Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 04 сарын 12 өдөр

Дугаар 210/МА2024/00747

 

 

 

 

 

2024 оны 04 сарын 12 өдөр

Дугаар 210/МА2024/00747

 

 

,,,,,,,,,,,, нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Баясгалан даргалж, шүүгч Д.Дэлгэрцэцэг, шүүгч Т.Бадрах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 181/ШШ2024/00436 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: ,,,,,,,,,,,, нэхэмжлэлтэй

Хариуцагч: ,,,,,,,,,,-д холбогдох,

13,200,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Т.Бадрах илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ,,,,,,,,,,,, нэхэмжлэгчийн өмгөөлөгч ,,,,,,,,,,,,, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ,,,,,,,,,,,, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Нандинцэцэг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:

,,,,,,,,-иас 2020 оны 01 дүгээр сарын 29, 02 дугаар сарын 04-ний өдрүүдэд шатахуун худалдан авч өөрийн автомашинаар тээвэрлэн ",,,,,,,,,,,,,-д худалдан борлуулсан.

Талуудын хооронд шатахуун худалдах, худалдан авах хэлцэл амаар тогтмол хийгддэг байсан учраас итгэлцэл үүсч улмаар 2020 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр 11,940,000 төгрөг, 2020 оны 02 дугаар сарын 29-ний өдөр 6,000,000 төгрөг, нийт 17,940,000 төгрөгийн үнийн дүн бүхий дээр дурдсанчлан худалдсан шатахууныхаа НӨАТ-ийн баримтыг тус тус ",,,,,,,,-иас хариуцагч ,,,,,,,,,,,,, руу шууд шивсэн.

Хариуцагч компани нь шатахууны төлбөрөөс 13,200,000 төгрөгийн төлбөрийг төлөөгүй бөгөөд шатахууны төлбөрийг төлнө гэсээр өнөөдрийг хүрлээ.

Иймд хариуцагч ,,,,,,,,,,,,,-иас худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 13,200,000 төгрөгийг гаргуулж намайг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:

",,,,,,,,,,,,, нь 2020 оны 01 дүгээр сарын 29-ний өдрөөс 02 дугаар сарын 04-ний өдрүүдэд ,,,,,,,,,,,, гэх иргэнд шатахууны захиалга өгч, шатахуун худалдан авсан зүйл байхгүй.

Нэхэмжлэгч нь ",,,,,,,,,,-ийг төлөөлөх хэн гэдэг ямар албан тушаалтай хүнтэй амаар хэлцэл хийдэг байсан, мөн шатахууныг хаана, хэрхэн хүлээлцдэг байсан талаараа юу ч бичээгүй байх ба зөвхөн ,,,,,,,,,,,,,-ийн регистрээр ,,,,,,,,,,,-иас шатахуун худалдан авснаа дурджээ. ,,,,,,,,,,-ийн регистрийг бүртгүүлэн шатахуун худалдан авсан нь худалдах худалдан авах гэрээ байгуулсан, шатахууныг хүлээн авсан гэж үзэх үндэслэл болохгүй.

,,,,,,,,,,,, нь шатахуунаа хэн гэдэг хүнд нийлүүлж хүлээлгэн өгсөн, тэр хүнээсээ шатахууныхаа үнийг шаардах эрхтэй болохоос гэрээ байгуулж шатахуун хүлээн аваагүй хуулийн этгээдээс шаардах эрхгүй. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч ,,,,,,,,,,-иас худалдах худалдан авах гэрээний үүрэгт 13,200,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч ,,,,,,,,,,,,д олгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгч ,,,,,,,,,,,, улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 223,950 төгрөгийг Улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч ,,,,,,,,,,-аас улсын тэмдэгтийн хураамж 223,950 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч ,,,,,,,,,,,,д олгож шийдвэрлэсэн байна.

 

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:

",,,,,,,,,,,,, нь 2020 оны 01 дүгээр сарын 29-ний өдрөөс 02-р сарын 04-ний өдрүүдэд ,,,,,,,,,,,, гэх иргэнд шатахууны захиалга өгч, шатахуун худалдан авсан зүйл байхгүй.

,,,,,,,,,,-ийг албан тушаалын болон хөдөлмөрийн гэрээний дагуу төлөөлөх ямар нэгэн хүнтэй нэхэмжлэгч ,,,,,,,,,,,, амаар харилцан тохиролцож байгаагүй. Өөрөөр хэлбэл компанийг төлөөлөх ямар ч боломжгүй ,,,,,,,,,,, гэж хүнд шатахуун хүлээлгэн өгсөн гэж тайлбарлаж, гэрч ,,,,,,,,,,, нь тухайн шатахууныг ",,,,,,,,,,,,, худалдан авсан гэж мэдүүлэг өгснийг үндэслэн шүүхээс ",,,,,,,,,,,,, шатахуун худалдан авсан гэж дүгнэсэн нь үндэслэлгүй.

