Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 08 сарын 04 өдөр

Дугаар 4806

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

            Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны  шүүхийн шүүгч Х.Энхзаяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: Баянгол дүүргийн 15 дугаар хороо, 3 дугаар хороолол, 26-45 тоотод оршин суух, Монголмууд овогт Дэмчигийн Оюунчимэг /РД:ОЮ72022122/-гийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Баянгол дүүргийн 15 дугаар хороо, 3 дугаар хороолол, 26-45 тоотод оршин суух, Тайж овогт Дашнямын Батмөнх /РД:ОО73053031/-д холбогдох,

            Гэрлэлт цуцлуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Д.Оюунчимэг, хариуцагч Д.Батмөнх, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Анхцэцэг нар  оролцов. 

                                                                                                   ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч М.Оюунчимэг шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: М.Оюунчимэг миний бие 2002 онд Д.Батмөнхтэй танилцаж гэр бүл болж, 2010 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр гэрлэлтээ албан ёсоор бүртгүүлсэн. Бидний хамт амьдарч байх хугацаанд 2003 оны 12 дугаар сарын 09-ний өдөр хүү Б.Эрхэс төрсөн. Бид 2012 оноос хойш тус тусдаа амьдарч байгаа, цаашид хамт амьдрах боломжгүй болсон тул бидний гэрлэлтийг албан ёсоор хуулийн дагуу цуцлаж өгнө үү. Хүү Б.Эрхэс ээжийнхээ асрамжид өсч торниж байгаа боловч хүүгээ насан туршид нь асарч хамгаалж, боловсрол эзэмшиж бүх насаар нь суралцахад аав, ээжийн үүргээ хариуцлагатайгаар биелүүлнэ. Иймд хүү Б.Эрхэсийг миний асрамжид үлдээж өгнө үү. Хүүхдийн тэтгэлэг нэхэмжлэхгүй. Бидэнд эд хөрөнгийн маргаан байхгүй гэжээ. 

            Хариуцагч Д.Батмөнх нь шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: М.Оюунчимэгийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна. Гэрлэлтээ цуцлуулах хүсэлтэй байна. Бид одоогоор тус тусын амьдралтай болсон. Хүүгээ ээжийнх нь асрамжид өгөхөөр харилцан тохиролцсон. Эд хөрөнгийн маргаан байхгүй гэв.

Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан бичгийн готлох баримтуудыг шинжлэн судлаад

                                                                                                       ҮНДЭСЛЭХ нь:

 Нэхэмжлэгч М.Оюунчимэг нь хариуцагч Д.Батмөнхөд холбогдуулан гэрлэлт цуцлуулах тухай  нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

              Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэв.

М.Оюунчимэг, Д.Батмөнх нар 2002 онд танилцан гэр бүл болж хамтран амьдарсан, 2003 оны 12 дугаар сарын 09-ний өдөр хүү Б.Эрхэсийг төрүүлж,  2010 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр хуульд заасны дагуу төрийн эрх бүхий байгууллагад гэрлэлтээ бүртгүүлсэн болох нь №499 дугаартай гэрлэлтийн гэрчилгээ /хэргийн 5 дахь тал/, Г-163 дугаартай  хүүхдийн төрсний гэрчилгээ /хэргийн 6 дахь тал/ зэрэг бичмэл нотлох баримт, зохигчдын гаргасан тайлбараар тогтоогдож байна.

“Эвлэрүүлэн зуучлалын тухай” хуулинд зааснаар гэрлэгчдийн хооронд үүссэн маргааныг шүүхийн бус аргаар шийдвэрлэхэд дэмжлэг үзүүлэхээр шүүх дэх эвлэрүүлэн зуучлагч тус маргааныг хүлээн авч ажиллагаа хийсэн боловч  талууд цаашид эвлэрч, хамтран амьдрах боломжгүй, 2012 оноос хойш тусдаа амьдарсан, хэн алин шинээр амьдрал зохиож, өөр гэр бүлтэй болсон тул гэрлэлтээ шүүхийн журмаар цуцлуулах хүсэлт гаргаж, эвлэрүүлэн зуучлах ажиллагааг  2016 оны 7 дугаар сарын 29-ний өдөр дуусгавар болгожээ.

Тус шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчаас тэднийг цаашид хамтран амьдрах боломжгүй гэж үзэн, эвлэрүүлэн зуучлах ажиллагааг дуусгавар болгосон, хэн алин нь гэрлэлтээ цуцлуулахыг харилцан зөвшөөрч, маргаагүй, хэн алин өөр гэр бүлтэй болсон байх тул гэрлэлт цуцлуулах нэхэмжлэлийн шаардлагыг хангах нь зүйтэй гэж дүгнэв.

             Гэрлэгчдийн дундаас 2003 оны 12 дугаар сарын 09-ний өдөр төрсөн хүү Б.Эрхэсийг өөрийнхөө асрамжид авах шаардлагыг хариуцагч хүлээн зөвшөөрч, маргахгүй байх тул  Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт заасны дагуу хүү Б.Эрхэсийг эх Д.Оюунчимэгийн асрамжид үлдээж шийдвэрлэв.

            Нэхэмжлэгч Д.Оюунчимэг нь хариуцагч Д.Батмөнхөөс хүүхдийн тэтгэлэг нэхэмжлэхгүй гэснийг болон зохигч эд хөрөнгийн маргаангүй гэснийг  дурдах нь зүйтэй байна. 

Хүүхдийн эрхийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.3 дахь хэсэгт “Хүүхэд эцэг, эхтэйгээ амьдрах, тэдний анхаарал халамжид байх,  эцэг эхээсээ буюу хэн нэгнээс нь тусдаа амьдрах үед тэдэнтэй байнгын харилцаатай байх...эрхтэй”. Иймд эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө Гэр бүлийн тухай хуульд заасан үүргээ хэрэгжүүлэхэд нь  саад учруулахыг хориглохыг шүүхийн шийдвэрт дурдах нь зүйтэй байна.                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                       

             Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэг, 116, 118 дугаар зүйл, 132 дугаар зүйлийн 132.6 дахь хэсэгт заасныг удирдлага болгон   

                                                                                                                ТОГТООХ нь:  

            1.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт зааснаар  Монголмууд овогт Дэмчигийн Оюунчимэг /РД:ОЮ72022122/, Тайж овогт Дашнямын Батмөнх /РД:ОО73053031/ нарын гэрлэлтийг цуцалсугай.

            2.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт зааснаар 2003 оны 12 дугаар сарын 09-ний өдөр хүү Б.Эрхэсийг эх Д.Оюунчимэгийн асрамжид үлдээсүгэй.

            3.Нэхэмжлэгч Д.Оюунчимэг нь хүүхдийн тэтгэлэг нэхэмжлэхгүй, зохигч эд хөрөнгийн маргаангүй гэснийг дурдсугай.

4.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Батмөнхөөс улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Д.Оюунчимэгт олгосугай. 

            6.Гэр бүлийн хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 26.6 дахь хэсэгт зааснаар эцэг, эх хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, үүрэг хүлээхийн зэрэгцээ хүүхдийн эрх, ашиг сонирхолд харшлахааргүй бол гэрлэлтээ цуцлуулсан эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахыг хориглоно.

            7.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7, 120 дугаар зүйлийн  120.2 дахь хэсэгт зааснаар зохигч  нь  шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гарсан хугацааг хуулинд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй ба шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

  

 

 

ДАРГАЛАГЧ                                Х.ЭНХЗАЯА