Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 04 сарын 08 өдөр

Дугаар 210/МА2024/00706

 

 

 

 

 

2024 оны 04 сарын 08 өдөр

Дугаар 210/МА2024/00706

 

 

,,,,,,,,,,,,,-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Гандиймаа даргалж, шүүгч М.Баясгалан, шүүгч Т.Бадрах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 183/ШШ2023/00554 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: ,,,,,,,,,,,,,-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: ,,,,,,,,,,,,д холбогдох,

5,220,939 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Т.Бадрах илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ,,,,,,,,,,,, хариуцагч ,,,,,,,,,,,,, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга ,,,,,,,,,,,, нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:

,,,,,,,,,,,, нь 2022 оны 02 дугаар сарын 14-ний өдөр хэрэглээний зээлийн зориулалттай Цахим зээлийн эрх нээх гэрээ байгуулсан. ,,,,,,,,,,,,гийн цахимаар гаргасан хүсэлтийн дагуу /Pocket/ аппликейшны 7701970476 дугаартай зээлийн дансанд 2022 оны 05 дугаар сарын 18-ны өдөр 3,241,000 төгрөг, 2022 оны 06 дугаар сарын 21-ний өдөр 480,000 төгрөг, 2022 оны 10 дугаар сарын 12-ны өдөр 50,000 төгрөгийг олгосон.

Цахим зээлийн эрх нээх гэрээ-ний онцлог нь зээлдэгч зээлийн гэрээний хүрээнд эргэн төлөлтийн хуваарийн дагуу үндсэн зээл болон үйлчилгээний төлбөр болох шимтгэлийг хугацаандаа төлсөн тохиолдолд зээлийн хүү төлдөггүй. Харин эргэн төлөлтийн хугацаандаа үндсэн зээл, шимтгэлийг төлөөгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоногоос эхлэн зээлийг ашигласан хариу төлбөр болох хүү, түүний хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэг хүлээдэг.

Зээлдэгч нь эргэн төлөлтийн хуваарийн дагуу үндсэн зээл, шимтгэлийг төлөх үүрэгтэй боловч зээлийн гэрээний хугацаа дууссан өдрөөс эхлэн гэрээний үүргээ зөрчиж, зээлийн төлбөрийг төлөх талаар утсаар болон мессежээр, түүний хувийн аппликейшн дэх цэс рүү нь мэдэгдэл удаа дараа илгээсэн боловч зээлээ хугацаандаа төлж барагдуулаагүй.

2023 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн байдлаар 2022 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 3,241,000 төгрөгийн зээлийн үлдэгдэл нь үндсэн зээл 3,240,998 төгрөг, шимтгэл 223,800 төгрөг, үндсэн хүү 1,294,090 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 258,818 төгрөг, нийт 5,017,707 төгрөг, 2022 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 480,000 төгрөгийн зээлийн үлдэгдэл нь үндсэн зээл 79,999 төгрөг, шимтгэл 0, үндсэн хүү 30,009 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 6,001 төгрөг, нийт 116,011 төгрөг, 2022 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 50,000 төгрөгийн зээлийн үлдэгдэл нь үндсэн зээл 49,999 төгрөг, шимтгэл 1000, үндсэн хүү 24,262 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 4,458 төгрөг, нийт 79,720 төгрөг, шүүхэд нэхэмжлэл гаргасантай холбогдон гарсан нотариатын зардал 7,500 төгрөг болсон.

Иймд хариуцагч ,,,,,,,,,,,,гаас нийт 5,220,939 төгрөгийг гаргуулж өгнө үү.

 

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:

Нэхэмжилж байгаа үнийн дүнгийн үндсэн зээлийг бол хүлээн зөвшөөрч байна. Харин шимтгэл болон нэмэгдүүлсэн хүү зэргийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Зээл авахад шимтгэлийг хасаад шилжүүлдэг байсан. Залгах болгонд би утсаа авч байсан. Хүү нь өндөр байсан болохоор төлөх боломжгүй, хүүг зогсоож өгнө үү гэсэн хүсэлтийг удаа дараа гаргасан.

