Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 04 сарын 08 өдөр

Дугаар 210/МА2024/00707

 

 

 

 

 

2024 оны 04 сарын 08 өдөр

Дугаар 210/МА2024/00707

 

 

,,,,,,,,,,,,-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Баясгалан даргалж, шүүгч Д.Дэлгэрцэцэг, шүүгч Т.Бадрах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 102/ШШ2024/00440 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: ,,,,,,,,,,,,-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: ,,,,,,,,,,,,, ,,,,,,,,,,,, нарт холбогдох,

62,414,514 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагч ,,,,,,,,,,,,-ийн төлөөлөгч болон өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Т.Бадрах илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ,,,,,,,,,,,,,, хариуцагч ,,,,,,,,,,,,-ийн төлөөлөгч ,,,,,,,,,,, өмгөөлөгч ,, хариуцагч ,,,,,,,,,, өмгөөлөгч ,,,,,,,,,,,,, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Сарантуяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:

Барилга угсралтын гол хэрэгсэл болох хэв хашмал, дотор булан, тулаас, гадна буланг ашиглуулахаар ,,,,,,,,,,,,-тай 2022 оны 06 дугаар сарын 25-ны өдөр гэрээ байгуулсан.

Гэрээний хавсралт 1-д заасны дагуу 600мм хэв хашмалаас 500 ширхэг, 450мм хэв хашмалаас 16 ширхэг, 300мм хэв хашмалаас 60 ширхэг, 200мм хэв хашмалаас 60 ширхэг, дотор булан 41 ширхэг, гадна булан 20 ширхэг, тулаас өндөрлөгч 24 ширхэг, 6м труба 70 ширхэг, Зм труба 15 ширхэг, 2м труба 120 ширхэг бараа материалуудыг түрээсэлсэн.

Хариуцагч нь түрээсийн зүйлсийг 2022 оны 06 дугаар сарын 26-ны өдөр манай компаниас авсан бөгөөд үүнээс хойш түрээсийн хугацааг тооцож эхэлсэн. Энэ үед хариуцагч 3 сарын барьцааг 30 хоногийн түрээсийн төлбөрийн хамт 10,158,360 төгрөгийг төлж барагдуулсан.

Түрээсийн зүйлийг 2022 оны 07 дугаар сарын 26-ны өдөр буцааж өгөх ёстой байсан бөгөөд 07 дугаар сарын 25-ны өдөр буцаалт хийсэн боловч бараа дутуу, эвдрэл доголдолтой байсан нь 559,130 төгрөг болсон.

2022 оны 12 дугаар cap хүртэлх хугацааны түрээсийн төлбөр 25,654,189 төгрөг, акт нь 559,130 төгрөг, нийт 26,213,319 төгрөг болсон ба үүнээс төлсөн 10,158,360 төгрөгийг хасч тооцоход 16,054,959 төгрөгийн өртэй байсан.

Барааг буцааж өгөөгүй тул бид түрээсийн төлбөрийг үргэлжлүүлэн тооцохдоо 2023 оны 01-02 дугаар сард түрээсийг зогсоож, 2023 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн 10 дугаар сарын 30-ны өдрийн байдлаар үлдэгдэл бараа материалыг буцааж өгөөгүй тул тус өдрийг хүртэл түрээсийг тооцож 21,595,035 төгрөг, барааг буцааж өгөх эсэх нь тодорхой бус мөн харилцагч компанитай холбогдоход барааг буцаах боломжгүй гэсэн тул гэрээний хавсралт 1.2-т заасны дагуу үлдэгдэл барааны үнийг хуучин барааны үнээр үнэлж 24,764,520 төгрөг, нийт 62,414,514 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар нэхэмжилж байна гэжээ.

 

2. Хариуцагч ,,,,,,,,,, татгалзал, тайлбарын агуулга:

Миний бие ,,,,,,,,,,,,-д 2022 оны 06 дугаар сараас итгэмжлэл олгосны дагуу Хэнтий аймагт баригдаж буй барилга дээр хэрэглэгдэх барилгын материалыг агуулсан. Бараа материал бүрэн, тоо ширхэг нь дутаагүй өгсөн. Хүлээн авсан хүн нярав Хэнтий аймагт хариуцсан инженер нь материал бүрэн ирснийг утсаар хэлсэн. /,,,,,,,,,,,, 99024891/ Ингээд би энэ ,,,,,,,,,,,,-д ажиллахгүй болж хамааралгүй болсон. Энэ компанид ажиллахгүй болсон тул хариуцагчаар оролцох боломжгүй гэжээ.

