Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 04 сарын 08 өдөр

Дугаар 210/МА2024/00705

 

 

 

 

 

2024 оны 04 сарын 08 өдөр

Дугаар 210/МА2024/00705

 

 

,,,,,,,,,,,,гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Дэлгэрцэцэг даргалж, шүүгч Т.Гандиймаа, шүүгч Т.Бадрах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 101/ШШ2024/00620 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: ,,,,,,,,,,,,гийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: ,,,,,,,,,,,,,т холбогдох,

ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор, ээлжийн амралтын мөнгө гаргуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, бичилт хийхийг даалгуулах, цалин нөхөн гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Т.Бадрах илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч ,,,,,,,,,,,,, нэхэмжлэгчийн өмгөөлөгч ,,,,,,,,,,, С.Сэргэлэн, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ,,,,,,,,,,,,,, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Сарантуяа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:

Миний бие нь 2023 оны 02 дугаар сарын 01-нийн өдрөөс 256 дугаар цэцэрлэгт нягтлан бодогчоор ажиллаж эхэлсэн бөгөөд 02 дугаар сарын 10-ны өдөр ажилд авсан тушаал гарсан.

Ажил үүргийн хуваарийн дагуу цалин хөлс хянаж үзэхэд эрхлэгч,,,,,,,,,,,гийн удирдах үйл ажиллагаатай холбоотой хууль дүрэмд нийцэхгүй, цэцэрлэгийн хүүхдийн хоол үйлдвэрлэл, хүнсний эрүүл, аюулгүй байдлыг хангахад чиглэсэн стандарт, норм, норматив, санхүүгийн сахилга бат, ил тод байдлыг алдагдуулж орон тооны дутмаг байдлыг ашиглан өөрийн ашиг сонирхлын төлөө албан тушаалаа урвуулан тус цэцэрлэг дээр ажилдаа огт ирдэггүй 5 хүнийг 2021-2023 оны хооронд цалинжуулсаар ирсэн, энэ үйлдлээ удаа дараа цалинжуулахыг шаардаж байсан. 2023 оны 03 дугаар сарын цалин бодохдоо эдгээр асуудлыг холбогдох дээд шатны эрх бүхий байгууллагад шүгэл үлээсний улмаас ямар ч үндэслэлгүй ажлаас халагдсан. Ажиллаж байх хугацаандаа 1 сартай жирэмсэн байсан.

Ажлын байран дээр ямар ч алдаа зөрчил гаргаагүй байхад түр тушаалаа үндэслэн урьдчилан сануулахгүй шууд хөдөлмөрийн гэрээг цуцалсан. Миний хувьд иргэний үүргээ биелүүлэн байгууллагад бий болсон асуудлыг удирдах албан тушаалтандаа мэдэгдсэн боловч хууль бус гэдгийг хүлээн зөвшөөрөхгүй байсан тул эрх бүхий байгууллагад хандсан. Гэтэл 2023 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн Б/62 дугаар тушаалаар хөдөлмөрийн гэрээ 2023 оны 05 дугаар сарын 31-ний өдөр дуусгавар болох ёстой байхад хугацаанаас өмнө цуцалсан.

Иймд ажлаас үндэслэлгүй чөлөөлсөн тул урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин, ээлжийн амралтын мөнгийг шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох хүртэл хугацаанд гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, бичилт хийхийг даалгуулах, 2023 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс 10-ны өдөр хүртэлх хугацааны цалин хөлсийг нөхөн гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна гэжээ.

 

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:

Хөдөлмөрийн гэрээ байгуулснаас хойш энэ хүн нэхэмжлэлийн шаардлагад яриад байгаа шиг эрхийг нь зөрчсөн, ажлаас үндэслэлгүй чөлөөлсөн, цалинг нь олгоогүй зүйл байхгүй. Анх ажилд ороход нь тушаал дээр Хөдөлмөрийн тухай хуулийн 50 дугаар зүйлд зааснаар туршилтын хугацааг 3 сараар тооцож хөдөлмөрийн гэрээ байгуулсан. ,,,,,,,,,,,, нь ажиллаж байхдаа харилцааны зөрчил гаргаж, ажилчдын дунд үл ойлголцох байдал, зөрчил үүсгэсэн. Иргэний үүргээ биелүүлээд эрх бүхий байгууллагад хандсан гэж байгаа тэр асуудлыг хуулийн дагуу шийдээд явж байгаа.

