Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 01 сарын 08 өдөр

Дугаар 40

 

   

                                   

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                    

                           

 

 

 

 

                      

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

           

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч О.Жанчивнямбуу даргалж

хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Мөнхтулга хөтлөн

улсын яллагч Б.Батсайхан

шүүгдэгч Ц.Э-, түүний өмгөөлөгч Н.Дашдулам

нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 18050381000000 тоот, 1 хавтас хэргийг 2018 оны 12 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1968 оны 7 дугаар сарын 28-нд Увс аймгийн Малчин суманд төрсөн, 51 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, Төв аймаг Батсүмбэр сум, 1 дүгээр баг, Мандал уйлант 5 дугаар гудамж 4 тоотод хаягийн бүртгэлтэй, ам бүл 6; эхнэр, хүүхдүүдийн хамт Баянгол дүүргийн 10 дугаар хороо, Зүүннарангийн 11 дүгээр гудамж, 000 тоотод түр оршин суух,

ял шийтгэл: 1999 оны 6 дугаар сарын 16-ны  өдөр Төв аймгийн Сум дундын 2 дугаар шүүхийн 94 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 3 жил хорих ялаар шийтгүүлж, 2 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан,

дугаарын регистртэй, Боржигон овогт Ц-ий Э-

 

Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр;

Шүүгдэгч Ц.Э- 2018 оны 7 дугаар сарын 22-ноос 23-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 10 дугаар хороо, 10 гудамжинд хохирогч Ш.Т-д хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж 49.000 төгрөгийн үнэ бүхий эд хөрөнгийг нь дээрэмдсэн гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүгдэгч Ц.Э- шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:

Би 7 дугаар сарын 22-ны өдөр 16 цагийн үед гэртээ ганцаараа байж байтал хажуу айлын Төгсөө ах орж ирээд хонь аваад ирлээ, гаргаад өгөөч гэхээр нь гэрт нь очиж янзалж өгтөл надад 0.5 литрийн “Хараа” нэртэй архи өгөхөөр нь бид хоёр хувааж уугаад, дараа нь Цэцгээгийнд очтол Цэцгээ “Алдарт эх”-ийн одон авсан гээд гэрт нь хүмүүс ирсэн байсан. Тэднийд би архи дарс уугаагүй, байшин энэ тэрийн талаар ярьж байгаад гарсан. Гэртээ ирээд гэрт байсан “Казакстан” нэртэй 0.4 литрийн архийг уусан. Гэрээсээ эргэж гараад Цэцгээгийн гэрт байсан Т- гэгчтэй гудамжинд тааралдаад түүнийг цүнхийг нь булаасан. Цүнхийг нь гэрийн үүдний модон хайрцагт нуучихаад гэр рүүгээ орсон. Маргааш өглөө нь Цэцгээ, хохирогч Т- гэгч нөхөртэйгээ гурвуулаа орж ирээд эд зүйлээ нэхэхээр нь би бүгдийг буцааж өгсөн. Намайг цагдаад хэлэхгүй энэ тэр гэж байснаа цагдаа өгсөн байсан. Тэгээд 2 хоногийн дараагаас цагдаа дуудсан. Авсан эд зүйлээс гадна би Т- нэхсэн 300.000 төгрөгийг нь өгсөн. Дараа нь сувилалд явмаар байна, дахин 300.000 төгрөг өг гэж нэхсэн.

Ийм хэрэг хийсэндээ үнэхээр их харамсаж, хүүхдүүдээсээ ичиж байна. Би өдий наслах хүртлээ хүүхдүүддээ захиж сургаж ирсэн. Одоо миний бага хүү 20 настай. Манайх 3 хүүхэдтэй айл. Гэтэл архинаас болж өөрөө ийм зүйл хийлээ. Надад холбогдох хэргийг хуульд заасны дагуу шийдвэрлэж өгнө үү гэв.

