Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 08 сарын 29 өдөр

Дугаар 1488

 

C.Дуламрагчаагийн нэхэмжлэлтэй,

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Н.Батзориг даргалж, шүүгч Д.Дэлгэрцэцэг, Д.Байгалмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

           

Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн 293 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч С.Дуламрагчаагийн нэхэмжлэлтэй

Хариуцагч Н.Энхсувдад холбогдох

           

Зээлийн гэрээний үүргийн биелэлтэд 730 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг 

 

Нэхэмжлэгч С.Дуламрагчаагийн гаргасан гомдлыг үндэслэн, хэргийг 2016 оны 8 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Байгалмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч С.Дуламрагчаа

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Ган-Өнөр нар оролцов.

 

Нэхэмжлэгч С.Дуламрагчаа шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Н.Энхсувд нь 2015 оны 7 дугаар сараас 9 дүгээр сарын 15 хүртэлх хугацаанд 5 удаа 550 000 төгрөг зээлж авсан. Энэхүү мөнгийг цалингаа аваад өгнө гээд огт өгөөгүй. Мөн ажлын газрынхаа нэрийг барьж, 2 000 000 орчим төгрөг залилан авсныг хуулийн байгууллагад өгч хагас дутуу олж авсан. Н.Энхсувд 2015 оны 8 дугаар сард миний эгч өвдөөд зовж байна 100 000 төгрөг зээлээч гэхээр нь өрөвдөөд өгсөн. Мөн шинэ жилээр үс засуулна гэхээр нь 20 000 төгрөг, хүүхдэд мөнгө хэрэгтэй гэхээр нь бас 20 000 төгрөг өгсөн. Миний хувьд нотлох баримт болон гэрээ, тэмдэглэл байхгүй. Тэмдэглэлийн дэвтэрт хагас дутуу бичигдсэн байх. Н.Энхсувд мөнгө төгрөг залилж 2 нялх хүүхдээ хаяж, үл бүтэх хүмүүстэй нийлэн, гэрийнхэн болон миний амьдралыг балалсан. Бас 80 000 төгрөг авсан. Уг нь dn энэ мөнгийг чамаас авахгүй гэж хэлж байсан ч намайг аймшигтай гүтгэн доромжилсон учраас нэхэмжилнэ. Иймээс 730 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Н.Энхсувд шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: С.Дуламрагчаа нь надаас мөнгө нэхэмжилж цагдаад гомдол гаргаад асуудал шийдэгдэх үед би нэхэмжилсэн мөнгийг нь бүгдийг төлсөн. Энэ талаараа С.Дуламрагчаа нь санал гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй хэмээн бичиж өгсөн. Гэтэл дахин нэхэмжлэл гаргаж байгаад гайхаж байна. Энэ хүн хуулийн байгууллагаар тоглож, худал хэлж, авсан мөнгөө дахин нэхэж байна. Одоо энэ хүн миний ажилладаг дэлгүүрийн эзэн болон цайны газрын тогооч нарт мөнгө зээлүүлээд явж байгаа. Бусдад мөнгө зээлүүлээд шүүх цагдаад өгч айлгаж байгаад үндэслэлгүй их мөнгө төлүүлж сурсан хүн байна. Өөрөө намайг гэртээ дуудаад, гэр орон цэвэрлээд өг гээд юм авч өгдөг. Би эгчдээ 100  000 төгрөг авч өгөөгүй. Одоо надад энэ хүнд төлөх өр байхгүй. Бид хоёрын хооронд мөнгө төгрөг өгч авсан баримт юу ч байхгүй. Иймд С.Дуламрагчаагаас авсан мөнгөө бүгдийг төлсөн учир нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт зааснаар Сүрэнжав овогтой Дуламрагчаагийн нэхэмжлэлтэй, Боржигон овогт Нацагдоржийн Энхсувдад холбогдох зээлийн гэрээний үүргийн биелэлт 7300 00 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 22 070 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч С.Дуламрагчаа давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Миний бие 4 000 000 гаруй төгрөг зээлсэн. Энэ хэргийн өмнө эцэг, эхтэй нь заргалдаж шүүхэд хандсан. 2 000 000 төгрөгийг Н.Энхсувд 2015 оны цагаан сарын өмнө авчихаад, анхан шатны шүүх хуралдааны явцад мөнгө аваагүй гэж гүтгэж намайг доромжилсон. Энэ хэргийн дараа миний бие эрүүгийн хэрэг үүсгүүлэхээр цагдаагийн байгууллагад хандана. 730 000 төгрөгийн асуудалд миний хувьд мөнгө зээлээгүй байж, зээлсэн гэж хэлэх ухамсар байхгүй. 730 000 төгрөгийг хариуцагч авсан нь үнэн. 730 000 төгрөг нь бага мөнгө биш учраас хариуцагч талаас гаргуулахаар нэхэмжилж байна. Н.Энхсувд нь “...ажиллаж байсан худалдааны байгууллагаас зээлж өгөөч” гэхэд итгээд мөнгө өгсөн. Уг мөнгийг заргалдаж байж 1 700 000 төгрөг авсан. Миний буруутай зүйл нь хүнд итгэмтгий байдлаас болоод мөнгө өгсөн, авсан зүйлээ баримтаар баталгаажуулаагүй, гэрээ байгуулаагүй. Анхан шатны шүүх гэрээ байгуулаагүй учраас нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон. Яагаад хариуцагчаас 730 000 төгрөг нэхэмжилсэн талаар шүүх анхаарч үзээгүй. Миний бие өөрийнхөө хүүхэд шиг охиныг гүтгэхгүй. Иймд миний гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

           

Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хуулиар тогтооосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй, шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хуулийн шаардлагыг хангасан байна.

 

Нэхэмжлэгч С.Дуламрагчаа нь хариуцагч Н.Энхсувдад холбогдуулан 2015 оны 7 дугаар сараас 9 дүгээр сарын 15-ныг хүртлэх хугацаанд 5 удаа нийт 550 000 төгрөг, мөн 80 000 төгрөг, 2015 оны 8 дугаар сард 100 000 төгрөг тус тус зээлдүүлсэн гэж зээлийн гэрээний үүрэгт 730 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар  зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгч С.Дуламрагчаа нь хариуцагч Н.Энхсувдад 5-7 удаагийн үйлдлээр нийт 730 000 төгрөгийг шилжүүлэн өгсөн буюу зээлдүүлсэн гэх нэхэмжлэлийн шаардлага, тайлбартай холбоотой нотлох баримтыг шүүхэд гаргаж өгөх үүргээ биелүүлээгүй, нэхэмжлэлийн шаардлагаа баримтаар нотолж чадаагүй байна.

 

Зохигчид мөнгө зээлсэн талаар гэрээ байгуулаагүй, нэхэмжлэгч нь 730 000 төгрөгийг Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчид шилжүүлснээ баримтаар нотлоогүй тул нэхэмжлэгчийн шаардах эрх үндэслэлтэй гэж үзэх боломжгүй. Энэ талаар анхан шатны шүүхийн хийсэн дүгнэлт нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт заасантай нийцжээ.

 

Шүүх хуулийг зөв тайлбарлан хэрэглэж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэснийг буруутгах үндэслэлгүй байна.

 

Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн 293 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч С.Дуламрагчаагийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 22 070 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

           

 

 

                    ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                           Н.БАТЗОРИГ

 

                                     ШҮҮГЧИД                                           Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

 

                                                                                                 Д.БАЙГАЛМАА