Энэ хүн ажилд орсноос хойш сахилгын зөрчил гаргаагүй ч харилцааны асуудал дээр ажилчдын дунд янз янзын яриа өрнүүлдэг, энэ байгууллагад хэн ажиллахыг, удирдлага нь хэн байхыг би шийднэ гээд ажилчдыг өрөөндөө дууддаг байсан. ,,,,,,,,,,,, анх ажилд орохдоо ажлын туршлагаа бичиж өгсөн байдаг. Өмнө нь ажиллаж байсан туршлагыг нь харахаар 3-4 байгууллагад 3-4 cap ажилласан, тогтвортой ажиллаж байгаагүй нь манай байгууллагад цаашид ажиллах талаар дүгнэлт гаргахад тодорхой хэмжээгээр нөлөөлсөн. ,,,,,,,,,,,, байгууллагад санхүүгийн зөрчил байна гэж дүүргийн аудитад гомдол гаргаад, аудитаар манай байгууллагад зөрчил гарсан, ,,,,,,,,,,,, дээр бас зөрчил гарсан.

Жирэмсэн болсон асуудлыг манайх мэдээгүй, өөрөө мэдэгдээгүй. Шүүхэд манай байгууллага дуудагдсаны дараа энэ хүнийг жирэмсэн гэдгийг мэдсэн. ,,,,,,,,,,,,гийн туршилтын хугацаа дууссанаар ажлаас чөлөөлсөн тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Хөдөлмөрийн тухай хууль /2021/-ийн 50 дугаар зүйлийн 50.1.2, 64 дүгээр зүйлийн 64.2, 99 дүгээр зүйлийн 99.2-т заасныг баримтлан хариуцагч ,,,,,,,,,,,,,т холбогдох нягтлан бодогчийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор, ээлжийн амралтын мөнгө гаргуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, бичилт хийхийг даалгуулах, 2023 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс 10-ны өдөр хүртэлх хугацааны цалин нөхөн гаргуулах нэхэмжлэгч ,,,,,,,,,,,,гийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д заасныг баримтлан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор, ээлжийн амралтын мөнгө гаргуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, бичилт хийхийг даалгуулах нэхэмжлэлийн шаардлага улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх болохыг дурдаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 44 дүгээр зүйлийн 44.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 12,815 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, тогтоосон хэмжээнээс илүү төлсөн 111,110 төгрөгийг Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн улсын тэмдэгтийн хураамжийн 100200300941 дугаартай данснаас буцаан гаргуулж нэхэмжлэгч ,,,,,,,,,,,,д олгож шийдвэрлэжээ.

 

4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:

4.1. Хөдөлмөрийн гэрээг 2023 оны 02 дугаар сарын 10-ны өдрөөс 05 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл хугацаатай байгуулсан бөгөөд талууд харилцан тохиролцож хүссэн огноогоор байгуулсан.

Хэргийг шийдвэрлэхдээ Хөдөлмөрийн тухай хуулийн 64 дүгээр зүйлийн 64.2 дахь хэсэгт зааснаар туршилтын гэрээг 3 сараас илүүгүй хугацаагаар байгуулна гээд 2023 оны 05 дугаар сарын 10-ны өдрөөр тасалбар болгон шийдвэрлэсэн нь үндэслэлгүй, ажилтны хөдөлмөрлөх эрхийг илэрхий зөрчсөн.

Мөн шүүгч хэргийг шийдвэрлэхдээ Хөдөлмөрийн тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.3, 2.5, 50.5-д заасан хэм хэмжээг хэрэглээгүй.

Өөрөөр хэлбэл талуудын хооронд байгуулагдсан гэрээг туршилтын гэрээ гэж үзэж байгаа тохиолдолд талууд гэрээг байгуулахдаа хугацааг 3 сараас дээш хугацаагаар байгуулсан байна.Энэхүү гэрээний хугацааг тоолохдоо Иргэний хуулийн хугацаа тоолох журмыг харгалзахгүйгээр талуудын хооронд тохиролцсон хугацааг үл харгалзан зөвхөн 3 сарын хугацаагаар хязгаарлан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангахгүй орхисон нь нэхэмжлэгчийн хуулиар олгогдсон эрхийг ноцтойгоор зөрчсөн.

Хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосон тушаал нь хугацаа дуусаагүй байхад Хөдөлмөрийн тухай хуулийн 78.1.3 дахь заалтыг буруу тайлбарлан хэрэглэж дуусгавар болгосон байгаа нь үндэслэлгүй.

4.2. Нэхэмжлэгч нь 2023 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн ажил үүрэг гүйцэтгэж эхэлсэн бөгөөд үүнтэй холбоотойгоор ажилтны ажлын цагийн бүртгэлийн дэвтэрт бүртгэгдсэн байдаг. Тус бүртгэлийн хөтөлдөг ажилтан ,,,,,,,,,ийн ,,,,,,,,,, тус өдрүүдэд ажил дээр байсан, өнөөдрөөс эхэлж бүртгээрэй гэхээр нь бүртгэсэн гэх мэдүүлгээр ажилтан тухайн өдрүүдэд ажилласан болох нь нотлогдож байна.