2023 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргаад энэ хүртэл хугацаагаар нэмэгдүүлсэн хүү, үндсэн хүү тооцсоныг зөвшөөрөхгүй.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1, 219 дүгээр зүйлийн 219.1-т заасныг тус тус баримтлан хариуцагч ,,,,,,,,,,,,гаас зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 4,220,683 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ,,,,,,,,,,,,,-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 1,000,256 төгрөгийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 98,485 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ,,,,,,,,,,,,гаас улсын тэмдэгтийн хураамжид 82,481 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн.

 

4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:

4.1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, Банк эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2 дахь хэсэгт заасны дагуу зээлдэгч нь гэрээнд заасны дагуу зээлийг хугацаанд нь төлөх, хугацаа хэтрүүлсэн тохиолдолд зээлээ эргүүлэн төлөх хүртэл хугацаанд тооцогдсон хүү, нэмэгдүүлсэн хүүг төлөх үүрэгтэй юм.

Гэтэл анхан шатны шүүхээс хариуцагч зээлийн гэрээнд заасан үүргээ гүйцэтгэлгүй 530 хоног хугацаа хэтрүүлсэнд нэхэмжлэгч тал буруутай мэтээр шийдвэрлэж байгаа нь үндэслэлгүй юм.

4.2. Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.5, 6.6 дахь хэсэгт зааснаар банк бус санхүүгийн байгууллага нь харилцагчаас гэрээнд тусгасан шимтгэлийг авах эрхтэй ба зээлийн шимтгэлийн хэмжээ нь үндэслэлтэй байгаа эсэхийг тогтоох эрх бүхий этгээд нь Санхүүгийн зохицуулах хороо юм.

Цахим зээлийн эрх нээх гэрээ-ний 2 дугаар зүйлийн 2.4.3-т заасны дагуу нэхэмжлэгч нь хариуцагчаас зээлийн шимтгэл төлүүлэхээр шаардсан. Гэтэл анхан шатны шүүхээс хууль тогтоомжид системчилсэн тайлбар хийлгүйгээр ганцхан зүйл заалтыг таслан авч хуулийн хүрээ хязгаарыг зөвхөн тухайн заалтаар хязгаарлан зээлийн шимтгэл шаардах эрхгүй мэтээр шийдвэрлэж байгаа нь үндэслэлгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагаас 1,000,256 төгрөгт холбогдох хэсгийг хангаж өгнө үү.

 

5. Давж заалдах шатны шүүх хуралдаанд хариуцагчийн гаргасан тайлбарын агуулга:

Хүү, нэмэгдүүлсэн хүүг зөвшөөрөхгүй байгаа. Төлж чадахгүй гэдгээ мэдэгдэж байсан, гэтэл 2023 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргаад энэ хүртэл хугацаагаар нэмэгдүүлсэн хүү, үндсэн хүү тооцсон. Иймд гомдлыг зөвшөөрөхгүй.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлын хүрээнд хэргийг хянаад гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

 

2. Нэхэмжлэгч ,,,,,,,,,,,,, нь хариуцагч ,,,,,,,,,,,,д холбогдуулан үндсэн зээл 3,370,996 төгрөг, хүү 1,348,361 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 269,277 төгрөг, зээлийн шимтгэл 224,805 төгрөг, нотариатын зардал 7,500 төгрөг, нийт 5,220,939 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргасан.