 

        ТОДОРХОЙЛОХ нь:

 

Хавтаст хэрэгт авагдсан шийтгэх болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг шүүх шинжлэн судлахад мөрдөн шалгах ажиллагааны явцад энэ хэрэгт хохирогчоор тогтоогдсон

хохирогч Шараагийн Т- “… 2018 оны 7 дугаар сарын 22-ны орой 18 цагийн үед би нөхөр Мягмарсүрэнгийн хамт төрсөн дүү болох Очирпүрэвийн эхнэр нь “Алдарт эх”-ийн одон авсан гээд гэрт нь очсон. Хоол, унд идээд бид нар 0.33 граммын архи уусан. Тэгтэл гаднаас үл таних хүн орж ирээд манай дүүтэй мэндлээд байшингаа барьж дуусаагүй юм уу гээд асуугаад, намайг Доогий гэдэг гэж хэлээд гараад явсан. Нөхөр бид хоёр жаахан сууж байгаад гарсан. Манай нөхөр астамтай хурдан явж чаддаггүй, цаг орой болсон учир унаа олдохгүй байж магадгүй гээд би түрүүлээд явсан. Гэтэл харанхуй гудамжнаас үл таних хүн араас цамцнаас татаад хашаа руу Т-д хоолойнд хутга Т-д ална шүү гичий минь гээд миний өмдийг тайлах гээд оролдоод байсан. Намайг газар унагаасан. Би царайг нь харсан чинь нөгөө манай дүүгийнд орж ирсэн согтуу хүн байсан. Тэгэхээр нь би чи нөгөө Доогий байна гэж хэлсэн. Тэр цаана нь бас хүн дуугарсан чинь гэнэт эвгүй болсноо босоод миний цүнхийг булаагаад зугтчихсан” /хх-н 7-9/,

“... миний бие 2004 оны өвөл 12 сард Хан-Уул дүүргийн 9 дүгээр хороо, Буянт-Ухаагийн 23 дугаар гудамжны 924 тоот гэртээ шатаад түүнээс болж 1 сар ухаангүй Гэмтлийн эмнэлэгт хэвтэж, 6 сар гаруй хугацаанд 70 хувийн түлэгдэлтэйгээр хэвтрийн норкозны байдалтай, бүтэн норкозонд ордог байсан. Түүнээс болж болсон асуудал болон бусадтай ярьсан зүйлээ мартаад байдаг юм. Тийм учраас болсон асуудлыг буруу зөв ярьсан юм шиг байна. Далан дээр явж байхад Э- миний араас ирээд өмсөж байсан цамцнаас татаад шууд хашаа руу түлхсэн. Тэгээд шахаад Т-д дуугарвал ална шүү гичий минь гээд миний зүүн гартаа барьсан байсан цүнхийг авах гэж оролдсон. Намайг хашаа руу түлхэж ална шүү гэхэд би хоолойд хутга тулгалаа гэж бодсон. Яг хутга байсныг нь хараагүй. Миний өмсөж явсан цамцны ар баруун тал хэсгээс татсан ба эргэж харахад шууд хашаа руу түлхэж тулгасан. Ингэхдээ цамцны захаар болон эсвэл гараараа хоолойд тулгахад би андуурч хутга гэж бодсон байх. Хутга байсан эсэхийг бол хараагүй. Тэгээд цүнх авах гэж ноцолдож байхдаа бид хоёр газарт унасан. Ингээд би газарт унахдаа цүнхээ тавьсан учраас Э- аваад зугтсан. Энэ үед би Э-ыг таниад чи манай дүүгийнд орж ирсэн Доогий мөн үү гэж хэлэхэд зугтаад гүйсэн” /хх-н 75-76/ гэж,

гэрч Батаагийн Төгсөө “… энэ оны буюу яг хэдний өдрийг нь сайн санахгүй байна, 2018 оны 7 дугаар сард Наадмын дараахан би Эмээлтээс хонь авчираад би өөрөө гаргаж чаддаггүй учраас Э-ын гэрт орой 16 цагийн үед очоод хонь гаргаад өгөөч гээд гэрээс нь дагуулаад гэртээ авчирсан. Намайг гэрт дагуулж ирэхэд согтуу байсан эсэхийг нь анзаараагүй. Би гэртээ дагуулж ирээд хонь төхөөрүүлэхдээ гэрээсээ хүрэн бор өнгийн целлойдон шахмал иштэй, ир ажлын хэсэг нь 20 орчим см урттай хутгаа гаргаж өгөөд хонио гаргуулсан. Тэгээд гэдэс цэвэрлэж байх хооронд Э- толгой шийр хуйхалж өгөөд гэдэс чанаад дуусахад гэдэс идээд 18 цаг өнгөрөөгөөд гараад явсан. Манай гэрт ирэхэдээ хутгатай ирснийг нь мэдэхгүй. Би гэрт байсан хутгаар хонио гаргуулсан ба би хутгаа өгч явуулаагүй” /хх-н 77-78/ гэж,