Гэтэл анхан шатны шүүх гэрчийн мэдүүлэгт ажиллаагүй гэдгийг няцаалт өгөөгүй гэж дүгнэсэн нь хууль бус байна. Учир нь нягтлан бодогч гэх орон тоо бол тусгай томилогддог албан тушаал өөрөөр хэлбэл Төсвийн тухай хуульд заасны дагуу Санхүү, төрийн сангийн хэлтэст мэдэгдэж санал авсны үндсэн дээр томилдог. Санхүү, төрийн сангийн хэлтсээс томилох саналыг дэмжиж буй бичгийг 2023 оны 02 дугаар сарын 01-ний өдөр хүргүүлсэн байдаг бөгөөд эрхлэгчийн хүсэлтээр тус бичиг ирж 02 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн ажиллаж эхэлсэн байдаг.

4.3. Мөн ,,,,,,,,,,,, нь байгууллагад бий болсон хууль бус асуудлыг Монгол Улсын Үндсэн хуульд заасан болон ажилтны ёс зүйн дүрэмд заасны дагуу эрх бүхий байгууллагад мэдүүлсэн нь ажлаас халагдах буюу хөдөлмөрийн гэрээг хугацаанаас нь өмнө дуусгавар болгох үндэслэл болохгүй. Иймд ажил олгогчийн шийдвэр хууль бус гэдгийг тогтоож нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

 

5. Давж заалдах шатны шүүх хуралдаанд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга:

Нэхэмжлэгч ,,,,,,,,,,,, нь ажиллаж байх хугацаандаа өөрийн эрх, ашгийг хамгаалж тухайн үед шийдвэрлүүлэх боломжтой байсан. Нэхэмжлэгчийн гаргасан тайлбар, давж заалдах гомдол агуулгын хувьд зөрүүтэй байна. Өөрөөр хэлбэл, хөдөлмөрийн гэрээтэй холбоотой маргаагүй гэсэн агуулгаар тайлбарласан. Шүүхийн шийдвэрт гэхээсээ илүү шүүгч рүү чиглэсэн субъектив байдалтай гомдол гаргасан. Иймд анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэл бүхий гарсан тул нэхэмжлэгчийн гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулав.

 

2. Нэхэмжлэгч ,,,,,,,,,,,, нь хариуцагч ,,,,,,,,,,,,,т холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор, ээлжийн амралтын мөнгө гаргуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, бичилт хийхийг даалгуулах, цалин нөхөн гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргасан.

 

3. Анхан шатны шүүх ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор, ээлжийн амралтын мөнгө гаргуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, бичилт хийхийг даалгуулах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгохдоо туршилтаар ажиллуулах хөдөлмөрийн гэрээг зохицуулсан хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

 

3.1. ,,,,,,,,,,,,,ийн эрхлэгчийн 2023 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн Б/26 дугаар тушаалаар ,,,,,,,,,,,,г 2023 оны 02 дугаар сарын 10-ны өдрөөс эхлэн тус цэцэрлэгийн нягтлан бодогчийн ажилд туршилтын хугацаагаар түр томилсон. Гэхдээ хөдөлмөрийн гэрээ байгуулахдаа гэрээний хугацааг 2023 оны 02 дугаар сарын 10-ны өдрөөс 05 дугаар сарын 31-ний өдөр гэж заасан /хх 3-11, 16/.

 

3.2. Харин ,,,,,,,,,,,,,ийн эрхлэгчийн 2023 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн Б/62 дугаар тушаалаар нягтлан бодогч ,,,,,,,,,,,,тай байгуулсан хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусаж, цаашид сунгагдахгүй болсон үндэслэлээр 2023 оны 5 дугаар сарын 10-ны өдрөөс үүрэгт ажлаас нь чөлөөлжээ /хх 18/.

Хөдөлмөрийн тухай хуулийн 64 дүгээр зүйлийн 64.1 дэх хэсэгт ажил олгогч ажилтныг ажилд авахдаа тухайн ажлын байранд тавигдах шаардлагыг хангах эсэхийг нь шалгах зорилгоор туршилтаар ажиллуулах хөдөлмөрийн гэрээ байгуулж болно гэж заасан. Өөрөөр хэлбэл, туршилтаар ажиллуулах хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох, цаашид сунгах эсэх нь ажил олгогчийн эрхийн асуудал байдаг.

