Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 04 сарын 11 өдөр

Дугаар 574

 

 

 

                                       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                    

          Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Чингис даргалж,

    шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Отгонням,

улсын яллагч Ц.Гантулгабат,

шүүгдэгч Ш.Ш нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

 

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Ш.Ш холбогдох эрүүгийн 1806 09300 0473 дугаартай хэргийг 2019 оны 3 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

          Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1983 оны 8 дугаар сарын 8-ны өдөр Ховд аймгийн Дарви суманд төрсөн, 35 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, 3 дүүгийн хамт Хан-Уул дүүргийн 16 дугаар хороо,   тоотод оршин суух бүртгэлтэй, одоо Баянзүрх дүүргийн  тоотод түр оршин суух, гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, регистрийн дугаар  , хэрэг хариуцах чадвартай, Ш.Ш .

 

    Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

 

Шүүгдэгч Ш.Ш нь 2018 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 78 дугаар байрны гадна иргэн Ж.Энхбаатарыг зодож, улмаар эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан,

Мөн согтуугаар 2019 оны 1 дүгээр сарын 27-ны өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Ахмадын хорооллын гадна ямар нэгэн шалтгаангүйгээр бага насны хүүхэд болох Б.Төгөлдөрийг цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

            Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ш.Ш мэдүүлэхдээ: “...Мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг үнэн зөв учраас өнөөдрийн шүүх хуралдаанд мэдүүлэг

өгөхгүй. Хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү.” гэв.

 

Мөн талуудын хүсэлтээр мөрдөн шалгах ажиллагаанд цугларсан нотлох баримтуудаас хохирогч Ж.Энхбаатарын өгсөн мэдүүлэг /хх-14-18/, гэрч Ш.Сүхбаатарын өгсөн мэдүүлэг /хх-21-23/, хяналтын камерын бичлэг /хх-9-10/, насанд хүрээгүй хохирогч Б.Төгөлдөрийн өгсөн мэдүүлэг /хх83-84/, гэрч Ц.Цэцэгмаагийн өгсөн мэдүүлэг /хх-85-87/, гэрч Г.Оюун-Эрдэнийн өгсөн мэдүүлэг /хх-90-91/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 13704, 351, 1876 дугаартай дүгнэлтүүд /хх-26, 37-38, 93/, Ш.Ш яллагдагчаар өгсөн мэдүүлгүүд /хх-57-58, 102-103/, шүүгдэгч Ш.Ш урьд ял шийтгэгдэж байсан эсэхийн лавлагаа /хх-64/ зэргийг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:

  

1. Шүүгдэгч Ш.Ш нь 2018 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 78 дугаар байрны гадна иргэн Ж.Энхбаатарыг зодож, улмаар эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

 

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Ж.Энхбаатарын өгсөн: “...Би гэртээ буюу жижүүрийн байранд байж байтал манай хаалгыг өшиглөөд орцонд “хаалга цонхоо өөрсдөө янзал пяздануудаа” гээд орилоод байхаар нь би энэ Ш.Ш гэдгийг мэдээд 76 дугаар байранд амьдардаг түүний ах Ш.Сүхбаатар гэх хүнийг утсаар “дүү чинь агсам тавиад, хаалга үүд өшиглөөд байна” гэхэд “хаана байгаа юм” гэхээр нь “78 дугаар байр” гэж хэлсэн. Ахыг нь дуудаж байхад Ш.Ш гараад явчих шиг болохоор нь араас нь гартал тоглоомын талбайн тэндээс гүйж ирээд орцны гадна намайг бариад авсан. Орц 3 гишгүүр шаттай. Тэр шатны уруу надтай зууралдаад унасан. Намайг заамдаж аваад яаж унагаасныг мэдэхгүй байна. Миний толгой руу гараараа 2-3 удаа цохисон бөгөөд миний хамар руу бас цохисон. Тэгээд бид хоёр зууралдаад цохиулахгүй гээд байж байсан чинь намайг угз татаад бид хоёр шатны уруу унаад миний гар эвгүй болчихсон.” /хх-14-17/ гэх мэдүүлэг,

Мөн түүний дахин хохирогчоор өгсөн: “...Ш.Ш ах надад 90.000 төгрөгөөр утас авч өгсөн. Одоо надад гомдол санал байхгүй. /хх-18/ гэх мэдүүлэг,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Ш.Сүхбаатарын өгсөн: “...Ж.Энхбаатар надад “танай дүү намайг ажлаа өг гээд агсам тавиад байна” гэж хэлсэн. Тэр өдөр ажлаасаа буучихсан байсан учир гараад 78 дугаар байр руу алхаж байтал Ш.Ш нэг хүнтэй дээр доороо орчихсон зууралдаж байсан. Очоод салгаад босгосон чинь СӨХ-ийн Ж.Энхбаатар гэх ах байсан. Босгоод иртэл “ёоё, гар” гээд байсан. Ш.Шагжаас “чи яагаад хүн зодож байгаа юм бэ?” гэхэд “наадах чинь миний ажлыг авсан” ч гэх шиг өөрийгөө хянах чадваргүй согтуу байсан.” /хх-21-23/ гэх мэдүүлэг,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 13704 дугаартай дүгнэлтэд:

1. Ж.Энхбаатарын биед зүүн шууны ясны хугарал, богтос ясны доод булууны шөвөг хэлбэрийн сэртэнгийн хугарал, хамар, зүүн өвдөгт цус хуралт, баруун тохойд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ, эдгэрлийн байдлаас хамаарна.” /хх-26/ гэх дүгнэлт, 

 

Шүүх сэтгэц эмгэг судлалын 279 дугаартай дүгнэлтэд:

1. Ш.Ш нь хэрэг үйлдэх үедээ F 07.8 тархины өвчин, гэмтэл үйл ажиллагааны хямралын шалтгаант бие хүний ба зан төрхийн бусад органик эмгэг, уналт таталт хам шинж сэтгэциийн эмгэгтэй байсан байна. Ш.Ш дээрхи эмгэг нь сэтгэцийн олдмол эмгэг байна.

Ш.Ш нь өрийн үйлдлийн улмаас үүсэх үр дагаврыг ухамсарлах чадвартай байна.” /хх-33-34/ гэх дүгнэлт, 

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн 351 дугаартай дүгнэлтэд:  

1. Ж.Энхбаатарын биед зүүн шууны ясны хугарал, богтос ясны доод булууны шөвөг хэлбэрийн сэртэнгийн хугарал, хамар, зүүн өвдөгт цус хуралт, баруун тохойд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрхи гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

3. Дээрхи хамар, зүүн өвдөгт цус хуралт, баруун тохойд зулгаралт гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй.

4. Дээрхи гэмтлүүд нь хэрэг болсон гэх нэг цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой шинэ гэмтлүүд байна.” /хх-37-38/ гэх дүгнэлт,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд Ш.Ш яллагдагчаар өгсөн: “...78 дугаар байрны гадна очоод жижүүрийн хаалга таттал дотроо байгаа мөртлөө нээхгүй байхаар нь цохиод өшиглөсөн. Тэгтэл Ж.Энхбаатар гэх хүн гараад ирсэн. Тэгээд урд өдөр нь намайг “архичин” гэх мэтээр хэлээд байсан учир би түүнд “чи яагаад намайг архичин гээд байгаа юм” гэхэд “чи юмандаа суумаар байна уу, эрүүлжүүлэхэд чинь хийгээд өгье” гэж намайг заамдаад бид хоёр зууралдаж байгаад орцны гадна талын шатны уруу хоёулаа унасан. Би болсон асуудлыг сайн санахгүй байгаа. Зууралдаад унаж байснаа санаж байна.” /хх-57-58/ гэх мэдүүлэг,

 

Хяналтын   камерийн   бичлэг  хуулбарлан   авсан   сидинд  үзлэг  хийсэн тэмдэглэл /хх-9-10/ гэх зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

 

2. Шүүгдэгч Ш.Ш нь согтуугаар 2019 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Ахмадын хорооллын гадна ямар нэгэн шалтгаангүйгээр бага насны хүүхэд болох Б.Төгөлдөрийг цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь:

 

Мөрдөн шалгах ажиллагаанд насанд хүрээгүй хохирогч Б.Төгөлдөрийн өгсөн: “...58 дугаар байрны гадна зогсож байсан согтуу эрэгтэй хүн чулуу газраас түүгээд авахаар нь би найзтайгаа дэлгүүр рүү гүйгээд ортол нөгөө согтуу ах араас орж ирээд миний нүүрэн тус газар гартаа барисан чулуугаар цохиод авсан.” /хх-83-84/ гэх мэдүүлэг,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Цэцэгмаагийн өгсөн: “...Хүү залгаад Б.Төгөлдөрийг согтуу хүн нүд рүү нь цохьчихож гэхээр нь гүйгээд 58 дугаар байрны гадна хүмүүс зогсож байсан. Яваад очиход хүү Б.Төгөлдөрийн зүүн нүд хавдаж тагларсан, хамар нүүр нь тэгширсэн байсан. Манай тэрүүгээр явдаг согтуу эрэгтэй нэг залуу барьчихсан “танай хүүг цохисон гэнээ, би цагдаа дуудчихлаа” гэж хэлсэн. Бас 2-3 эмэгтэй “ямар амар юм бэ, жаахан хүүхдийг ингэж цохиод байхдаа яадаг юм бэ” гээд зогсож байсан. Тэгтэл нөгөө согтуу залуу зугтаад араас нь нөгөө залуу гүйж барьж авсан. Ш.Ш гэх тэр согтуу залуу тухайн үед хоёр гартаа чулуу барьсан байсан.” /хх-85-87/ гэх мэдүүлэг,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Г.Оюун-Эрдэнийн өгсөн: “...Гаднаас нэг хүүхэд гүйж орж ирээд “амь авраарай” гээд миний ард нуугдсан. Араас нь манай 76 дугаар байранд байдаг Ш.Ш “алаад өгнөө” гээд ороод ирсэн. Би миний дүү Ш.Ш “эгчийнхээ дэлгүүрийг битгий нураачих” гэж тайвшруулсан.” /хх-90-91/ гэх мэдүүлэг,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 1 дүгээр сарын 29-ний өдрийн 1876 дугаартай дүгнэлтэд:

1.Б.Төгөлдөрийн биед зүүн нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

         3. Цаашид энгийн хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ, эдгэрлийн байдлаас хамаарна.” /хх-93/ гэх дүгнэлт, 

 

Мөрдөн шалгах ажиллагаанд Ш.Ш яллагдагчаар өгсөн: “...Нэг хүүхэд нь миний шилэн хүзүү рүү гараараа цохиод зугатахаар нь би араас нь тэр хоёр хүүхдийг хөөгөөд 77 дугаар байранд байдаг дэлгүүр рүү орсон. Худалдагч эгчийн араар орохоор нь татаж гаргаж ирээд нүүрэнд нь нэг л алгадсан.” /хх-102-103/ гэх мэдүүлэг,

 

Шүүгдэгч Ш.Ш урьд ял шийтгэгдсэн эсэхийг лавлагаа /хх-64/ зэрэг болон бусад хавтас хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтууд зэргээр нотлогдон тогтоосон байх тул шүүх дээрхи нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач холбогдолтой, үнэн зөв гэж үзсэн болно.

 

         Шүүх дээрх нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач хобогдолтой, үнэн зөв гэж үзсэн болно. Учир нь шүүгдэгч нь хохирогч нарыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн болон хүндэвтэр хохирол тус тус учруулсан, хохирогч нар нь дээрх болсон үйл явдлыг хараат бусаар мэдүүлсэн, хохирогч нарын эрүүл мэндэд учирсан хохирлыг үнэлсэн шүүх эмнэлгийн дүгнэлт зэргээр тогтоосон байна.

 

Ийнхүү шүүхийн шийдвэрийн тодорхойлох хэсэгт дурьдагдсан байдлаар шүүгдэгч Ш.Ш нь 2018 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 78 дугаар байрны гадна иргэн Ж.Энхбаатарыг зодож, улмаар эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1-д заасан гэмт хэргийн шинжийг,

мөн Ш.Ш нь согтуугаар 2019 оны 1 дүгээр сарын 27-ны өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Ахмадын хорооллын гадна ямар нэгэн шалтгаангүйгээр бага насны хүүхэд болох Б.Төгөлдөрийг цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэргийн шинжийг тус тус бүрэн агуулж байна.

Дээрх байдлаар шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруу тогтоогдсон учир түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй.

 

Энэ хэрэгт эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

 

Шүүхээс шүүгдэгч Ш.Шагжийг эрхэлсэн тодорхой ажил, орлогогүй байдал, хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1-д зааснаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэл тус тус оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар нэмж нэгтгэх нь зүйтэй байна гэж үзлээ. 

 

Хохирогч Ж.Энхбаатар нь гомдол саналгүй нэхэмжлэх зүйлгүй гэдгээ илэрхийлсэн бөгөөд насанд хүрээгүй хохирогч Б.Төгөлдөр, түүний хууль ёсны төлөөлөгч Ц.Цэцэгмаа нар нь эмчилгээний зардалтай холбоотой нотлох баримтаа шүүхэд гаргаж өгөөгүй тул энэ шийтгэх тогтоолын хүрээнд хангах боломжгүй бөгөөд холбогдох нотлох баримтаа бүрдүүлж иргэний журмаар жич нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг дурдах нь зүйтэй байна.

  

Шүүгдэгч Ш.Ш нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтгүй болно.

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

            1. Шүүгдэгч Ш.Ш ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн,

          мөн хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

           2. Ш.Ш Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар,

          Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1-т зааснаар 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгэсүгэй.

 

3. Ш.Ш Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1-д зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял дээр, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1-т зааснаар 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг нэмж нэгтгэн нийт 600 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4-т зааснаар Ш.Ш нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурьдсугай.

 

5. Энэ хэрэгт битүүмжлэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, Ш.Ш нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурьдсугай.          

 

6. Насанд хүрээгүй хохирогч Б.Төгөлдөр, түүний хууль ёсны төлөөлөгч Ц.Цэцэгмаа нар нь цаашид гарах эмчилгээний зардалтай холбоотой нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

 

7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба Ш.Шагжид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

     8. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч ,тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, өөрөө гардан авснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

     9. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл Ш.Ш д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

                                    ДАРГАЛАГЧ,

                                             ШҮҮГЧ                                Э.ЧИНГИС