Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 04 сарын 17 өдөр

Дугаар 613

 

 

 

 

 

 

 

 

   2019        04          17                                       2019/ШЦТ/613

                                   

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баасанбат даргалж, шүүгч С.Пүрэвсүрэн, Э.Чингис нарын бүрэлдэхүүнтэй,

Нарийн бичгийн дарга С.Нямсүрэн,

Улсын яллагч Т.Мөнх-Амгалан,

Иргэдийн төлөөлөгч Д.Батжаргал,

Гэрч Э.Дөлгөөн, Л.Балдорж,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Гэрлээ, түүний өмгөөлөгч Б.Батсүх,

Шүүгдэгч Г.Э, түүний өмгөөлөгч А.Ганбат нарыг оролцуулан Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг заасан гэмт хэрэгт Гүн овогт Г.Эыг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1906 00000 0191 дугаартай эрүүгийн хэргийг хүлээн авч нээлттэйгээр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Г.Э,

 

Үйлдсэн хэргийн талаар:

Шүүгдэгч Г.Э нь 2019 оны 01 дүгээр сарын 21-ний өдрөөс 2019 оны 01 дүгээр сарын 22-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороо Бага Дарь эхийн 11 дүгээр гудамж 1958 тоотод байх Монгол гэрт 37 настай иргэн Б.Буянцогтой маргалдан зодолдох явцдаа боож алсан гэмт хэрэгт холбогджээ.                                                                                                       /яллах дүгнэлтэд бичигдэснээр/

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талаас шинжлэн судлуулахаар санал болгосон болон тухайн хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад дүгнэхэд;

Шүүгдэгч Г.Э нь 2019 оны 01 дүгээр сарын 21-ний өдрөөс 2019 оны 01 дүгээр сарын 22-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороо Бага Дарь эхийн 11 дүгээр гудамж 1958 тоотод байх гэрт Б.Буянцогийг боож алсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан:

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Гэрлээгийн мөрдөн байцаалтанд өгсөн:

2019 оны 01 дүгээр сарын 22-ны шөнө манай бэргэн эгч надруу утсаар ярьж Буянцог ахыг нас барсан юм шиг байна гэж хэлсэн юм. Тэр үед би Ховд аймагт байсан учир маргааш өдөр нь манай нөхөр Улаанбаатар хотод ирж талийгаачийн ажил явдлыг хийж цогцосыг нь Ховд аймаг руу зөөвөрлөн аваачиж ажил явдлыг нь хийсэн гэх мэдүүлэг /хх-ийн 26/

 

Гэрч Л.Балдоржийн мөрдөн байцаалтанд өгсөн:

Талийгаач Буянцог бид хоёр 6 шуудай нүүрс, 1 шуудай мод худалдаж аваад буцаад гэртээ орж гал түлчихээд авсан 2 шил архиа Дөлгөөн, Г.Э, Буянцог бид дөрөв хувааж уусан юм. Тэгээд архиа ууж дууссан эсэхээ мэдэхгүй байна. Ямар ч байсан уусан архиндаа согтсон учир унтах гээд талийгаачийн гэрийн баруун талын орон дээр гараад хэвтсэн юм. Тэгээд унтаж байгаад шөнө миний ам цангаад байсан учир ус уух санаатай босоход талийгаач Буянцог нь гэрийнхээ баруун урд үүдэн хэсэгт угаалтуур, хувцасны шүүгээ хоёрынхоо заагт доошоо хараад хэвтэж байсан. Харин Дөлгөөн нь гэрийн зүүн талын орны урд хэсэг газар хэвтээд унтаж байсан. Тэгээд би нэг аяга ус уучихаад би Дөлгөөнийг татаж сэрээчихээд Г.Э, Дөлгөөн бид 3 юм ярьж суугаад талийгаачийг анзаараагүй юм. Гэтэл Г.Э би Буянцогтой муудалцаад түүнийг боочихсон чинь хөдлөхгүй байна гэж хэлэхээр нь би Буянцогийг унтаж байгаа байх гээд түүнийг сэрээх зорилгоор түүнийг босоорой гээд гарнаас нь татаж үзэхэд гар нь хүйтэн бие нь хөшчихсөн байдалтай байсан юм. Тэгээд Буянцогийг нас барчихсан байна гэж мэдээд би өнгөрчихсөн байна ш дээ гэж орилоод сандраад 103 дуудах гэтэл гар утас олдоогүй гэх мэдүүлэг /хх-ийн 33-34/ 