Гэрч ,,,,,,,,,,, болон нэхэмжлэгч ,,,,,,,,,,,, нар нь хоорондоо шатахуун хүлээлцсэн талаар маргадаггүй бөгөөд гол нь тэрхүү шатахууныг ",,,,,,,,,,,,, худалдан авсан, хүлээн авсан талаар нотлох баримт байхгүй байхад, шүүх үндэслэлгүйгээр шатахуун худалдан авч, хүлээн авсан байна гэж дүгнэсэн. Иймд шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

5. Давж заалдах шатны шүүх хуралдаанд нэхэмжлэгч талын гаргасан тайлбарын агуулга:

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа нотолсон. Хэрэв гэрч худал мэдүүлэг өгсөн бол энэ талаар цагдаагийн байгууллагаар шалгуулаад баримтаа өгөх боломжтой. Нэхэмжлэлийн шаардлагаа нотолж байгаа үндэслэл бол 17,000,000 төгрөгийн шатахууныг ,,,,,,,,,,,, төлж дууссан, төлж дууссан гэсэн тамгатай өглөг, авлагын дэлгэрэнгүй тайлан байгаа. Гэтэл ,,,,,,,,,,-аас төлсөн баримтыг гаргаж өгдөггүй. н.Төгсбаяр гэдэг хүн шатахуун хүлээж авсан. н.Төгсбаярыг гэрчээр оролцуулъя гэсэн боловч хаяг нь тодорхойгүй учраас мэдүүлэг авч чадаагүй.

Нэмэгдсэн өртгийн албан татварын баримтыг залруулсан баримтыг хэрэгт гаргаж өгөөгүй. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 37.1 дэх хэсэгт заасан татгалзлын үндэслэлээ нотлох үүргээ биелүүлээгүй, анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэл бүхий гарсан байх тул хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлын хүрээнд хэргийг хянаад гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Анхан шатны шүүх нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлээгүйн улмаас Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэг заасан шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна.

 

2. Нэхэмжлэгч ,,,,,,,,,,,, нь 2020 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр 11,940,000 төгрөг, 2020 оны 02 дугаар сарын 29-ний өдөр 6,000,000 төгрөг, нийт 17,940,000 төгрөгийн үнийн дүн бүхий шатахууныг ,,,,,,,,,,-д худалдсан, үүнээс 13,200,000 төгрөгийн төлбөр төлөгдөөгүй гэх үндэслэлээр нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргасан.

 

2.1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар худалдах, худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээдэг.

 

2.2. Хэрэгт авагдсан ,,,,,,,,,,,-ийн өглөг, авлагын дэлгэрэнгүй тайлан, 2020 оны 01 дүгээр сарын 29, 02 дугаар сарын 04-ний өдрүүдийн шатахуун тослох материалын зарлагын падаан, ,,,,,,,,,,,-иас олгосон төлбөрийн баримт, гэрч ,,,,,,,,,,,ийн мэдүүлэг нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар зохигчийн хооронд худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн, улмаар гэрээний дагуу нэхэмжлэгч нь хариуцагчид шатахуун хүлээлгэн өгсөн үйл баримтыг нотлоогүй байна.

 

2.3. Учир нь 2020 оны 01 дүгээр сарын 29, 02 дугаар сарын 04-ний өдрүүдийн шатахуун тослох материалын зарлагын падаан нь ,,,,,,,,,,,-иас ,,,,,,,,,,-д шатахуун хүлээлгэн өгсөн агуулгатай боловч хүлээн авагчаар нэхэмжлэгч ,,,,,,,,,,,, гарын үсэг зурсан байх тул энэ баримтад үндэслэн ,,,,,,,,,,-д нэхэмжлэгч шатахуун хүлээлгэн өгсөн гэж дүгнэхгүй. Мөн шатахууны төлбөрийн зарим хэсгийг хариуцагчаас хүлээн авсан гэх нэхэмжлэгчийн тайлбарыг нотолсон баримт хэрэгт авагдаагүй.

Түүнчлэн гэрч ,,,,,,,,,,, нь ,,,,,,,,,, нь ,,,,,,,,,,,,ас шатахуун худалдан авсан гэж мэдүүлсэн байгаа боловч тэрээр ,,,,,,,,,,-д ажилладаггүй, гэрчийн мэдүүлэгт дурдсан нөхцөл байдал үнэн зөв, эргэлзээгүй болох нь хэрэгт авагдсан бичгийн баримтаар тогтоогдоогүй.

 

2.4. Дээрхээс дүгнэхэд нэхэмжлэгч нь хариуцагчтай худалдах, худалдан авах гэрээ байгуулж, өмчлөлд нь 17,940,000 төгрөгийн үнийн дүн бүхий шатахууныг хаана, хэзээ, хэрхэн хүлээлгэн өгсөн болохоо Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нотолж чадаагүй байна.

 

2.5. Иймд талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан гэрээний харилцаа үүссэн гэх үндэслэл тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгч нь шатахууны үнэ 13,200,000 төгрөгийг хариуцагчаас шаардах эрхгүй.

 

3. Дээрх үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 181/ШШ2024/00436 дугаар шийдвэрийг хүчингүй болгож,

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан үндэслэлгүй тул нэхэмжлэгч ,,,,,,,,,,,, хариуцагч ,,,,,,,,,,-д холбогдуулан гаргасан 13,200,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 223,950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ М.БАЯСГАЛАН

 

ШҮҮГЧИД Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

 

Т.БАДРАХ