Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 04 сарын 08 өдөр

Дугаар 210/МА2024/00717

 

2024 оны 04 сарын 08 өдөр

Дугаар 210/МА2024/00717

 

ххххы нэхэмжлэлтэй

 иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Нямбазар даргалж, шүүгч С.Энхбаяр, Ч.Цэнд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 184/ШШ2024/00644 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч ххххы нэхэмжлэлтэй,

Хариуцагч хххххх-т холбогдох,

 

Ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, баталгаажилт хийхийг даалгах, хөдөлмөрийн харилцаанд ялгаварлан гадуурхагдсаныг тогтоолгох тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ч.Цэндийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч хххх, нэхэмжлэгчийн өмгөөлөгч ххх, хариуцагчийн өмгөөлөгч ххххх, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Чанцантөгс нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, үндэслэлийн агуулга:

1.1. хххх нь 2023 оны 01 дүгээр сарын 13-ны өдрөөс хххххх-ын худалдан авах ажиллагааны хэлтсийн худалдан авалт хариуцсан мэргэжилтний  ажлын байранд томилогдон ажиллаж байгаад тус газрын захирлын 2023 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн Б/365 тоот тушаалаар ажлаас чөлөөлөгдсөн.

1.2. хххххх-ын захирал ххххх нь Хөдөлмөрийн тухай хуулийн 6 дугаар зүйл ажил эрхлэлт, хөдөлмөрийн харилцаанд ялгаварлан гадуурхахыг хориглох заалтыг зөрчиж, хөдөлмөрийн харилцаанд ялгаварлан гадуурхан, ххххыг хууль бусаар ажлаас чөлөөлсөн.

1.3. Ажлаас чөлөөлөх тушаалдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.1-д заасныг үндэслэл болгож, худалдан авах ажиллагааны ахлах мэргэжилтэн ажлын байр хасагдсан гэх үндэслэлийг заасан.

хххх нь ажлын байр нь худалдан авалт хариуцсан мэргэжилтэн болохоос хасагдаж буй худалдан авалт хариуцсан ахлах мэргэжилтэн биш,

1.4. Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын 2023 оны 194 дүгээр тогтоолоор ажлын байр хасагдаагүй, байгууллагын ажил албан тушаалын орон тоонд хэвээр хадгалагдаж байхад ххххыг ажлаас чөлөөлж, өөр хүнийг томилсон. Хөдөлмөрийн хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.1-д заасныг үндэслэл болгосон атлаа тус хуулийн 80 дугаар зүйлийн 80.4 дэх хэсэгт заасан “30-аас доошгүй хоногийн өмнө бичгээр мэдэгдэх” гэсний дагуу ажлаас чөлөөлөх мэдэгдэл өгөөгүй, шууд ажлаас чөлөөлж хууль зөрчсөн.

1.5. Иймд урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгож, 2023 оны 6 дугаар сарын 20-ны өдрөөс шүүхийн шийдвэр гарах хүртэлх хугацааны цалин, хөлсийг гаргуулах, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлэх, хөдөлмөрийн харилцаанд ялгаварлан гадуурхагдсаныг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг хангуулах хүсэлтэй байна гэжээ.

 

2. Хариуцагчийн хариу тайлбар, татгалзлын агуулга:

2.1. Монгол Улсын Засгийн газрын тогтоолоор хххххх-ыг нэгтгэн зохион байгуулагдсан. Ажлыг хүлээж авахад санхүү, худалдан авалт, харилцагчийн үйлчилгээний төв дээр санхүүгийн асуудал үүссэн байсан тул эдгээр хэлтсийн ажилтнуудтай цаашид хамтран ажиллах, үүссэн нөхцөл байдлыг залруулах бодитой шалтгаан нөхцөлийг тодорхойлохоор ажиллаж байна.

2.2. Манай байгууллага нь санхүүгийн алдагдалд орсон, аудитын сөрөг дүгнэлт авсан, санхүүгийн алдагдалд орсон нөхцөл байсан боловч ажилчдын гэрээг цуцлахгүйгээр, үргэлжлүүлэн ажиллах бодлого баримталж байсан. Худалдан авалтын даргаар томилогдсон хххххх гэх хүн ажлыг хүлээж аваад хэд хонож байхад хххх ххххххид хандаж “би удахгүй ажлаас гарна, та дараагийн хүнээ олоорой” гэж хэлсэн байсан.

2.3. хххх “цалин өндөртэй ажилтай болсон тул ажлаас яаралтай чөлөөлөх, 2-т тэтгэмж олгож өгнө үү” гэсэн хүсэлт  хэлсэн. 2023 оны 6 дугаар сарын 20-ны өдөр хххххх, хххх нар хамт ирж тулгараад байгаа асуудлуудаа хэлсэн. Үүнийг би хуулийн хэлтэст танилцуулсан. Хуулийн хэлтэс болон хүний нөөцөөс худалдан авах хэлтсийн орон тооноос нэг орон тоо цөөрсөн,  энэ үндэслэлээр тэтгэмжийн асуудлыг шийдвэрлэх талаар санал хэлсэн. Дээрх хүсэлтийн дагуу ххххыг ажлаас чөлөөлж, тэтгэмж олгох тухай тушаалыг гаргасан тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ. 