 

Гэрч Э.Дөлгөөний мөрдөн байцаалтанд өгсөн:

Сүүлд авч ирсэн 2 шил архийг Г.Э, Балдорж, талийгаач Буянцог бид 4 хувааж уугаад сууж байгаад би нилээн согтоод унтаад өгсөн байсан. Тэгээд намайг унтаж байтал шөнө дунд Балдорж намайг дуудаж сэрээсэн ба энэ үед талийгаач Буянцог нь гэрийнхээ үүдний хэсэгт доошоо харсан байдалтай хэвтэс байсан ба Г.Э нь сэрүүн сууж байсан. Тэгээд бид гурав хэсэг юм ярьж байгаад Буянцогийг яагаад сэрэхгүй унтаад байгаа талаар ярихад Г.Э нь би сая Буянцогийг боочихсон юм, гэтэл хөдлөхгүй болчихлоо гэж ярьсан юм. Тэгээд Балдорж очиж талийгаач Буянцогийг татаж дээшээ харчихаад хөөе яачихсан юм бэ гээд л муухай орилоод цагдаа дуудъя гээд гарч гүйхээр нь би Балдоржийг дагаж гараад цагдаа дуудах гэтэл гар утас байгаагүй учир, бид хоёр зам дагуу алхаж явж байгаад такси бариад танай хэлтэс дээр ирж дуудлага өгсөн юм гэх мэдүүлэг /хх-ийн 37-38/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 375 дугаартай:

Талийгаачийн цогцост хийсэн шүүх эмнэлгийн задлан шинжилгээгээр төвөнхийн мөгөөрсний баруун их биеийн хугарал, багалзуурын зөөлөн эд, булчин дахь цус хуралт, хүзүүний өмнөд, зүүн урд хэсгийн арьсны зулгаралт, цус хуралт, баруун тохой, баруун шуу, зүүн мөр, зүүн шууны зулгаралт, дух, ооч, баруун бугалга, баруун сарвуу, зүүн тохой, зүүн сарвуу, 2 өвдөгний цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.9-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Талийгаач нь өвчтэй гавлын ясны хоргүй хавдар өвчтэй ба энэ нь үхэлд хүргээгүй болно. Талийгаачийн цусанд 4.4 промилли спиртийн агууламж илэрсэн нь согтолтын хүнд зэрэгт хамаарна. Талийгаач нь цусны АВО системээр 01 дүгээр бүлгийн цустай байна. Талийгаачийн нас барсан хугацааг цогцост хийсэн анхны үзлэгээр тогтооно. Талийгаач нь механик амьсгал бүтэлт багалзуурдалтын улмаас амьсгал бүтэж нас баржээ гэх дүгнэлт, гэрэл зураг /хх-ийн 48-53/,

 

Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн 2019 оны 02 сарын 15-ны өдрийн Шүүх сэтгэц эмгэг судлалын 348 дугаартай:

Г.Э нь сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна. Г.Э нь сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай байна. Г.Э нь мэдүүлэг өгөх чадвартай байна. Г.Э нь сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна. Г.Эт эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авах шаардлагагүй гэх дүгнэлт /хх-ийн 67-68/,

 

-гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 3/,

-хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг /хх-ийн 4-7/,

-хэргийн газар нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг /хх-ийн 8-9/,

-цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг /хх-ийн 10-13/,

-хувцас, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 17-22/,

-Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 760 дугаартай амь хохирогчийн хувцаст учирсан гэмтэлийн талаарх дүгнэлт, гэрэл зураг /хх-ийн 55-59/,

 

Шүүгдэгч Г.Эын мөрдөн байцаалтад өгсөн:

Миний ухаан орж гараад нэг мэдсэн чинь Дөлгөөн, Балдорж, Буянцог бид 4 үлдчихсэн байсан ба гэрийн гадны гарчихсан, намайг шороон дээр хэвтүүлээд талийгаач Буянцог миний дээр гараад намайг цохиж байсан юм. Тэгээд би өөрийгөө хамгаалаад хэвтэж байгаад болье гэж хэлээд бостол Буянцог нь дахин намайг хөл хавсарч газар унагасан юм. Гэтэл хаанаас ч юм бүү мэд Дөлгөөн гарч ирээд Буянцогийг надаас салгаж байсан ба бид нар бүгд гэрт орцгоож байсан юм. Тэгээд би дахиад ухаанаа алдчихсан нэг мэдсэн чинь л талийгаач Буянцог миний дээр гарчихсан, намайг цохиж байсан юм. Тэгээд би хүн цохиж болохгүй гэж бодоод Буянцогийг өөрөөсөө холдуулах гээд амь тэнцэн гараа сарвалзуулж байтал Буянцогийн өмсөж байсан пудболк нь миний гарт баригдсан юм. Тэгээд л би түүнийг пудболкных нь захнаас нь 2 гараараа арагшаа болон урагшаа татаж боосон ба зах нь том байхаар нь би гараа шахаад захыг нь жижигрүүлээд хоолойг нь чангалж боосон ба миний боосон боолт ороод Буянцог миний дээрээс тонгойж унасан юм. Тэгэхээр нь би түүнийг түлхэж холдуулаад би өөрөө доороос нь босоод ядарч байсан учир Буянцогийг газар орхиод би өөрөө орон дээр очиж суугаад амарсан гэх мэдүүлэг /хх-ийн 112-114/ зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна.

 

Хавтаст хэргээс Г.Эын иргэний үнэмлэхний хуулбар /хх-ийн 78/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 81/, Баянзүрх дүүргийн 4 дүгээр хорооны тодорхойлолт /хх-ийн 83/, шүүгдэгчийн уучлалт гуйж бичсэн баримт /хх-ийн 103/, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөс шүүх хуралдаанд гаргаж өгсөн хохиролын талаарх 75 ширхэг, 26 хуудас баримт, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Гэрлээгийн шүүх хуралдаанд гаргаж өгсөн хохирол барагдуулсан тухай “Миний төрсөн ах Б.Буянцог нь бусдын гарт амь насаа алдаж бидэнд нөхөж барашгүй хохирол учирсан. Шүүгдэгч Г.Э болон түүний ар гэрээс бодит хохиролыг бүрэн төлж барагдуулсан тул хохирогчийн ар гэрийн зүгээс Г.Эт ямар нэгэн гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй тул Г.Эт хуульд зааснаар хөнгөн ял оногдуулж өгөхийг хүсье” гэх хүсэлт зэргийг шинжлэн судлав.

 

Дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөвд тооцож, шүүгдэгчийг сэжигтэн, ялллагдагчаар асууж байцаалт авахдаа, хохирогч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн байцаалтын шатанд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд эрх зүйн дүгнэлт хийж, шүүгдэгч Г.Эт холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэсэн болно.

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, гэрч, сэжигтэн, яллагдагч нараас мэдүүлэг авахдаа хууль сануулж, хуульд заасан журмын дагуу мэдүүлгийг авсан, шинжээчийн дүгнэлтүүдийг энэ хэрэгт хувийн сонирхолгүй этгээд хуульд зааснаар гаргасан байх тул үнэн зөвд тооцсон болно.