 

3. Хариуцагч ,,,,,,,,,,,,-ийн татгалзал, тайлбарын агуулга:

2022 оны 03 дугаар сараас ,,,,,,,,,,,,ыг ,,,,,,,,,,,-ийн барилгын ажилд инженерээр томилон ажиллуулсан. 2022 оны 09 дүгээр сард ,,,,,,,,,,,-иас барилга угсралтын ажлын хөлс болох 173,380,238 төгрөгийн санхүүжилтийг авч гэрээ байгуулан ажилласан ,,,,,,,,,,,,-д түрээсийн төлбөрийг төлөх байсан. Гэтэл ,,,,,,,,,,,, нь компанийн удирдлагын зөвшөөрөлгүйгээр дур мэдэн бэлэн мөнгө, бартер тооцуулан LX570 автомашиныг залилан мэхэлж, авч манай компани болон бусад компани болох ,,,,,,,,,,,,-д их хэмжээний хохирол учруулсан. ,,,,,,,,,,,,-ийн барилга угсралтын хэв хашмалыг олгуулахаар ,,,,,,,,,,,,т даалгаж өгсөн боловч ,,,,,,,,,,-ийн агуулахад орхиж явсан байсан ба тус компани нь мөн өр төлбөрийн барьцаанд авснаар өнөөдрийг хүртэл ,,,,,,,,,,,,-ийн түрээсэлсэн хэв хашмалыг хүлээлгэн өгөх боломжгүй байдал үүссэн.

Иймээс манай ,,,,,,,,,,,, нь ,,,,,,,,,,,,ын гэмт хэргийн үйлдлийг шалгуулахаар Баянгол дүүргийн Цагдаагийн Нэгдүгээр хэлтэст гомдол гаргаж, одоогоор 230500261 дугаартай хэрэг бүртгэлтийн хэрэг нээгдэн шалгагдаж байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. ,,,,,,,,,,,,ын гэм буруутай асуудлыг шүүхээр тогтоолгож төлүүлэх хүсэлттэй байна гэжээ.

 

4. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Иргэний хуулийн 287 дугаар зүйлийн 287.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч ,,,,,,,,,,,-иас 62,414,514 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ,,,,,,,,,,,,-д олгож, хариуцагч ,,,,,,,,,,,,д холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1,60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсгүүдэд заасныг баримтлан нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 470,023 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ,,,,,,,,,,,-иас 470,023 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ,,,,,,,,,,,,-д олгож шийдвэрлэсэн байна.

 

5. Хариуцагч ,,,,,,,,,,,,-ийн төлөөлөгч болон өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:

5.1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2 дахь хэсэгт зааснаар шаардлагатай эрх зүйн туслалцаа үзүүлэх, хэргийн бодит байдлыг тогтооход туслах үүргээ хэрэгжүүлэх бололцоогоор шүүх хангаагүй, хуульд заасан эрхийг хязгаарласан гэж үзэж байна.

Гэрээ дуусгавар болоход эд хөрөнгийг хөлслүүлэгчид бүрэн бүтэн буцааж өгөх үүргийг ,,,,,,,,,,-ийн зүгээс инженер ,,,,,,,,,,,,т даалгасан боловч тухайн албан хаагч нь гэмт хэргийн шинжтэй үйлдэл хийсний улмаас компанийн зүгээс гэрээний үүргээ хэрэгжүүлэх боломжгүй нөхцөл байдалд хүрсэн. Энэ талаар харъяаллын дагуу Баянгол дүүргийн Цагдаагийн газрын 1 дүгээр хэлтэст гомдол гаргасан, хэрэг бүртгэлтийн 230500261 дугаартай хэрэг нээж мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа. Энэ талаарх нотлох баримт болох хэрэг нээсэн мөрдөгчийн тогтоолын хуулбарыг гаргаж өгөхөөр хүсэлт гаргасан боловч мөрдөгчөөс тодорхой бус албан бичиг шүүхэд хүргүүлснээс хэргийн үйл баримт, ,,,,,,,,,,,,ын холбогдсон хэрэг нь иргэний хэрэгтэй ямар хамааралтай болохыг тогтоолгүйгээр шүүх хуралдааныг үргэлжлүүлэх нөхцөл үүсч, ,,,,,,,,,, нь гэрээгээр хүлээсэн үүргээ хэрэгжүүлэлгүй ,,,,,,,,,,,,-д хохирол учруулсан гэсэн дүгнэлтэд хүрсэн.

