын 05 хүртэл 1 сарын хугацаагаар үндсэн ажлаас чөлөөлсүгэй” гэснээс дүгнэхэд 1980 оны 08 сараас эхэлж тус газар бараа савлагчаар ажилд орсон гэх хүсэлт гаргагчийн тайлбар үндэслэлтэй байна.
Иймд хүсэлт гаргагч С.Энхтуяа нь 1980 оны 08 дугаар сараас 1986 оны 10 дугаар сарын 01-ний өдөр хүртэлх хугацаанд Улаанбаатар хотын худалдаа бараа баазад савлагчаар ажиллаж байсан болох нь хүсэлт гаргагчийн хөдөлмөрийн дэвтэр, Улаанбаатар хотын худалдаа удирдах газрын бараа баазын даргын 1980 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 164 дугаартай “ Зарим хүмүүсийг ажлаас түр чөлөөлөх тухай” тушаал, 1981 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 52 дугаартай тушаал, гэрч М.Сумъяа, Ж.Мягмар нарын мэдүүлэг болон тэдний хөдөлмөрийн дэвтэр, тодорхойлолт зэрэг хэрэгт авагдсан бичгийн баримтуудаар тогтоогдож байна. /хх-ийн 4-7 тал/
Иймд хүсэлт гаргагч С.Энхтуяаг 1980 оны 08 дугаар сараас 1986 оны 10 дугаар сарын 01-ний өдөр хүртэлх хугацаанд Улаанбаатар хотын худалдаа удирдах газрын бараа баазад савлагчаар ажиллаж байсан болохыг тогтоолгох тухай хүсэлтийг хангах үндэслэлтэй гэж дүгнэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1,116,118 дүгээр зүйл, 133 дугаар зүйлийн 133.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч С.Энхтуяаг 1980 оны 08 дугаар сараас 1986 оны 10 дугаар сарын 01-ний өдөр хүртэлх хугацаанд Улаанбаатар хотын худалдаа удирдах газрын бараа баазад савлагчаар ажиллаж байсныг тогтоосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх зааснаар хүсэлт гаргагчаас тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гарсан хугацааг хуулинд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй ба шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Х.ЭНХЗАЯА