 

Шүүгдэгч Г.Э нь амь хохирогч Б.Буянцогийг боож алсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд заасан гэмт хэргийн шинж болон гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн агуулсан, түүний үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт хамаарагдаж байх ба мөрдөн байцаалтын ажиллагаанд шалгавал зохих ажиллагааг бүрэн шалгасан, хэргийн зүйлчлэл тохирсон, прокурорын газрын газраас шүүгдэгч Г.Эт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь зөв байна.

 

 Хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт, прокурорын шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

 

Иймд шүүгдэгч Г.Эыг хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан хорих ял оногдуулах нь зүйтэй гэж дүгнэв.

 

Гэмт хэрэг болоход шүүгдэгчийн сэтгэл санаа цочрон давчидсан буюу хохирогчийн ёс бус, хууль бус үйлдлийн улмаас сэтгэл санааны гэнэтийн цочролд хоромхон зуур автаж, сэтгэхүйн хэвийн байдал алдагдан өөрийн үйлдэлийг хянах, удирдан жолоодох чадваргүй болсон гэх шинж илрээгүй.

Амь хохирогч нь ямар зүй бус үйлдэл гаргасан болох, шүүгдэгчид яаж хүч хэрэглэсэн болох нь тогтоогдоогүй ба шүүгдэгчийн шүүх хуралдаанд мэдүүлсэн “намайг хөдөлгөхгүй болгоод дээр суучихсан зодож байхаар нь газраас босох, зодож байгааг нь болиулах гээд гараа сарвагнуулж байхад подволкных нь зах гарт баригдахаар нь боосон. Дээрээс сулраад унаад ирэхээр нь хажуу тийш нь болгоод дороос нь боссон” гэх мэдүүлэг нь бодит байдал дээр хэргийн газар үзлэг хийсэн “... талийгаачийн өмссөн подволк нь ар зах хэсгээрээ сунаж, ар шилэн хүзүү хэсэгтээ үрчийж овойсон байдалтай байна” гэх тэмдэглэл, гэрэл зурагт авагдсан байдлаас эрс зөрүүтэй байх тул шүүгдэгчийн уг мэдүүлэгийг үнэн зөвд тооцох хууль зүйн үндэслэлгүй болно.

Шүүгдэгч Г.Э нь амь хохирогч Б.Буянцогтын ар талаас хувцасных нь захаар боож алсан нь тогтоогдож байх ба Г.Эын биед үүссэн хөнгөн зэргийн гэмтэл учирсан нь уг хүнийг алах гэмт хэрэгтэй хууль зүйн хувьд шалтгаант холбоогүй байх тул өмгөөлөгчийн зүйлчлэлийг өөрчлөх тухай санал хууль зүйн үндэслэлгүй байна.

 

Энэ хэргийн улмаас иргэн Б.Буянцогийн амь нас хохирсон нь хүнд хор уршиг учирсан. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй.” гэж, мөн хуулийн 508 дугаар зүйлийн  508.1-д “Хохирогч нас барсан бол түүнийг оршуулахтай холбогдсон зайлшгүй зардал болон гэм хор учруулсны төлбөрийг түүний өв залгамжлагч шаардах эрхтэй.” гэж тус тус зааснаар зайлшгүй гарах зардал болон гэм хор учруулсны төлбөрийг хохирогчийн хууль ёсны төлөөлөгч шаардах эрхтэй бөгөөд хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид учирсан гэм хорыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай шүүгдэгч хариуцан арилгах үүрэгтэй байна.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн нэхэмжилсэн, хавтаст хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудаар тогтоогдож, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн оршуулгын болон буяны хоногийн зардал нийт 14.097.000 төгрөгийн гэм хорын хохирлыг шүүгдэгч Г.Эаас гаргуулан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Гэрлээд олгох нь зүйтэй байна.