5.2. ,,,,,,,,,,-ийн зүгээс гэрээний үүргээ зөрчсөн үү, эсхүл бусад этгээдийн үйлдсэн гэмт хэргийн улмаас ,,,,,,,,,, ,,,,,,,,,,-д хохирол, гэм хор учрах нөхцөл байдал үүссэн эсэхийг шүүхээс хангалттай шалгах боломжтой байхад энэ эрхээ хэрэгжүүлээгүй.

Шүүх хөлслөгч ,,,,,,,,,,-ийн буруугаас түрээсэлсэн эд хөрөнгийг ашиглаж чадаагүй юу гэсэн байдалд дүгнэлт хийгээгүй. ,,,,,,,,,, нь хэдий хүртэл хугацаанд түрээсэлсэн барилга угсралтын хэв хашмалыг ашигласан, эсхүл ашиглаагүй болон хүлээлгэн өгөх боломжгүй нөхцөл байдалд хүрсэн нь хөлслөгчийн буруугаас болсон эсэхийг тогтоолгүйгээр дүгнэлт өгсөн.

Иймд хариуцагчаас хөлслүүлсэн эд зүйлийг буцаан олгох арга хэмжээ авсан цаг хугацааг зөв тодорхойлох нь шударга ёсны зарчимд нийцэх болно.

5.3. Иргэний хуулийн 289.1.5-д зааснаар гэрээ дуусгавар болоход эд хөрөнгийг хөлслүүлэгчид бүрэн бүтэн буцааж өгөх үүргийн дагуу түрээслүүлсэн барилга угсралтын хэв хашмалыг буцаан олгуулахаар инженер ,,,,,,,,,,,,т даалгаж өгсөн боловч ,,,,,,,,,,-тай мөн гэрээ байгуулан ажиллаж байсан ,,,,,,,,,, нь өр төлбөрийн барьцаанд авч агуулахдаа хадгалж байгаа үйл баримт тогтоогдсон. Гэтэл шүүх биет байдлаараа байгаа түрээсийн эд зүйл болох барилга угсралтын хэв хашмалыг олгохыг даалгахгүйгээр, түүний үнэ гэх 24,764,520 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

 

6. Давж заалдах шатны шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга: Хариуцагч компанийн ажилчдын буруугаас болсон асуудал учраас нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох үндэслэлд хамаарахгүй гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх хариуцагчийн гаргасан гомдлын хүрээнд хэргийг хянаад гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.

 

2. Нэхэмжлэгч ,,,,,,,,,,,, хариуцагч ,,,,,,,,,,, ,,,,,,,,,,,,д холбогдуулан эд хөрөнгө хөлслүүлсний хөлс 37,649,994 төгрөг, хөлслүүлсэн эд хөрөнгийн үнэ 24,764,520 төгрөг, нийт 62,414,514 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч маргасан.

 

3. ,,,,,,,,, болон ,,,,,,,,,,,, нь 2022 оны 06 дугаар сарын 25-ны өдөр гэрээ байгуулж, уг гэрээгээр нэхэмжлэгч нь 5 нэр төрлийн 926 ширхэг барилга угсралтын хэрэгслийг 1 сарын хугацаатайгаар хөлслүүлэх, хариуцагч нь 1 сарын хөлс 7,158,360 төгрөгийг төлөхөөр харилцан тохиролцсон байна /хх 15-16/.

Нэхэмжлэгч нь 2022 оны 06 дугаар сарын 26-ны өдөр гэрээнд заасан барилга угсралтын хэрэгслийг хариуцагчид актаар хүлээлгэн өгсөн байна. Хөлслүүлэх эд хөрөнгийг хүлээлгэн өгснөөс хойш хугацааг тоолоход гэрээний хугацаа 2022 оны 07 дугаар сарын 26-ны өдөр дуусгавар болсон байх боловч хариуцагч нь барилга угсралтын хэрэгслийг нэхэмжлэгчид хүлээлгэж өгөлгүй үргэлжлүүлэн ашигласан байна /хх 11/.