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: 

Хөдөлмөрийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1, 78.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч ххххы хххххх-т холбогдуулан гаргасан ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлэх, хөдөлмөрийн харилцаанд ялгаварлан гадуурхсан болохыг тогтоолгох нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж шийдвэрлэжээ.

 

4. Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга: 

4.1. Анхан шатны шүүх нотлох баримт үнэлэх журам зөрчсөн. Шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1.1-д заасныг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон. Талууд шүүх хуралдааны хэлэлцүүлэгт харилцан тохиролцсон асуудал яригдаагүй ажлаас чөлөөлөгдсөн үндэслэл хууль бус гэж мэтгэлцсэн, үүнийг нотолсон баримт хавтас хэрэгт байхгүй байтал шүүх өөрийн санаачилгаараа харилцсан тохиролцсон гэж дүгнэсэн нь үндэслэлгүй болсон.

Ажлаас чөлөөлсөн тушаал нь Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4-т заасан үндэслэл байтал Хөдөлмөрийн тухайн хуулийн 78 дугаар зүйлийн 78.1.1-д заасныг баримтлан шийдвэр гаргасан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлд заасан нотлох баримтыг үнэлэх хэсгийг бүхэлд нь зөрчсөн.

4.2. хххххх-ын захирлын 2023 оны Б/365 тоот ххххыг ажлаас чөлөөлж, тэтгэмж олгох тухай тушаал нь Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.1-д заасныг үндэслэл болгож, худалдан авах ажиллагааны ахлах мэргэжилтэн ажлын байр хасагдсан гэх үндэслэлийг заасан. Энэхүү үндэслэлийг дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна.

Үүнд, нэхэмжлэгч хххххххы ажлын байр нь “Худалдан авалт хариуцсан мэргэжилтэн’’ болохоос хасагдаж буй худалдан авалт хариуцсан ахлах мэргэжилтэн биш болно. Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын 2023 оны 194 дүгээр тогтоолоор ажлын байр хасагдаагүй, байгууллагын ажил албан тушаалын орон тоонд хэвээр хадгалагдаж байгаа. Ажил олгогчийн нэхэмжлэлийн шаардлагын татгалзлын үндэслэлээ тэтгэмж олгохын тулд Хөдөлмөрийн хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4-т заасан үндэслэлээр ажлаас чөлөөлсөн. Гэтэл ххххххх нь сайн дураараа өргөдөл өгөөгүй, хххххххыг өргөдлөө өгөхийг шахсан гэж маргасан.

Хөдөлмөрийн хуулийн 80 дугаар зүлийн 80.1.1-д заасныг үндэслэл болгосон атлаа тус хуулийн 80 дугаар зүйлийн 80.4 дэх хэсэгт заасан “30-аас доошгүй хоногийн өмнө бичгээр мэдэгдэх” гэж зааснаар ажлаас чөлөөлөх мэдэгдэл өгөөгүй, шууд ажлаас чөлөөлсөн нь хууль зөрчсөн.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1-д заасан хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн үндэслэлээр хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

5. Давж заалдах журмаар гаргасан гомдолд хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга: 2023 оны 01 дүгээр сард ххххххх байгуулагдаж ххххх захирлаар томилогдож 02 дугаар сард ххххххийг худалдан авах ажиллагааны хэлтсийн даргын албан тушаалд томилсон. Хэрэгт авагдсан ххххххийн гэрчийн мэдүүлгээс үзэхэд хххх нь тухайн үед ххххххийн ажилчидтайгаа уулзсан анхны уулзалтад “би 03 дугаар сарын 20-ны үеэр ажлаа өгөх учраас дараагийн хүнээ бодож байгаарай” гэх агуулгаар хэлж байсан бөгөөд явцын дунд ажлаас чөлөөлөгдөх хүсэлт өгсөн. Тухайн хүсэлтэд “тэтгэмж авах сонирхолтой байна” гэх агуулгыг дурдсан. ххххх ТӨҮГазрын хуулийн хэлтсээс өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдөж байгаа тохиолдолд тэтгэмж олгох боломжгүй гэсэн тайлбарыг ххххх захиралд хэлсэн. Дараагийн хүсэлтэд нь тэтгэмж олгоод ажлаас чөлөөлсөн. Дээрх хоёр хүсэлт нь хэрэгт авагдсан. Өөрөөр хэлбэл, 2023 оны 02 дугаар сараас эхлэн ажлаас чөлөөлөгдөх хүсэл зоригтой байсан бөгөөд 2023 оны 06 дугаар сард тэтгэмж авна гэх агуулгатай болж өөрчлөгдсөн. Тухайн үед ар гэрийн гачигдал гэж ярьж байсан учраас тэтгэмжийг олгож, ажлаас нь чөлөөлнө гэсэн үндэслэлээр Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.1-д заасныг үндэслэн ажлаас чөлөөлж, тэтгэмж олгосон. Иймд нэхэмжлэгч ххххы ажлаас чөлөөлөгдөх, тэтгэмж авах хүсэлтийг тус тус хангасан гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

            1. Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулав.