Энэ үүднээс хариуцагч байгууллага нь ,,,,,,,,,,,,тай 2023 оны 02 дугаар сарын 10-ны өдөр байгуулсан туршилтаар ажиллуулах хөдөлмөрийн гэрээг 2023 оны 05 дугаар сарын 10-ны өдөр дуусгавар болгосон нь Хөдөлмөрийн тухай хуулийн 64 дүгээр зүйлийн 64.2 дахь хэсэгт туршилтаар ажиллуулах хөдөлмөрийн гэрээний хугацаа гурван сараас илүүгүй байна гэж заасанд нийцсэн гэж шүүх дүгнэсэн нь үндэслэлтэй байна.

 

3.3. Хөдөлмөрийн гэрээнд 2023 оны 02 дугаар сарын 10-ны өдрөөс 05 дугаар сарын 31-ний өдөр гэж хугацаа заасан нь хуулийн дээрх зохицуулалтад нийцэхгүй тул туршилтын хугацаа дуусгавар болоогүй байхад ажлаас чөлөөлсөн гэх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй.

Мөн нэхэмжлэгч талын Иргэний хуульд заасан хугацаа тоолох журмын талаарх тайлбар үндэслэлгүй, учир нь хөдөлмөрийн харилцааг Хөдөлмөрийн тухай хуулиар нарийвчлан зохицуулсан тул уг хуульд заасан туршилтын хугацааны талаарх зохицуулалтыг өөр хуулиар дэлгэрүүлж тайлбарлахгүй болно.

 

3.4. Хариуцагч нь хуульд заасан эрхийн хүрээнд туршилтаар ажиллуулах хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгохдоо нэхэмжлэгчийн ажиллаж байх хугацаандаа гаргасан үйлдэл, эс үйлдэхүйтэй холбоотой аливаа дүгнэлтийг өгөөгүй байна.

Иймээс нэхэмжлэгчийн гомдолд дурдаад буй цэцэрлэгийн эрхлэгчийн хууль бус үйлдэл, байгууллагын удирдлагын санхүүгийн үйл ажиллагаатай холбоотой зөрчлийг эрх бүхий байгууллагад мэдэгдсэнээс шалтгаалан ажлаас чөлөөлөгдсөн гэх тайлбар энэ хэргийн маргааны зүйлд хамаарахгүй.

 

3.5. Ажил олгогч нь туршилтаар ажиллуулах хөдөлмөрийн гэрээний хугацааг цаашид сунгаагүй тул Хөдөлмөрийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1.3-т заасан хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусаж, цаашид сунгагдахгүй болсон үндэслэлээр хөдөлмөр эрхлэлтийн харилцаа дуусгавар болсон.

Уг хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгосон үндэслэл нь Хөдөлмөрийн тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.1 дэх хэсэгт заасан жирэмсэн эмэгтэйн хөдөлмөр эрхлэлтийн харилцааг ажил олгогчийн санаачилгаар цуцлахыг хориглох хэм хэмжээнд хамаарахгүй тул жирэмсэн байхад ажлаас чөлөөлсөн гэх нэхэмжлэгчийн татгалзал үндэслэлгүй.

 

3.6. Иймд анхан шатны шүүх нэхэмжлэгчийн гаргасан ажилд эгүүлэн тогтоолгох шаардлага, үүнд үндэслэж гаргасан ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор, ээлжийн амралтын мөнгө гаргуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, бичилт хийхийг даалгуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгосон нь Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2.2-т нийцжээ.

Харин шүүх дээрх хуулийн зохицуулалтыг шийдвэрийн тогтоох хэсэгт баримтлаагүйг залруулж өөрчлөлт оруулна.

 

4. Нэхэмжлэгч нь түүнийг ажилд томилох тушаал гарахаас өмнө ажилласан 2023 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс 10-ны өдөр хүртэлх хугацааны цалин нөхөн гаргуулах шаардлагыг шүүхэд 2023 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр нэхэмжлэлийн шаардлага нэмэгдүүлэхдээ анх гаргасан нь гомдол гаргах хугацааг хэтрүүлсэн байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2.2-т зааснаар нэхэмжлэгч нь эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой өдрөөс хойш 90 хоногийн дотор дээрх асуудлаар Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд хандаж, үүний дараа мөн хугацаанд шүүхэд гомдол гаргах эрхтэй байсан /хх 41, 45, 67-68/.

Иймээс хуульд заасан хугацаанд цалин нөхөн гаргуулах нэхэмжлэлээ шүүхэд гаргаагүй тул уг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон анхан шатны шүүхийн шийдэл үндэслэлтэй болжээ.

 

5. Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 101/ШШ2024/00620 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

1 дэх заалтад Хөдөлмөрийн тухай хууль /2021/-ийн 50 дугаар зүйлийн 50.1.2, 64 дүгээр зүйлийн 64.2, 99 дүгээр зүйлийн 99.2-т гэснийг Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2.2 дахь хэсэгт гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч нь давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

 

ШҮҮГЧИД Т.ГАНДИЙМАА

 

Т.БАДРАХ