 

3. ,,,,,,,,,,,, нь ,,,,,,,,,,,,,-тай 2022 оны 02 дугаар сарын 14-ний өдөр Цахим зээлийн эрх нээх гэрээ байгуулж, уг гэрээний дагуу 2022 оны 05 дугаар сарын 18-ны өдөр 3,241,000 төгрөгийг 30 хоногийн хугацаатай, 06 дугаар сарын 21-ний өдөр 480,000 төгрөгийг 90 хоногийн хугацаатай, 10 дугаар сарын 12-ны өдөр 50,000 төгрөгийг 30 хоногийн хугацаатай, сарын 5 хувийн хүүтэй зээлж авсан байна.

Анхан шатны шүүх дээрх үйл баримтыг зөв тогтоож, талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээний харилцаа үүссэн, гэрээ хүчин төгөлдөр гэж зөв дүгнэжээ.

Гэрээний хүү, нэмэгдүүлсэн хүүгийн тохиролцоо нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2 дахь хэсэгт нийцсэн.

 

3.1. Үндсэн зээлийн үлдэгдэл 3,370,996 төгрөг, нотариатын зардал 7,500 төгрөг гаргуулах шаардлагыг анхан шатны шүүх хангаж шийдвэрлэсэнд зохигч гомдол гаргаагүй учир талуудын зарчмын дагуу үүнд давж заалдах шатны шүүх дэлгэрэнгүй эрх зүйн дүгнэлт өгөхгүй.

 

3.2. Анхан шатны шүүх зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү гаргуулах нэхэмжлэлийн зарим хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ хууль буруу тайлбарлаж хэрэглэсэн байгааг давж заалдах шатны шүүхээс залруулна.

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт зааснаар банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд нь гэрээний хугацаа дуусгавар болсон эсэхээс үл хамааран төлөгдөөгүй зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг шаардах эрхтэй.

Энэхүү эрхээ хэрэгжүүлж шүүхэд нэхэмжлэл гаргаагүй үндэслэлээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдийн шаардаж буй хүү, нэмэгдүүлсэн хүүг бууруулах хуулийн зохицуулалт байхгүй. Анхан шатны шүүх уг нэхэмжлэлийг шийдвэрлэхдээ Иргэний хуулийн 13 дугаар зүйлийн 13.1 дэх хэсэгт заасан зохицуулалтыг тайлбарлаж хэрэглэсэн нь дээрд дурдсан хуульд тусгайлан заасан хэм хэмжээнд нийцээгүй.

Иймд хүү 1,348,361 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 269,277 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг хангасан өөрчлөлтийг шийдвэрт оруулна.

 

3.3. Зээлийн шимтгэл 224,805 төгрөг гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгохдоо шүүх хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2 дахь хэсэгт зааснаар зээл, хүү, нэмэгдүүлсэн хүү шаардах эрхтэй.

Харин гэрээний 2.4.3-т зээлийн шимтгэл нь сарын 8 хувь хүртэл дүнгээр апплейкшнд тооцоологдсон дүн байх ба зээлдэгчийн кредит оноо, цахим зээлийн эрх, дэд эрх, зээлийн хэмжээ, зээлийн хугацаа зэргээс хамаарна гэж заасан нь дээрх нэхэмжлэгчийн шаардах эрхэд хамаарахгүй. Гэрээний уг заалтын агуулгаар энэхүү зээлийн шимтгэл нь зээл олгосны зардалд хамаарахгүй болох нь тогтоогдож байна.

Энэ талаарх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй.

 

3.4. Нэхэмжлэлийг хангасан хэмжээ өөрчлөгдөж байгаа тул улсын тэмдэгтийн хураамжийн хуваарилалт, хууль хэрэглээнд зохих өөрчлөлт оруулна.

 

4. Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 183/ШШ2023/00554 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

1 дэх заалтад 4,220,683 гэснийг 4,996,134 гэж, 1,000,256 гэснийг 224,805 гэж өөрчилж,

2 дахь заалтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 98,485 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 94,888 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай. гэж өөрчлөн найруулж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 28,558 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.ГАНДИЙМАА

 

ШҮҮГЧИД М.БАЯСГАЛАН

 

Т.БАДРАХ