Иргэний хуулийн 230 дугаар зүйлийн 230.2 дахь хэсэгт “Гагцхүү хуульд тусгайлан заасан тохиолдолд эдийн бус гэм хорыг мөнгөөр нөхөн төлнө.” гэж заасан бөгөөд хохирогч нас барсантай холбоотой сэтгэл санааны хохирлыг мөнгөөр тооцож гаргуулахыг зохицуулсан зохицуулалт, Монгол Улсын хууль, тогтоомжид байхгүй тул хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн нэхэмжилсэн сэтгэл санааны хохирол 20.000.000 төгрөгийн нэхэмжлэлийг, мөн өмгөөлөгчид хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөс төлсөн төлбөр 3.500.000 төгрөг нь  гэмт хэргийн улмаас учрисан хохиролд хамаарахгүй учир хангаж шийдвэрлэх хууль зүйн үндэслэлгүй байна.

Шүүгдэгч Г.Э нь өөрийн өмчлөлийн эд хөрөнгө болох Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, Сансар хотхон, Шүхэртийн 1-1а тоотод байрлах газар, хашаа, байшинг хөрөнгийн үнэлгээний компаниар үнэлүүлсэн байх ба уг үнэлгээгээр 36.050.100 төгрөгөөр үнэлгээ тогтоогдсон байна.

Уг үл хөдлөх эд хөрөнгийг шүүгдэгч Г.Э гэмт хэргийн улмаас учрисан хохиролд өгөх саналыг хохирогчийн хууль ёсны төлөөлөгч зөвшөөрсөн ба шүүгдэгчийн өмгөөлөгч А.Ганбат Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүх хуралдааныг завсарлуулах хүсэлт гаргасныг шүүх хүлээн авч хангаж шийдвэрлэсэн болно.

Шүүх хуралдааныг завсарлуулсан хугацаанд шүүгдэгчийн дээрх эд хөрөнгийг хохирогчийн өмчлөл, эзэмшилд шилжүүлж хохиролыг төлж барагдуулсан, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нэхэмжлэх зүйлгүй, гомдолгүй болохоо бичгээр илэрхийлсэн байх тул гэмт хэргийн улмаас учирсан оршуулгийн зардал бүрэн төлөгдсөн гэж үзэж шүүгдэгч Г.Эыг бусдад төлөх төлбөргүйд тооцов.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч болон түүний өмгөөлөгч нарын зүгээс шүүгдэгч Г.Эын гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн болон хохирол нөхөн төлсөн байдал, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөд байдал зэргийг харгалзан түүнд оногдуулах хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад зааснаар хөнгөрүүлж шийдвэрлүүлэх санал гаргасаныг шүүх хүлээн авах боломжтой гэж үзлээ.

Иймд шүүгдэгч Г.Эын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байдал, учирсан хохиролыг төлж барагдуулсан байдал, гэмт хэргийн улмаас учирсан хор уршгийн шинж чанар, хувийн байдал, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн “хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү” гэсэн хүсэлт зэргийг харгалзан түүнд тухайн гэмт хэрэгт оногдуулахаар заасан хорих ялын доод хэмжээнээс доогуур хорих ял оногдуулж, нээлттэй хорих байгууллагад эдлүүлж шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

 

Шүүх шүүгдэгч Г.Эын наян тав хоног цагдан хоригдсон хугацааг түүний эдлэх ялд оруулан тооцож, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь нотлох баримтаар бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

                                                                                                            ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Гүн овогт Г.Эыг хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар таван жил дөрвөн сарын хугацаагаар хорих ялаар шүүгдэгч Г.Эыг шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Эт оногдуулсан 5 жил, 4 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Эын цагдан хоригдсон наян тав хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцсугай.

 

5. Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч нь нотлох баримтаар бусдад төлөх төлбөргүй, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохыг тус тус дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Эт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, түүний эдлэх ялыг 2019 оны 04 дүгээр сарын 17-ны өдрөөс эхлэн тооцсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, тэдний өмгөөлөгч гардан авсанаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.  

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Н.БААСАНБАТ

 

                                     ШҮҮГЧИД                                С.ПҮРЭВСҮРЭН

 

                                                                            Э.ЧИНГИС