гэрч Ц-доржийн Цэцгээ “… би “Алдарт эх”-ийн 2 дугаар зэргийн одон авсан бөгөөд манай нөхрийн төрсөн эгч болох Т- нь өөрийн нөхрийн хамт 7 дугаар сарын сүүлчээр байсан Наадмын дараахан манай гэрт ирсэн. Т- нөхөртэйгээ хамт орж ирээд нэг шил архи гаргаж ирсэн бөгөөд жаал идэж уух юм авчирсан байсан. Манай гэрт Т- орж ирэхдээ эрүүл байсан. Тэгээд 0.5 литрийн хэмжээтэй Соёрхол нэртэй архиа манай нөхөр болон өөрийн нөхөртэйгээ хувааж уугаад дууссан байхад Э- нь арай гэгээ тасраагүй байхад ганцаараа бага зэрэг архи үнэртүүлсэн байдалтай согтуу орж ирсэн. Э- нь орж ирээд манайх байшин барьж байсан тул байшин чинь хэр болсон гэж асууж байсан. Э-од архинаас өгөөгүй дуусчихсан байсан. Тэгээд удалгүй Э- гараад явчихсан. Хэсэг хугацааны дараа Т- нөхрийнхөө хамт 22 цагийн үед гараад явсан. Маргааш өглөө эрт Т- ганцаараа манайд ирээд танайд орж ирсэн тэр Док, Доогий чинь цүнх булаачихлаа хамаг бичиг баримт байхгүй байна гэсэн. Тэгэхээр нь би Э-ын гэр рүү нь дагуулж очтол цүнхийг нь гэрийнхээ хажуугийн лаазнаас гаргаж өгч байсан. Доторх эд зүйлсийг нь би хараагүй. Т- яасан их хүн дээрэмддэг юм бэ гэхээр нь би та нар өөрсдөө учраа ол гэж хэлээд гараад явсан” /хх-н 79-80/ гэж,

гэрч Шараагийн Очирпүрэв “… манай эхнэр “Алдарт эх”-ийн 2 дугаар одонгоор шагнуулсан юм. Эхнэр Цэцгээг шагнуулсан гээд өөрийн ойр дотны болох эгч Т-, хүргэн ах Мягмарсүрэн нарын хамт гэртээ дуудаж багахан хэмжээний цайллага хийсэн. Тухайн үед ах эгч хоёр ирэхдээ 0.75 граммын Хараа нэртэй архитай ирсэн. Тэгээд уг архийг бид нар хувааж уусан ба эхнэр Цэцгээ нээх уугаагүй 1-ээс 2 удаа уусан байх үлдсэнг нь бид гурав хувааж уусан. Ингээд архиа уугаад дуусчихсан хоорондоо зүгээр ойр зуурын юм яриад сууж байтал гаднаас Э- халамцуу, архи үнэртүүлчихсэн орж ирэхээр нь цай хийж  өгөөд, эхнэр одон аваад, түүнийх нь цайллага маягтай зүйл болоод ах, эгчийнхээ хамт сууж байна гэж хэлэхэд Э- за уучлаарай, мэдсэнгүй хоосон ороод ирлээ гэж хэлээд гараад явсан. Тэгээд эгч Т- нөхөртэйгээ жаахан байж байгаад 22 цагийн орчимд байх гэрээс гэртээ харина гээд цуг гараад явсан. Эгч Т- болон хүргэн ах Мягмарсүрэн нар манайд ирэхдээ архи уугаагүй ирсэн ба авчирсан архиа хувааж уугаад бага зэргийн согтолттой харьлаа гээд яваад өгсөн. Маргааш өглөө нь эгч Т-, нөхөртэйгээ орж ирээд өчигдөр танайд орж ирсэн хүн миний цүнхийг булаагаад аваад явчихлаа, гэрийг нь заагаад өг гэхээр нь би учрыг нь сайн ойлгоогүй, эхнэр болсон асуудлыг асуугаад Э-ын гэрийг зааж өгөхөөр явсан” /хх-н 81-82/ гэж тус тус мэдүүлжээ.

 

Нэр бүхий хохирогч, гэрч нарын дээрх мэдүүлгүүд болон бичгийн бусад баримтууд нь “дээрэмдэх” гэмт хэрэг үйлдэгдсэн буюу шүүгдэгч Ц.Э-ын гэм буруутайг нотлох бөгөөд прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл хэргийн бодит байдалд нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг ноцтой зөрчсөн зөрчилгүй, хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байна гэж шүүх дүгнэв.