 

            2. Нэхэмжлэгч хххх нь хариуцагч хххххх-т холбогдуулан урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны дундаж цалин, хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, баталгаажилт хийлгэх тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч “өөрийнх нь хүсэлтийг үндэслэн хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгож, тэтгэмж олгосон...” гэх үндэслэлээр эс зөвшөөрч, маргажээ.

            Нэхэмжлэгч нь “хөдөлмөрийн харилцаанд ялгаварлан гадуурхагдсаныг тогтоолгох” гэж байгаа нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл байх тул бие даасан шаардлага гэж үзэхгүй болно.

 

            3. хххх нь хххххх-тай 2023 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр Хөдөлмөрийн гэрээ байгуулж, Худалдан авах ажиллагааны ахлах мэргэжилтэн албан тушаалд ажиллаж эхэлснээр тэдгээрийн хооронд хөдөлмөр эрхлэлтийн харилцаа үүссэн байна. /хх-5-7/

 

 4. Ажил олгогч байгууллагын захирлын 2023 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн Б/365 дугаар тушаалаар Худалдан авах ажиллагааны хэлтэст худалдан авах ажиллагааны ахлах мэргэжилтэн ажлын байр хасагдсан үндэслэлээр ххххтай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалж, үүрэгт ажлаас нь чөлөөлжээ. /хх-4/

 

5. Ажилтан хххх дээрх тушаалыг эс зөвшөөрч, Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.8 дахь хэсэгт заасан журмын дагуу шүүхэд хандсан байна. /хх-8-10/

 

6. Анхан шатны шүүх дээрх үйл баримтыг тогтоохдоо хэрэгт авагдсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасан журмын дагуу үнэлжээ.

 

7. Нэхэмжлэгч нь “…шүүх нотлох баримт үнэлэх журам зөрчсөн, …сайн дураар өргөдөл өгөөгүй, өргөдөл өгөхийг шахсан …, …ажил олгогч нь тэтгэмж олгохын тулд Хөдөлмөрийн тухай хуулийн 80.1.1-д заасан үндэслэл болгосон атлаа 80.4-т заасан журмыг баримтлаагүй” гэх үндэслэлээр шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч, давж заалдах гомдол гаргасан байна.

7.1. Нэхэмжлэгч ххххы хариуцагч “ххххххх” ТӨҮГ-ын захиргаанд “…хххх миний бие … бүтэц зохион байгуулалтаар орон тоо цөөрсөн тул ажлаас чөлөөлж өгнө үү. Хуульд заасны дагуу тэтгэмж олгож өгнө үү …” гэсэн агуулгатай хүсэлт гаргасан байна. /хх23/ Уг хүсэлтийг өөрийн хүсэл зоригийн эсрэг бичсэн гэдэг нөхцөл байдал хэргийн баримтаар тогтоогдоогүй учир нотлох баримтыг буруу үнэлсэн гэх нэхэмжлэгчийн гомдол үндэслэлгүй.

7.2. Хариуцагч байгууллага нь  2023 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн Б/365 дугаартай тушаалд Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.1-т заасныг үндэслэсэн нь нэхэмжлэгч ххххы байгууллагын захиргаанд хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгох хүсэлт гаргасан үйл баримтыг няцаах үндэслэл болохгүй юм. Иймээс нэхэмжлэгч ххххы санаачилгаар хөдөлмөр эрхлэлтийн харилцаа дуусгавар болсон гэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт Хөдөлмөрийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1.9-д заасантай нийцжээ. 

 

8. Харин шийдвэрийн тогтоох хэсэгт хөдөлмөрийн эрхийн маргааныг шүүхээр шийдвэрлэх Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох зохицуулалтыг баримтлаагүйг залруулан өөрчлөх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.5 дах хэсэгт заасантай нийцнэ гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Тодруулбал, Хөдөлмөрийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1, 78.1.1-т заасан заалт нь ажилтан, ажил олгогчийн аль нэгний гаргасан санаачилгаар хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлаж болох агуулгатай зохицуулалт тул уг заалт нь шийдвэрийн үндэслэх хэсгийн дүгнэлтэд хамаарна. Харин шийдвэрийн тогтоох хэсэгт Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2.2-т заасныг баримтлах нь оновчтой болно.

 

Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхихоор  шүүх бүрэлдэхүүн  тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 184/ШШ2024/00644 дугаартай шийдвэрийн

Тогтоох хэсгийн 1 дэх заалтын “78 дугаар зүйлийн 78.1, 78.1.1” гэснийг “158 дугаар зүйлийн 158.2.2” гэж өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар гомдлоор авч хэлэлцэх хэргийн давж заалдах гомдлын улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг  мэдэгдсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус заасны дагуу магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

                       

 

 

 

 

  ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                        Д.НЯМБАЗАР

 

 

                   ШҮҮГЧИД                                        С.ЭНХБАЯР

 

 

                                                                          Ч.ЦЭНД