Анхан шатны шүүх дээрх үйл баримтыг зөв тогтоож, талуудын хооронд Иргэний хуулийн 287 дугаар зүйлийн 287.1 дэх хэсэгт эд хөрөнгө хөлслөх гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэсэн нь үндэслэл бүхий болжээ.

 

3.1. Иргэний хуулийн 296 дугаар зүйлийн 296.1 дэх хэсэгт эд хөрөнгө хөлслөх гэрээний хугацаа дууссан боловч хөлслөгч эд хөрөнгийг үргэлжлүүлэн ашигласаар байгааг хөлслүүлэгч татгалзаагүй бол гэрээг тодорхой бус хугацаагаар тухайн нөхцөлөөр сунгасанд тооцно гэж заасан.

Иймд анхан шатны шүүх 2022 оны 06 дугаар сарын 26-ны өдрөөс 2023 оны 10 дугаар сарын 30-ны өдөр хүртэлх эд хөрөнгө хөлсөлсний төлбөр 47,808,354 төгрөгөөс хариуцагчийн төлсөн 10,158,360 төгрөгийн хасч тооцон үлдэх 37,649,994 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 287 дугаар зүйлийн 287.1 дэх хэсэгт нийцжээ.

Дээрх эд хөрөнгө хөлсөлсөн хугацааны төлбөрийн тооцоог хариуцагч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар няцаагаагүй.

 

3.2. Анхан шатны шүүх хөлслүүлсэн эд хөрөнгийн үнэ 24,764,520 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэхдээ Иргэний хуулийн 289 дүгээр зүйлийн 289.1.5, 295 дүгээр зүйлийн 295.4 дэх хэсгийн зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Хөлслөгч нь гэрээ дуусгавар болоход эд хөрөнгийг хөлслүүлэгчид бүрэн бүтэн буцааж өгөх үүрэгтэй бөгөөд энэ үүргээ биелүүлээгүй тохиолдолд хөлслүүлэгч нь өөрт учирсан хохирлоо шаардах эрхтэй байдаг.

Хэргийн үйл баримтаас дүгнэхэд хариуцагч нь нэхэмжлэгчээс хүлээн авсан барилга угсралтын хэрэгслийг буцааж хүлээлгэж өгөөгүй болох нь тогтоогдсон. Энэ тохиолдолд нэхэмжлэгч нь барилга угсралтын хэрэгслийг биет байдлаар бус мөнгөн хэлбэрээр шаардсан нь Иргэний хуулийн 295 дугаар зүйлийн 295.4 дэх хэсэгт нийцсэн.

Хэдийгээр хариуцагч ,,,,,,,,,,,,-ийн зүгээс барилга угсралтын хэрэгслийг буцааж хүлээлгэж өгөөгүй нь тухайн компанийн ажилтан ,,,,,,,,,,,,аас шалтгаалсан гэж тайлбарлаж буй боловч энэ хэргийн маргааны зүйлд уг асуудал хамааралгүй байна.

Учир нь эд хөрөнгө хөлслөх гэрээний харилцааны оролцогчийн хувьд нэхэмжлэгчийн өмнө хөлслөгчийн хүлээх хариуцлагыг ,,,,,,,,,,,, хүлээнэ. Харин ,,,,,,,,,,,,-ийн ажилтан ,,,,,,,,,,,, нь барилга угсралтын хэрэгслийг хүлээлгэн өгөөгүй, өөр этгээдэд хүлээлгэн өгсөн зэрэг нь ,,,,,,,,,-ийн шаардах эрхэд нөлөөлөхгүй юм.

Иймд ,,,,,,,,,,,, барилга угсралтын хэрэгслийг хүлээлгэж өгөх ёстой байсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг ,,,,,,,,,,,,ын шалгагдаж буй эрүүгийн хэрэгтэй холбоотойгоор түдгэлзүүлээгүй гэх гомдол үндэслэлгүй.

 

3.3. Хариуцагч ,,,,,,,,,,,,д холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосонд зохигч гомдол гаргаагүй учир хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны талуудын зарчмын дагуу үүнд давж заалдах шатны шүүх эрх зүйн дүгнэлт өгөх шаардлагагүй.

 

4. Дээрх үндэслэлээр хариуцагчийн төлөөлөгч болон өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 102/ШШ2024/00440 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч ,,,,,,,,,,,,-ийн төлөөлөгч болон өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 470,023 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ М.БАЯСГАЛАН

 

ШҮҮГЧИД Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

 

Т.БАДРАХ