 

Шүүх энэ хэргийг прокуророос ирүүлсэн яллах дүгнэлтийн хэмжээнд буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлд заасан “Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хэмжээ хязгаар”-ын хүрээнд хэлэлцэн шийдвэрлэснийг дурдах нь зүйтэй.

Тухайлбал шүүгдэгч Ц.Э-од холбогдох энэ хэргийг урьд өмнө нь прокуророос “дээрэмдэх гэмт хэргийг зэвсэг /хутга/ хэрэглэж үйлдсэн” гэж шүүхэд ирүүлж байсан ба 2018 оны 10 дугаар сарын 16-ны өдөр тус шүүхийн шүүгчийн 1694 дугаартай захирамжаар “шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагааг хийлгэх бол” гэсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан заалтаар прокурорт буцааж шийдвэрлэсэн болно.

 

Харин мөрдөн шалгах ажиллагааг дахин явуулж прокурорын 254 дугаартай тогтоолоор хэргийн зүйлчлэлийг өөрчлөн Ц.Э-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллажээ.

 

Хохирол төлбөрийн хувьд шүүгдэгч Ц.Э- хохирогч Ш.Т-д учирсан гэх хохирлыг бүрэн төлж барагдуулсан буюу бусдад төлөх төлбөргүй байна.

 

Шүүхээс шүүгдэгч Ц.Э-од ял оногдуулахдаа “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний ... үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн Шударга ёсны зарчмыг баримтлав.

 

Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуульд “Дээрэмдэх” гэмт хэргийн хүндрүүлэх шинжийг “... бусдын эд хөрөнгийг авахаар хүч хэрэглэсэн байхыг, хүч хэрэглэхээр заналхийлж довтолсон бол ...” гэж тодорхойлсон.

Өөрөөр хэлбэл хүч хэрэглэсэн, эсхүл хүч хэрэглэхээр заналхийлж довтолсоноор уг гэмт хэрэг төгссөн байхаар зохицуулжээ.

 

Улмаар ялын санкцыг “... хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж тогтоосон нь гэмт хэргийн ангилалаараа хүнд гэмт хэрэгт хамаарах тул шүүгдэгч Ц.Э-од оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэх нь зүйтэй гэж үзэв.

 

Ц.Э- 1999 оны 6 дугаар сарын 16-ны  өдөр Төв аймгийн Сум дундын 2 дугаар шүүхийн 94 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 3 жил хорих ялаар шийтгүүлж, 2 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан байх боловч түүний ялтай байдлын хугацаа хуулийн зохих заалтын дагуу дуусгавар болжээ.

 

Шүүгдэгч Ц.Э-ын хувийн байдал, анх удаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, учруулсан хохирлоо нөхөн төлсөн буюу бусдад төлөх төлбөргүй зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хорих ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг журамлаж шийдвэрлэлээ.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйл, битүүмжлэгдсэн хөрөнгө үгүй, шүүгдэгч Ц.Э- цагдан хоригдсон хоноггүй болно.

 

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36 дугаар бүлгийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйл, 36.6 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 36.13 дугаар зүйл, 37 дугаар бүлгийн 37.1 дүгээр зүйл, 37.2 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

        ТОГТООХ нь:

  

          1. Боржигон овогт Ц-ий Э-ыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж дээрэмдсэн гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Ц.Э-ыг 1 /нэг/ жил хорих ялаар шийтгэсүгэй.

 

3. Ц.Э-од оногдуулсан 1 жил хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

 

4. Ц.Э- цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдаж,

түүнд урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг 2019 оны 1 дүгээр сарын 08-ны өдрөөс өөрчлөн, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол ШШГЕГазрын Цагдан хорих 461 дүгээр хаалттай ангид хорьсугай.

 

5. Ц.Э- бусдад төлбөх төлбөргүй, хохирогч Ш.Т- гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг, энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгө үгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүйг тус тус дурдсугай.

 

6. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоол гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, өмгөөлөгч, нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тус тус дурдсугай.

 

7. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл Ц.Э-ыг цагдан хорьсонг хэвээр байлгасугай.

 

 

 

 

                                    ДАРГАЛАГЧ,

                         ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                          О.ЖАНЧИВНЯМБУУ